| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0089/э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 102
2020 09 24 2020/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Б.Мөнгөнтуяа,
шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Таван толгой овогт Адьяагийн Мд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2019000000081 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
А.М
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч А.М нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 30 дугаар байрны 4 тоотод оршин суух иргэн Б.Бадрахбаярын гэрт нэвтэрч, Х cover-4 маркийн гар утас, хонины гэдэс зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн Б.Бадрахбаярт 9000 төгрөгийн, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;
Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч Б.Бадрахбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2019 оны 5 дугаар сард Цагдаагийн газраас Х cover-4 маркийн гар утсыг надад албан хэрэгцээнд хүлээлгэж өгсөн, тус утас цагдаагийн байгууллагын нэгдсэн санд нэвтэрх эрхтэй ба би 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл албан томилолтоор Улаанбаатар хот руу явах болоод уг гар утсаа гэртээ хөргөгч дээрээ үлдээчихээд сим картыг нь өөрийн гар утсандаа хийгээд явсан. 4 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчимд ирээд хаалгаа нээх гэсэн боловч хаалга түлхүүрээр онгойхгүй байсан. Манайх нэг давхрын байр болохоор тагтаа шалгаж үзэхэд онгойсон байсан. Тэгэхээр нь тагтаараа гэртээ ороход гэрийн хаалгыг дотроос нь цоожилсон байсан ... маргааш нь өглөө ажилдаа яваад орой 21 цагийн орчимд гэртээ очиж хоол хийх санаатай хөргөгчөө онгойлготол хөргөгчинд байсан хонины гэдэс, мөн хөргөгч дээр байсан Х cover-4 маркийн гар утас алга болчихсон байсан. Албаны гар утсыг бүрэн бүтэн буцааж өгсөн, гэдэс дотрыг буцааж өгөөгүй, оронд нь би 35.000 төгрөгийн үнэ бүхий зурагтай жааз авахуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-13, 42-43/,
Хохирогч байгууллагын төлөөлөгч Ж.Нэргүй мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “... Албаны Х cover-4 маркийн гар утас хулгайд алдагдаж, 100.000 төгрөгийн хохирол учирсан, гэхдээ гар утсыг хулгайлсан хүн нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-49-50/,
Гэрч О.Одбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “.. 5 дугаар сарын 07-ны өглөө үлдээсэн нүхээ ухах гээд очсон. Тэгэхэд М “Чи ер нь утсаараа тулах уу” гэж асуусан. Миний ашиглаж байсан LG маркийн утас дэлгэц нь хагархай байсан болохоор Мгийн утсыг сонирхоод “тэгье” гэсэн ... өнөөдөр буюу 5 дугаар сарын 08-ны өдөр тухайн гар утасны кодыг тайлуулах гэж яваад цагдаад баригдсан.” гэсэн мэдүүлэг /хх-18-19/,
Гэрч Э.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “... Манай нөхөр О.Одбаяр 5 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Дорноговь аймаг Сайншанд суманд нүх ухах ажил хийж, 5 дугаар сарын 07-ны өглөө “ажлаа дуусгана” гээд явсан, би тухайн өдөр цайны цагаар 96160740 дугаартай утсаар О.Одбаяр руу залгахад холбогдох боломжгүй байсан, тэгээд орой гэртээ ирэхэд нөхөр О.Одбаяр самсунг маркийн хар өнгийн утастай сууж байсан. Тухайн утас нь кодтой, “маргааш кодыг нь гаргуулья” гэж байсан, утсыг М буюу Мөөнөөтэй өөрийн LG маркийн гар утсаар сольсон гэж байсан ... Гадуураа хар гэртэй, зузаан доод талдаа гурван товчлууртай хар өнгийн утас байсан.” гэсэн мэдүүлэг /хх-21/,
А.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “... одоогоос 7 эсвэл 8 хоногийн өмнө байх Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 8 дугаар цэцэрлэгийн урд талд байрлах 3 давхар шар өнгийн орон сууцны айлын тагт, том цонх нь нээлттэй байсан. Тэрүүгээр нь би дотогш нэвтрэхэд миний зүүн гар талд хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт, урд тухайн айлын орж, гарах хаалга нь, зурагтны өөдөөс харсан миний баруун гар талд буйдан байсан. Буйдангийн ард талд хоёр хаалгатай цагаан өнгийн хөргөгчний дээд талд нь хар өнгийн утас харагдахаар нь авчихсан. 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр гэж санаж байна, хохирогчийн гэр лүү нь орсон ... тухайн гэдсийг муудаад ямар ч ашиглах боломжгүй болчихсон болохоор нохойд хаяж өгсөн. Харин гар утас надад байж байгаад сүүлд нь Одбаяртай солилцсон. Тэр үед би согтуу байж таарсан, хохирогчийн байрны буланд хөнгөнөөр бие засаад зогсож байхад цонх нь онгорхой байсан. Тэгэхээр нь явж ороод авчихсан ... малын гэдэсний хохирол гэж 35.000 төгрөгтэй дүйцэхүйц зурагтай жааз авч өгсөн, харин авсан гар утсыг хохирогчид өөрт нь эргүүлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-16-17, 33-35, 209-211/,
Гэрч К.Сүрэнноров мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ; “...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр билүү, 5 дугаар сарын эхээр билүү нарийн сайн санахгүй байна. Би Отгонбаярын хамт офицерийн тэнд айлын жорлонгийн нүх ухаад байж байтал М хүрч ирээд бид гурав хамтдаа нүх ухсан... М, Одбаяр хоёр гар утсаа солилцох талаар нэг юм яриад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-52/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-11/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-24-26/,
Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-94-96/,
Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-97-98/,
Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-77-93/,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтооллын хуулбар /хх-71-76/,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-100-106/,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ХМШЗ/19 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-109-111/,
Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-112/,
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Захиргаа, удирдлагын тасгийн нярав Г.Пагамдуламаас гаргаж өгсөн эд хариуцагчийн картын хуулбар /хх-118/,
Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны даргын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/97 дугаар тушаалын хуулбар /хх-115/, зарлагын баримтын хуулбар /хх-116-117/,
Шүүгдэгч А.Мн өвчний түүхтэй холбоотой эмнэлгийн хуудсууд /хх-121-135, 162/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-214/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч А.М нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 30 дугаар байрны 4 тоотод оршин суух иргэн Б.Бадрахбаярын гэрт нэвтэрч, Х cover-4 маркийн гар утас, хонины гэдэс зэрэг эд зүйлийг хулгайлж, иргэн Б.Бадрахбаярт 9000 төгрөгийн, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
хохирогч Б.Бадрахбаярын “...би 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл албан томилолтоор Улаанбаатар хотруу явах болоод уг гар утсаа гэртээ хөргөгч дээрээ үлдээчихээд сим картыг нь өөрийн гар утсандаа хийгээд явсан. 4 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчимд ирээд хаалгаа нээх гэсэн боловч хаалга түлхүүрээр онгойхгүй байсан...маргааш нь өглөө ажилдаа яваад орой 21 цагийн орчимд гэртээ очиж хоол хийх санаатай хөргөгчөө онгойлготол хөргөгчинд байсан хонины гэдэс, мөн хөргөгч дээр байсан Х cover-4 маркийн гар утас алга болчихсон байсан.” гэсэн,
хохирогч байгууллагын төлөөлөгч Ж.Нэргүйн “...Албаны Х cover-4 маркийн гар утас хулгайд алдагдаж, 100.000 төгрөгийн хохирол учирсан.” гэсэн,
гэрч Э.Ганчимэгийн “...орой гэртээ ирэхэд нөхөр О.Одбаяр самсунг маркийн хар өнгийн утастай сууж байсан. Тухайн утас нь кодтой, “маргааш кодыг нь гаргуулья” гэж байсан, утсыг М буюу Мөөнөөтэй өөрийн LG маркийн гар утсаар сольсон гэж байсан.” гэсэн,
гэрч К.Сүрэнноровын “...М хүрч ирээд бид гурав хамтдаа нүх ухсан...М, Одбаяр хоёр гар утсаа солилцох талаар нэг юм яриад байсан.” гэсэн мэдүүлгүүдээр, мөн
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай, шүүгдэгч А.Мгийн үйлдэл нь “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан ба Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч А.Мгийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж хуульчилсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, 30 дугаар байрны 4 тоотод шүүгдэгч А.М нь чөлөөтэй нэвтрэн орох эрхтэй этгээд биш бөгөөд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай тул түүний энэ үйлдлийг хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд, улмаар хохирогчийн орон байрны халдашгүй эрхэд халдсан хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн талаар;
Хохирогч Б.Бадрахбаяр “Албаны гар утсыг бүрэн бүтэн буцааж өгсөн, харин гэдэс дотрыг буцааж өгөөгүй. Оронд нь би 35.000 төгрөгийн үнэ бүхий зурагтай жааз авахуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-43/ гэсэн,
хохирогч байгууллагын төлөөлөгч Ж.Нэргүйн “...гар утсыг хулгайлсан хүн нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн /хх-50/ мэдүүлгүүдээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч А.Мг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, удаа дараа хорих ял шийтгүүлж байсан шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн хувьд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримталж оногдуулах 3 жилийн хорих ял дээр түүний эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нийт 3 жил 3 сар 19 хоногийн хорих ял оногдуулах, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ ял дээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 3 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд, учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний 2020 оны 8 дугаар сарын .....-ны өдрийн өдрөөс 9 дүгээр сарын ...-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нь өөрөө хөдөлмөрийн чадвар алдалт 50%-тай группэд байдаг, мөн түүний төрүүлсэн эцэг болон эх нь хүнд өвчний учир байнгын эмнэлгийн хяналтад байдаг зэргийг харгалзан үзсэн болно.
Бусад асуудлын талаар;
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тавантолгой овогт Адьяагийн Мг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Мд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч А.Мд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2019/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх
хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Мгийн цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосоноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ