| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/1016/Э |
| Дугаар | 1052 |
| Огноо | 2020-09-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 1052
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Б.Чинзориг, хохирогч Т.Б, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ж.К, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос О овгийн Д-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00385 0307 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овгийн Д-ын А, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “***** ” ХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарт ачигч ажилтай, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 6-р хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар:****, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 46а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д-ын А нь 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг 18 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гэрэл бамбар” ХХК-ийн урд талын замд “Хонда Сивик” маркийн **** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” мөн дүрмийн 3.4 дэх заалт Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:” 4 дүгээр хавсралтын 3.6 дахь заалт “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй дугуйнууд тавьсан;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч О овгийн Д-ын А нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг 18 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “****” ХХК-ийн урд замд “Honda Civic” загварын **** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, 3.4-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:” гэж, 4 дүгээр хавсралтын 3.6-д “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй дугуйнууд тавьсан;” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу хохирогч Т.Б-г мөргөж, түүний бие махбодод “...ууц ясны баруун талын далавч, аарцаг ясны баруун талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн талын умдаг ясны доод салаа, хоёр талын ацеталбулын урд баганын далд хугарал /Воллюмийн хугарал/, цээжний зүүн талын 3-6 дугаар хавирганы далд хугарал, дух, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нуруу, уруулын салст, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, доод үүдэн 2 шүдний сулрал...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.А-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хоёр дугаар эгнээний автомашин гэнэт тоормос гишгэхэд нь хажуугаар гараад явна гэж бодож байтал урдуур нь гэнэт хүн гүйгээд гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Т.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би гарц хайж яваад хашлагагүй хэсэг байхаар нь гарц гэж бодоод эргэн тойрноо ажиглан автомашин харж байгаад 2 автомашин ирэхээр нь гаргачхаад замын голд цагаан шугаман дээр зогсоход нэг автомашин намайг явуулах гээд зогссон бөгөөд жолооч нь яв гээд гараараа дохисон. Тэгээд зам хөндлөн гарах гээд гүйтэл цаад талын эгнээгээр өөр нэг машин орж ирээд намайг мөргөсөн. Би мөрдөн байцаалтын шатанд 1,250,000 төгрөгийг хүлээн авсан. Миний уух эмийн зардал 1 сард 1,040,000 төгрөг болж байгаа. Өнгөрсөн 8, 9 сарынхаа эмийг аваад уучихсан. Одоо 9, 10 дугаар сарын эмийн мөнгө нийлээд 2,040,000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмч эдгэрэлтийн явцыг дахин зураг авч харж байгаад, дараа дараагийн эмчилгээг бичиж өгнө гэсэн...” гэсэн мэдүүлэг;
3. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ж.К-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...шүүгдэгч Д.А-гийн жолоодож явсан **** УБК улсын дугаартай “Хонда сивик” загварын автомашин нь миний өмчлөлийнх юм. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг Амарсанаатай нийлж төлнө. Миний машинд учирсан хохирлын тухайд нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
4. Хохирогч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр би ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарсан. Тухайн үед 14 цаг өнгөрч байсан. Би хоёр тийшээ машин харж байгаад машингүй болохоор зам руу орсон. Ороод зүүн талаас машин ирж байхаар нь замын голд цагаан шугам дээр зогссон. Зогсож байтал зүүнээс ирж байсан нэг машин надад зам тавьж өгөөд намайг гар гар гээд гараараа дохихоор нь би тэр машины урдуур гарахаасаа өмнө машин ирж байна уу гээд хартал цаад талаас нь буюу нэгдүгээр эгнээгээр нэлээн цаана 2 машин ирж байсан. Би урдуур нь амжаад гарчихна бодоод гүйсэн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Үл таних залуу эгчээ сэрээрэй гээд татаад байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-21 дүгээр хуудас);
5. Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хийдийн 3 лам болон жолоочийн хамт 14 цагийн орчим Толгойтоос Био комбинат руу явж байсан. Бид нарын сууж явсан машин нэгдүгээр эгнээгээр явж байгаад замын 2 дугаар эгнээгээр явж байсан машины хажуугаар өнгөрөх үед замын урд талаас хоёрдугаар эгнээгээр явж байсан машины урдуур гэнэт 1 хүн зам хөндлөн орж ирэхээр нь би “хүн” гэж хэлээд, жолооч тэр үед тоормосоо гишгээд машинаа зүүн тийш жолоочийн эсрэг тал руу дараад зогсож амжилгүй тэр хүнийг мөргөөд унагасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47 дугаар хуудас);
6. Гэрч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр хурал тараад хийдээсээ 13 цаг 40 минутын орчимд М, О, С лам нарын хамт буяны ажилд ном унших гээд шувуун фабрик руу А-гийн машинд суугаад явсан. Тухайн үед машин дотор жолоочийн хажууд М лам сууж явсан. Толгойтын замд замын урд талаасаа хойд зүг рүү гэнэт нэг явган зорчигч гарч ирэхээр нь жолооч машинаа зогсоож амжилгүй тэр явган зорчигчийг мөргөөд унагасан. Тэр явган зорчигч машинд мөргүүлээд нугасаараа замын хашлага мөргөөд унасан. Ойролцоогоор машинаас урагшаа 10 орчим метр шидэгдээд унасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49 дүгээр хуудас);
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 7759 дугаартай шинжээчийн: “...Т.Б-гийн биед ууц ясны баруун талын далавч, аарцаг ясны баруун талын умдаг ясны дээд, доод салаа, зүүн талын умдаг ясны доод салаа, хоёр талын ацеталбулын урд баганын далд хугарал /Воллюмийн хугарал/, цээжний зүүн талын 3-6 дугаар хавирганы далд хугарал, дух, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хамрын нуруу, уруулын салст, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, доод үүдэн 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 58-60 дугаар хуудас);
8. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн: “... жолооч Д овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ. a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” 4 дүгээр хавсралтын 3.6 дахь заалт “Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан;” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа (хх-ийн 75-76 дугаар хуудас);
9. 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-13 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 4 дүгээр хуудас);
10. Шүүгдэгч Д.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 115 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 114 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 105 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 108-111 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Б-гийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Д.А-гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.А-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд шүүгдэгч Д.А нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 1,250,000 төгрөгийг бүрэн төлсөн байх бөгөөд шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 250,000 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу иргэний хариуцагч Ж.К-ээс гаргуулахаар шийдвэрлэв.
Харин хохирогч Т.Б-гийн баримтгүйгээр нэхэмжилж буй 2 сар 15 хоногийн эмийн төлбөр болох 2,600,000 төгрөг, суултуурын 49,500 төгрөг буюу нийт 2,649,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, төлбөрийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл гэм хорын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа өөрөө хариуцахаар тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар хохирогчийн явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн **** дугаартай үнэмлэх хэргийн хамт хүргэгдэн ирсэн байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн санал болгосон эрх хасах нэмэгдэл ялтай маргах зүйлгүй, харин 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тэнсэж өгнө үү. Хохирол төлбөрөө төлсөн, цаашид төлөхөө амласан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзнэ үү...” гэв.
Шүүгдэгч Д.А нь хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн бусдад учруулсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул тухайн зүйл, заалтыг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд хохирогчийн явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ хэмээн дүгнэв.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар гурван сарын дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэлээ.
Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг нь энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхисон хохирогч Т.Б-гийн хоёр сар арван тав хоногийн эмчилгээний зардал болох 2,600,000 төгрөг, суултуурын төлбөр төлбөр болох 49,500 төгрөг буюу нийт 2,649,500 төгрөгөөр хязгаарлагдах бөгөөд хохирогч Т.Б нь энэ талаарх баримтаа албадлагын арга хэмжээнд хяналт тавьж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд гаргаж өгснөөр баталгаажна.
Ийнхүү дээр дурдсан хэмжээний хүрээнд гаргаж өгсөн баримтын дагуу шүүгдэгч Д.А нь гурван сарын дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ аваагүй бол түүнийг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. Харин хохирогч Т.Б нь уг хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.А-д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг санууллаа.
Шүүгдэгч Д.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний **** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.О овгийн Д-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар гурван сарын дотор гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Д.А-д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ж.К-ээс 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Т.Б-д олгож, харин шүүгдэгч Д.А нь шүүхээс хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй бол хохирогч Т.Б нь хэлэлцэхгүй орхисон 2,649,500 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.
6.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-гийн хариуцах гэм хорын хэмжээг багасган хохирогч Т.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа өөрөө хариуцахаар тогтоосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний **** дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.А-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА