Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1961 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Хашаат сумын 5-р баг, Баянд оршин суух Баяд овогт Дамбадаржаагийн Даваалхагва /РД:АС61021016/-ын хүсэлттэй,
        Ажиллаж байсан тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
    Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Даваалхагва шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1961 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэвэрт орох нас болсон боловч тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр гээгдүүлсэн. Миний бие Архангай аймгийн Хашаат сумын Их эхлэлт нэгдэлд 1977 оноос 1978 он хүртэл засварчин 1978 оноос 1992 оныг хүртэл гинжин тракторч, 1992-1994 он хүртэл Архангай аймгийн Хашаат суманд Баян компанид тракторын жолооч хийж газар тариалангийн ажилд явж байсан. Иймд Дамбадаржаагийн Даваалхагва намайг Архангай аймгийн Хашаат сум Их эхлэлт нэгдэлд 1977 оны 6-р сарын 22-ны өдрөөс 1978 оны 2-р сарын 6 хүртэл засварчин, 1978 оны 2-р сарын 6-ны өдрөөс 1992 оны 11 сарын 30 хүртэл тракторчин, 1992 оны 11 сарын 30-аас 1994 оны 12 сарын 30 хүртэл Архангай аймгийн Хашаат сумын Баян компанид тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоожи өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлтийн шаардлагыг дэмжиж байна. 1978 оноос 1980 онд Д.Даваалхагва нь цэргийн алба хааж байсан тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг  нь тогтоолгохгүй. Нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж байна. Д.Даваалхагва нь Архангай аймгийн Хашаат сумын “Их эхлэлт” нэгдэлд 1982 оноос 1992 оныг хүртэл гинжит трактор барьж байгаад нэгдэл тарсны дараа 1994 оныг хүртэл Баян компанид тракторчноор ажиллаж байсан. Тракторын жолооч нь хүнд хортой нөхцөлд ордог. Иймд Д.Даваалхагвын улсад тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.   
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

        Хүсэлт гаргагч Д.Даваалхагва нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
    1. Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдлийн даргын 1977 оны 6-р сарын 22-ны өдрийн 74 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд: 1.1977 онд 8-р анги төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-н нэгдлийн үйлдвэрлэлд ажиллахаар гарсан охид хөвгүүдэд 1977 оны 7-р сарын 1-ээс эхлэн доорхи хувиараар ажилд томилон ажилуулсугай. Үүнд Баян бригадад Дамбадаржаагийн Даваалхагвыг техникт засварчин гэсэн,
    2. Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1978 оны 2-р сарын 6-ны өдрийн 4 дугаартай “Тэргүүний хүмүүст цол, шагнал олгох тухай” тогтоолд: 3. Тус нэгдлийн мал аж ахуй болон туслах үйлдвэрлэлийн бригадуудын 1977 оны үйлдвэрлэлийн ажлаар нь байр эзлүүлэн шалгаруулж нийт бусад бригадуудыг хошуучилж яваа Цагаанхад бригадыг 1-р байр эзлүүлж социалист уралдаанд шилжин явах туг гардуулж тэргүүний хүмүүсээ урамшуулах, барилгын соёл ахуйн хэрэгслээ тохижуулахад нь зориулан 1000 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 20-т Дамбадаржаагийн Даваалхагва 10/80-ын торго 4 метр, нийт дүн 43 төгрөг 20 мөнгө гэсэн,
    3. Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит Их-Эхлэлт нэгдлийн даргын 1982 оны 7-р сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” тушаалд: 1. Шинээр сургууль төгсөж ирсэн Д.Даваалхагвад ДТ-75 маркийн 10-42 номерийн гинжит тракторын ... жолоочоор 1982 оны 7-р сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай гэсэн,
    4. Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит Их-Эхлэлт нэгдлийн даргын 1983 оны 11-р сарын 28-ны өдрийн 123 дугаартай “Амралт өгөх тухай” тушаалд: 1. Нэгдлийн ... МТЗ-50 тракторын жолооч ... Дамбадаржаа овогтой Даваалхагва ... нарын 1983 оны ээлжийн амралтыг 1983 оны 11-р сарын 28-ны өдрөөс эхлэн олгосугай гэсэн,
    5. Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит Их-Эхлэлт нэгдлийн даргын 1984 оны 11-р сарын 10-ны өдрийн 121 дугаартай “Ээлжийн амралт өгөх тухай” тушаалд: 1. Нэгдлийн ДТ-75 маркийн 10-42 номерийн тракторын жолооч Дамбадаржаа овогтой Даваалхагва ... нарын ээлжийн амралтыг 11-р сарын 10-ны өдрөөс эхлэн үндсэн ажлын 15 хоног, албан тушаалын нэмэгдэл 11 өдрөөр олгосугай.
    6. Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит Их-Эхлэлт нэгдлийн даргын 1986 оны 7-р сарын 29-ний өдрийн 29 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1.Тракторын жолооч ... Д.Даваалхагва ... нарт үндсэн ажлын 15, албан тушаалын 7, бүгд ажлын 22 өдрөөр олгосугай.
    7. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 4-р сарын 26-ны өдрийн 206 тоот Дамбадаржаа овогтой Даваалхагвын Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдлийн Баян бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,
    1991 оны 1 сараас 10 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
    1992 оны 1 сараас 2 сар, 4 сараас 5 сар, 7 сараас 8 сар, 10 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт, 
    8. Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 4-р сарын 26-ны өдрийн 205 дугаартай Архивын магадлагаанд ... Хашаат сумын Баян компанийн өмч хувьчлалын 1993 оны материалд: Баян бригадын хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр тасалбарыг баталгаажуулсан хөрөнгийн товчоонд: Д.Даваалхагва ХОЭБ-ийн сери дугаар 51/101/ олгосон мал хөрөнгө 351 гэсэн,
    9. Архангай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 12-р сарын 13-ны өдрийн 3245 дугаартай архивын лавлагаанд: ... Тус аймгийн Хашаат суманд үйл ажиллагаа явуулж байсан Баян компани нь 1992, 1993, 1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийг 13.5 хувиар төлж харьцаж байсан баримт нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа болно гэсэн,
    10. Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 11-р сарын 10-ны өдрийн 496 тоот Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан үеийн 
    1984 оны 2 сар, 4 сараас 8 сар, 10 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
    1986 оны 4 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
    1987 оны 1 сараас 6 сар, 8 сараас 10 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
    1988 оны 1 сараас 6 сар, 8 сар, 11 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
    1989 оны 1 сараас 2 сар, 6 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
    1991 оны 1 сар, 6 сараас 7 сар, 11 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
    1992 оны 1 сараас 2 сар, 4 сараас 5 сар, 7 сараас 8 сар, 10 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт, 
11. Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв Архивийн 2017 оны 1-р сарын 30-ны өдрийн 000001349 дугаартай “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-д Дамбадаржаагийн Даваалхагва БХЯ-ны сайдын 1978.06.08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар Архангай аймгаас 1978.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 030 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1981.06.09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 1981.08.25-ны өдөр 378929 дугаартай батлахтай халагдсан гэсэн,    12. Гэрч С.Дашзэвэгийн ... Д.Даваалхагва нь Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1977 оноос 1978 оныг хүртэл завсарчин, гагнуурчнаар ажиллаж байсан юм. Түүний аав нь засварчин хүн байсан тул Д.Даваалхагва машин техникт их сонирхолтой хүн байсан. Тиймдээ ч тракторчин мэргэжил эзэмшсэн. Д.Даваалхагва бид хоёр найз нөхдийн холбоотой байсан учир би түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Д.Даваалхагва нь 1978 оны 6-р сараас 1981 оныг хүртэл 6-р сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Дорнод аймагт цэргийн алба хаасан юм. Д.Даваалхагва нь 1981 онд цэргийн алба хааж ирээд бид хоёр 1981 оны 9-р сард Сэлэнгэ аймгийн Шаамарын сургуулийн комбинатад трактор, комбайнчаар 1 жилийн хугацаанд суралцаж, трактор, комбайнч болсон. Бид хоёр тракторын сургуулиа төгсөж ирээд 1981 оноос 1992 оныг хүртэл Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд тасралтгүй хамт ажиллаж байгаад тус нэгдэл нь 1992 онд хувьчлагдан Баян, Агт гэсэн хоёр компани болсон. Баян компани нь газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг байсан бол Агт компани нь ч мөн адил мал аж ахуй газар тариалан эрхэлдэг байсан. Баян болон Агт компанийн газар тариалангийн талбай адил боловч Агт компанийн мал нь цөөхөн байсан. Би нэгдэл хувьчлагдахад Агт компанид, Д.Даваалхагва нь Баян компанид ажиллаж болсон. Бид хоёр өөр компанид ажиллаж байсан хэдий ч нэг суманд ажиллаж байсан болохоор би түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Баян компани нь 15 тракторын жолоочтой, манай компани 9 жолоочтой байсан. Тухайн үеийн компанид ажиллаж байсан тракторын жолооч нар газар хагалж, газар боловсруулах, тариа ногоо тариалах, түүнийгээ хураах, тариагаа боловсруулна, боловсруулсан тариа, будаа, ногоогоо улсад тушаах гээд жилийн дөрвөн улирал ажилладаг байлаа. Д.Даваалхагва нь Архангай аймгийн Хашаат сумын Баян компанид 1992 оны 11-р сараас 1995 оныг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан нь үнэн. Баян компанийн захирал нь Дэнзэн, Агт компанийн захирал нь Энэбиш гэж хүн байсан гэх, 
Гэрч Д.Доржсүрэнгийн ... Д.Даваалхагва нь Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1982 оноос 1992 оныг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан. Би тухайн үед тус нэгдэлд тракторын жолоочоор ажилладаг байсан юм. Би 1982 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Их-Эхлэлт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1992 онд нэгдэл хувьчлагдаад Баян компани болоход 1992 оноос 1994 оныг дуустал ажилласан юм. Тийм учраас би Д.Даваалхагвын ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Д.Даваалхагва нь 1992 оноос 1995 оныг хүртэл хугацаанд манай Баян компанид трактор, комбайн жолоочоор ажиллаж байсан юм. Баян компани нь 14-15 жолоочтой байсан бөгөөд бид газар тариаланд ажилладаг байсан. Баян компанийн дарга нь Дэнзэн, нягтлан бодогч нь Батжаргал, нярав нь Тогтохбаяр гэж хүн байлаа. Д.Даваалхагва нь ажиллаж байх хугацаандаа төлөвлөгөө гарган ажиллаж, түүнийхээ дагуу үр бүтээл гарган төлөвлөгөөгөө давуулан биелүүлж Баян компанийн аварга ажилчин, сумын шилдэг ажилчин 1993 онд болж байсан юм. 1992-1995 онд тракторын жолоочоор Баян компанид ажиллаж байхад өдрийн норм нь 12 удаа атар газар хагалах байсан. Үүнийгээ давуулан биелүүлбэл төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг гэж үздэг байлаа. Д.Даваалхагва нь сард 7-8 удаа төлөвлөгөөгөө давуулан биелүүлдэг байсан. Бид тухайн үед өдөр шөнөгүй ажилладаг байсан. Унд цайгаа уучихаад буцаад ажилдаа гардаг байсан. Баян компанид Гантөмөр, Чимэддорж, Дондогдорж, Алтангэрэл, Даваалхагва, Доржбадам, Норов, Доржсүрэн би гэх мэт тракторын жолооч нар байсан. Д.Даваалхагва бид хоёр ДТ-75М маркийн трактортой байлаа. Баян компани нь хадлангийн салаа, газар тариалангийн салаатай байсан. Д.Даваалхагва бид хоёр газар тариалангийн талбайд тасралтгүй ажилласан юм. Д.Даваалхагва нь Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1982 оноос 1992 оныг хүртэл хугацаанд, тракторын жолоочоор, 1992 оноос 1995 оныг хүртэл хугацаанд Баян компанид тракторын жолоочоор ажиллхаж байсан нь үнэн. Би мөн адил дээрх хугацаанд Д.Даваалхагватай хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ гэх мэдүүлгүүд,     
Хүсэлт гаргагч Д.Даваалхагва нь Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1977 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1978 оны 6-р сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд засварчнаар, 1982 оны 7-р сарын 30-ны өдрөөс 1992 оны 11-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор, Архангай аймгийн Хашаат сумын Баян компанид 1992 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Хашаат сумын “Их эхлэлт” нэгдлийн даргын 1977 оны 06 сарын 22-ны өдрийн 74 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Хашаат сумын “Их эхлэлт” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1978 оны 02 сарын 06-ны өдрийн 04 тоот “Тэргүүний хүмүүст цол, шагнал олгох тухай” тогтоол, Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит “Их эхлэлт” нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 30-ны өдрийн 86 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит “Их эхлэлт” нэгдлийн даргын 1983 оны 11 сарын 28-ны өдрийн 123 тоот “Амралт өгөх тухай” тушаал, Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит “Их эхлэлт” нэгдлийн даргын 1984 оны 11 сарын 10-ны өдрийн 121 тоот “Ээлжийн амралт өгөх тухай” тушаал, Архангай аймгийн Хашаат сумын Б.Шмералын нэрэмжит “Их эхлэлт” нэгдлийн даргын 1986 оны 07 сарын 29-ний өдрийн 29 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 206 тоот, 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 496 тоот цалингийн тодорхойлолтууд, Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 04 сарын 26-ны өдрийн 205 тоот архивын магадлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 000001349 тоот хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, гэрч С.Дашзэвэг, Д.Доржсүрэн нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 
    Иймд Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1977 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1978 оны 6-р сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд засварчнаар, 1982 оны 7-р сарын 30-ны өдрөөс 1992 оны 11-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор, Архангай аймгийн Хашаат сумын Баян компанид 1992 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн хүсэлт гаргагч Д.Даваалхагвын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 
    Хүсэлт гаргагч Д.Даваалхагвын хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баяд овогт Дамбадаржаагийн Даваалхагвыг Архангай аймгийн Хашаат сумын Их-Эхлэлт нэгдэлд 1977 оны 7-р сарын 1-ний өдрөөс 1978 оны 6-р сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд засварчнаар, 1982 оны 7-р сарын 30-ны өдрөөс 1992 оны 11-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор, Архангай аймгийн Хашаат сумын Баян компанид 1992 оны 11-р сарын 1-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 
        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Даваалхагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
    4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.ЖАРГАЛАН