Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 182/2018/01849/и |
Дугаар | 001/ХТ2018/01849 |
Огноо | 2018-12-14 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2018/01849
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01079 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1751 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох
Үндсэн нэхэмжлэл: Түрээсийн гэрээнээс татгалзаж, 67 000 000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэл: Түрээсийн гэрээний үүрэгт 18 207 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Г ХХК 2016-12-05-ны өдөр Х ХХК-тай ТГ1202 дугаар түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу түрээслүүлэгч өөрийн өмчлөлийн 49-02 УБ улсын дугаартай Хьюндай Ар 500 Эл Си-7А маркийн экскаваторыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Түрээслүүлэгч 2016-12- 05-ны өдөр түрээсийн зүйл болох экскаваторыг түрээслэгч талд шилжүүлэн өгч акт үйлдсэн. Түрээслэгч дээрх экскаваторыг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Таван толгойн нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажилд ажиллуулахаар Хуа Лян компанийн төлөөлөгч Б.Батмөнхтэй хамтран ажиллахаар тохиролцож уг ажлыг эхлүүлсэн боловч түрээслүүлэгчийн шилжүүлэн өгсөн Хьюндай Ар 500 ЭлСи-7А маркийн экскаваторт эвдрэл гэмтэл удаа дараа гарч хөрс хуулалтын ажил хэвийн явагдах боломжгүй болсон. Энэхүү нөхцөл байдлын улмаас түрээслэгч Г ХХК-ийн захирал Ж.Алтансүх, Хуа Лян компанийн төлөөлөгч Б.Батмөнх нарын хооронд үл ойлголцол бий болж, эд хөрөнгийн маргаан үүссэн. Үүний улмаас түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж чадахгүйд хүрсэн. Г ХХК Хуа Лян компанийн төлөөлөгч Б.Батмөнхтэй холбоотой эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дээрх Хьюндай Ар 500 ЭлСи-7А маркийн экскаваторт Хера экуйпмент ХХК-ийн засварчид 2016 оны 12 дугаар сарын 16, 26-ны өдрүүдэд тус тус 2 удаа очиж, засвар үйлчилгээ хийж, уг техник хэрэгсэл хэвийн ажиллах боломжгүй байсан талаар дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийн хуулбарын Хуа Лян компанийн төлөөлөгч Б.Батмөнхөд байгааг мэдсэн. Түрээсийн гэрээний 4.5-д түрээслүүлэгч биет байдлын доголдолгүй, зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх үүрэгтэй гэсэн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд хүлээлгэн өгсөн техник хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш 11 хоногийн дараа ашиглах боломжгүй болж, ажил саатуулсан. Хариуцагч дээрх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс манай компани 2016-12- 05-ны өдөр Х ХХК-тай байгуулсан ТГ1202 тоот түрээсийн гэрээнээсээ татгалзаж байгаа тул Х ХХК-д төлсөн 67 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Түрээсийн гэрээний дагуу 49-02 УБ улсын дугаартай экскаваторыг нэхэмжлэгчид 2016-12-05-ны өдөр хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар гэрээг 2017-01- 23-ны өдөр дуусгавар болгож 2017-02- 24-ний өдрө тооцоо нийлж гэрээг дүгнэсэн. Ингэхэд нэхэмжлэгчээс түрээсийн зүйлийн буюу экскаваторын биет байдлын доголдлын талаар ямар нэг гомдол гаргаагүй. Тиймээс тооцоо нийлсэн актад тооцооны талаар маргаангүй гэдгийг тодорхой заасан. Иймээс манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Хэрэв нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй байсан бол тооцоо нийлж, гэрээг дүгнэхгүй байсан. Гэрээний зүйлийг хүлээлцэх үед экскаваторын мотор цагийн заалт 4987 байсан боловч буцаан хүлээлгэн өгөхөд 6046 байснаар нэхэмжлэгч түрээсийн зүйлийг ашигласан нь нотлогдоно. Техникийг зориулалтын дагуу ашиглаж, цаг тухайд нь Хера экуйпмент ХХК-аар засвар хийлгэж байсан. Засвар үйлчилгээ хийгээд түүнээс хойш 2017-01-23-ны өдөр манайд хүлээлгэж өгсөн. Хэрэв засвар үйлчилгээ хийснээс хойш ашиглаагүй байсан бол тухайн үед буцаах байсан. 2016-12-18-нд оношилгоо хийгээд түүнээс хойш сар гаруй хугацааны дараа манайд хүлээлгэж өгсөн. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, талууд гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн учир гэрээнээс татгалзах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Г ХХК нь манай компанийн өмчлөлийн 49-02 УБ улсын дугаартай экскаваторыг 3 сарын хугацаатай, 30 хоногт 42,9сая төгрөгийн төлбөртэйгөөр түрээслэхээр тохиролцож, түрээсийн зүйлийг 2017-01-23-ны өдрийг дуустал ашигласан бөгөөд талууд 2017-02-24-ний өдөр тооцоо нийлж гэрээг дүгнэсэн. Гэрээг дүгнэж тооцоо нийлэхэд Г ХХК нь түрээсийн төлбөрт 45,780,000 төгрөг, гэрээний 3.3-т зааснаар тооцсон алдангид 14,427,000 төгрөг, нийт 60,207,000 төгрөгийн тооцоотой гарсан. Тооцоо нийлснээс хойш Г ХХК нь 2017-03- 31-ний өдөр түрээсийн төлбөрт 40 сая төгрөгийг, 2017-08-18-ны өдөр алдангид 2 сая төгрөгийг тус тус төлсөн бөгөөд одоогоор 18,207,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Г ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 18,207,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид боломжит хугацаагаар гэрээнээс татгалзсан бөгөөд тухайн үед экскаваторт засвар хийлгэсэн тухай манай компани мэдээгүй. Мэдсэнээсээ хойш гэрээнээс татгалзаж байна. Бид Хятад улсын компанитай хамтарч ажиллаж байсан болохоос экскаваторыг гуравдагч этгээдэд шилжүүлээгүй. Түрээсийн гэрээний төлбөрт 2017-03-31-ний өдөр 40 сая төгрөг, 2017-02- 24-ний өдрийн тооцоо нийлсэн актад 20сая төгрөг, мөн 5 сая төгрөг, 2017-08- 18-ны өдөр 2 сая төгрөг, нийт 67сая төгрөгийг төлсөн. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01079 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК-аас Х ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээнээс татгалзаж, 67сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК-аас 6,104,800 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар зохигч нар тэмдэгтийн хураамжид төлсөн 492,950 төгрөг, 249,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г ХХК-аас 112,627 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1751 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01079 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Г ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Г ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 18 207 000 төгрөг гаргуулан Х ХХК-д олгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тхай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492 950 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 249 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Г ХХК-иас 249 000 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгосугай” гэж тус тус нэмж өөрчлөн, 3, 4 гэснийг 2, 3 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүх Иргэний хуулийн 232.6-г буруу хэрэглэсэн, зохигчид гэрээг дуусгавар болгоход нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 45 780 000 төгрөг байсан. Энэ үнийн дүнгээс алданги бодогдох ёстой. Гэрээний хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй үнийн дүн 45,780,000 төгрөг юм. Нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээ хэрхэн төлж барагдуулах талаар нэмэлт хугацаа авч хариуцагчтай тохиролцсон байдаг. Өөрөө хэлбэл, 2017-02- 24-ний өдөр гэрээг дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх гэрээ хэзээ дуусгавар болсон, гэрээгээ хэзээ дүгнэсэн, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн хэдэн төгрөг байсан талаар бодитой дүгнэлт хийгээгүй. Гэрээг дүгнэсэн актаар алдангийг тухайн тооцоо нийлсэн акт үйлдэх хүртэлх хугацаагаар бодохоор тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байгаа. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ :
Г ХХК 2018-01-05-ны өдөр Х ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж 67,000,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...түрээсийн гэрээнээс татгалзаж байгаа тул уг гэрээний дагуу төлсөн мөнгийг буцааж авна...” гэж тайлбарласан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа, гэрээний үлдэгдэл төлбөрт 18,207,000 төгрөг шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулснаас гадна сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Г ХХК нь Х компаниас Хьюндай R500 LC-7A маркийн экскаваторыг 3 сарын хугацаатай түрээслэх гэрээг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, 30 хоногт 42,900,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ба 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээний зүйлийг буцааж өгч 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж, төлбөл зохих түрээсийн төлбөрт нийт 60,207,000 төгрөгийг түрээслүүлэгчид төлөхөөр акт үйлджээ.
Х ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, Г ХХК гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээснээс үзвэл зохигчийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэ тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул зохигчийн хэн аль нь гэрээний үүргийг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.
Г ХХК нь “...хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчсөн...доголдолтой хөрөнгө өгсөн...” гэх боловч энэ тухай тайлбараа нотолж чадаагүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 205, 318 дугаар зүйлийг зөрчөөгүй гэж үзлээ.
Зохигчид гэрээг дуусгавар болгохдоо түрээслэгчийн төлөх ёстой үнийн дүнгээс төлсөн мөнгийг хасч үндсэн үүргийг 45 780 000 төгрөгөөр, алдангийг 14 427 000 төгрөгөөр тооцон нийт төлбөрийг 60 207 000 төгрөг гэж тогтоосон байх бөгөөд акт үйлдсэнээс хойш төлсөн 42 000 000 төгрөгийг хасаж үлдэх 18 207 000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо зохигч нарын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлсон Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байна. Түүнчлэн, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэгч маргасан байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсон тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1751 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтад “...221 дүгээр зүйлийн 221.1...” гэснийг “...318 дугаар зүйлийн 318.1...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 208.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Б.УНДРАХ