Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2018/0012/З/Т |
Дугаар | 05 |
Огноо | 2019-02-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Д.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргад холбогдох Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай Д.А-г албан тушаал бууруулах тухай тушаал хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаал болох Боловсрол соёл урлагийн газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Д.А-г ажлаас нь чөлөөлсөн болон халсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож цалингийн зөрүүг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчлөн гаргахдаа: 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Д.Амгаланг ажлаас нь чөлөөлсөн болон халсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн мөн Говь-Алтай аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай Д.А-г албан тушаал бууруулах тухай тушаал хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож урьд эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгаж ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Гэвч Р.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаа хүчингүй болгож намайг Боловсрол соёл урлагийн газрын шийдвэрийн биелэлт, газарзүйн боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон тушаалыг гаргасан байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Говь-Алтай аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай Д.А-г албан тушаал бууруулсан тушаал нь хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Боловсрол соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д овогтой А нь Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнээр 2013 оны 06 дугаар сарын 24-нд анх томилогдож ажиллаж байгаад 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар албан тушаал бууруулсан гэх тушаал гарсан. Уг тушаал нь албан тушаал бууруулж байгаа гэсэн боловч Д.А гэдэг хүн ямар ажил хийх нь тодорхойгүй тушаал байсан. Тушаалын үндэслэлийг харахаар ажлаас чөлөөлсөн, ажлаас халах үндэслэлүүдийг барьж гаргасан тушаал байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэж байгаад сэргэсний дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөн тушаалд өөрчлөлт оруулах тухай гэсэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай тушаал гарсан. Өөрчлөлт оруулах гэсэн боловч уг тушаалаараа нөгөө тушаалыг хүчингүй болгосон тушаал байдаг. Үүгээр Д.А-ийн ажлын байр тодорхой болсон. Газар зүйн мэргэжилтнээр томилсон тушаал гарсан боловч үүнээс хойш Д.А гэдэг хүнээр ямар ч ажил хийлгээгүй байгаа. Тийм учраас үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Холбогдох тушаалууд нь хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөхөөс өмнө ажил хийлгэхгүй байгаа учраас ажил хийлгэхийг даалгаж өгнө үү? гэсэн шаардлагаа нэмэгдүүлсэн. Өнөөдрийг хүртэл халах тушаал гараагүй байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Анх эхлээд гарсан тушаалын үндэслэлүүдийг аваад үзэхээр ажлын байрны зорилго зорилтоо биелүүлээгүй, талууд харилцан тохиролцсон, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан. Хөдөлмөрийн гэрээг ажилтан буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Мөн хуульд байхгүй заалт бичигдсэн байдаг. Ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон. Ажил албан тушаалаа хүлээлцэж байгаа нь халагдсан өдрөөс тооцогдоно гэдэг юм уу? ийм Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг барьж тушаал гарсан байдаг. Уг тушаалаа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгоод өөрчлөлт оруулсан гэж байгаа боловч хүчингүй болгосон учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1 гэдэг нь ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэл байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 та албан тушаал бууруулахтай холбоотой тушаал гаргах байсан бол энэ үндэслэлүүдийг ямар учиртай гаргасан юм бэ? гэдэг дээр маш их эргэлзээтэй. Талууд харилцан тохиролцсон гэж байгаа. 37 дугаар зүйл дээр Хөдөлмөрийн гэрээний дуусгавар болох үндэслэл байгаа. Энэ үндэслэл нь ажлаас чөлөөлөх үндэслэл болдог. 37.1.3 Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон. 37.1.8 Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. 38 дугаар зүйл дээр 38.1.1, 38.1.2 гэсэн 2 заалт байгаа болохоос 14 гэсэн заалт байхгүй. 40 дүгээр зүйлийн 40.1 ажилтан мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд тэнцэхгүй болсон. 40 дүгээр зүйл нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах гэж байгаа. 40.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн хуульд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлүүд байгаа. 43.1 ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэж байгаа. 43.2 ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг халагдсан өдөр гэж үзнэ гэсэн байгаа. Ийм заалтуудыг барьж албан тушаал бууруулах тушаал гаргасан. Үүнийгээ буруу гэдгийг мэдээд хүчингүй болгосон байх. Энэ тушаалаа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай тушаалаар өөрчлөлт оруулж байна гэсэн боловч мөн тушаалаараа энэ тушаалаа өөрөө хүчингүй болгосон. Үүнээс үзэхээр Д.А гэдэг хүнийг ажлаас чөлөөлсөн болох нь энэ тушаалаас харагдаж байна. Энэ тушаал дээр ахлах мэргэжилтэн Д.А нь ажлын цагаар архи ууж согтууран ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалаа хэтрүүлэн хариуцлагагүй хандсан зэрэг зөрчил дутагдал удаа дараа гаргасан тул албан тушаалыг бууруулан Боловсрол соёл урлагийн газрын ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс чөлөөлсүгэй гээд чөлөөлчихсөн. Хоёрдугаарт байгууллагын даргатай гэрээ байгуулж ажлын байрны тодорхойлолтыг батлуулж өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж, сахилга хариуцлагатай ажиллахыг Д.А-д үүрэг болгосугай гэж байгаа. Чөлөөлөгдсөн хүн ямар ажлын байрны тодорхойлолт батлуулах байсан юм. Томилсон ажлын байр нь тодорхойгүй. Ямар нэгэн албан тушаалтны чиглэл үүрэг нь маш тодорхой байх ёстой. Гэтэл ийм тушаал гаргачихаад үүнийг биелүүлсэнгүй гэдэг байдлаар хүнд шаардлага тавиад сууж байгаа нь ойлгомжгүй. Д.А гэдэг хүн буруутай байлаа гэхэд энэ хүний буруутай ажиллагаануудыг өөрөө тогтоох ёстой байсан. Тийм баримтуудаа авч ирээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг миний бие дэмжиж оролцож байгаа гэв.
Хариуцагч Р.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот аймгийн иргэдийн Хурлын тогтоолоор сахилга хариуцлагыг сайжруулах жил болгож сар бүр тайлан мэдээг ав гэж агентлагийн дарга нарт үүрэг өгсөн. Сахилга хариуцлагын жил болсонтой холбогдуулаад дээр дурдсан аймгийн Тамгын газраас нийгмийн бодлогын хэлтэс үүрэг даалгавар өгөөд Боловсролын газрыг шалгасан. Энэ шалгах явцад ахлах мэргэжилтэн Д.А архи ууж ажил тасалдаг талаар шүүмжилсэн байдаг. Гаргасан шийдвэрүүдийнхээ зарим зүйл заалт дээр тайлбар өгье. Буруу шийдвэр гаргасан гэдэг дээр 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар 7 сургуулийн захирал, 23 цэцэрлэгийн эрхлэгч нийтдээ 40 хүнд гэрээнд заагаагүй хариуцлага тооцож буруу шийдвэр гаргасан. Энэ дагуу 40 хүн өдөр болгон утсаар ярьж 2018 оны 1, 2, 3 сард өргөдөл ирүүлсэн баримт байгаа. Хүсэлтийн дагуу холбогдох шийдвэр гаргаж тушаалыг хүчингүй болгосон. Энэ хүн ажил хариуцах чадваргүй буруу шийдвэр гаргадаг нь үүнээс харагдаж байна. Дээр нь Дэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийг ямар ч шалтгаангүйгээр элдэв үгээр доромжилж хэлсэн байсан. Өөр олон жишээ байгаа. Ажил тасалдаг, архи уудаг талаар мэдээлэл өгье. 2018 оны 2 сард Боловсрол соёлын газрын хамт олны хурлын тэмдэглэл 12 дугаарт тэмдэглэлд аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э ирж оролцсон. Үүн дээр Р.Б-ийг өвчтэй байхад ахлах мэргэжилтэн Д.А нь архи уугаад утсаа салгаад алга болдог гэж тэмдэглэсэн. Мөн шалгалтын явцад ажил тасалдаг нь нотлогдсон гэж Э, Ц нар тэр хурал дээр нотолсон байгаа. Боловсрол соёлын газрын хамт олны хурлыг намайг байх хугацаанд хийхэд 3 удаа тасалсан ирэхийг шаардахад утас нь холбогддоггүй. Хайгаад олддоггүй. Улсын төрөлжсөн олимпиад жил болгон болдог. 2018 оны улсын төрөлжсөн олимпиад 4 сарын эхээр болдог. Үүнд аймгийн комиссын даргаар газрын даргын тушаал гарч Д.А-г томилсон. Энэ ажлаа хийхгүй олдохгүй, мөн олимпиадын хурлын бэлтгэл хангах хурлыг 2 удаа тасалсан нь хурлын тэмдэглэл дээр байгаа. Эхнэр Х-тай нь утсаар ярихад хаана байгааг нь мэддэггүй. Дараа сонсохоор хүмүүстэй архи уугаад явж байсан талаар мэдээлэл ирдэг. Хөдөөгийн багш нар Д.А-г архи их уудаг талаар мэдээлэл өгдөг. Мөн ахлах мэргэжилтний үүрэг гүйцэтгэхгүй байна чадвар сул байна гэж байнга хэл аманд өртдөг. Ёс зүйн талаар товчхон ярих нь зүйтэй. Ахлах мэргэжилтэн Д.А ёс зүй муутай гэдгийг сумын багш нар хэлдэг. Боловсрол соёл, урлагийн мэргэжилтнүүдийг хэл амаар доромжилсон байдаг. Хамт олныг доромжлохдоо хэл ярианы хамгийн бохир үгээр хэлдгийг Э, Б, М гэх мэтчилэн мэргэжилтнүүд нотолдог. Мэдлэг чадвар сул гэдэг. Ахлах мэргэжилтэн учраас багаа аваад сумдад ажилладаг. Энэ талаар газрын зөвлөлд танилцуулга хийдэггүй. Ямар ажил зохиосон юу хийсэн талаар нэгтгэсэн зүйл байдаггүй. Боловсрол соёл урлагийн газрын хагас, бүтэн жилийн тайланг гаргадаг. Үүнийг аймгийн Засаг даргын Тамгын газраас үзээд боловсруулалт муу байна. Бичиг баримт огт болоогүй гэж шүүмжилдэг. Тэгэхээр энэ нь мэдлэг чадварыг муу талаар нотолдог байх. Төсөв санхүүгийн талаар газрын дарга өвчтэй байхад даргын үүрэг гүйцэтгэгчийг сар гаран хийсэн. Энэ хугацаандаа боловсролын үнэлгээний төвөөс 3.000.000 төгрөгийн шалгалтын материал засдаг машин худалдаж авсан. Үүнийг 8.000.000 төгрөгөөр авснаар мөнгө төлсөн байдаг. Энэ асуудлыг аймгийн иргэдийн хурлын өрөөнд Г, У, Б зэрэг хүмүүс байхдаа танай ахлах мэргэжилтэнг эдийн засгийн цагдаад өгнө. Энэ хүнд холбогдох арга хэмжээг ав гэдэг үүрэг даалгавар өгч байсан. Мөн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын дарга Энхбат байгууллагаа засахаар 49.000.000 төгрөг бэлтгэсэн байхад энэ мөнгийг өөр зүйлд зарцуулж гарын үсэг зурж шийдсэн байсан нь төсөвт томоохон ачаалал өгч алдаа гаргаж байсан. Мөн Боловсрол соёл урлагийн газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Алга болчихдог. Ийм харилцаа хандлагын хувьд байгууллага, салбар, хүн удирдах чадваргүй хувийн өс хонзон санаж явдаг хүн байгаа. Ажилдаа маш хариуцлагагүй ханддаг. Боловсрол соёл урлагийн газрын даргатай Хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Ажлын байрны тодорхойлолт байхгүй. Юу хийж байгаа нь мэдэгддэггүй. Солонгос явсан. Тэгэхдээ өмнө нь 6 сард яваад чөлөө аваагүй. Сургалтад явах нэртэй ажил хаяад явсан. Мөн энэ 12 сарын 07-нд яваад 02 сарын 12-нд ажилд орох гэсэн. Энэ хугацаандаа чөлөө аваагүй. Би мэдэхгүй байгаа. Тэр үед өргөдөл бичсэн чөлөө зөвшөөрөл авсан гэсэн зүйлийг ярьж байгаа. Тэрийг би мэдэхгүй. Албан тушаал бууруулаад бүх үндэслэлээс хамаараад өөрт нь сануулга өгөөд байгууллагынхаа удирдлагатай гэрээ байгуулаад ажлын байрны тодорхойлолтоо гаргаад ажил үүргийн хуваарийг батлаад хамтарч ажиллая гэсэн хүсэлтийг хүлээж авахгүй хаяад явсан. Үүнийгээ намайг ажилд авахгүй байна гэдэг байдлаар хандсанд харамсаж байна. Учир нь өөрөө нэг өрөө түгжчихсэн байнгын ажлын байр нь тодорхой өрөөтэй, сандал ширээтэй, компьютертой байтал өрөөгөө цоожлоод алга болчихдог. Сүүлд боловсролын газарт буруугаа өгч байгаа ёс зүйгүй зүйл гаргаж байна. Үр дүнгийн гэрээгээ байгуул ажлаа тодорхой болгоод хий гэсэн. Манай дээр судлагдахуун хариуцсан ажил хийдэг. Тогтоол гаргах гээд ажлууд байгаа. Энэ ажлуудыг огт хийгээгүй. Ирж цагаа бүртгүүлж цалингаа аваад явсан юм байна лээ. Солонгос явахдаа чөлөө авахгүй 2 удаа 3 сараар явсан. Тэр хугацаанд цалин өгөөгүй. Байгаа хугацаанд цалин өгсөн тэрийг буруу гэж үзэж холбогдох хүмүүст хэлж байгаа. 02 сарын 12-нд орохоор ярьж байгаа юм байна лээ. Ийм учраас битгий ажил гэж хэлээгүй. Төрийн албаны захирах захирагдах ёсны талаар Төрийн албаны тухай хуульд заасан байдаг. Тайланг чанартай бичих, орон нутагт ажиллаад сургууль цэцэрлэг соёлын байгууллагуудад ямар арга хэмжээ авсан юм. Ямар ажил зохион байгуулсан юм, юу шийдээд ирсэн талаар бидэнд мэдээлэл байхгүй. Ахлах мэргэжилтэн гэдэг нь Боловсрол соёлын газрын, газрын зөвлөл гэж ажилладаг. Түүний нарийн бичгийн дарга байдаг, Салбарын зөвлөлийн мөн нарийн бичгийн дарга байдаг. Энэ 2 ажлыг огт хийгээгүй. Д.А энэ чиглэлээр нэг ч удаа хурал зөвлөгөөн зарлаж бидэнд мэдээ мэдээлэл өгч шийдвэр гаргуулж байсан зүйл байхгүй. Ийм ажлыг хийгээч гээд үүрэг даалгавар өгөхөөр хийдэггүй. Ийм шалтгааны үүднээс албан тушаал буурсан. Албан тушаал бууруулсан болохоос ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй.
Гуравдагч этгээд Д.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Э аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд тухайн шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж хариу тайлбар хүргүүлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн өдрийн Б/13 дугаартай албан тушаал буруулах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Д.А-г ажлаас нь чөлөөлсөн болон халсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаартай Д.А-г албан тушаал буруулсан тушаал нь хууль бус болохыг тогтоон урьд эрхэлж байсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн өдрийн Б/13 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, 23.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.14.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/61 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ахлах мэргэжилтэн Даваа овогтой А нь ажлын цагаар архи ууж, согтууран ажил таслах, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, албан тушаал хэтрүүлэн хариуцлагагүй ажиллах зэрэг зөрчил дутагдал удаа дараа гаргасан тул албан тушаал бууруулан Боловсрол, соёл урлагийн ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас 2018 оны 04 сарын 02-ны өдрөөс чөлөөлсөн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.9, 17 дугаар зүйлийн 17.1.12 заалтыг үндэслэн Д овогтой А нь ажлын цагаар архи ууж, ажил таслах, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, албан тушаал хэтрүүлж, ажлын хариуцлага алдаж хууль зөрчсөн тул албан тушаал буруулан, байгууллагын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, ажил үүргийн хуваарь батлуулан шийдвэрийн биелэлт, газар зүйн боловсрол хариуцан ажиллахыг Д.А-д үүрэг болгож, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.
Тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-т “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэдгийг хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг болон ажлын байрны тодорхойлолт, албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно, хуулийн 45.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” гэдгийг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журамд заасны дагуу дүгнэсэн үнэлгээгээр хангалтгүй дүн авсан байх бөгөөд дээрх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулахаар зохицуулсан байна.
Д.А-ийн тухайд ажлын цагаар архи ууж, ажил таслах, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, албан тушаал хэтрүүлж, ажлын хариуцлага алдаж хууль зөрчсөн гэж үзэж албан тушаал бууруулсан боловч дээрх нөхцөл байдал нь хангалттай нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт тусгагдсан ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаал хэтрүүлж, ажлын хариуцлага алдсан байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэргийн материалд авагдсан, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтаас тогтоогдохгүй байна. Харин Д.А 2015, 2016 онуудад үр дүнгийн гэрээний биелэлт А буюу маш сайн үнэлгээ авсан, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан тул 2017 оны үр дүнгийн гэрээ дүгнэгдээгүй байна.
Ажлын цагаар архи ууж, ажил тасалсан тухайд: 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс Д.А-г албан тушаал буруулсан, ажлын цаг ашиглалтын талаар 2018 оны эхний 3 сарын ажлын цагийн тооцоог гаргуулан авахад 1 сард 22 өдөр 176 цаг, 2 сард 19 өдөр 152 цаг, 3 сард 21 өдөр 168 цаг байх бөгөөд ажиллавал зохих ажлын өдрүүдэд бүтэн ажилласан харин 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Боловсрол, соёл урлагийн газрын хамт олны хурлын 12 дугаар тэмдэглэлд “М.Э /Нийгмийн бодлогын хэлтсийн дарга/ ...Тамгын газрын дарга үүрэг өгөөд цаг бүртгэсэн. Ахлах мэргэжилтэн Д.А байгаагүй, утсаа аваагүй. Цаг бүртгэл дээр ирээгүй байхад бүртгэсэн байсан. 6-7 хүн цагтаа ирсэн. Олимпиадын дуу шуугианаар ирж байгаа юм биш. Ачааллын үе ирсэн эндээ асуудлаа шийдэж байя. Дарга Р.Б-ийн ажил цалгардаж байна. Хурал цуглаан дээр ирэхгүй байгаа учир удирдлага зохион байгуулалтаар хангаж чадахгүй байна. Ахлах мэргэжилтэн Д.А архи ууж байна. Р.Б, Д.А хоёр ажлаа үгүйсгэж байна. Хамтарч ажиллаж чадахгүй байна...” гэж хэлсэн тэмдэглэлээс өөр Д.А ажлын цагаар архи ууж, ажил тасалсан, ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа талаар хамт олны хурлаар хэлэлцсэн тэмдэглэл байхгүй байна.
2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалд Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.9, 17 дугаар зүйлийн 17.1.12 заалтуудыг үндэслэл болгосон байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж зааснаар төрийн захиргааны байгууллагаас бичгээр гаргасан захиргааны актын шаардлагыг хангахгүй байна. Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах тушаалд санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх төсвийн зарчим, төсвийн шууд захирагч буюу байгууллагын дарга төсвийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг болон Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.12 гэх байхгүй хуулийн заалтыг үндэслэл болгосон байгаа нь захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал нийцээгүй байна.
Иймд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.А-г аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн өдрийн Б/13 дугаартай тушаалаар Д.А-г ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, байгууллагын даргатай гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт батлуулж, өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд чанартай биелүүлж, сахилга хариуцлагатай ажиллахыг Д.А-д үүрэг болгож, цалингийн шатлалыг ТЗ-5-3 шатлалаар тооцож олгохыг нягтлан бодогчид даалгасан байна.
Хавтас хэргийн материалд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа болон байгууллагын нягтлан бодогчоос шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн 2018 оны цалингийн тооцоо, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас Д.А-д 2018 оны цалинг байгууллагаас олгосон цалингаа авсан, 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн Д.А-ийн албан тушаал буруулах тушаалд өөрчлөлт оруулах тухай Б/09 дүгээр тушаалаар байгууллагын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, ажил үүргийн хуваарь батлуулан шийдвэрийн биелэлт, газар зүйн боловсрол хариуцсан ажиллахыг Д.А-д үүрэг болгосон байхад “2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Д.А-г ажлаас нь чөлөөлсөн болон халсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” зааснаар цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаадлагыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ. Учир нь хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...ажил дээр ирж цагаа бүртгүүлж цалингаа аваад явсан байна лээ би тэр үед хавар 6 сараас өвчтэй эмнэлэгт байсан ... Солонгос явахдаа чөлөө авахгүй 2 удаа 3 сараар явсан. Тэр хугацаанд цалин өгөөгүй. Байгаа хугацаанд цалин өгсөн тэрийг буруу гэж холбогдох хүмүүст хэлж байгаа. Тэгэхээр энэ хүнд цалингийн зөрүү өгнө гэдэг их эргэлзээтэй ...12 дугаар сарын 07-нд явсан 02 дугаар сарын 12-нд ирж ажилдаа орох ёстой байсан. Одоо гаргасан тушаал 02 дугаар сарын 12-ноос гэрээ байгуулаад газар зүйн мэргэжилтнээр ажил гэсэн ирэхгүй байгаа...”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийж байгаа зүйл байхгүй. Аргаа бараад хийх ажил байхгүй, ямар ажил хийх нь тодорхойгүй учраас Солонгос руу чөлөө авч явсан гэдэг юм...нийгмийн даатгалын лавлагаан дээр гаргаж ирсэн цалинг авсан. 2019 онд цалин ороогүй. Одоо 02 дугаар сарын 18-наас хойших цалин, хэрвээ ахлах мэргэжилтнээр байсан бол гээд цалингийн зөрүү нэхэж байгаа” гэсэн тайлбар, хавтас хэргийн материалд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээс үзэхэд Д.А 2018 оны 4 сараас албан тушаал буурсан, албан тушаал буруулснаар бодож цалингаа авсан мөн 6 сард амралтаа аваад Солонгос явсан амралтын мөнгө бодогдож олгогдсон, 12 сарын дундуур Солонгос явсан цалин хасагдаж орсон, хариуцагч Солонгос явсан хугацаанд цалинг олгоогүй, цалингийн зөрүү өгнө гэдэг их эргэлзээтэй зэрэг хохирлын хэмжээний талаар маргаантай байгаа тул иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгон, Д.А-г аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс Д.А-г ажлаас нь чөлөөлсөн болон халсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа ажиллуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар цалингийн зөрүү гаргуулах хохирлын хэмжээний талаарх маргааныг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ