Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 95

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2020      09            09                                     2020/ШЦТ/95

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Э.М /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Энхбаатарын Мт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001670112 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дорноговь аймаг Дэлгэрэх суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нэг сараас гурван насны хоёр хүүхдийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 8 дугаар баг, Холбоо 4 гудамжны 408 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Энхбаатарын М /регистрийн дугаар: ЕГ94043002/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тэнүүн говь” зочид буудалд буудалласан иргэн О.Ууганбаярын халааснаас Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “юм аваад ирье” гэж Азаа хэлээд Ууганаа ахыг унтаж байх үед халааснаас нь картыг нь авсан. Тэгээд бид хоёр арын банкны АТМ-ээс 100.000 төгрөг аваад, Азаа 40.000 төгрөгийг нь өөрөө аваад, надад үлдсэн 60.000 төгрөгийг нь өгч архи, ундаа авхуулсан” гэв.

Хохирогч О.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр...Сайншанд суманд байрлалтай “Тэнүүн говь” буудалд хамт ажиллаж байсан Ариунболд болон түүний найз бүсгүйтэй хамт орсон. Би буудлын ресепшинд картаа өгч буудлын тооцоо хийгээд “дэлгүүрээс 3 ундаа, архи аваад ир” гээд кодоо хэлээд өгсөн. Тухайн үед ресепшин Мтэй хамт дэлгүүр орсон...өглөө сэрэхэд миний куртикны зүүн гар талын халаасанд Хаан банкны шаргал өнгөтэй карт байсан...Миний данснаас 2020 оны 5 дугаар сарын 23-ны шөнө 03.03 цагийн үед 700.000 төгрөг алдагдсан байсан...Би 375.000 төгрөг авсан...үлдэгдэл 325.000 төгрөгийг авбал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-5-6, 40/,

         Э.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Ариунболд гэх хүний найз нь ресепшинд “архи, ундаа аваад ир” гээд картны нууц дугаараа өгсөн. Би тухайн үед буудлын ресепшин картаар нь архи, ундаа аваад кодыг нь хийж байхад нь харсан юм...тэгээд би тухайн хүний куртикны халааснаас картыг нь хэлэлгүй аваад...“Ар шанд” руу явж Хаан банкны АТМ-ээс 700.000 төгрөг аваад...“Тэнүүн говь” буудал дээр очиж картыг эзнийх нь куртикны зүүн гар талынх нь халаасанд хийсэн...300.000 төгрөгөөр маргааш өглөө нь “Алтанговь” худалдааны төвийн дэлгүүрээс өөртөө хувцас авсан. Үлдсэн 400.000 төгрөгийг нь гээсэн байсан...Би мөнгөгүй байсан учраас картнаас нь мөнгө авсан юм” гэсэн мэдүүлэг /хх-8, 34/,

         Гэрч Б.Азжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Тэр ах өөрийгөө О.Ууганбаяр гэж танилцуулсан. Надад визагаа өгөөд “архи аваад ир” гэж хэлсэн. Тухайн үед шөнийн 01 цаг юмуу 02 цагийн үед байх би Ариунболдын найз охинтой нь хамт гарч “Ар шанд”-д байх АТМ-ээс 100.000 төгрөг аваад тэр охинд өгсөн. Тэгээд би түрүүлээд буудал дээрээ очоод виза картыг нь О.Ууганбаяр ахад өгөх үед унтаж байсан бөгөөд би сэрээгээд, “май ах, визагаа аваарай, дараа нь асуудал үүсдэг шүү” гээд өгсөн. Би гадаах гэрлээ унтраачихаад буудлынхаа өрөөнд ороод унтаад өгсөн, удалгүй тэр охин гаднаас ууттай архи, пиво барьчихсан орж ирсэн байх, тор дүүрэн юм авчихсан байсан. Удалгүй О.Ууганбаяр ахын буудаллаж байсан өрөөнөөс гараад “би явлаа шүү” гэж хэлэхээр нь би, “тэгээ тэг, надад ямар хамаатай юм” гээд хэлсэн. Намайг харин АТМ дээр код хийж байхад тэр охин хажууд байсан” гэсэн мэдүүлэг /хх-14/,

Гэрч А.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...АТМ-ын камерт бол цагийн зөрүү байхгүй. Харин банкны гүйлгээний программ нь гүйлгээний хуулга гаргахдаа жоохон зөрүүтэй гардаг юм. Тийм учраас зөрүүтэй байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-23/,

Хохирогч О.Ууганбаяраас Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-1/,

Дорноговь аймаг Сайншанд сум 8 дугаар багийн ажлын албаны “...Энхбаатарын М нь тус багийн Үзүүр-3 гудамжны 336 тоотод ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суудаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /хх-11/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-15/,

Дорноговь аймаг дахь төв Хаан банкны АТМ 811 дугаартай АТМ-с 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шөнийн 2 цаг 50 минутын үед авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-17/,

Дорноговь аймаг дахь төв Хаан банкны АТМ 811 камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18/,

Хаан банкны 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/5360/340 дугаартай албан бичиг /хх-21-22/,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт байрлах “Тэнүүн говь” зочид буудлын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28/

Э.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тэнүүн говь” зочид буудалд буудаллаж байсан О.Ууганбаярын халааснаас Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Ууганбаярт 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч О.Ууганбаярын “...Би 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр...буудлын ресепшинд картаа өгч буудлын тооцоо хийгээд “дэлгүүрээс 3 ундаа, архи аваад ир” гээд кодоо хэлээд өгсөн...данснаас 2020 оны 5 дугаар сарын 23-ны шөнө 03.03 цагийн үед 700.000 төгрөг алдагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-5-6, 40/,

         гэрч Б.Азжаргалын “...Тэр ах өөрийгөө О.Ууганбаяр гэж танилцуулсан. Надад визагаа өгөөд “архи аваад ир” гэж хэлсэн. Тухайн үед шөнийн 01 цаг юмуу 02 цагийн үед байх би Ариунболдын найз охинтой нь хамт гарч “Ар шанд”-д байх АТМ-ээс 100.000 төгрөг аваад тэр охинд өгсөн...Намайг харин АТМ дээр код хийж байхад тэр охин хажууд байсан” гэсэн мэдүүлэг /хх-14/,

Хохирогч О.Ууганбаяраас Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-1/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдлоо.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Шүүгдэгч Э.Мийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөн шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Ууганбаярт 700.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь 375.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, одоо 325.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болох нь хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Мээс 325.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Ууганбаярт олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар;

          Шүүх шүүгдэгч Э.Мийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

          Шүүгдэгч Э.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоос 375.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 325.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч О.Ууганбаяр гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг,

          шүүгдэгч Э.Мээс “...оногдох хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

         Шүүгдэгч нь гэртээ ам бүл 3, нэг сараас гурван насны хоёр хүүхдийн хамт амьдардаг болох нь хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан Дорноговь аймаг Сайншанд сум 8 дугаар багийн ажлын албаны “...Энхбаатарын М нь тус багийн Үзүүр-3 гудамжны 336 тоотод ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суудаг болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.

         Шүүгдэгч Э.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэл насны хүүхэдтэй эх зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах нь зүйтэй гэж үзэв.

         Шүүхээс шүүгдэгч Э.Мт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд түүнд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

          Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Э.М санаатай гэмт хэрэг үйлдвэл түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг сануулж, мэдэгдэв.  

          Шүүгдэгч Э.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болно, харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр тус тус шийдвэрлэлээ.  

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Боржигон овогт Энхбаатарын Мийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Мт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Э.М нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

          7.Шүүгдэгч Э.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Мээс 325.000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо Хужирбулангийн 4 дүгээр хэсэг гудамж 41-1953 тоот хаягт оршин суух хохирогч О.Ууганбаярт олгосугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ