| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/00107/И |
| Дугаар | 79 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, эpэгтэй, Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багт оршин суух Тайж овогт Сүхбаатарын Очирхуяг /РД:АП57031870/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Очирхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Очирхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Очирхуяг миний бие 1957 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1982 оны 5-р сарын 4-ний өдрөөс 1989 оны 10 сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд сүү тосны заводод тос цохигчоор ажиллаж байсан. Энэ хугацаанд ажилласан жилийг архивын лавлагаа, нотлох баримтуудыг үндэслэн Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн заводод 1982 оны 5 сарын 4-ний 1989 оны 12 сарын 5-ны өдөр хүртэл хугацаанд заводын тос цохигчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч С.Очирхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 оноос 1989 оныг хүртэл Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд сүү тосны заводод тос цохигчоор ажиллаж байсан. Тухайн үед 05 сараас 11 сар хүртэл ажиллаад, 11 сараас 12 сар хүртэл сарын хугацаанд амралт өгдөг байсан. 12 сараас ажилдаа ороод дараа жилийнхээ бэлтгэл ажлыг хангаж ажилладаг байсан. Ажиллаж байх үеийнхээ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн учраас миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Очирхуяг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
1. Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1982 оны 5-р сарын 25-ны өдрийн 75 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: 3.Тос цохигчоор С.Очирхуяг ... нарыг 5 сарын 25-ны өдрөөс авч ажиллуулсугай гэсэн,
2. Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 1-р сарын 24-ний өдрийн 45 тоот Сүхбаатар овогтой Очирхуягийн Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд тос цохигчоор ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,
1983 оны 1 сараас 10 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
1985 оны 3 сар, 5 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
1986 оны 6 сараас 9 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт
3. Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1984 оны 12-р сарын 6-ны өдрийн 157 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1.Заводын ажилчин С.Очирхуягийн 1984 оны ээлжийн амралтыг 1984 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажлын 18 өдрөөр олгосугай.
4. Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 4-р сарын 3-ны өдрийн 20 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд: 1. Сүү тосны заводод 1987 оны ажиллах ажилчдыг 1987 оны 4-р сарын 3-ны өдрөөс эхлэн томилсугай. Хавсралтад тос цохигчоор С.Очирхуяг гэсэн,
5. Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 5-р сарын 23-ны өдрийн 34 тоот “Сүү тосны заводын зарим хүмүүсийг шагнах тухай” тогтоолд: 1.Нэгдлийн 1987 оны цөцгий тос бэлтгэх, ээдэмцэр, цагаан идээ боловсруулах ажилд хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан нэр бүхий 17 хүнийг нэгдлийн зөвлөлийн баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтын 8-д С.Очирхуяг тос цохигч, гутал 1, өмд 48 төгрөг гэсэн,
6. Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 5-р сарын 19-ний өдрийн 21 дугаартай “Завод тасгийн ажилчдыг томилох тухай” тушаалд: 1.Шинэ-Амьдрал нэгдлийн сүү тосны заводод 1989 онд ажиллах ажилчдыг 1 дүгээр хавсралтаар баталсугай. Хавсралтад тос цохигчоор С.Очирхуяг гэсэн,
7. Гэрч С.Цэвэгбатын ... Би Архангай аймгийн Чулуут сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга буюу одоогийнхоор бол Тамгын газрын даргын ажлыг 1982 оны 9 сарын 1-ний өдрөөс 1988 оныг хүртэл, 1988-1992 оныг хүртэл Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн орлогч даргаар ажилласан. Тиймээс би хүсэлт гаргагч С.Очирхуягийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. С.Очирхуяг нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 5-р сарын 4-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд сүү тосны заводод тос цохигчоор ажиллаж байсан нь үнэн. Сүү тосны заводын тос цохигч гэдэг нь нэг үнээн ферм дээр 15-16 саальчинтай тэдгээр нь 15 үнээ саах бөгөөд саальчид нь заводын дарга болон тоо бүртгэгчид саасан сүүгээ литрлэж өгөөд, авсан сүүгээ халааж машиндаад, цөцгий сүүг нь ялгаруулаад цөцгийг нь дугуй хэлбэрийн зориулалтын саванд хийж тос буюу маслог ялгаруулж авдаг. Уг цөцгий ялгаруулдаг машины хажууд дамар байх бөгөөд үүнийг нэг хүн байнга эргүүлж байх ёстой байдаг. Энэ цөцгийн машиныг ажиллуулж тос ялгаруулан авч байгаа хүнийг тос цохигч гэдэг юм. Нэгдлийн сүү тосны завод нь хавар 5 сарын эхэн үеэс 11 сарын сүүл хүртэл ажилладаг бөгөөд энэ хугацаанд л тос цохигч ажилладаг бөгөөд социализмын үед хэн ч ажилгүй байгаагүй, хүн болгон ажил хийдэг байсан учир тос цохигч нь улирлын чанартай ажлаа дуусгаад нэгдлийн туслах ажилчин хийдэг байлаа. Иймээс С.Очирхуяг нь 1982 оны 5-р сараас 1989 оныг хүртэл тасралтгүй Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан нь үнэн гэв.
. Гэрч Б.Жавзандуламын ... С.Очирхуяг нь 1982 оноос 1989 оныг хүртэл Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн сүү тосны заводод тос цохигчоор ажиллаж байсан. Би тухайн үед Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн тооцооны нягтлан бодогч хийдэг байсан. Манай Шинэ-Амьдрал нэгдэл 5 багтай байсан бөгөөд баг бүрт нэг үнээн ферм байх бөгөөд үнээн фермээс сүүгээ машинаар зөөж Сүү тосны заводод нийлүүлдэг байсан. Сүү тосны завод нь 3 тос цохигчтой байсан. Тос цохигчоор Равдан, Очирхуяг нар ажилладаг байлаа. Би нэгдлийн ажилчдын цалин хөлс, тооцоо гүйлгээг хариуцан ажилладаг байсан учир нэгдэлд ажиллаж байсан хүмүүсийг сайн мэдэхийн хувьд С.Очирхуягийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Тос цохигч гэдэг нь улирлын чанартай ажил юм. Гэхдээ тухайн үед улирлын чанартай ажил хийж байсан хүн бүр өвлийн цагт түлээ мод бэлтгэх, галч хийх гээд ер нь байнгын ажилтай байж цалин хөлсөө сар бүр тооцуулан авдаг байсан гэх мэдүүлгүүд,
Хүсэлт гаргагч С.Очирхуяг нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 5 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин, сүү тосны заводын тос цохигчоор тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1982 оны 5-р сарын 25-ны өдрийн 75 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Архивын тасгаас олгосон 1983 оноос 1986 оны цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1984 оны 12-р сарын 6-ны өдрийн 157 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 4-р сарын 3-ны өдрийн 20 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 5-р сарын 23-ны өдрийн 34 тоот “Сүү тосны заводын зарим хүмүүсийг шагнах тухай” тогтоол, Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 5-р сарын 19-ний өдрийн 21 дугаартай “Завод тасгийн ажилчдыг томилох тухай” тушаал, гэрч С.Цэвэгбат, гэрч Б.Жавзандулам нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 5 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин, сүү тосны заводын тос цохигчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч С.Очирхуягийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Очирхуягийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Сүхбаатарын Очирхуягийг Архангай аймгийн Чулуут сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 5 сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин, сүү тосны заводын тос цохигчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Очирхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН