| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 221/МА2022/0331 |
| Дугаар | 221/МА2022/0331 |
| Огноо | 2022-05-17 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0331
Д.Б гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч ААЦСЗД Д.Г
Нэхэмжлэгч: Д.Б
Хариуцагч: ААЦСЗД
Нэхэмжлэлийн шаардлага: ААЦСЗД нарын хоорондын ААЦСЗД-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0005 дугаар шийдвэртэй
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.М
Хэргийн индекс: 109/2022/0005/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б-аас ААЦСЗД-д холбогдуулан “ААЦСЗД нарын хоорондын ААЦСЗД-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах”-аар маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0005 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ААЦСЗД-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Д.Б г ажлаас халах тухай Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.Б г ААЦС-ын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж” шийдвэрлэжээ.
3. Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ААЦСЗД би тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн 109/ШШ2022/005 дугаар бүхий шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатанд гомдол гаргаж байна.
3.1. Гомдлын үндэслэл: Тус Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь ЦС-ын иргэн Д.Б гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай үйлдлийг тогтоосон бодит баримт, нотолгоо байсаар атал түүнийг ул харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэжээ.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагатай нийцээгүй байна.
2. Нэхэмжлэгч Д.Б нь ААЦСЗД-д холбогдуулан ААЦСЗД-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3. Хариуцагч ААЦСЗД нь шаардлагыг эс зөвшөөрч хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн, байгууллагын төсөв, эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан, төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаас халах шийтгэл ногдуулсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.
4. ААЦСЗД Д.Г “Д.Б г ажлаас халах тухай” 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр захирамждаа Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, 48 дугаар зүйлийн 48.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 141 дүгээр зүйлийн 141.1, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг баримтлан Д.Б г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас халжээ.
5. Ийнхүү Сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас Д.Б г халах болсон үндэслэл захирамжид:
а/ Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7, Төсвийн тухай хуулийн 6, 25 дугаар зүйлийн холбогдох заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4, 39.1.14 дэх заалт, Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.6 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын холбогдох заалтуудыг удаа дараа ноцтой зөрчсөн нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдож,
б/ хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй,
в/байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй,
г/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тусгажээ.
6. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болон талуудын маргасан үйл баримтад эрх зүйн дүгнэлт бүрэн гүйцэд хийгээгүй, маргаан бүхий актад тусгагдсан 4 үндэслэл, хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, ажилтан гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар маргалдагч талуудыг мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй байна.
7. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д” Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт,хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчжээ.
Тодруулбал,
7.1. Хариуцагчаас АА-ийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсвийн орлого болгох тухай” 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/02/17/04/59, №17/02/17/04/58, №17/02/17/04/57 тоот актууд, АА-ийн санхүүгийн хяналт, аудитын алба, улсын байцаагчийн “Зөрчил арилгуулах тухай” 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №17/04/25 тоот албан шаардлага, зэргийг үндэслэн зөрчил гаргасан нь мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон гэж маргасан байх бөгөөд дээрх зөрчлийг арилгасан арга хэмжээ биелэлтийг дүгнэж АА-ийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №33 дугаар хяналт шалгалтын танилцуулга гарсан, ажилтны гэм буруутай үйлдэл бий эсэх талаар дүгнэлт хийгээгүй, “удаа дараа ноцтой зөрчсөн” гэдэгт хэдэн удаагийн үйлдлийг хамруулсан болох нь тодорхойгүй.
7.2. Маргааны бүхий актад дурьдсанаар “...хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг хугацаанд нь барагдуулаагүй,...байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй,... албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх зөрчил гаргасан гэж ажилтныг буруутгаж байх боловч эдгээр нь ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон, захиргааны зүгээс ажилтанд ямар үүрэг даалгавар хэзээ өгсөн болох, ажилтны ямар зөрчил хэзээ гаргасан хугацаа , байгууллагын зүгээс ямар үүрэг даалгавар өгсөн эсэх, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгт хуулиар болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргийг хамруулсан эсэх зэргийг хянан шалгаж тогтоолгүйгээр анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Д.Б г ажлаас нь халахдаа тухай үйл баримтыг тогтоох, үүрэг даалгавар өгч түүний үр дүнг дүгнэх, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, сахилгын зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон эсэх , үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнээгүй болох нь ... нотлогдлоо” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
7.3. Түүнчлэн хавтас хэрэгт ЦС-ын ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, 2021 оны үйл ажиллагааны жилийн эцсийн тайлан зэрэг баримтууд хэрэгт авагдсан байхад ямар учраас хариуцагч “байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь ойлгомжгүй байна.
7.4. АА-ийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/117 дугаар захирамжаар Д.Б г аймгийн ЦС-ын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажил, албан тушаалд томилогдсоноос хойш хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, 2019 онд Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан болон ЦС-ын ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Б нарын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээ хэрэгт авагдсан байхад хариуцагчаас ямар нотлох баримтыг үндэслэн “...үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй” гэж маргаж байгаа болох, 2019 оноос хойш ажилтантай байгуулсан үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд бий эсэхийг тодруулаагүй байна.
7.5. Хариуцагч маргааны бүхий захирамжийг гаргахдаа үндэслэх хэсэгт Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг баримталсан бол захирамжлах хэсэгт Боловсролын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудыг тус тус баримталжээ.
7.6. Эдгээр хуулиуд нь ажилтны хөдөлмөрийн харилцааны явцад гаргасан гэх зөрчлүүд, хэргийн үйл баримттай хэрхэн хамаатай болох нь тодорхойгүй, шүүх хариуцагчаас шийдвэр гаргахдаа хэрэглэсэн хууль хэрэглээний талаар тодруулаагүй байна.
8. Шүүх захиргааны байгууллагыг гаргасан маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтыг баримтлан дүгнэлт хийхээс гадна ажилтныг ажлаас халсан үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх ёстой.
9. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, маргаж буй ажилтныг ажлаас халсан захиргааны актын үндэслэл, тэдгээртэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, эрх зүйн дүгнэлт өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, актад дурьдсан үндэслэлийг ажилтан хэрхэн зөрчсөнийг тодорхой тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 107 дугаар зүйлийн 107.4-д заасантай нийцээгүй байна.
10. Иймээс давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА