Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

2020           09            28                                     2020/ШЦТ/106

                                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                   

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул, 

улсын яллагч Б.Мөнгөнтуяа, 

хохирогч Б.Цэндбалжир,

шинжээч эмч Э.Анхбаяр,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Халх овогт Батцэцэгийн Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1919004210035 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б.А

   Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян багийн нутагт иргэн Б.Ц-ыг “гэртээ агсан согтуу тавьсан гэх” дуудлагаар гэрээс нь цагдаагийн байр луу авч явах замдаа Б.Ц-ын хэвлийн хэсэгт өшиглөсний улмаас давсагны урагдал, нарийн гэдэсний няцралт, чацархайн язралт гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян багийн цагдаагийн хэсгийн өрөөнд сууж байгаад “...урд Манханы гудамжинд Б.Цэндбалжир нь гэртээ агсам согтуу тавиад хэрүүл, маргаан гаргаад байна” гэх дуудлагын дагуу 18 цаг 30 минутад очсон. Тэнд Б.Цэндбалжир хүүхдээ тэвэрчихсэн зогсож байсан, юу болсон талаар асуухад “...юу ч болоогүй” гэхээр нь “...юу ч болоогүй бол юу гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгөх вэ, дагавар охин Тэмүүлэн чинь дуудлага өгсөн учраас шалгах шаардлагатай” гээд тэвэрч байсан хүүхдийг хажуу айлд нь үлдээгээд Б.Цэндбалжирыг хашаанаас нь дагуулаад гарсан. Намайг яг ард нь явж байхад Б.Цэндбалжир доошоо тонгойсон, тэр үед би түүнийг гутлынхаа түрийнээс хутга, мэсний зүйл авч болзошгүй гэж бодоод шууд гарыг нь мушгиж гавлаад аваад явсан. Ингэсэн шалтгаан нь Б.Цэндбалжир 2017 онд миний шуун тус газар хоёр удаа хутгалж байсан учраас би өөрийнхөө аюулгүй байдлыг хангах үүднээс гав, тусгай хэрэгсэл хэрэглэсэн. Цагдаагийн хэсгийн өрөөнд очиход манай олон нийтийн цагдаа компьютер дээр тухайн сарын тайлангаа бичээд сууж байсан. Надаас юу болсон талаар асуухаар нь “...Б.Цэндбалжир гэртээ агсам согтуу тавьж, хэрүүл маргаан үүсгэсэн байна” гэж хэлсэн, түүнийг гавтай нь оруулаад өрөөнийхөө зүүн хойд буланд сандал дээр суулгаад “...наанаа суугаад архиа жаахан гаргачих, тэгээд Сайншанд руу авч явна” гэж хэлсэн. Б.Цэндбалжирын дагавар охин М.Тэмүүлэнгээс мэдүүлэг авах гээд дуудсан боловч ирэхгүй байсан тул 19 цаг 50 минутын орчимд би өөрөө гэрээс нь авч ирж мэдүүлэг аваад явуулсан. Тэгээд Б.Цэндбалжирыг Сайншанд сумын эрүүлжүүлэхэд өгөх гээд өрөөгөө түгжээд гарахад “...бие засья” гэсэн, 3 минут орчим зогсож байснаа “...шээс гарахгүй байна, ерөөсөө шээж болохгүй байна, болилоо” гэсэн яасан талаар нь асуухад “...хэн мэдэх вэ” гэсэн. Машинд суулгах гэтэл “...байж байгаарай гэдсээр хөндүүрлээд байна” гээд байхаар нь “...юманд цохичихсон юм уу, яасан юм бэ” гэж асуухад “...мэдэхгүй байна” гэж хариулсан. Тэгэхээр нь би шууд Зүүнбаянгийн М.Ууганбаяр эмч дээр авч очоод “...энэ хүний гэдсээр нь өвдөөд шээж болохгүй байгаа тул үзүүлье, энэ хүн гэр орондоо агсам согтуу тавьсан учраас үзүүлээд бие нь зүгээр байна гэвэл Сайншанд руу авч явж эрүүлжүүлэх гээд байна” гэж хэлээд үзүүлсэн. Эмч үзлэг хийж байх үед би хажууханд нь ойрхон байсан. Эмч Б.Цэндбалжирыг орон дээр хэвтүүлээд гэдсэн дээр нь дарж үзээд, тэмтрэлт хийчихээд “...энэ хүн чинь гэдсээ чангалчихаад үзүүлэхгүй байна” гэсэн. Би Б.Цэндбалжирт “...гэдсээ сулла” гэж хэлэхэд “...суллачихаад байна” гэсэн. Эмч дахиад тэмтэрч үзчихээд “...энэ хүн чинь дахиад гэдсээ чангалаад үзүүлэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “...чи зүгээр үзүүл л дээ, эсвэл би гарч байх юм уу” гэж асуухад юм дуугарахгүй байсан болохоор би олон нийтийн цагдаатайгаа хамт эмнэлгийн гадна талд гараад зогсож байсан. Удалгүй М.Ууганбаяр эмч үзлэгийн өрөөний цонхоороо “...ороод ир” гэж дуудахаар нь ортол “...энэ хүний биед ил харагдах гэмтэл шарх алга, гэдэс хавиар нь тэмтрэхэд энэ хүн өөрөө зүгээр гэж хэлж байна, одоо би явчих уу гэж асуугаад байна, энэ хүнийг гэр лүү нь явуулчих юм уу, эсвэл та өөрөө аваад явах юм уу” гэж асуусан. Би “...энэ хүн орон гэртээ хэрүүл маргаан үүсгээд явж байгаа учраас аваад явж байгаа юм, гэр лүү нь явуулж болохгүй” гэж хэлээд эмнэлгийн гаднаас Б.Цэндбалжирыг аваад шууд Сайншанд руу ирсэн. Цагдаагийн газрын урд зогсоол дээр ирээд Б.Цэндбалжирыг эрүүлжүүлэх саатуулах байр луу аваад орсон. Тэгэхэд Б.Цэндбалжир “...би бие засаадхая” гэсэн. 00 руу ороод 10 гаруй минут болоод гарч ирэхгүй байхаар нь “...яачихваа чи” гэтэл ёолоод гэнэт орилоод эхэлсэн. Тэгэхэд би эрүүлжүүлэх байрны цагдаагийн өрөөнд байсан. Хажуугийн өрөөнөөс эрүүлжүүлэх байрны эмч 00-д гүйж орж хараад “...энэ хүн чинь газар хэвтчихсэн байна” гэж хэлсэн. Би араас нь ороод юу болсон талаар асуухад Б.Цэндбалжир “...би шээж чадахгүй байна, миний бие нэг л биш байна” гэж хэлэхээр нь “...түрүүхэн зүгээр явж ирчихээд чи юу яриад байгаа юм бэ, Зүүнбаянгийн эмнэлэгт үзүүлэхэд чи зүгээр байсан биздээ, биеийн чинь юу болохгүй байгаа юм бэ” гэхэд “...мэдэхгүй, шээх гэсэн чинь шээж чадахгүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “...чамайг эрүүлжүүлчихээд шөнөдөө очоод ар гэрээс чинь мэдүүлэг аваад, буцаж ирээд чам дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн дагуу арга хэмжээ авах талаар материалжуулна” гэж хэлчихээд зогсож байтал эмч Т.Мөнхтуул хажуунаас “...энэ хүнийг чинь ийм байдалтайгаар авахгүй, ёолоод байна эмнэлэгт үзүүл” гэсэн. Тэгэхээр нь би Т.Мөнхтуул эмчээс Б.Цэндбалжирыг хүлээж аваад эрүүлжүүлэх байрнаас гараад Цагдаагийн газрын урд байсан машиндаа суулгаад “...чамайг эмнэлэгт аваачиж өгье, яг юу чинь өвдөөд байгаа юм бэ, хүнтэй зодолдсон юм уу” гэхэд “...тийм юм байхгүй” гэсэн, “...эмнэлэгт үзүүлье” гэхэд “...ахындаа очоод бүлээн жин тавиад хоночихьё” гэсэн. Би “...тэгж болохгүй, би чамайг ахынд чинь хүргээд өгчихвөл чи шөнөдөө буцаж Зүүнбаянд очоод цагдаад барьж өглөө гээд гэр бүлийнхэндээ элдэв араншин гаргаад эхэлвэл яах юм бэ?” гэхэд  “...би тэгэхгүй, надад эрүүлжүүлэх байранд өгөх хураамж мөнгө байхгүй учраас ахындаа очиж хоночихоод өглөө ирэхэд чинь найдвартай тэр айлдаа байж байя” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Б.Цэндбалжираар ахынх нь гэрийг заалгаад хүргэж өгсөн. Ахынх нь гадаа зогссон чинь “...шээнэ” гээд хашааны тэнд очоод зогссон. Тэр хооронд нь би айл руу нь ороод “...М.Цэндбалжир гэдэг хүнийг таних уу, ямар хамааралтай хүмүүс вэ” гэж асуутал аавынх нь талын Ц.Төмөрбаатар гэдэг хүн байсан. Би түүнд “...Б.Цэндбалжир Зүүнбаян багт байхдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас ар гэрийнхэн нь дуудлага мэдээлэл өгөөд, тэрнийх нь дагуу авч ирсэн, эрүүлжүүлэх байранд хийх гэсэн боловч бие нь өвдөөд байна, бүлээн жин тавьж хоночихоод өглөө энэ айлдаа байж байя гэж хэлээд байна. Та энэ хүнийг авч үлдэх үү?, үлдэхгүй бол буцаагаад аваад явлаа” гэхэд “...үлдээчих” гэсэн. Тэгээд буцаад гэрээс нь гарахад Б.Цэндбалжир тэр айлын урд талд байдаг хашааг налчихсан “...жоохон ч гэсэн шээс гарчихлаа шүү” гээд зогсож байсан. Б.Цэндбалжирт “...өглөө ирэхэд энэ айлдаа найдвартай байж байгаарай” гэж хэлчихээд би олон нийтийн цагдаатайгаа хамт Зүүнбаян руу буцсан. Маргааш нь 9 цагийн орчимд тэр айлд очиход цоожтой байсан, буцаж ажил дээрээ ирээд торгосон хүмүүсийнхээ материалыг сандаа шивж байтал хэв журмын тасгийн дарга намайг дуудаад “...чи яагаад хүн зодчихсон юм бэ, Б.Цэндбалжир гэдэг хүн нэгдсэн эмнэлэг дээр хагалгаанд орж байна, цагдаа зодсон гэж хэлсэн байна, чи биед нь халдаж, зодож цохисон зүйл байгаа юу” гэж асуухад нь би “...гэрээс нь аваад хойшоо явж байхдаа гавласан, өөрөөр биед нь халдсан зүйлгүй” гэж хариулсан. Тэр өдөр нь манай ахлах мөрдөн байцаагч Батцогт “...тэр хүн чамайг зодсон гэж хэлж байна, чи үнэхээр тэр хүнийг зодсон уу?” гэж асуухаар нь би “...Б.Цэндбалжирын биед халдсан зүйлгүй” гэдгээ хэлсэн.” гэв.

Хохирогч Б.Цэндбалжир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Өглөө эрт Э.Тайванжаргал найзтайгаа уулзаад хөдөө явж байгаад хуссан зам дээр урд дугуй хагараад замын уруу хажуугаараа онхолдсон. Тэгээд унаад гэдсээр хатгуулж өвдөөд байхаар нь хэсэг сууж байгаад, “...явж чадахгүй байна” гэдгээ хэлээд буцаад гэртээ хүргүүлсэн. Доной гэдэг найзтайгаа уулзаад Найнаагийнд очиж хоёр шил архи уусан. Тэгээд орой гэртээ ирээд байж байтал Б.А цагдаа ирээд намайг авч явсан. Замдаа намайг тонгорч унагааж, гавлаад өрөө рүүгээ авч явсан. Өрөөнд нь сууж байгаад шээмээр болоод шээх гэтэл шээс гарахгүй байсан. Сайншанд авч явна гэхээр нь “...эмнэлэгт нэг үзүүлээдхэе” гэж хэлээд Зүүнбаянгийн эмнэлэгт үзүүлээд “бие өвдөөд явж чадахгүй байна” гэдгээ хэлэхэд “хугарсан юм алга” гэсэн. Тэгээд Сайншандад ирээд намайг эрүүлжүүлэхэд хүлээлгэж өгөх гэж байхад нь 00 ортол шээс гарахгүй маш их өвдөөд байхаар нь газар хэвтсэн. Эрүүлжүүлэхийн эмч “...хүлээж авахгүй, эмнэлэгт үзүүл, эсвэл таньдаг хүнд нь өг” гэсэн. Тэгээд Б.А цагдаа намайг аваад эмнэлэг орох гэхээр нь “...маргаашдаа гайгүй болчих байх, энд байдаг таньдаг айлд хүргээд өгчих, би тэндээ хоночихьё” гэж хэлээд хүргүүлсэн. Тэр айлдаа байж байгаад шөнө өвдөөд түргэн дуудаад, эмнэлэгт очиж үзүүлээд катетрь тавьж хоноод маргааш нь хагалгаанд орсон” гэв.

Шинжээч, эмч Э.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Шинжээчийн 02/0484 дугаартай дүгнэлтийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №5313 дугаартай өвчний түүхийн хуулбарыг үндэслэж гаргасан. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагт мэс засал хийгдсэн байна. Тухайн мэс заслын тэмдэглэл дээр хэвлийн хөндийд ямар нэгэн ялгадас байгаагүй, шингэн хурсан нь зөвхөн цус байсан гэсэн байна. Хурсан шингэнийг соруулж аваад, урагдсан, няцарсан хэсэгт оёдол тавиад хэвлийн хөндийг угаагаад хаасан байсан, мэс заслын үед цээж, хэвлийн хөндийг нээх л юм бол мэс заслын дараа заавал ариутгалын бодисоор угааж хаах ёстой. Хохирогч 10 цагт мотоциклоос унах үед давсагны урагдалт, гэдэсний няцралт, чацархайн язралт гэмтэл авсан бол түүнээс хойш ууж идээд, чөлөөтэй хөдөлгөөн хийгээд явах боломжтой, тухайн гэмтэл авсан хэсэгтээ цус хэр алдаж байгаагаас шалтгаална. Яаралтай тусламжийн Улаанаа эмч “...10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт үзлэг хийхэд цустай шээс гарсан” гэж байна /хх 98/. Хэрэв маш их хэмжээгээр цус алдаж байсан бол энэ хүнээс тийм хурдан хугацаанд цустай шээс ялгарахгүй. Хэрэв их хэмжээгээр цус алдаад зовиур тэр дороо илэрсэн бол энэ хүн 2-3 цагийн хугацаанд комд орох магадлал өндөртэй. Тэгэхээр хэвлийд цус алдалт бага хэмжээгээр явагдаж байсан гэдгийг харж болохоор байна. Давсагны урагдалт, гэдэсний няцралт, чацархайн язралт гэмтлүүдийнх нь хэмжээ жижигжэн байх тусмаа цус бага алдана, том байх тусмаа цус хурдан алдана. Хэвлийн хөндийд цус алдаж хуримтлагдаад удаан хугацаагаар явах боломжтой. Согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь өөрийнх нь өвдөлт зовиурыг багасгах нөхцөл болно. Давсаг бол зөвхөн шээс боловсруулдаг, чацархайгаар цус гарна, нарийн гэдсээр өтгөн ялгарна. Эндээс харахад нарийн гэдэсний урагдал жижиг хэмжээтэй байсан байна, хэрэв том байсан бол хэвлийн хөндийд өтгөн дүүрнэ, харьцангуй бага байсан учраас хэвлийн хөндийд ходоодны агууламж хуримтлагдаагүй байна гэж харахаар байна. Өвчний түүхийг 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 10 минутад нээсэн байна. Тэр үед хохирогчийн биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, орчинтой харьцаатай гэсэн нь хохирогч цус бага алдаж байсныг харуулж байна, хэрэв их хэмжээгээр цус алдсан бол комд орно, орчинтойгоо харьцах чадваргүй болно. Мэс заслын тэмдэглэлээс харахад хэвлийн доод хэсэгт буюу хүйснээс доош 10 см жижиг зүслэг хийсэн байна. Хэрэв том хэмжээний гэмтэлтэй бол хүйсийг хамруулж 20-25 см хүртэл том зүсэлт хийж нээдэг. Тэгэхээр жижигхэн гэмтэл байсан гэж бодож байна. Б.Цэндбалжир сая өөрөө “...руль дээгүүрээ давж унаад хэвлийгээр өвдсөн” гэж мэдүүлсэн, ийм тохиолдолд тэр гэмтлүүд үүсэх боломжтой, руль дээгүүр давж унах явцад рульны гар, хянах самбарын аль нэг нь хэвлий хэсэгт цохисон бол гэмтэл үүсэх боломжтой. Хэвлий хэсэгт ямар нэгэн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн бол үүсэх боломжтой, өшиглөлтөөс үүсэх боломжтой. Тухайн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хатуу, мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь унах, өшиглөх, цохих, тухайн хэсгээрээ хавчигдах, шахагдах зэрэг тохиолдол хамаарна, ийм гэмтэл авсан хүн 24-48 цаг хүртэл хугацаагаар явах боломжтой, тийм тохиолдол байгаа. Хамгийн эхэнд давсагны зовиур илэрсэн нь давсаг урагдсантай холбоотой, давсганд хуримтлагдсан шээсний хэмжээнээс шалтгаалж байгаа. Мэс заслын тэмдэглэл дээр давсаг босоо урагдалтай гэсэн байсан, тэгэхээр давсагны доод хэсгээр хуримтлагдсан үлдэгдэлтэй байх боломжтой, тэрийгээ гадагшлуулах гээд дүлэх үед давсгаар нь хатгаж өвдсөн гэж бодож байна. Өвчний түүх дээр ямар нэгэн ил харагдах шархны талаар дурьдаагүй учраас би юм бичээгүй. Хохирогч өөрийнх нь аймхай руу өшиглөсөн гэж заагаад байна. Аймхай руу өшиглөхөд давсаг гэмтэх боломжгүй, давсаг хүйснээс доош байдаг. Хүн өөрийнхөө рефлексээр зовиур байх тусам хэвлийгээ чангалдаг, би өөрөө үзлэг хийгээгүй учраас дүүрээд чангалсан уу, рефлексээрээ чангалсан уу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хохирогч архи ууснаар өвчнийг мэдрэхгүй байх боломжтой,  мотоциклиос унаснаас болж хохирогчийн биед энэ гэмтэл учирсан байх боломжтой” гэв.

Б.Цэндбалжирын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн; “...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Зүүнбаян багт урд айлын Найнаа, Доной нартай хоёр шил 0,5л “Ерөөл” архи уугаад...17 цагийн орчимд гэртээ ирсэн, би эхнэртэйгээ урьд нь архи уусан үедээ маргалдаж байсан болохоор манай эхнэр намайг “архи уусан байна” гээд яваад өгсөн. Би хүүхэдтэйгээ гэртээ үлдээд байж байтал цагдаа Б.А ирээд 18 цагийн орчимд намайг авч явсан санаж байна, цагдаа намайг өрөөндөө оруулаад нүүр лүү нэг удаа гараараа цохиод хэвлий давсаг руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд намайг “...аймаг авч явна” гэж хэлсэн, Б.А цагдаа намайг өшиглөсний дараа миний давсагны хэсгээр өвдөөд байсан. Би цагдаад “...бие өвдөөд байна, эмнэлэгт үзүүлье” гэж хэлээд Зүүнбаян багийн эмнэлэг дээр очиж үзүүлтэл эмч нь “...хугарсан гэмтсэн зүйл байхгүй, бие чинь зүгээр байна” гэж хэлсэн. Тэгээд аймагт ирээд эрүүлжүүлэх байранд орох гэтэл эмч “...өвчтэй хүн байна эрүүлжүүлэхэд хүлээн авахгүй” гэж хэлсэн. Б.А цагдаа намайг Сайншанд суманд байдаг Ц.Төмөрбаатар гэх айлд хүргэж өгсөн...Цагдаа намайг зодсоныг мэдсэн хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-12-13/,

Б.Цэндбалжирын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн; “...Би тухайн өдөр гэртээ байж байтал 12 цагийн үед найз Доной ирээд бид хоёр Найнаа ахын гэрт очсон. Тэгээд бид гурав 0,5гр хоёр шил “Ерөөл” архийг хувааж ууцгаасан... гэртээ 17 цагийн үед ирсэн. Тэгээд намайг манай гэрийн гаднаас цагдаа Б.А авч явсан. Цагдаагийн хэсэг рүү авч явах үедээ цагдаа Б.А миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, цохиж зодсон. Мөн цагдаагийн байранд орсны дараа цагдаа Б.А миний толгой руу гараараа цохисон, цагдаа Б.Аыг өшиглөж, цохиж зодсоны дараа миний давсагаар хатгуулж өвдөөд шээх гэхээр шээс гарахгүй байсан ...Цагдаа Б.А намайг зодож, өшиглөх үед дээрх гэмтэл учирсан...би согтуу байсан, гэхдээ болсон асуудлыг мэдэх чадвартай байсан...гомдол санал байхгүй, эм тарианы мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна...Цагдаагийн албан хаагч Б.Аын хувьд намайг гэрээс цагдаагийн хэсэг рүү авч явах замдаа миний хэвлий рүү өшиглөсөн, цагдаагийн хэсгийн байранд бас өшиглөж цохисон...Э.Тайванжаргалыг танина, найз нөхдийн холбоотой. Би тухайн өдрийн өглөө Э.Тайванжаргалтай уулзаж, хөдөө түүний мотоциклиор явж байтал урд дугуй хагарч, хажуу тийшээгээ мотоцикль унасан. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...Б.А цагдаа намайг өшиглөсний дараа миний давсгаар хатгуулж өвдөөд эвгүй оргиод... шээх гэхээр шээс гарахгүй өвдөөд байсан.” гэсэн мэдүүлэг /хх-76-77, 148-149/,

         Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би Зүүнбаян багт үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 20-ны оройн 18.00 цагт М.Тэмүүлэн гэх хүүхэд “...манай хойд аав Б.Цэндбалжир Зүүнбаян багт гэртээ согтуугаар хэрүүл маргаан үүсгээд байна” гэж дуудлага ирүүлсний дагуу би зөрчил гаргагч Б.Цэндбалжирын гэрт очиход Б.Цэндбалжир гэрийнхээ гадаа хүүхэд тэврээд явж байсан ба би дуудаж гэрт нь оруулаад хүүхдийг нь үлдээн цагдаа руу авч явсан. Намайг цагдаагийн хэсэг рүү авч явж байхад, замдаа “...шээс хүрээд байна” гэж хэлсэн. Би Б.Цэндбалжирыг “...бие зас” гэж хэлэхэд “...шээс хүрээд байгаа хэрнээ шээс гарахгүй байна” гэж хэлж байсан. Түүнийг цагдаагийн хэсэг дээр авч ирээд “...архиа гаргаад сууж бай, гаргасан зөрчлийн талаар шалгана” гэж хэлээд дуудлага мэдээлэл ирүүлсэн М.Тэмүүлэн гэх хүүхдийг дуудсан ба тухайн хүүхэд ирээгүй, нилээн удаж байж ирсэн. М.Тэмүүлэнг ирсний дараа би мэдүүлэг аваад байж байтал Б.Цэндбалжир “...бие засмаар байна” гэж дахин хэлтэл би “...гадаа гараад бие зас” гэтэл “...шээс гарахгүй байна” гэж хэлэхээр нь “...яасан юм өвдөөд байгаа юм уу” гэж асуутал “...эмнэлэг явж үзүүлье” гэж хэлээд би эмнэлэг авч яваад эмчид үзүүлсэн. Эмч үзлэг хийгээд “...зүгээр байна” гэж хэлж байсан, би тухайн оройдоо зөрчил гаргагч Б.Цэндбалжирыг аймаг руу авч яваад эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж өгөхөд Б.Цэндбалжир “...00-д орьё” гэж хэлээд 00-д ороод ёолж, орилоод “...шээс гарахгүй байна” гэж хэлсэн, би Б.Цэндбалжирт “...аймгийн эмнэлэг орж үзүүлэх юм уу” гэхэд “...эмнэлэг орохгүй ахындаа очоод унтая” гэж хэлэхээр нь ах Ц.Төмөрбаатарын гэх айлд хүлээлгэн өгсөн...би Б.Цэндбалжирын эрх чөлөөнд халдаагүй, амаар шаардлага тавьсан. Б.Цэндбалжир миний тавьсан шаардлагыг биелүүлж байсан. Өрөөнд очоод Б.Цэндбалжирыг “...архиа гаргаад сууж байгаарай” гэж хэлээд сандал дээр суулгаж байсан, эрх чөлөөнд нь халдаагүй...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй, би иргэн Б.Цэндбалжирт гэмтэл учруулсан асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-18, 138, 142/,

         Гэрч Н.Өнөржаргал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөө би ажилдаа яваад орой 17 цагийн орчим гэрт орж ирсний дараа манай том охиныг загнаад надтай хэрүүл маргаан үүсгэх гээд байхаар нь би бага хүүгээ аваад гараад явсан. Тэгтэл Б.Цэндбалжир ирээд надаас хүүгээ авсан, би тухайн үед Б.Цэндбалжирыг хэрүүл, маргаан үүсгэх байх гэж бодоод өөрийн гэртээ очоогүй, аав, ээжийнхээ гэрт очиж байж байгаад орой 18 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай хажуу айлын Насаа гэж хүн “...танай нөхрийг Б.А цагдаа ирээд аваад явсан” гэж хэлсэн. Би Б.А цагдаатай утсаар яриад “...манай хүн яасан бэ?” гэж асуутал “...согтуугаар зөрчил гаргасан, би одоо аймаг руу авч явах гэж байна” гэж хэлсэн...2019 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 11 цагийн орчимд Аймгийн нэгдсэн эмнэлгээс надруу утсаар ярьж, “...танай нөхөр хагалгаанд орох гэж байна, эмнэлэг дээр ирэх хэрэгтэй” гэж хэлсэн, би 12 цаг өнгөрөөгөөд аймагт ирэхэд манай нөхөр Б.Цэндбалжир “..давсаг цооролттой, чацархай бяцралттай, нарийн гэдэс урагдалттай” оношоор хагалгаанд ороод гарсан байсан. Нөхрөөсөө юу болсон, яагаад хагалгаанд орсон талаар нь асуухад “...2019 оны 10 дугаар сарын 20-ны орой Зүүнбаян баг дээр Б.А цагдаа намайг өрөөндөө зодсон гэж хэлсэн”...нилээн архи уусан бололтой байсан гэхдээ өөрийн ухаантай байсан хүнтэй маргаж муудсан зүйл байхгүй байх, бие нь өвдөж зовиурлаж байгаа зүйл анзаарагдаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-14/,

Гэрч Б.Цэндмаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Улаанбаатар хотоос 10 дугаар сарын 23-ны өглөө ирээд Оюунаа эгчтэй уулзаад юу болсон талаар асуухад “...танай ах Б.Цэндбалжирыг Зүүнбаян багийн цагдаа нь зодоод эрүүлжүүлэхэд өгөх гэтэл эмч нь өвчтэй хүн авахгүй гэж хэлээд манайд ирж хоносон. Шөнө Б.Цэндбалжирын бие нь өвдөөд түргэн тусламж дуудаж үзүүлсэн” гэж хэлж байсан...манай ах Б.Цэндбалжир хагалгаанд ороод гарчихсан байсан, ахаасаа ямар асуудал болсон талаар асуухад “...цагдаа намайг зодсон” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-15/,

Гэрч М.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...хагалгаанд орсны дараа би Б.Цэндбалжир ахтай уулзахад надад “...чи намайг согтуу байхад цагдаад дуудлага өгсөн юм уу?, намайг Б.А цагдаа зодож миний давсаг хэсэгт гэмтэл учруулсан” гэж хэлж байсан...Б.Цэндбалжир ахын биед тэр үед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй...Б.Цэндбалжир ах тухайн үед гэрт орж ирэхдээ нилээд согтуу байсан, хамт архи уусан хүмүүстэйгээ маргалдаж муудалцсан талаар хэлж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-16, 83-84/,

         Гэрч Т.Мөнхтуул мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр үүрэг гүйцэтгэн ажилласан...орой 22 цагийн орчимд санаж байна цагдаагийн ахлагч Б.А Зүүнбаян багт зөрчил гаргасан Б.Цэндбалжирыг эрүүлжүүлэхээр авч ирсэн. Тухайн хүний биед үзлэг хийхэд хэвлий хэсгээр их зовиуртай асуумж асуухад “...шээж чадахгүй давсагны орчмоор өвдөөд байна” гэж хэлж байсан тул эрүүл мэндийн шалтгаанаар эрүүлжүүлэх боломжгүй гэж үзээд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлээд явуулсан. Тухайн үед зөрчил гаргагч нь өөрөө эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлж байсан...Б.Цэндбалжир тодорхой зүйл хэлэхгүй, “...шээж чадахгүй байна, бие өвдөөд байна” л гэж хэлж байсан...Тухайн үед Б.Цэндбалжираас архи, согтууруулах ундааны зүйл нилээд үнэртэж байсан ба тэрээр эрүүлжүүлэх саатуулах байранд орж ирээд шууд бие засах өрөө рүү шээхээр явсан, бие засах өрөөнд 5-10 минут болоод ёолоод бие засах өрөөнөөс гарч ирэхгүй байхаар нь би бие засах өрөө рүү ороход Б.Цэндбалжир бие засах өрөөний шалан дээр ёолоод хэвтэж байсан. Тэгэхээр нь би түүнд хандан “...яасан юм бэ, ямар зовиур байна” гэхэд “...би шээмээр санагдсан боловч шээж чадахгүй байна, эмчээ” гэж байсан. Тэгэхэд нь би “...чи яасан юм бэ, чамайг цагдаа зодсон юм уу?” гэхэд “...намайг цагдаа зодоогүй, ерөөсөө шээж чадахгүй байгаа” гэж байсан... Тухайн үед Б.Цэндбалжирын биеийн хэвлий хэсэгт нь дарж үзэхэд хэвлийн булчин чангарсан эмзэглэл ихтэй байсан...Б.Цэндбалжир тухайн үед дунд зэргийн согтолттой, өөрийн биеийг авч явах чадвартай байсан...Б.Цэндбалжирийн биед өөр ил харагдах шарх, гэмтэл байгаагүй хэвлийн булчин чангаралтай, ёолоод өөрт нь их зовиуртай байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-17, 91-92/,

         Гэрч Б.Батдорж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би хөдөөнөөс ирчихээд найз Б.Цэндбалжирын гэрт 12 цагийн үед очсон. Тэгээд Б.Цэндбалжир бид хоёр Найнаа ахын гэрт очиж бид гурав 0,5 литрийн хоёр шил “Ерөөл” архи хувааж ууцгаасан. Тэгээд Б.Цэндбалжир гэртээ харьлаа гээд 17 цагийн үед явсан...Б.Цэндбалжир гайгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-79/,

Гэрч Ц.Батнягт мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...10 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн цагдаагийн хэсгийн өрөөнд байж байхад тухайн өдрийн 18 цаг 45 минутын орчим цагдаа, цагдаагийн ахлагч Б.А гаднаас иргэн Б.Цэндбалжирыг дагуулаад орж ирсэн, тухайн үед цагдаа Б.А “...Б.Цэндбалжирыг ар гэртээ агсан согтуу тавьсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр авч ирлээ” гэж байсан. Тэгээд Б.Цэндбалжирыг өрөөндөө суулгаж байхад түүний охин М.Тэмүүлэн ирж Б.А цагдаад мэдүүлэг өгсөн, М.Тэмүүлэн мэдүүлгээ өгч дуусаад цагдаагийн хэсгээс гараад явсан. Түүний дараа Б.Цэндбалжирыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулна гээд авч гарахад Б.Цэндбалжир “...шээе” гээд, цагдаагийн хэсгийн ойролцоо шээх гээд зогсож байхдаа “пизда, пизда шээс гарахгүй байна, хэвлийгээр өвдөөд байна” гэхээр нь Б.А цагдаа бид хоёр түүнийг Зүүнбаян сум дундын эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч М.Ууганбаяр түүнийг үзэж хэвлий хэсэгт нь дарахад “...өвдөхгүй байна, зүгээр байна” гээд байсан учир Б.А бид хоёр түүнийг аваад Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар руу явсан. Тэндээсээ шууд Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байранд очиход Б.Цэндбалжир “...би нэг бие засах хэрэгтэй байна” гээд бие засах өрөө рүү орсон. Б.Цэндбалжир бие засах өрөөнд орчихоод ёолоод, “...хэвлийгээр өвдөөд байна” гэж орилоод байхаар нь эрүүлжүүлэх, саатуулах байрнаас авч гараад “...эмнэлэг рүү явъя” гэхэд Б.Цэндбалжир “...намайг манай ахынд хүргээд өгчих, надад саатуулах байрны хураамжид өгөх мөнгө төгрөг байхгүй” гэхээр нь бид хоёр түүнийг ахынх нь гэх айлд хүргэж өгсөн...миний хажууд цохиж, зодсон асуудал байхгүй...би тухайн үед Б.Цэндбалжир болон цагдаа Б.А хоёрыг үлдээгээд цагдаагийн хэсгээс гарсан асуудал байхгүй...Б.Цэндбалжир тухайн үед “...би яасан юм болоо, яаснаа санахгүй байна” гэж байсан ба хэн нэгэн хүнд зодуулсан талаар хэлж ярьсан зүйл байхгүй...тухайн үед Б.Цэндбалжир нилээн согтуу байсан... гаднаас орж ирэхдээ Б.Цэндбалжирын гарыг гавласан орж ирсэн...Б.Цэндбалжирын хамраас цус гарч гараараа арчсан байдалтай байсан...миний хувьд цагдаагийн албан хаагч Б.Аыг бусдаас байцаалт мэдүүлэг авах, уулзах үед дэргэд нь байдаггүй гараад явчихдаг.” гэсэн мэдүүлэг /хх-85-87, 88-89/,

         Гэрч М.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байхад миний санаж байгаагаар оройн 21 цагийн орчим цагдаа Б.А, олон нийтийн цагдаа Ц.Батнягт хоёр иргэн Б.Цэндбалжир гэх хүнийг үзүүлсэн. Тухайн үед Б.Цэндбалжир нь архи, согтууруулах ундааны зүйл нилээд хэрэглэсэн, биеийн байдлын хувьд дунд, хэвлий давсаг орчмоор эмзэглэлтэй байсан, хэвлий хэсэгт тэмтрэлт хийхэд “...бага зэрэг өвдөж байна” гэж байсан. Тэгээд Б.Цэндбалжир ах “...бие засмаар байна” гэж хэлээд эмнэлгийн дотор байрлалтай угаалгын өрөөнд орж бие засаад гарч ирсэн. Тэгээд Б.Цэндбалжир гэх хүн угаалгын өрөөнөөс гарч ирэхдээ “...ахынх нь зовиур багасчихлаа, ах нь явж болох уу” гэхээр нь би тэр хүнийг “...за та явж болно” гэж хэлээд явуулсан...тухайн үед Б.Цэндбалжир цагдаагийн алба хаагчид зодуулсан талаар хэлж ярьсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-93-95/,

Гэрч Т.Улаанаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн жижүүр эмчээр ажиллаж байх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзав гэх газарт “...хүнд зодуулаад босч чадахгүй байна” гэх дуудлагын дагуу очиход Б.Цэндбалжир гэх хүн босч чадахгүй орон дээрээ хэвтэж байсан. Тухайн үед намайг дуудлагаар очиход Б.Цэндбалжир давсагандаа катетерь тавьсан байсан ба катетерь нь цустай шээстэй зовиур ихтэй, их өвдөлттэй байсан учир даралт нь ихэссэн байсан...Тухайн үед Б.Цэндбалжир надад хэлэхдээ “...10 дугаар сарын 20-ны өдөр Сайншанд сумын Зүүнбаян багийн цагдаад зодуулаад цагдаа нь хэвлий хэсэгт дэвссэн, эрүүлжүүлэх байранд саатуулах гээд авч ирсэн” гэж байсан. Б.Цэндбалжир нь тухайн үед хэвлийн өвдөлттэй босч чадахгүй цустай шээсэн, бусдад зодуулсан гэх яриа өгүүлэмжтэй байсан учир түүнийг хэвлийн битүү гэмтэл авсан байх гэж бодоод Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт тээвэрлэн хүргэж ирээд мэс заслын эмч Ёндонжамцад хүлээлгэн өгсөн.“ гэсэн мэдүүлэг /хх-97-98/,

Гэрч Х.Эрдэнэбулган мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Бямбаагийн Цэндбалжир гэх хүнд мэс заслын эмчилгээ хийсэн. Ямар учраас түүнд эмчилгээ хийх болсон гэвэл бусдад зодуулсны улмаас хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт оноштойгоор яаралтай хэвлийн хөндийн хагалгаанд орсон...иргэн Б.Цэндбалжирын өөрийн өгүүлэмжээр “...10 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим бусдад зодуулсан” гэж байсан...Б.Цэндбалжирын биед учирсан гэмтэл нь хэвлийн хөндийн эрхтэн болон давсаг урагдаж задарсан, нарийн гэдэсний хана болон нарийн гэдэсний чацархай язарсан, хэвлийн хөндийд зэргэлдээ байрлалтай эрхтнүүд гэмтсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-100-101/,

Гэрч Ц.Төмөрбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би 10 дугаар сарын 20-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг 7-7 тоотод гэртээ байж байхад гаднаас Б.Цэндбалжир нэг цагдаагийн алба хаагчийн хамт орж ирээд тэр цагдаа нь Б.Цэндбалжирыг манай гэрт хүргэж өгөөд яваад өгсөн. Б.Цэндбалжир тухайн үед “...хэвлийгээр өвдөөд байна” гээд байсан, надад хэлэхдээ “...цагдаа миний хэвлий хэсэгт өшиглөсөн” гэж байсан. Тэгээд тэр шөнөдөө өвдөж хоносон ба маргааш нь 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгсний дагуу эмч ирж үзээд Б.Цэндбалжирыг авч яваад хагалгаанд оруулсан.” гэсэн мэдүүлэг /хх-103/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/0484 дугаартай “...Б.Цэндбалжирын биед давсагны урагдал, нарийн гэдэсний няцралт, чацархайн язралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-106/,

Шинжээч Э.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Би 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/0484 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 5313 дугаартай өвчний түүхийг үндэслэн гаргасан...Б.Цэндбалжирын биед учирсан давсагны урагдал, нарийн гэдэсний няцрал, чацархайн язралт гэмтэл нь зэргэлдээ байрлалд нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...Хүний организмын хувьд ходоодноос бүдүүн гэдэс, бүдүүн гэдэснээс нарийн гэдэс салж байгаа ба нарийн гэдэс нь мушгиралдсан урт хэмжээний дотор эрхтэн байгаа юм. Нарийн гэдсийг холбож байгаа эрхтэн бол чацархай ба нарийн гэдэс нь явсаар байгаад хүний шулуун гэдэс дээр очно. Шулуун гэдэсний урд хэсэгт давсаг байрладаг ба өөрөөр хэлбэл хүний хүйсний доод хэсэгт хүчтэй нэг удаа хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үед дээрх гэмтэл үүсгэгдэх боломжтой...Хатуу мохоо зүйл гэдэг нь хязгаарлагдал болон хязгаарлагдал бус гадаргуутай хүний арьс салстыг нэвтрүүлэхгүй, гэхдээ орчмын эдэд гэмтэл учруулдаг зүйлийг хэлж байгаа юм. Жишээ нь гараар цохих, хөлөөр өшиглөх, унах, хавчигдах шахагдах гэх мэт гэмтлийг ойлгож болно...Б.Цэндбалжир нь тухайн гэмтлийг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авсан байх боломжтой...тухайн гэмтлийг авсан даруйдаа тодорхой хугацаанд өөрөө явах гэх мэт хөдөлгөөн хийх боломжтой. Харин тодорхой хугацаа гэдгийг тухайн хүний бие организмаас шалтгаалан нарийн тайлбарлах боломжгүй. Мөн тухайн хүний биед цус их хэмжээгээр дүүрэх тусам зовиур хурдан илэрч, ухамсарт үйлдэл хийх хугацаа багасна. Харин хэвлийд цус бага багаар хуримтлагдсан тохиолдолд тухайн ухамсарт үйлдэл хийх хугацаа их байх боломжтой...Б.Цэндбалжирын хэвлийд нэг удаа хөлөөрөө хүчтэй өшиглөх аль эсвэл дэвсэх үед тухайн гэмтлийг авах боломжтой...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед өвдөлтийг мэдрэх нь багасах боломжтой. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл нь мотоциклоос унах үед үүсэх боломжтой, тухайн гэмтлийг авсан хүн 24 цаг хүртэлх хугацаанд ухамсарт үйлдэл хийх боломжтой.” гэсэн мэдүүлэг /хх-123-124, 226/,

Гэрч Э.Тайванжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Одоо санаж байхад 10 дугаар сарын 20-ны үед шиг санаж байна. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Өглөө 9, 10 цагийн үед Б.Цэндбалжиртай таарч, хөдөө явахаар болсон. Тэгээд мотоцикльтой Б.Цэндбалжир бид хоёр Дорноговь аймгийн Улаанбадрах сумруу явсан. Хөдөө явах замд Б.Цэндбалжир мотоцикль барьсан. Гэтэл миний мотоциклийн дугуй хагараад бид хоёр мотоцикльтойгоо хажуу тийшээ ойчсон. Тэгээд Б.Цэндбалжир эвхрээд нэг хэсэг сууж байгаад надад хөдөө явахаа больё, гэртээ харья гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-151-152/,

Гэрч Ж.Шагдар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...Тухайн зам нь элсэрхэг газар байсан ба ихэнх тохиолдолд тухайн төрлийн зам дээр шарваж, хажуу тийшээ ойчих тохиолдол магадлал өндөртэй байдаг. Харин чулуу ихтэй зам дээр годройтон унах магадлал өндөр байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-224-225/,

Хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-11/,

Б.Аын ажлын байрны тодорхойлолт, ажилд томилогдсон тушаалын хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ажил үүргийн хуваарь /хх-36-43/,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн танилцуулга /хх-44/,

Хохирогч Б.Цэндбалжир урьд ял шийтгүүлж байсан талаарх;

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолын хуулбарууд болон  бусад баримтууд /хх-47-61/,

Хохирогч Б.Цэндбалжир 2019 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-108-121/,

2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-215-220/,

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-221-223/, зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

         Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Аын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Цэндбалжир гэрчээр 1 удаа, хохирогчоор 3 удаа мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.А цагдаа замдаа намайг тонгорч унагааж, гавлаад өрөө рүүгээ авч явсан..аймхай руу өшиглөсөн” гэж өшиглүүлсэн гэх газраа  зааж үзүүлж байгаа нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэйгээр мэдүүлж, даргалагчийн асуусан асуултад эргэлзээ төрүүлэхүйц хариултыг өгч өөр өөр байдлаар мэдүүлж, хариулж байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдал бий болгож байна.

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь хавтаст хэрэгт авагдсан; гэрч Б.Цэндбалжирын “...Б.А цагдаа намайг өшиглөсний дараа миний давсагны хэсгээр өвдөөд байсан.” гэх, хохирогч Б.Цэндбалжирын “...Цагдаагийн хэсэг рүү авч явах үедээ цагдаа Б.А миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөж, цохиж зодсон. Мөн цагдаагийн байранд орсны дараа цагдаа Б.А миний толгой руу гараараа цохисон, цагдаа Б.Аыг өшиглөж, цохиж зодсоны дараа миний давсагаар хатгуулж өвдөөд шээх гэхээр шээс гарахгүй байсан...Цагдаа Б.А намайг зодож, өшиглөх үед дээрх гэмтэл учирсан...Б.А цагдаа намайг өшиглөсний дараа миний давсгаар хатгуулж өвдөөд эвгүй оргиод...шээх гэхээр шээс гарахгүй өвдөөд байсан.” гэх,

гэрч Б.Цэндмаагийн “...Оюунаа эгчтэй уулзаад юу болсон талаар асуухад “...шөнө Б.Цэндбалжирын бие нь өвдөөд түргэн тусламж дуудаж үзүүлсэн” гэж хэлж байсан...манай ах Б.Цэндбалжир хагалгаанд ороод гарчихсан байсан, ахаасаа ямар асуудал болсон талаар асуухад “...цагдаа намайг зодсон” гэж хэлж байсан.” гэх,

гэрч М.Тэмүүлэнгийн “...хагалгаанд орсны дараа би Цэндбалжир ахтай уулзахад “...чи намайг согтуу байхад цагдаад дуудлага өгсөн юм уу?, намайг Б.А цагдаа зодож миний давсаг хэсэгт гэмтэл учруулсан” гэж хэлж байсан.” гэх,

гэрч Т.Улаанаагийн “...Би 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн жижүүр эмчээр ажиллаж байх хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзав гэх газарт “...хүнд зодуулаад босч чадахгүй байна” гэх дуудлагын дагуу очиход Б.Цэндбалжир гэх хүн босч чадахгүй орон дээрээ хэвтэж байсан...Б.Цэндбалжир нь тухайн үед хэвлийн өвдөлттэй босч чадахгүй цустай шээсэн байсан ба бусдад зодуулсан гэх яриа өгүүлэмжтэй байсан.“ гэх,

гэрч Х.Эрдэнэбулганы “...иргэн Б.Цэндбалжирын өөрийн өгүүлэмжээр “...10 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим бусдад зодуулсан” гэж байсан... Б.Цэндбалжирын биед учирсан гэмтэл нь хэвлийн хөндийн эрхтэн болон давсаг урагдаж задарсан, нарийн гэдэсний хана болон нарийн гэдэсний чацархай язарсан, хэвлийн хөндийд зэргэлдээ байрлалтай эрхтнүүд гэмтсэн байсан.” гэх,

гэрч Ц.Төмөрбаатарын “...Б.Цэндбалжир “...хэвлийгээр өвдөөд байна” гээд байсан, надад хэлэхдээ “...цагдаа миний хэвлий хэсэгт өшиглөсөн” гэж байсан.” гэх мэдүүлгүүдэд, мөн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын гаргасан 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/0484 дугаартай “...Б.Цэндбалжирын биед давсагны урагдал, нарийн гэдэсний няцралт, чацархайн язралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт болон хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч Б.Цэндбалжир 2019 оны 10 дугаар сарын 21-25-ны өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн;

шүүгдэгч Б.Аыг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаян багийн нутагт иргэн Б.Цэндбалжирыг “гэртээ агсан согтуу тавьсан гэх” дуудлагаар гэрээс нь цагдаагийн байр луу авч явах замдаа Б.Цэндбалжирын хэвлийн хэсэгт өшиглөсний улмаас давсагны урагдал, нарийн гэдэсний няцралт, чацархайн язралт гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

 

Шүүхийн дүгнэлт;

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Аыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуульд заасан хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн;

шүүгдэгч Б.Аын “..2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд...“...урд Манханы гудамжинд Б.Цэндбалжир нь гэртээ агсам согтуу тавиад хэрүүл, маргаан гаргаад байна” гэх дуудлагын дагуу 18 цаг 30 минутад очсон... Тэгээд Б.Цэндбалжирыг Сайншанд сумын эрүүлжүүлэхэд өгөх гээд өрөөгөө түгжээд гарахад “...бие засья” гэсэн, 3 минут орчим зогсож байснаа “...шээс гарахгүй байна, ерөөсөө шээж болохгүй байна, болилоо” гэсэн яасан талаар нь асуухад “...хэн мэдэх вэ” гэсэн. Машинд суулгах гэтэл “...байж байгаарай гэдсээр хөндүүрлээд байна” гээд байхаар нь “...юманд цохичихсон юм уу, яасан юм бэ” гэж асуухад “...мэдэхгүй байна” гэж хариулсан...би Т.Мөнхтуул эмчээс Б.Цэндбалжирыг хүлээж аваад эрүүлжүүлэх байрнаас гараад Цагдаагийн газрын урд байсан машиндаа суулгаад “...чамайг эмнэлэгт аваачиж өгье, яг юу чинь өвдөөд байгаа юм бэ, хүнтэй зодолдсон юм уу” гэхэд “...тийм юм байхгүй” гэсэн...Тэгээд Б.Цэндбалжираар ахынх нь гэрийг заалгаад хүргэж өгсөн...Б.Цэндбалжир тэр айлын урд талд байдаг хашааг налчихсан “...жоохон ч гэсэн шээс гарчихлаа шүү” гээд зогсож байсан.” гэх,

хохирогч Б.Цэндбалжирын “...Өглөө эрт Э.Тайванжаргал найзтайгаа уулзаад хөдөө явж байгаад хуссан зам дээр урд дугуй хагараад замын уруу хажуугаараа онхолдсон. Тэгээд унаад гэдсээр хатгуулж өвдөөд байхаар нь хэсэг сууж байгаад, “...явж чадахгүй байна” гэдгээ хэлээд буцаад гэртээ хүргүүлсэн. Доной гэдэг найзтайгаа уулзаад Найнаагийнд очиж хоёр шил архи уусан. Тэгээд орой гэртээ ирээд байж байтал Б.А цагдаа ирээд намайг авч явсан. Замдаа намайг тонгорч унагааж, гавлаад өрөө рүүгээ авч явсан. Өрөөнд нь сууж байгаад шээмээр болоод шээх гэтэл шээс гарахгүй байсан.” гэх,

шинжээч, эмч Э.Анхбаярын “...Хохирогч 10 цагт мотоциклоос унах үед давсагны урагдалт, гэдэсний няцралт, чацархайн язралт гэмтэл авсан бол түүнээс хойш ууж идээд, чөлөөтэй хөдөлгөөн хийгээд явах боломжтой, тухайн гэмтэл авсан хэсэгтээ цус хэр алдаж байгаагаас шалтгаална. ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь өөрийнх нь өвдөлт зовиурыг багасгах нөхцөл болно...Б.Цэндбалжир сая өөрөө “...руль дээгүүрээ давж унаад хэвлийгээр өвдсөн” гэж мэдүүлсэн, ийм тохиолдолд тэр гэмтлүүд үүсэх боломжтой, руль дээгүүр давж унах явцад рульны гар, хянах самбарын аль нэг нь хэвлий хэсэгт цохисон бол гэмтэл үүсэх боломжтой. Хэвлий хэсэгт ямар нэгэн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн бол үүсэх боломжтой, өшиглөлтөөс үүсэх боломжтой... ийм гэмтэл авсан хүн 24-48 цаг хүртэл хугацаагаар явах боломжтой, тийм тохиолдол байгаа...хохирогч өөрийнх нь аймхай руу өшиглөсөн гэж заагаад байна. Аймхай руу өшиглөхөд давсаг гэмтэх боломжгүй, давсаг хүйснээс доош байдаг... мотоциклиос унаснаас болж хохирогчийн биед энэ гэмтэл учирсан байх боломжтой.” гэх мэдүүлгүүдээр,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч Б.Цэндбалжирын “...тухайн өдрийн өглөө Э.Тайванжаргалтай уулзаж, хөдөө түүний мотоциклиор явж байтал урд дугуй хагарч, хажуу тийшээгээ мотоцикль унасан.” гэсэн,

         гэрч Т.Мөнхтуулын “...Би...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр үүрэг гүйцэтгэн ажилласан...орой 22 цагийн орчимд санаж байна цагдаагийн ахлагч Б.А Зүүнбаян багт зөрчил гаргасан Б.Цэндбалжирыг эрүүлжүүлэхээр авч ирсэн. Тухайн хүний биед үзлэг хийхэд хэвлий хэсгээр их зовиуртай асуумж асуухад “...шээж чадахгүй давсагны орчмоор өвдөөд байна” гэж хэлж байсан тул эрүүл мэндийн шалтгаанаар эрүүлжүүлэх боломжгүй гэж үзээд аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлээд явуулсан...Тухайн үед Б.Цэндбалжираас архи, согтууруулах ундааны зүйл нилээд үнэртэж байсан...“...би шээмээр санагдсан боловч шээж чадахгүй байна, эмчээ” гэж байсан. Тэгэхэд нь би “...чи яасан юм бэ, чамайг цагдаа зодсон юм уу?” гэхэд “...намайг цагдаа зодоогүй, ерөөсөө шээж чадахгүй байгаа” гэж байсан.” гэсэн,

гэрч Ц.Батнягтын “...Б.Цэндбалжирыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулна гээд авч гарахад Б.Цэндбалжир “...шээе” гээд, цагдаагийн хэсгийн ойролцоо шээх гээд зогсож байхдаа “пизда, пизда шээс гарахгүй байна, хэвлийгээр өвдөөд байна” гэхээр нь Б.А цагдаа бид хоёр түүнийг Зүүнбаян сум дундын эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч М.Ууганбаяр түүнийг үзэж хэвлий хэсэгт нь дарахад “...өвдөхгүй байна, зүгээр байна” гээд байсан учир Б.А бид хоёр түүнийг аваад Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар руу явсан... Б.Цэндбалжир тухайн үед “...би яасан юм болоо, яаснаа санахгүй байна” гэж байсан ба хэн нэгэн хүнд зодуулсан талаар хэлж ярьсан зүйл байхгүй.” гэсэн,

         гэрч М.Ууганбаярын “...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байхад миний санаж байгаагаар оройн 21 цагийн орчим цагдаа Б.А, олон нийтийн цагдаа Ц.Батнягт хоёр иргэн Б.Цэндбалжир гэх хүнийг үзүүлсэн...тухайн үед Б.Цэндбалжир цагдаагийн алба хаагчид зодуулсан талаар хэлж ярьсан зүйл байхгүй.” гэсэн,

гэрч Э.Тайванжаргалын “...10 дугаар сарын 20-ны үед шиг санаж байна. ...өглөө 9, 10 цагийн үед Б.Цэндбалжиртай таарч, хөдөө явахаар болсон. Тэгээд мотоцикльтой Б.Цэндбалжир бид хоёр Дорноговь аймгийн Улаанбадрах сумруу явсан. Хөдөө явах замд Б.Цэндбалжир мотоцикль барьсан. Гэтэл миний мотоциклийн дугуй хагараад бид хоёр мотоцикльтойгоо хажуу тийшээ ойчсон. Тэгээд Б.Цэндбалжир эвхрээд нэг хэсэг сууж байгаад надад хөдөө явахаа больё, гэртээ харья гэсэн.” гэсэн,

гэрч Ж.Шагдарын “...Тухайн зам нь элсэрхэг газар байсан ба ихэнх тохиолдолд тухайн төрлийн зам дээр шарваж, хажуу тийшээ ойчих тохиолдол магадлал өндөртэй байдаг.” гэсэн мэдүүлгүүдээр, болон хэрэгт авагдсан 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр шүүгдэгч нь хохирогч Б.Цэндбалжирын хэвлийн хэсэгт өшиглөсний улмаас давсагны урагдал, нарийн гэдэсний няцралт, чацархайн язралт гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдохгүй байна.

Гэрч нь нотолгооны эх сурвалж, гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл болдог бөгөөд анхдагч буюу шууд нотлох баримтанд тооцогдох гэрчийн мэдүүлэг нь нотлогдвол зохих үйл баримтыг /үйлдэл, үзэгдэл, үйл явдал/ дэргэд нь байсан, түүнийг үзсэн, харсан байдаг учир нотолгооны ач холбогдол өндөртэй байдаг.

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Өнөржаргал, Б.Цэндмаа, М.Тэмүүлэн, Т.Улаанаа, Х.Эрдэнэбулган, Ц.Төмөрбаатар нар нь хохирогч Б.Цэндбалжирыг шүүгдэгч Б.Ат зодуулж, хэвлий хэсэгтээ өшиглүүлж байхыг хараагүй, мөн тухайн үед дэргэд нь байгаагүй бөгөөд эдгээр гэрчүүд хохирогчийн хэлсэн ярьсан өгүүлэмж, мэдээллийг дамжмал буюу шууд бусаар олж авсан гэрчүүд юм.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрч Э.Тайванжаргалын “...Одоо санаж байхад 10 дугаар сарын 20-ны үед шиг санаж байна...мотоцикльтой Б.Цэндбалжир бид хоёр Дорноговь аймгийн Улаанбадрах сумруу явсан. Хөдөө явах замд Б.Цэндбалжир мотоцикль барьсан. Гэтэл миний мотоциклийн дугуй хагараад бид хоёр мотоцикльтойгоо хажуу тийшээ ойчсон. Тэгээд Б.Цэндбалжир эвхрээд нэг хэсэг сууж байгаад надад хөдөө явахаа больё, гэртээ харья гэсэн.” гэх, мөн 

шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл нь мотоциклоос унах үед үүсэх боломжтой, тухайн гэмтлийг авсан хүн 24 цаг хүртэлх хугацаанд ухамсарт үйлдэл хийх боломжтой... согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь өөрийнх нь өвдөлт зовиурыг багасгах нөхцөл болно.” гэх мэдүүлгүүдээр хохирогч нь дээрх гэмтлийг мотоциклоос унах үед авсан байх боломжтой байна.

Улсын яллагчийн яллах талын гол нотлох баримтын нэг болох шинжээчийн дүгнэлт нь хохирогч Б.Цэндбалжирын биед хүнд хохирол учирсан болохыг тодорхойлсон болохоос биш гэмт хэрэг болсон талаарх үйл баримтыг тогтоосон асуудал биш юм.

Иймд шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Аын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж, шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Б.Цэндбалжир удаа, дараа ял шийтгүүлж байсан, үүнээс 2017 онд Б.Аын шуун тус газарт хоёр удаа хутгалж ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдох бөгөөд шүүгдэгч болон хохирогчийн хооронд хувийн таарамжгүй харьцаа болон өс хонзонгийн асуудал байхыг үгүйсгэхгүй юм.

Хохирогч “...эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх боловч энэ талаар баримт бүрдүүлээгүй бөгөөд шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан тул хохирогчийн эмчилгээний зардлын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Халх овогт Батцэцэгийн Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1919004210035 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Цагаатгагдсан этгээд Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар цагаатгагдсан этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.Цагаатгагдсан этгээд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй ба иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ