Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01850

 

Г.Г, Д.О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00515 дугаар шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Г.Г,

         Нэхэмжлэгч: Д.О нар

         Хариуцагч: Б.Шт холбогдох  

         Зээлийн гэрээний үүрэгт 122 700 120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгч Д.О, өмгөөлөгч Б.А, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нар нэхэмжлэл болон тайлбартаа: Д.О би Б.Шт 2016.07.28-ны өдөр 29,260,000 төгрөгийг, 2016.12.23-ны өдөр 35,325,000 төгрөгийг банкны хүүгээр бодож 2 хувийн хүүтэйгээр, миний охин Г.Г нь 2016.04.01-ний өдөр 32,370,000 төгрөгийг цалингийн зээлийн хүүгээр бодож 1,4 хувийн хүүтэйгээр тус тус барилга барихад нь зориулж зээлүүлсэн ч одоог хүртэл төлөөгүй. Б.Ш барилгаа 2016.07 сард наадмаас өмнө ашиглалтад оруулна, хөрөнгө оруулалт нь бэлэн гэж гуйгаад байхаар нь итгээд банкнаас зээл авч энэ мөнгийг өгсөн. Би Б.Шыг таньдаггүй байсан. Г.Г, Мягмаржав хоёртой найз гээд гүйгээд байдаг байсан. Хүн байнга гуйгаад байхаар итгээд Б.Ш хүүтэй нь буцааж өгнө гэхээр нь зээл авч өгсөн.Тэгтэл Б.Шын барилгын ажил эхлэхгүй болохоор нь утсаар ярихад удахгүй эхлэх гэж байна гэсээр удсан. Намар Б.Штай уулзаад ломбарднаас зээл авч банкны зээлээ төлж байна гэхэд таны зээлийг одоохон төлнө гэсэн. Дараа  нь барилга барих газраа зарах гэж байгаа гээд хэдэн сар болсон. Сүүлд нь байшингаа 35 сая  төгрөгөөр зарахаар болсон, тэгээд таны мөнгийг өгнө гэсэн хэрнээ өөрөө машин авч унасан байсан. Тэгэхэд нь би маш их гомдсон. Машин авч унахаар надад хэдэн төгрөг өгөөч гэхэд манай хадам ээж авч өгсөн гэж хэлсэн. Би анх Б.Шыг эвлэрүүлэн зуучлалд өгсөн. Дараа нь шүүхэд өгөхөд эвлэрнэ гээд хэрэг эвлэрүүлэн зуучлал руу шилжсэн. Б.Шын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр Б.Штай уулзуулна гэсэн боловч уулзуулаагүй. Б.Шын барилга 2016, 2017 онд ашиглалтад ороогүй. Одоо 2018 он. 2017.07.21, 2017.10.24-ний өдөр байгуулсан гэрээгээр тохирсны дагуу 96,955,000 төгрөг, хүү 25,745,120 төгрөг, нийт 122,700,120 төгрөгийг гаргуулж намайг болон миний охин Г.Гг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага болох 122,700,120 төгрөг нь Г.Г бид хоёрын нэхэмжлэлийн нийт үнийн дүн. Б.Ш нь Г.Г, Мягмаржав хоёроос 2016.01.25-ны өдөр 5,7сая төгрөгийг бэлнээр, 5,3сая төгрөгийг Хас банкин дахь өөрийнхөө дансаар, 2016.03.07-ны өдөр 2 сая төгрөгийг мөн дансаар, 2016.03.22-ны өдөр 4,5сая төгрөгийг бэлнээр, 2016.06.05-ны өдөр 4 сая  төгрөгийг бэлнээр, 2016.06.08-ны өдөр 3 сая төгрөгийг бэлнээр, 2016.06.12-ны өдөр 1 сая  төгрөгийг бэлнээр, 2016.07.01-ний өдөр 550,000 төгрөгийг бэлнээр, 2016.07.28-ны өдөр 6,320,000 төгрөгийг бэлнээр, нийт 32 370 000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг Г.Г банкнаас зээлж аваад дансандаа хийчихсэн байж байгаад Б.Шт цувуулж өгсөн юм билээ. Г.Г үндсэн зээл 32 370 000 төгрөг, хүү 8 157 240 төгрөг, нийт 40 527 240 төгрөг нэхэмжилнэ. Б.Ш 2018.03.24-нд Мягмаржавд 1 000 000 төгрөг өгснийг нь авч зээл рүүгээ хийсэн. 1сая төгрөгийг хасаад Г.Г үндсэн мөнгө 31 370 000 төгрөг, нийт 39 527 240 төгрөг нэхэмжилж байгаа. Би НИК-ээс авсан зургаан сарын шатахууны үнэ 2 581 000 төгрөгийг Б.Шт бэлнээр, 2016.07.07-ны өдөр хэв шахмалын мөнгө гэж Ганцэцэгийн данснаас 1 622 800 төгрөгийг, 2016.07.18-ны өдөр 2,7 сая төгрөгийг бэлнээр, 2016.07.19-ний өдөр 1,3сая төгрөгийг бэлнээр, 2016.07.20-ны өдөр 2 сая төгрөгийг бэлнээр, 2016.07.21-ний өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2016.07.30-ны өдөр 3сая  төгрөгийг Дэлгэрзаяагаас зээлж тус тус өгсөн. Тэр мөнгийг Дэлгэрзаяад би төлсөн. Утас засуулах мөнгө гэж 2016.08.03-ны өдөр Золзаяагаас 100,000 төгрөгийг шилжүүлсэн. 2016.08.04-ний өдөр 100,000 төгрөгийг Мөнхбатаас, 4сая төгрөгийг Ганцэцэгээс, 2,2 сая төгрөгийг ХААН банкаар Эрдэнэсайханаас, 70,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкаар Ганцэцэгээс тус тус шилжүүлж, 7,2 сая төгрөгийг хар фанерийн үнэ гэж өгсөн. 2016.08.06-ны өдөр би ХААН банкны данснаасаа 1 сая төгрөг, бэлнээр 300,000 төгрөг, 2016.08.21-ний өдөр Ганцэцэг Худалдаа хөгжлийн банкны данснаасаа 100,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ганцэцэг бол манай охин юм. Нийт 29,260,000 төгрөг болсон. 2016.12.22-ны өдөр Ганзориг зээл авч 12 000 000 төгрөг, би зээл авч 13сая  төгрөг, 2016.12.23-ны өдөр 10,325,000 төгрөг, нийт 35,325,000 төгрөг өгсөн. Би Б.Шаас 29,260,000 төгрөгийн хүү 9,363,200 төгрөг, 35,325,000 төгрөгийн хүү 8,224,680 төгрөг, хүүнд нийт 17,587,880 төгрөг, үндсэн мөнгө, хүү нийлээд 82,172,880 төгрөг нэхэмжилнэ. Б.Ш нь Г.Гг уг барилгынхаа нягтлан бодогчоор ажилладаг байсан гэсэн тайлбар өгсөн. Б.Ш авсан барилгын материалаа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж Гантуяагаар компьютерт бичүүлдэг байсан. Түүнээс биш Б.Шын дансны гүйлгээг Г.Г хийх боломжгүй. Б.Шыг утсаа авахгүй таг болчихоор нь Г.Г 2017.10.23-ны орой Улаанбаатар хотоос ирсэн. Маргааш нь Б.Штай зээлүүлсэн мөнгөнийхөө талаар ярилцаад өмнө нь тохирсон ёсоор гэрээ хэлцэл хийсэн гэсэн. Хуульд талуудын аль нэг нь гэрээнээсээ татгалзсан тохиолдолд нөгөө тал учирсан хохирлыг бүрэн арилгах үүрэгтэй гэж заасны дагуу бид нарын мөнгө 122,700,120 төгрөгийг Б.Ш өгөх ёстой гэж үзэж байгаа учир шийдвэр гаргаж өгнө үү. Г.Г Намайг амиа хорлоно гэсэнд би туйлын их гомдолтой байна. Би гэр бүлтэй, ажил амьдралтай, хоёр дээд сургууль төгссөн, гурван нялх хүүхэдтэй, өөрөө жирэмсэн байж тэгж хэлэх хүн биш. Ингэж хэлсэнд нь Б.Ш, Золжаргал нарт туйлын их гомдож байгааг онцлон хэлээрэй гэсэн. Иргэний хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байгаа. Тийм учир Б.Ш банкны мөнгийг хүүгийн хамт өгөх нь зөв гэж бодож байна. Үнэхээр манай гурван гэрийн хувьд амьдрал хэцүү байна. Асар их гомдолтой байна гэжээ.

       Хариуцагчийн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Б.Ш нь Г.Ггаас 2016.04.01-ний өдөр 32,370,000 төгрөгийг, Д.Оээс 2016.07.28-ны өдөр 29,260,000 төгрөгийг тус тус зээлийн журмаар аваагүй ба энэ мөнгө нь Д.Оийн охин Г.Г, хүргэн Мягмаржав нар Б.Штай барилгын ажил хамтран гүйцэтгэж ашиглалтад оруулах, ашгийн 60 хувийг Б.Ш, 40 хувийг хөрөнгө оруулагч тал болох Мягмаржав, Г.Г нар авахаар тохиролцон хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулсан мөнгө бөгөөд эдгээр мөнгийг барилгын ажилд зарцуулсан бүх тооцоог Д.Оийн охин Г.Г хариуцан хөтөлдөг байсан. Энэ мөнгө барилгын бүх ажилд зарцуулагдсаныг Г.Г болон Мягмаржав нар маш сайн мэдэж байгаа хэрнээ барилгын ажил удаашраад ирмэгц нөхцөл байдлыг өөрөөр эргүүлэн шахалт дарамт үзүүлэн аргагүй байдалд оруулан хэлцэл хийж, түүнийгээ шүүхийн өмнө нотлох баримт болгон ашиглаж буй нь буруу байна. Бүх мөнгө зээлийн биш өөр зорилгоор хэлцэлд дурдагдсанаас өөр цаг хугацаанд барилгын материалд зарцуулагдаж байсан болохыг тайлбарлаж байна. Хөрөнгө оруулалтын мөнгөнд тухайн үед хүү тооцох тухай яригдаж байгаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй. Дансны хуулга болон Б.Штай тооцоо нийлсэн актаас харахад 29,260,000 төгрөг, 35,325,000 төгрөг, 32,370,000 төгрөгийг бөөнд нь аваагүй, олон удаагийн байдлаар янз бүрийн хэлбэрээр барилгын материалын үнэнд шилжүүлсэн байдал нь хөрөнгө оруулалт явагдаж байсан гэж харагдахаар байна. Би Б.Шыг Д.Отэй хэлцэл хийсэн талаар мэдэхгүй байна. Харин Г.Гтай хэлцэл хийснийг нь мэдэж байна. Нотариатын урд өрөөнд би суудаг. Тэр хавиар хэцүү байдал үүсгэж гэрээ байгуулсан. Хоёрдугаарт, өмнө нь хийсэн хэлцлээр хожим гэрээ байгуулж хүү авдаг хуулийн зохицуулалт байхгүй. Хүнд шаардлагатай үед 5000 төгрөгийн юм өгсөн ч тэр нь хөрөнгө оруулалт. Түүнээс биш тэрбумаар хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулалт, хэдэн саяар хөрөнгө оруулахаар хөрөнгө оруулалт биш гэсэн ойлголт байхгүй. Хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулсан. Мягмаржав нь барилгын мэргэжилтэй хүн учир барилгын бүх ажлыг Г.Г нягтлан бодогчийн үүргээ, Б.Ш барилгаа бүхэлд нь хянах, Б.Шын эхнэр Т.Золжаргал дотоод ажил хариуцах ажлын хуваарьтай ажиллаж байсан. Барилгын ажлаа 2016 онд багтааж дуусгах төлөвлөгөөтэй байсан. Хөрөнгө оруулалтаасаа болж зогсонги байдалтай болсон. Хамтран ажиллах гэрээндээ Г.Г, Мягмаржав хоёр ашгийн 40 хувийг, Б.Ш 60 хувийг авахаар байгаад эрсдэл үүсэхээр хэлцэл рүү оруулж ийм байдал үүссэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол шалтгаан нь баригдаж байгаа барилгаас орон сууц авна гэсэн хэлбэрээр нэхэмжлэгч нар мөнгө өгсөн. Нэхэмжлэгч нарын өгсөн мөнгөн дүнтэй маргахгүй. Одоо барилгын ажил 30 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа учир мөнгийг мөнгөн хэлбэрээр хүү тооцож буцаан өгөх боломжгүй, орон сууц хэлбэрээр өгөх боломжтой. Цаг хугацааны хувьд үргэлжилсэн үйлдлээр хөрөнгө оруулалт хийгдэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бас нэг үндэслэл нь зээлийн гэрээг цаг тухай бүрдээ бичгийн хэлбэрт оруулж хийгээгүй учир хүү авах эрхээ алдаж байна. Хөрөнгө оруулалт нь орон сууц болж нэхэмжлэгч талд очих ёстой. Тийм учир үндсэн мөнгө 96,955,000 төгрөгийг барилга баригдсаны дараа тохиролцсон хямд үнээр орон сууцыг өгч төлнө. Нэхэмжлэгч нар банкны хүүгээр тооцож мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Банктай байгуулсан зээлийн гэрээ хэрэгт байхгүй. Анх 37 м2 орон сууцыг 1 м2-ыг нь 750,000 төгрөгөөр, дээд давхарт 54 м2 болон 41 м2 хоёр орон сууцыг 1 м2-ыг нь 700,000 төгрөгөөр тус тус бодож гурван орон сууц өгөхөөр тохиролцсон. Эдгээр орон сууцыг бол өгнө гэжээ.

 

        Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00515 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар Б.Шаас 65,876,700 төгрөг гаргуулж Д.Од, 31,823,180 төгрөг гаргуулж Г.Гд олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас 16,296,180 төгрөг, Г.Ггийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,704,060 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771,451 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шаас 319,800 төгрөг гаргуулж Г.Гд, 487,334 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Од тус тус олгож, нэхэмжлэгч нараас 157,949 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2018/00515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “319 800” гэснийг “317 066” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

 

      Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Шт 2016 оны 01 сараас 2016 оны 12 сарын 26-ны өдрийн хооронд барих гэж байгаа орон сууцны барилгаас зах зээлийн үнээс хямд үнээр 3 айлын орон сууц авах замаар хөрөнгө оруулж, мөн ашиг хуваах замаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, үүний үндсэн дээр Г.Г нь 54 м.кв орон сууцны үнэ буюу 32 370 000 төгрөг, Д.О 47,1 м.кв орон сууцны үнэ буюу 35 325 000 төгрөг, 41,8 м.кв орон сууцны үнэ буюу 29 260 000 төгрөг нийт 3 орон сууцны үнэ 96 955 000 төгрөг өгсөн үйл баримттай хариуцагч маргадаггүй. 96 955 000 төгрөгийг хэмжээг хүлээн зөвшөөрдөг. Харин энэхүү мөнгийг эхнээсээ зээлийн гэрээний дагуу аваагүй, орон сууц авах замаар хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний дагуу авсан мөнгө болох талаар маргаж байгаа, энэ нь тэдний дээрх мөнгийг цувуулан өгч барилгын материал авах, барилга барих үйл явцад хөрөнгө оруулсан байдал, мөн өгсөн мөнгөнүүд дээр дурдсан талбай бүхий 3 орон сууцны үнэ болох нь мөнгөн дүн, байрны хэмжээ тохирч байгаа зэргээр нотлогддог. Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний дагуу Б.Шт мөнгө өгөөгүй. Мөнгө авч өгөлцсөн үйл баримт дууссаны дараа тэд Б.Штай зээлийн гэрээ байгуулсан. Эхнээсээ мөнгө зээлсэн тухай зээлийн гэрээ байгуулагдаагүй, урьд байгуулагдсан гэрээг халхавчлах зорилгоор зээлийн гэрээг нөхөн байгуулсан байхад анхан шатны шүүх анх авсан 96,955,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр гэж дүгнэн, улмаар Б.Шаас зээлийн хүүд Г.Гд 453,180 төгрөг, Д.Од 1,291,700 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх  өөрчлөлт оруулсан  бөгөөд хуулийг буруу хэрэглэж зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.  Бодит байдал нь барилга барьж дуусахад 96,955,000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууцыг нэхэмжлэгч талд өгөх юм. Үүнтэй маргадаггүй болно. Барилга барьж дуусмагц анх ярилцаж тохирсноор 3 байрыг нэхэмжлэгч нарт хүлээлгэж өгөх тул  бэлэн мөнгө биш биет хөрөнгийг нэхэмжлэгч нарт олгох өөрчлөлт оруулж өгнө үү. 

ХЯНАВАЛ:

  Д.О, Г.Г нар 2017-11-20-ны өдөр Б.Шт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 96,955,000 төгрөг, хүү 25,745,120 төгрөг нийт 122,700,120 төгрөг шаардсан байна.

  Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...зээл аваагүй, харин хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нар барилгад хөрөнгө оруулсан...байр баригдаж дуусвал тохиролцооны дагуу орон сууц өгнө...” гэжээ.

   Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасныг давж заалдах шатны шүүх хянаж, улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан хэсгийг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

   Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

        Б.Ш, Д.Оээс 64,585,000 төгрөг, Г.Ггаас 32,370,000 төгрөг хүлээн авч, зээлийн гэрээг бичгээр  байгуулсан нь тогтоогдсон байна. 

        Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.

       Б.Ш нь  Д.О, Г.Г нараас зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй нь нотлогдсон тул шүүх зээлдэгчээс үндсэн зээл 32,370,000 төгрөг, хүү 453,180 төгрөг нийт 32,823,180 төгрөгөөс төлсөн 1,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 31,823,180 төгрөгийг Г.Гд олгохоор, мөн үндсэн зээл 64,585,000 төгрөг, хүү 1,291,700 төгрөг нийт 65,876,700 төгрөгийг Д.Од олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

       Хариуцагч хамтран ажиллах гэрээний дагуу дурдсан хэмжээний мөнгийг Д.О, Г.Г нараас хүлээн авсан гэх боловч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа нотолж чадаагүй тул шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ. 

        Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 804.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРСАЙХАН

 ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ