Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2017/00028/И |
Дугаар | 87 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир баг Чандмань хорооллын 4-49 тоотод оршин суух Өндөр овогт Нямсүрэнгийн Отгондулам \РД:АО81030503\-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1972 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Цэнхэр сумын Сөрт баг Өртөнт гэх газар оршин суух Боржигон овогт Дамдины Цогтжаргал \РД:АЙ72071418\-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон дундын өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Отгондулам, хариуцагч Д.Цогтжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгондулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 11-р сард танилцан улмаар дотносож 2010 оны 7-р сарын 7-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. 2012 оны 3-р сарын 14-ний өдөр хүү Батжаргал мэндэлсэн. Гэтэл хүү маань төрөлхийн бөөрний гажигтай төрсөн. Гарснаасаа хойш сар тутам эмчилгээнд явж байгаад 2014 оны 11-р сарын 11-ний өдөр нас барсан. 2015 оны 2-р сарын 26-ны өдөр охин Эрдэнэсүрэн мэндэлсэн. Охин минь миний асаргаанд эрүүл энх бойжиж байна. Хариуцагч Цогтжаргал нь хүүгийнхээ биеийг өвдөх буюу охиныг гарснаас хойш нэг ч удаа эргэж тойрч байгаагүй. Одоо Цогтжаргал нь эхнэртэй болсон. Эхнэр нь жирэмсэн. Үүнээс болж сэтгэл санааы болон бие махбодын гүн дарамтанд орж, гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна. Иймд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, сэтгэл санаа, бие махбодын хохирол болон охин Эрдэнэсүрэн бид хоёрт оногдох, унагатай гүү 3, тугалтай үнээ 3 болон 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн буюу амьжиргааны түвшний 360,1783 босго онооноос доогуур үнэлэгдсэн тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Отгондулам шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Отгондулам миний бие Д.Цогтжаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, сэтгэл санаа, бие махбодийн хохирол болон охин Эрдэнэсүрэнд ногдох унагатай гүү 3, тугалтай үнээ 3 болон 5000000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Миний бие анхны хүү Батжаргалын эмчилгээ, сувилгааны төлбөрийг хийж, мөн байнга асарч сувилж байсан. Хариуцагчаас сэтгэл санаа болон бие махбодийн хохирол нэхэмжлэхгүй зөвхөн гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, өөрт болон охин Эрдэнэсүрэнд ногдох унагатай гүү 3, тугалтай үнээ 3 болон 5000000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагч Д.Цогтжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Цогтжаргал би Н.Отгондуламын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлээс би охин Эрдэнэсүрэнд ногдох тэтгэлгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин унагатай гүү 3, тугалтай үнээ 3 болон 5000000 төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Би охиндоо 46 тооны бог мал өгсөн. Би гэрлэлтээ цуцлуулж охиндоо тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрнө гэжээ.
Нэхэмжлэгч Н.Отгондулам шүүхэд гаргасан тайлбартаа: Отгондулам би Цогтжаргалаас тугалтай үнээ 3, унагатай гүү 3, 5000000 төгрөг нэхэмжилсэн боловч харилцан тохиролцож тугалтай үнээ 2, 2500000 төгрөг авах болов. Би нэхэмжлэл гаргахдаа 5000000 төгрөгийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзсэн гэжээ.
Хариуцагч Д.Цогтжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Цогтжаргал би нэхэмжлэгч Н.Отгондуламын нэхэмжилсэн 3 унагатай гүү, 3 тугалтай үнээ 5 сая төгрөгнөөс Н.Отгондуламтай эвлэрэн тохиролцсоны улмаас 2 тугалтай үнээ, 2500000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Отгондуламд өгөхөөр тохиролцсон. Бид хоёр эд хөрөнгийн маргаан байхгүй болсон гэжээ.
Нэхэмжлэгч Н.Отгондулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд том хүү Батжаргал төрсөн. Төрөлхийн бөөрний гажигтай төрсөн учир 2 сартайгаасаа эхлэн байнгын эмчилгээнд явдаг болсон. Тухайн үед Д.Цогтжаргал эцэг хүний хувьд тусалж дэмждэг байсан. Сэтгэл санааны хувьд дэмжлэг болж чаддаггүй байсан. Эмчилгээ сувилгаанд би дандаа ганцаараа хүүгээ авч явдаг байсан. Бүрлэгч хүүг өөд болохоос өмнө Д.Цогтжаргалыг хот руу явсан байсныг мэдээгү байж байгаад “Хүүгийн бие муудаад байна. Хүрээд ир” гэж хэлсэн. Эмч нар найдваргүй гэж байна, өглөөний шуудангаар хүрээд ир гэж дуудсан боловч ирээгүй. Хүүгээ өнгөрсний дараа ирсэн. Тэгээд Д.Цогтжаргалын ах дүү нар нь миний буруугаас болоод хүү өөд болсон гэсэн яриа гаргасан байсан. Энэ асуудалд би үнэхээр их гомддог. Миний том хүү аавдаа их сайн, аавыгаа байнгаа ярьдаг байсан. Өөд болтлоо аавыгаа дууддаг, асуудаг байсан. Тухайн үед өглөөний шууданд суугаад хүүгээ өөд болохоос өмнө амжаад ирэх боломж байсан боловч ирээгүй. Өнгөрсөн хойно нь ирчихээд бурханд нь ганц зул өргөж ч үзээгүй. Өөд болоод 3 дахь хоног дээр нь би гэр бүлээрээ ёс үйлдэх хэрэгтэй байна гэж хүчээр шахуу дуудаж авчирсан. Том хүүг өнгөрөх үед би гурван сартай жирэмсэн байсан. Хүүгээ өөд болсноос хойш Д.Цогтжаргалтай ямар ч холбоогүй байж байгаад төрсөн. Төрсний дараа ирэх болов уу гэж хүлээсэн боловч ирээгүй. Тухайн үед өөр хүнтэй гэр бүл болж байгаа гэдгийг нь мэдээгүй. Төрсөн үрээ хараад сэтгэл санаа нь эргэж магадгүй гэж бодоод 3 удаа хүүхдээ авч Д.Цогтжаргал дээр очсон. Эхлээд хүүхдийн үс авах гэж байна гээд, дараа нь хүүхэд хоол ундгүй болчих гээд байна, дэм туслалцаа болооч гэж очиж байсан. Хэрэлдэж, маргалдахыг алийг тэр гэхэв хүүхдээ бодоод дахин нийлж магадгүй гэсэн бодолтой 3 ч удаа очсон боловч намайг ч тэр хүүхдээ ч тэр хүлээн зөвшөөрөөгүй. Хүүхдүүддээ хандаж байгаа хандлага нь их сонин. Манайх замын хажууханд байдаг. Тэгээд өнгөрсөн зун зам дээр үнээгээ саагаад сууж байтал Д.Цогтжаргалтай адилхан хүн явж байхаар нь утас руу нь яриад “Хүүхэд сольж өмсөх хувцас, гуталгүй байна. Чи хувцас, гутал авчих” гэсэн. Тэгээд хувцас охиндоо авчирч өгсөн. Д.Цогтжаргалд хүүхдээ гэсэн сэтгэл байдаггүй. Гудамжны хүнтэй харьцаж байгаа юм шиг хүүхэдтэйгээ харьцдаг. Бусдын хүүхдийг хайрлаж, өхөөрддөг хэрнээ өөрийнхөө хүүхдэд эцэг хүний ёсоор ханддаггүй. Би үүнийг нь ерөөсөө ойлгодоггүй. Одоо ч гэсэн хүүхэд зурагт радиогоор янз бүрийн зүйл сонсож, үзэж байгаад “Ааваа, ааваа” гэдэг. Эцэг нь арай өөр байсан бол миний хүүхэд юу гэж ингэж өнчрөхөв дээ гэсэн бодол төрдөг. Одоо нэгэнт бололцоо нөхцөл нь бүрдэхгүй байгаа юмыг яахав дээ гэв.
Хариуцагч Д.Цогтжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Том хүүгийн бие муу байхад эмчилгээний зардлыг байнга өгдөг байсан. Хүүгээ өөд болоход өглөөний шуудангаас хоцорчихоод явж чадаагүй. Таксигаар явах гэсэн боловч Отгондулам нэг тариа захихаар нь Био комбинатын тэндээс очиж аваад тэгээд оройны шуудангаар ирсэн. Н.Отгондуламтай би ерөөсөө таарахгүй юм билээ. Ах эгч нарыг хотоос ирчихсэн байхад нэг эгчийг маань зодож байсан. Намайг эгчтэй минь хүртэл харддаг. Би охиноо төрөхөд нь ирж чадаагүй. Охины сэвлэгийг үргээхэд 250000 төгрөг, нэг шөлний эр хонь өгсөн. Мөн зун 07 сард 47 тооны толгой мал Н.Отгондуламд өгсөн. Би хөгшин эцэгтэйгээ амьдардаг. Нутгийн нэг бүсгүйтэй танилцаж цаашид хамт амьдрахаар шийдсэн. Н.Отгондулам бид хоёр таарч тохирохгүй юм билээ. Эгч маань хүүхэдтэйгээ байдаг. Би эгчийгээ өмөөрдөг, ямар эгчийгээ гудамжинд хөөж гаргалтай биш дээ гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Отгондулам нь Д.Цогтжаргалд холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон дундын өмчлөлийн эд хөрөнгө гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Отгондулам, хариуцагч Д.Цогтжаргал нар 2012 оны 3-р сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж тэдний дундаас хүү Цогтжаргалын Батжаргал, охин Цогтжаргалын Эрдэнэсүрэн 2015 оны 2-р сарын 26-нд төрсөн болох нь зохигч нарын тайлбар, 0214318 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, охин Ц.Эрдэнэсүрэнгийн 6528000018 дугаартай төрсний гэрчилгээ, хүү Ц.Батжаргалын 0000128530/14 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчид нь гэрлэлт цуцлуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч хэн аль гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүйн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, хариуцагч нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон, хамтран амьдрах боломжгүй гэдгээ илэрхийлсэн тул нэхэмжлэгч Н.Отгондулам, Д.Цогтжаргал нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Мөн 2015 оны 2-р сарын 26-нд төрсөн охин Цогтжаргалын Эрдэнэсүрэнг асрамжиндаа авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.Отгондуламын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Цогтжаргал хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2500000 төгрөг, 2 тугалтай үнээ авахаар хариуцагч нь уг 2500000 төгрөг болон 2 тугалтай үнээ нэхэмжлэгчид өгөхийг хүлээн зөвшөөрч талууд хоорондоо харилцан тохиролцжээ. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар охин Ц.Эрдэнэсүрэнг эх Н.Отгондуламын асрамжид үлдээж дундын өмчлөлийн хөрөнгийн талаар нэхэмжлэгч хариуцагч нарын тохиролцсон хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь төлбөрийн чадваргүй болох нь 2016 оны 12-р сарын 12-ны өдрийн Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 86 тоот албан бичгээр тогтоогдсон тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Цогтжаргалаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн асуудал шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг, 1 хүүхдийн тэтгэлгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 28627 төгрөг буюу улсын тэмдэгтийн хураамж нийт 98827 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овогт Дамдингийн Цогтжаргал \РД:АИ72071412\, Өндөр овогт Нямсүрэнгийн Отгондулам\РД:АО81030503\ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 02 сарын 26-ны өдөр төрсөн охин Цогтжаргалын Эрдэнэсүрэнг эх Н.Отгондуламын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Ц.Эрдэнэсүрэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Цогтжаргалаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хариуцагч Д.Цогтжаргалаас тугалтай үнээ 2, 2 500 000 / хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Отгондуламд олгож, нэхэмжлэгч, хариуцагч нар дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Цогтжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 98827 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН