Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           09            17                                     2020/ШЦТ/99

 

                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,  

улсын яллагч Б.Мөнгөнтуяа,

хохирогч Ж.М,

гэрч С,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт Аад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019001230084 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Л.А

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Л.А нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото эстима маркийн 55-22 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ;

а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,

б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,

3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно;

а/ ...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ...тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслээс зорчигч Ж.Мөнхтуяа унаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

          Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн үөв мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

          Хохирогч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Би нөхөртэйгээ хамт “Айраг” сум явж ноолуур тушаагаад нэг шил архитай ирсэн. Тэр үед Л.А хадам аавынхаа машиныг янзалж байсан, би Л.Ааас “манай дүү ирэх гэсэн боловч зардлын мөнгөгүй байна, 30.000 төгрөг байна уу” гэж асуухад “мөнгөгүй” гэсэн. Тэгэхээр нь ноолуур авдаг хүнтэй ярьж байгаад 2 кг ноолуур тушаах гээд аваад явсан. Нөхөр бид хоёрыг явах үед Л.А “нэг юм бодвол бодоорой” гэж хэлсэн. Манай хүн дэлгүүрээс нэг шил архи аваад гараад ирсэн. Тэгээд Л.Аын эхнэр нь загнаад байсан болохоор манай нөхөр нууцаар архи аваачиж өгсөн. Гэртээ ирээд хурга, ишгээ тавиад байж байтал Нандиа эгч, Наранбаатар хоёр орж ирээд “сум явчихаад ирье, өнөөдөр уувал уучихмаар байна” гээд байсан. Л.Аын эхнэр болон хадам аав, ээж, бид нар бүгд нийлээд микронд суугаад явсан. Замаараа дэлгүүрээс нэг шил архи аваад колонк дээр уусан, дараа нь мөнгөө нийлүүлж байгаад дахиад нэг шил архи, нэг том пиво аваад хувааж уусан. Би орой дүүгээ тосохоор болоод нөхөр болон дүүтэйгээ хамт үлдээд, тэр хэд түрүүлээд явчихсан. Гэтэл манай дүү утсаа гээчихсэн гээд бид гурав хайгаад колонк өнгөрөөд явж байтал Л.А эхнэртэйгээ хамт хүрээд ирэхээр нь би дүүгээ тосох гээд машинд нь суугаад явсан. Манай нөхөр дүүтэй минь хамт утсыг нь хайж олоод цаашаа колонк руу явчихсан. Хаан банкны зүүн талд манай дүү явж байхаар нь Л.Аад “манай дүү явж байна, зогс” гэж хэлсэн, намайг “бүс зүү” гэж хэлээгүй. Зогсох шиг болохоор нь хаалга онгойлгоод буусан, нэг мэдэхэд дугуй нь гэдсэн дээр байхаар нь “ухар” гэж хэлсэн. Л.А ухарч зогсоод эхнэртэйгээ хамт бууж ирээд намайг өргөж машиндаа суулгасан. Тэр үйл явдлыг манай дүү хараад нохой дайрчихлаа гэж бодсон байсан. Би “эмнэлэг явахгүй, нөхөр дээрээ очно” гэж хэлсэн. Манай нөхөр юу болсон талаар асуухад нь би юм дуугараагүй, дүү надаас асуугаад байхаар нь “машин доогуур орчихсон” гэдгээ хэлсэн. Маргааш өглөө нь Л.А манай нөхөртэй хамт нэг шил архи хувааж ууж байгаад тэрнээсээ надад өгөхөд нь би ууж чадахгүй бөөлжөөд, босч явж чадахгүй, шээж чадахгүй байсан. Хажуу айлын ах, эгч хоёр орж ирж байж л эмнэлэг явахаар болсон болохоос Л.А согтуу байсан учраас намайг эмнэлэг дээр аваачиж өгөхөөр ухаантай байгаагүй. Дараа нь намайг эмнэлэгт хүргэж өгчихөөд үргэлжлүүлээд архи уугаад явсан. Машиных нь хаалга ямар ч түгжээгүй, зүгээр савлаад явж байсан.” гэв.

Ж.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн; “...Би 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дүү Ж.Мөнхзаяаг хоёр хүүхдийнх нь хамт Даланжаргалан сумын “Цомог” өртөөнөөс тосох гээд оройн 23 цаг 15 минутын орчимд Л.Аын машинтай түүний эхнэр Ууганаа бид гурав хамт явсан. Тэгээд вокзал дээр ирээд дүүгээ хартал дүү ирээгүй байхаар нь бид гурав дүүгийн ажиллаж байсан ШТС-руу явтал “Их жаргалан трейд” ХХК-ийн дэлгүүрийн хойд талд манай дүү хоёр хүүхдийнхээ хамт зам дагуу алхаж байхаар нь би дүүгээ хараад “Ааа машинаа зогсоогоорой” гэхэд Л.А машинаа зогсоох шиг болсон, тэр үед үйл явдал маш хурдан болсон, нэг мэдэхэд би машинаас буучихсан машин доор орчихсон, Л.Аын унаж явсан машины талын хойд дугуй миний хэвлий хэсэг дээгүүр гарсан байхад нь “Ааа машинаа ухраагаарай” гэж орилоход тэр машинаа ухрааж холдуулаад эхнэрийнхээ хамт машинаас бууж ирээд намайг өргөж машиндаа оруулсан...Л.А өртөөнөөс хөдлөөд “Их жаргалан трейд” рүү эргэдэг уулзвараар хурдтай эргэж явсан ба явж байхад нь би дүүгээ цонхоор хараад Л.Аыг “зогсоорой” гэхэд Л.А зогсох гээд хурдаа сааруулахад нь би машинаас буух гээд хаалга нээхэд намайг гүйцэд буулгалгүй хөдлөх үед нь би машинаас унасан байж магадгүй...би өөрийн мөнгөөр эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэсэн мөнгөө авмаар байна, эм тан авсан баримт бол 736.260 төгрөг, эмчилгээнд зарцуулсан 3 сая төгрөгийг гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-15-20, 96, 188-189/,

Гэрч Ж.Ммөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...эгч Ж.Мөнхтуяа залгаад намайг орой тосохоор болсон, би Даланжаргалан суманд шөнө 23 цаг 50 минутын орчимд ирээд вагоноос буугаад хоёр хүүхдээ дагуулаад сумын төвийн засмал зам дагаад Хаан банкны харалдаа зүүн тийшээ явж байхад Тоёота Эстима маркийн цагаан /саарал/ өнгийн машин маш хурдтай явахаар нь хоёр хүүхдээ “замын хажуугаас холуур яв” гэж хэлээд удаагүй байж байтал тухайн машин огцом тормос гишгээд, зам дээр зогссон ба машинаас жолооч нь бууж ирсэн ба араас нь түүний эхнэр нь бололтой эмэгтэй хүн бууж ирээд “дайрчихлаа шүү дээ” гэж орилоод хэлсэн. Тухайн үед манай 11 настай охин ээжээ “машинаас нь хүүхэд унаад дайруулчихаж байгаа юм биш үү?” гэж хэлэхээр нь “үгүй байлгүй дээ, миний охин” гээд хоёр хүүхдээ дагуулаад найзынхаа ажиллаж байгаа М-Ойл ШТС дээр очиход миний хажуугаар маш хурдтай явсан машин гадаа нь зогсож байхаар нь очиж уулзаад “та хоёр чинь сая зам дээр юу болоод байсан бэ?” гэж асуухад жолоочийн эхнэр нь “сая зам дээр зогсож байхад Мөнхөө эгч машинаас унасан” гэхээр нь машинд нь ороход манай эгч суудлынх нь доор дээшээ хараад хэвтэж байхаар нь хоёр хүүхдээ дагуулаад эгчийн нөхрийнх нь хамт суугаад хөдөө гэрлүү нь явсан...үүрээр 6 цагийн орчимд манай эгч “хэвлийнээс доошоо мэдээгүй байна, хэвлий өвдөөд байна” гэхээр нь “та яагаад ингээд гэмтэл авчихсан юм бэ” гэхэд “би та гуравыг тосох гээд Л.Аын машинтай вокзал орох гээд явж байгаад та нарыг хараад “зогсоорой” гэхэд Л.А зогсоход нь би машинаас унаж, машины хойд дугуйн доор орсон” гэхэд нь “чи яг аль хэсгээрээ машин доор орсон юм” гэж асуухад би “машины хойд дугуйн доор хэвлий хэсгээрээ орсон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-21-23/,

Гэрч С.Мандах мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...манай эхнэр, Л.А, Наранбаатар бид дөрөв гурван том савтай пиво уусан...сумын төврүү явахаас өмнө Л.А хөдөө гэртээ өөрийн хадам аавтай архи уусан нэлээд халамцуу байсан...манай эхнэр маргааш нь “Л.Аын машинаас унаж, машины дугуйн доор орсон, би өөрөө ухар гэж хэлж байж машин доороос гарсан” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

Гэрч С.Ууганчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн оройн 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багт байрлах хөдөө гэрээс нөхөр Л.А, Ж.Мөнхтуяа, С.Мандах, хойд эцэг болох Наранбаатар нарын хамт нөхрийнхөө Тоёота Эстима маркийн 55-22 УНЗ дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын төв орсон...Тэгээд оройн 23 цагийн орчимд Ж.Мөнхтуяагийн бэр нь “утсаа хаячихлаа” гэхээр нь бөөндөө түүний гар утсыг хайж нэг цаг орчим болсон ба тэр үед суудал ирэх цаг болохоор нь Ж.Мөнхтуяа, Л.А бид гурав Ж.Мөнхтуяагийн дүүг тосох гээд вокзал явж байх замд Ж.Мөнхтуяа “дүү” гэж хэлэх шиг болохоор нь замын хажуу талруу харахад дүү нь хоёр хүүхдээ дагуулаад явж байсан, буцаад Ж.Мөнхтуяаруу харахад явж байсан машины хаалга нээгээд бууж байх шиг харагдахад “А аа” гэж хэлэхийн хооронд манай нөхөр машиныг огцом тормослоод машинаа зогсооход нь машинаас бид хоёр буугаад очиход Ж.Мөнхтуяа машин доор тал бие нь орсон байдалтай харагдахаар нь түүнийг гаргаж машиндаа суулгаад бэрийнх нь ажилладаг ШТС-рүү авч явсан.” гэсэн мэдүүлэг /хх-29-31/,

Л.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 12 цагийн орчимд Ж.Мөнхтуяа надаас “дүү хотоос ирж байгаа юм аа, чамд зардлын 30.000 төгрөг байна уу?” гэж асуухад нь би хүнээс асуух гээд залгаад байж байтал Ж.Мөнхтуяа “за яах юм бэ?, би “Айраг” орж ноолуур тушаагаад зардал явуулчихья” гээд нөхрийнхөө хамт “Айраг” сумруу явж, ирэхдээ нэг шил архитай ирэхээр нь түүнийг нь би, Ж.Мөнхтуяа, түүний нөхөр С.Мандах, саахалт айлынх нь ах Наранбаатарын хамт хувааж ууж байтал манай эхнэр гаднаас орж ирээд “юу хийгээд наанаа суугаад байгаа юм бэ, гарья” гээд намайг авч гарсан, би эхнэртээ уурлаад машиндаа орж унтаад өгсөн. Тэгээд би орой 19 цагийн орчимд сэрэхэд Ж.Мөнхтуяа, С.Мандах нар “сум явахаар болсон, сумруу явья” гэхээр нь би өөрийн Эстима маркийн 55-22 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр С.Ууганчимэг, Ж.Мөнхтуяа, С.Мандах нарын хамт сум орсон, сум ороход Мөнхөө замын хажуу талд байдаг Урнаагийн дэлгүүрээс нэг шил “Чингис”, Төгөөгийн дэлгүүрээс нэг том пиво, нэг шил “Соёрхол” архи авсан...би эхнэрийнхээ нүдийг хариулж хоёр удаа архинаас нь уусан ... Мөнхөө “цаг болохоо байлаа, суудал ирж байна, дүү буусан байх” гэхээр нь “тэгвэл явья” гээд Мөнхөөг машиныхаа арын суудалд суулгаад хаалгыг нь би өөрөө хаагаад эхнэрээ урд суулгаад вокзал орох гээд “Их Жаргалан” дэлгүүрийн харалдаа явж байхад машины хойд хаалга онгойх шиг болоод дуугарах үед нь би огцом тормос гишгэхэд Ж.Мөнхтуяа “Ааа ухраарай” гэж чанга дуугаар хэлэхэд нь би ухраад машинаас эхнэр бид хоёр зэрэг буугаад очиход Мөнхөө машин доор орчихсон, хаалганы харалдаа байхаар нь түүнийг татаж гаргаж ирээд машиндаа суулгаад буцаад ШТС ороход ШТС-ийн хүүхэн “би ганцаараа хономоор байна, та нар явцгаа” гэж уурлахад нь Мөнхөөгийн дүү нь ирээд “та хоёр сая нохой дайрчихав уу” гэхэд нь түүний эгч Ж.Мөнхтуяа “над дээгүүр сая машин гарчихлаа” гэж хэлсэн ба тухайн үед би юу ч дуугараагүй, манай эхнэр юу хэлснийг би сонсоогүй ... өглөө босоод Мөнхөөгийн бие тааруу болохоор нь би “явья” гэхэд Мөнхөө “эмнэлэг явахгүй” гэж хэсэг байсан ба бид нар хэлсээр байгаад эмнэлэг рүү авч ирж үзүүлсэн...тухайн үед 30-40км цагийн хурдтай л явж байсан...тухайн тээврийн хэрэгсэлд Ж.Мөнхтуяаг суулгаад тээврийн хэрэгслийн голын хаалгыг би өөрөө хааж өгсөн, хаалга дутуу хаагдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-26-28, 85-87, 201-202/,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Иргэн Ж.Мөнхтуяа нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зам тээврийн осолд орж гэмтсэний улмаас 10 хоног Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 28 тоот тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцах тусламж үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт өртөгийн жинд харгалзах эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьсах зардлыг тооцон гаргуулахаар заасан. Ж.Мөнхтуяад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь S36 буюу цээжний болон хэвлийн хөндийн эрхтний гэмтэл гэсэн оношийн бүлэгт хамаарч байгаа ба 1.071.800 төгрөг байхаар тогтоосон. Энэ зардлыг хариуцвал зохих этгээд болох Л.Ааас гаргуулан авахаар нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-186-187/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч  Э.Анхбаярын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 02/095 дугаартай “...Ж.Мөнхтуяагийн биед элэгний эдийн урагдал, дотуур цус алдалт, эрүү, баруун ташаан зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан элэгний эдийн урагдал, дотуур цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан эрүү, баруун ташаа зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-33-34/,

Техникийн шинжээч Р.Пүрэвдагвын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “...тээврийн хэрэгслийг Даланжаргалан сумын цагдаагийн хашаанд очиж үзэхэд 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр техникийн хяналтын үзлэгээр орж, МNS 4598-2011 стандарт хангаж тэнцсэн ашиглалтын хугацаанд явсан замнал, тээврийн хэрэгслийг газар дээр нь шалгаж үзэхэд тээврийн хэрэгслийн хаалганы автомат түгжээ эвдэрсэн нь техникийн хувьд бүрэн бүтэн бус байна...Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас болоогүй.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-38-41/, 

Техникийн шинжээч Р.Пүрэвдагвын 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “...55-22 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн...зорчигчийн зүүн гар талын хаалгыг зориудаар онгойлгохгүй түгжсэн, баруун гар талын хаалга гаднаасаа онгойхгүй байгаа нь MNS4598-2011 стандарт хангаагүй ч техникийн бүрэн бус байдлаас болоогүй. Осол үйлдэгдсэн шалтгаан нь жолооч, зорчигчийн буруутай үйлдлээс болсон байна.” гэсэн дахин гаргасан дүгнэлт /хх-191-192/,

Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Ч.Ууганбаярын  2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “...Жолооч Л.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ.

а/.энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;     б/.хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

          г/.хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;

3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно.

а/. ...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт /хх-45-46/,

Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Ч.Ууганбаярын  2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “...Зорчигч Ж.Мөнхтуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2.в/.тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээх, буух, суух, ачаа ачих, буулгах, цонхоор биеэ болон бусад зүйл гаргах; гэсэн заалтыг зөрчсөн,

жолооч Л.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. б/.хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

3.7.а/.согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.” гэсэн дахин гаргасан дүгнэлт /хх-197-198/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/,

Зам тээврийн ослын схем /хх-8/,

Тоёота эстима маркийн 55-22 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-14/,

Л.Аын 912663 жолоочийн үнэмлэх болон 55-22 УНЗ автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-51/,

Хохирогч Ж.Мөнхтуяагийн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-54-74/,  

Хохирогч Ж.Мөнхтуяагаас гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-101-124/,

Л.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-135/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-136/,

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 437 дугаартай “...Ж.Мөнхтуяагийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын 1.071.800 төгрөгийг хариуцвал зохих этгээд болох Л.Ааас гаргуулж өгнө үү” гэсэн албан бичиг /хх-159/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1242 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-180-184/,

          Хохирогч Ж.Мөнхтуяагаас гаргасан “миний бие Л.Ааас 740.000 төгрөгийг гаргуулж, хохирлоо барагдуулсан болно” гэсэн, мөн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Нямсүрэнгээс гаргасан “шүүгдэгч Л.Ааас 1.072.000 төгрөгийг хүлээн авлаа, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтүүд, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар;

          Шүүгдэгч Л.А нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоёото эстима маркийн 55-22 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ;

а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,

б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,

3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно;

а/ ...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ...тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслээс зорчигч Ж.Мөнхтуяа унаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь;

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч Ж.Мөнхтуяагийн “...би дүүгээ хараад “Ааа машинаа зогсоогоорой” гэхэд Л.А машинаа зогсоох шиг болсон, тэр үед үйл явдал маш хурдан болсон, нэг мэдэхэд би машинаас буучихсан машин доор орчихсон, Л.Аын унаж явсан машины талын хойд дугуй миний хэвлий хэсэг дээгүүр гарсан” гэсэн,

гэрч Ж.Мөнхзаяагийн “...тухайн машин огцом тормос гишгээд, зам дээр зогссон ба машинаас жолооч нь бууж ирсэн ба араас нь түүний эхнэр нь бололтой эмэгтэй хүн бууж ирээд “дайрчихлаа шүү дээ” гэж орилоод хэлсэн...үүрээр 6 цагийн орчимд манай эгч “хэвлийнээс доошоо мэдээгүй байна, хэвлий өвдөөд байна” гэхээр нь “та яагаад ингээд гэмтэл авчихсан юм бэ” гэхэд “би та гуравыг тосох гээд Л.Аын машинтай вокзал орох гээд явж байгаад та нарыг хараад “зогсоорой” гэхэд Л.А зогсоход нь би машинаас унаж, машины хойд дугуйн доор орсон” гэхэд нь “чи яг аль хэсгээрээ машин доор орсон юм” гэж асуухад би “машины хойд дугуйн доор хэвлий хэсгээрээ орсон” гэж хэлсэн.” гэсэн,

гэрч С.Мандахын “...манай эхнэр, Л.А, Наранбаатар бид дөрөв гурван том савтай пиво уусан...сумын төврүү явахаас өмнө Л.А хөдөө гэртээ өөрийн хадам аавтай архи уусан нэлээд халамцуу байсан...манай эхнэр маргааш нь “Л.Аын машинаас унаж, машины дугуйн доор орсон, би өөрөө ухар гэж хэлж байж машин доороос гарсан” гэж хэлсэн” гэсэн,

гэрч С.Ууганчимэгийн “...Ж.Мөнхтуяа, Л.А бид гурав Ж.Мөнхтуяагийн дүүг тосох гээд вокзал явж байх замд Ж.Мөнхтуяа “дүү” гэж хэлэх шиг болохоор нь замын хажуу талруу харахад дүү нь хоёр хүүхдээ дагуулаад явж байсан, буцаад Ж.Мөнхтуяаруу харахад явж байсан машины хаалга нээгээд бууж байх шиг харагдахад “А аа” гэж хэлэхийн хооронд манай нөхөр машиныг огцом тормослоод машинаа зогсооход нь машинаас бид хоёр буугаад очиход Ж.Мөнхтуяа машин доор тал бие нь орсон байдалтай харагдахаар нь түүнийг гаргаж машиндаа суулгаад бэрийнх нь ажилладаг ШТС-рүү авч явсан.” гэсэн,

иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Нямсүрэнгийн “...Ж.Мөнхтуяа нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зам тээврийн осолд орж гэмтсэний улмаас 10 хоног Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн...Ж.Мөнхтуяад үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь S36 буюу цээжний болон хэвлийн хөндийн эрхтний гэмтэл гэсэн оношийн бүлэгт хамаарч байгаа ба 1.071.800 төгрөг байхаар тогтоосон. Энэ зардлыг хариуцвал зохих этгээд болох Л.Ааас гаргуулан авахаар нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлгүүдээр, болон мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч  Э.Анхбаярын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 02/095 дугаартай дүгнэлт,

Техникийн шинжээч Р.Пүрэвдагвын 2020 оны 5 дугаар сарын 29, 8 дугаар сарын 18-ны өдрүүдийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Ч.Ууганбаярын 2020 оны 4 дүгээр сарын 28, 6 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтүүд, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем, тоёота эстима маркийн 55-22УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Л.Аын 912663 жолоочийн үнэмлэх болон 55-22УНЗ автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авсан тухай тэмдэглэл, хохирогч Ж.Мөнхтуяагийн Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, хохирогч Ж.Мөнхтуяагаас гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтууд, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 437 дугаартай “...Ж.Мөнхтуяагийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын 1.071.800 төгрөгийг хариуцвал зохих этгээд болох Л.Ааас гаргуулж өгнө үү” гэсэн албан бичиг, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.3 дахь заалтуудад заасан гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн С.Ууганчимэг нь шүүгдэгч Л.Атай эхнэр, нөхрийн харилцаатай болсон, хамтран амьдарч байгаа болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул гэрч С.Ууганчимэгийг шүүх хуралдаанд оролцуулан мөрдөгч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэр бүлийн гишүүн эхнэр, нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгсөн эсэх, мөн үүний утга агуулгыг ойлгож мэдүүлэг өгсөн эсэхийг лавлаж тодруулахад “тайлбарлаж өгсөн” гэсэн тул шүүх түүний мэдүүлгийг үнэлсэн болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Иймд шүүгдэгч Л.Аын үйлдэл нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан байх тул гэмт үйлдэлд нь түүнийг гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч Л.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Мөнхтуяад баримтаар тогтоогдсон 736.260 төгрөгийн хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.071.800 төгрөгийн зардал гарсан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хохирогч Ж.Мөнхтуяад 740.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгчид  1.072.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч “цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болно.

Хохирогч Ж.Мөнхтуяа дээрх хохирлоос гадна 3.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, мөн цаашид эмчлүүлэх шаардлагатай гэсэн тул холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэниий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Ааас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар;

Шүүгдэгч Л.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

         Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Аын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зохих хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

         Шүүгдэгч Л.Аад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүгдэгч Л.Аад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж байна.

         Хэрэгт хураан ирүүлсэн жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Аыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Л.Аад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэж тэнссэн хугацаанд шүүгдэгч Л.Аад хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 912663 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Л.Аад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

6.Шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.М-д 740.000 /долоон зуун дөчин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.072.000 /нэг сая далан хоёр мянга/ төгрөгийг тус тус төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Хохирогч Ж.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Ааас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХТУНГАЛАГ