Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           09            10                                     2020/ШЦТ/97

                                 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Б.Мөнгөнтуяа,

шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Уд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019000000106 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Э.У

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Э.У нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн Т.Бат-Эрдэнийн карманаас унасан гэх гээгдэл эд хөрөнгө буюу хохирогч Т.Эрдэнэчимэгийн өмчлөлийн НUAWEI Y7 маркийн гар утсыг завшиж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би 2020 оны 2 дугаар сард 650.000 төгрөгөөр цэнхэр өнгийн HUAWEI7 маркийн гар утас худалдан авч байсан. Уг гар утсыг 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай төрсөн ах Б түр ашиглаад өгье гээд аваад явсан...би 5 цагийн үед аавындаа очоод ах Б-ээс гар утсаа авах гэтэл “би У, Г нартай архи уусан, гар утсаа яаснаа санахгүй байна” гэж хэлсэн ба миний гар утас алга болчихсон байсан учир би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. Гар утсаа авчихвал нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хх-5-7, 28-30/,

Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би 2020 оны 6 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд дэлгүүр орчихоод гэр лүүгээ явж байгаад Чанцал, Аргаа нартай таарсан. Тэр хоёр миний урд нь харж байгаагүй үл таних залуутай хамт явж байсан ба гурвуулаа такси хөлслөөд архинд явж байсан...Чанцал, Аргаа хоёртой хамт явсан хүн нь өөрийгөө Баагий гэж танилцуулж байсан...Тэгээд ууж байгаад Баагий гэх хүний халааснаас цэнхэр өнгийн гар утас унахаар нь би аваад өөрийнхөө халаасанд хийчихсэн...маргааш өглөө нь буюу 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 5 цагийн орчимд уг гар утсыг унтраагаад Ганбат ахад “зарах гэсэн юм” гээд үзүүлсэн...Ганбат ах бид хоёр гараад Бааска гэх хүний гэрт очиж уулзаад, уг гар утсыг 1 дүгээр сургуулийн гадаа явж байсан хүнд 40.000 төгрөгөөр зарчихсан... Ганбат ах, Бааска нар нь “хүнд 40.000 төгрөгөөр зарчихлаа” гэж ирсэн. Архи уух зорилготой л гар утсыг авсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-8-9, 23-24/,

Гэрч З.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө айлын хашаанд архи уучихаад тасраад унтаж, байхад 5 цагийн орчимд У архи уучихсан ирээд цэнхэр өнгийн утас надад үзүүлээд “зарья” гэж хэлж байсан...утсыг 40.000 төгрөгөөр 1 дүгээр сургуулийн урд явж байсан хүнд зарчихсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-10-11/,

          Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ; “...Тухайн өдөр Ганбат нь Чанцал гэх танил залуутай хамт явж байсан. Тэгээд бид нар арын сааданд ууж байгаад, дахин архи авахаар арын дэлгүүр ороход Ганбат нь У гэх хүүхэнтэй таараад бид нар нийлээд арын вокзал ороод 0.75 граммтай ерөөл архи 2 ширхэг, том пиво 2 ширхэгийг аваад арын сааданд уусан...Маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өглөө эрт манай дүү Эрдэнэчимэг нь орж ирээд “гар утсаа авья” гэхээр өмдний халаас болон гэрт үзэхэд гар утас нь байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

Гэрч Н.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 6 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Гэрийн гадаа ор засаад унтаж байтал эмэгтэй хүний намайг дуудах чимээ гарахаар нь сэрээд харсан чинь хашааны гадаа танил У, Ганбат нар байж байсан...Би хулгайн гар утас гэж мэдээгүй. У нь “манай найз залуугийн гар утас юм, архи ууж байгаад гар утсаа зараад ир” гээд явуулсан юм гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-37-38/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ; “...Тухайн гар утас нь асаалттай байсан. Мөн гар утасны дэлгэцэн дээр нэг залуугийн зураг тавьсан байсан. Гар утас нь 6 оронтой код нэхэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-39-40/,

Гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэл /хх-1/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-820/047 тоот “...HUAWEI 7 маркийн гар утас 1ш нэгжийн үнэ 450.000 төгрөг, нийт үнэ 450.000 төгрөг.” гэсэн үнэлгээний дүгнэлт /хх-12-14/

Э.Уянгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Э.У нь Дорноговь аймаг Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн Т.Бат-Эрдэнийн карманаас унасан гэх гээгдэл эд хөрөнгө буюу хохирогч Т.Эрдэнэчимэгийн өмчлөлийн НUAWEI Y7 маркийн гар утсыг завшиж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч Т.Э-ийн “...Би 2020 оны 2 дугаар сард 650.000 төгрөгөөр цэнхэр өнгийн HUAWEI7 маркийн гар утас худалдан авч байсан...ах Бат-Эрдэнээс гар утсаа авах гэтэл “би У, Ганбат нартай архи уусан, гар утсаа яаснаа санахгүй байна” гэж хэлсэн ба миний гар утас алга болчихсон байсан.” гэсэн,

гэрч З.Г-ын “...Би 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө...5 цагийн орчимд У архи уучихсан ирээд цэнхэр өнгийн утас надад үзүүлээд “зарья” гэж хэлж байсан...утсыг 40.000 төгрөгөөр 1 дүгээр сургуулийн урд явж байсан хүнд зарчихсан юм.” гэсэн,

          гэрч Т.Б-ийн “...2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өглөө эрт манай дүү Эрдэнэчимэг нь орж ирээд “гар утсаа авья” гэхээр өмдний халаас болон гэрт үзэхэд гар утас нь байхгүй байсан.” гэсэн,

гэрч Н.Э-ийн “...Би хулгайн гар утас гэж мэдээгүй. У нь “манай найз залуугийн гар утас юм, архи ууж байгаад гар утсаа зараад ир” гээд явуулсан юм гэж хэлж байсан.” гэсэн,

Гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэл /хх-1/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-820/047 тоот үнэлгээний дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо.

Шүүгдэгч Э.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.У нь гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж HUAWEI7 маркийн гар утсыг бусдад худалдсан борлуулсан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай бөгөөд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж дүгнэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн үйл баримт болон хуулийн зүйл, хэсгийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Э.Уянгын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Э-т 450.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хохирол төлбөрөөс төлөөгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “450.000 төгрөгийг төлнө” гэдгээ илэрхийлсэн болно.  

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Уас 450.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Э-т олгохоор шийдвэрлэв.

          Эрүүгийн хариуцлагын талаар;

          Шүүхээс шүүгдэгч Э.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Улсын яллагчаас “шүүгдэгч Э.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,

          шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “тус зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн бага хугацаагаар оногдуулах” саналыг тус тус гаргасан ба шүүх шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоож шийдвэрлэлээ.

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уд хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У-ыг “гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-г 240 /Хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол түүнд оногдуулсан 240 /Хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Э.Уд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Уас 450.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Э-т олгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ