Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 149

 

2017 оны 03 сарын 07 өдөр           Дугаар 156/ШШ2017/00149      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00102/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн, Швейцарь улсын Женев хотод оршин суудаг, Онингууд овогт Маамын Номинжаргал /РД:ЕА84030102/-ын нэхэмжлэлтэй
    Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг 46-06 тоотод оршин суух, Хардал овогт Энхболдын Бат-Эрдэнэ /РД:СЭ83050214/-д холбогдох
            Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: Хариуцагч Э.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов. 
          Нэхэмжлэгч М.Номинжаргал нь миний бие Швейцарь улсын Женев хотод амьдардаг ба шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. /хх-ийн 19х/

      
ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч М.Номинжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
              Миний бие 2003 онд Э.Бат-Эрдэнэтэй танилцаж улмаар 2005 оны 04 дүгээр сарын 14-нд гэрлэлтийн 0012067/10 тоот баталгаагаар бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Дөлгөөн төрсөн. 2010 оноос нөхөр Э.Бат-Эрдэнэ нь гэр бүлээсээ тусдаа ажиллаж, амьдрах болсноор бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос би Швейцар улсад амьдрах болсон. 2010 оноос хойш хүү Б.Дөлгөөн маань эх М.Номинжаргал надтай болон миний төрсөн эх Д.Бямбасүрэнгийн асрамжинд амьдарч өсч торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Дөлгөөнийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Э.Бат-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй ба бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 1, 19х/
    
    Хариуцагч Э.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа: 
    Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Б.Дөлгөөнийг ээж М.Номинжаргалын асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. М.Номинжаргал нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй ба бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. /хх-ийн 18х/

    Хариуцагч Э.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. 2003 онд Дорноговь аймгийн Анагаахын сургуульд бид хамт сурч байгаад танилцаж, гэр бүл болсон. 2005 оны 03 дугаар сард хүү Дөлгөөн төрсөн. Би 2005 оноос сургуулиа орхиод Дорноговь аймгийн Айраг сумын уулын үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан. Тэр үед эхнэр Номинжаргал Айраг сумын эмнэлэгт ажиллах болсон. 2009 онд би Айрагт ажлаа болиод Өмнөговь аймагт Энержи Ресурс компанид оператороор ажиллаж байгаад тэр үеэс хойш тусдаа амьдрах болсон. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Б.Дөлгөөнийг ээж М.Номинжаргалынх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Бид 2010 оноос ажлын шаардлагаар тусдаа амьдрах болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв. 

        Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Номинжаргал нь хариуцагч Э.Бат-Эрдэнээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
    
              Зохигчид болох М.Номинжаргал нь Э.Бат-Эрдэнэтэй 2003 онд гэр бүл болж, 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2005.03.19-нд хүү Б. Дөлгөөн төрсөн болох нь 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0012067/10 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 6х/, Хардал овогт Бат-Эрдэнийн Дөлгөөний 0064836/27 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

           Одоо нэхэмжлэгч М.Номинжаргалын хувьд 2010 оноос Швейцарь улсад ажиллаж амьдарч байгаа, хариуцагч Э. Бат-Эрдэнийн хувьд 2010 оноос Өмнөговь болон Хэнтий аймагт ачаа тээвэрлэлтийн ажил эрхлэн тусдаа ажиллаж амьдарцгаах болсноос хойш 7 жилийн хугацаа болсон байна. Зохигчдын хэн аль нь эргэж хамт амьдрах хүсэл сонирхолгүй болсон байх ба хэн аль нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч дэмжиж байна. Хүүхдийн асрамжийн тухайд ч зохигчид харилцан тохиролцсон байна.
          
           Иймд нэхэмжлэгч М.Номинжаргалын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Харин зохигчдын хувьд эд хөрөнгийн ямар нэг маргаангүй байх ба нэхэмжлэгч М.Номинжаргал нь хариуцагч Д.Бат-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг шийдвэрт оруулж дурдах нь зүйтэй байна.
      
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:         
           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Онинууд овогт Маамын Номинжаргал /РД:ЕА84030102/, хариуцагч Хардал овогт Энхболдын Бат-Эрдэнэ /РД:СЭ83050214/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Бат-Эрдэнийн Дөлгөөн /РД:ЕА05231917/-ийг эх М.Номинжаргалын асрамжинд үлдээсүгэй.
           3. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэгийн болон эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй бөгөөд нэхэмжлэгч М.Номинжаргал нь хариуцагч Д.Бат-Эрдэнээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
 
            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.
 
     5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М.Номинжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч Э.Бат-Эрдэнээс нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Номинжаргалд олгосугай.

  7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР