Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 230

 

Ё.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/06619 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ё.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Эрдэнэчимэгт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хууль бус эзэмшлээс орон сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Алтангэрэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Даваа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Тамир,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Эрдэнэтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ё.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь  Хан-Уул дүүргийн 2 хороо, 19 дүгээр хорооллын 10 дугаар байрны 36/б тоот орон сууцыг худалдахаар 2016 оны 3 сард үнэгүй.мн вэб сайтад зар оруулсан бөгөөд зарын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Ё.Тамир өөрийн ээж Д.Эрдэнэчимэгийн хамт, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ё.Тамир найзтайгаа хамт тус тус ирж байр үзэж, орон сууцанд засвар хийхэд 7 000 000 – 8 000 000 төгрөг зарцуулахаар байна гэсэн. Анх нэхэмжлэгч нь орон сууцыг 42 000 000 төгрөгөөр зарна гэхэд Ё.Тамир 33 000 000 төгрөг дээр гэр бүлийн жийп машин өгөхөөр, дараа нь 25 000 000 төгрөгөөр авахаар санал гаргаж байсан ба үүний дараа нь үнийг 15 000 000 хүртэл буулгахад нь нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэхэд     18 000 000 болгоё гэсэн.

Ингэж үнийг дээш, доош болгоход Ё.Тамир дандаа шахалт, дарамт үзүүлж, уурлаж Ё.Баасансүрэнг загнадаг байсан гэсэн.

Ё.Тамир, Д.Эрдэнэчимэг нар үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахдаа 18 000 000 төгрөг гэж хэлсэн атлаа 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгөөр гэрээ хийж, нотариатын үйлчилгээний хөлсийг, улсын бүртгэл хийлгүүлэх бүртгэлийн хураамжийг нэхэмжлэгчээр төлүүлсэн.

Гэтэл 7 хоногийн дараа гэрчилгээ гарах байсан боловч байрыг бусдад заруулахгүй байхаар түдгэлзүүлсэн байна гэсэн хариу өгсөн. Тэгэхэд Ё.Тамир уурлаж, Ё.Баасансүрэнг загнаж “чи барьцаанд байгаа байраа зарж, залилсан байна гэрээгээ цуцлья” гэсэн. Тэгээд гэрээгээ цуцлаагүй, одоо 18 000 000 төгрөг Ё.Баасансүрэнгийн дансанд байгаа бөгөөд өмнө нь уг байрыг Ё.Баасансүрэнд зарсан айл өртэй байснаас болж уг асуудал үүссэн.

Иймд 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Учир нь айлган сүрдүүлэх, дарамтад оруулах байдлаар орон сууцны үнийг бууруулж гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийг зөрчиж байгаа тул мөн хуулийн 204 зүйлд зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй юм.

Мөн орон сууцад Д.Эрдэнэчимэг амьдарч байгаа тул түүний хууль бус эзэмшлээс чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд болон хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай ээж Д.Эрдэнэчимэг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ё.Баасансүрэнтэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 10 дугаар байрны 36/б тоот, 21 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж авсан. Энэ гэрээг хийхийн өмнө миний бие ганцаараа болон ээжийн хамт Ё.Баасансүрэнтэй хэд хэдэн удаа уулзаж үнэ тохиролцож байсан болохоос Ё.Баасансүрэнг дарамталж, шахалт үзүүлсэн зүйл огт байхгүй юм.

Би 2016 оны 3 сараас интернет зар судалж байсан бөгөөд 36 000 000 төгрөгөөс ярьж зарна гэсэн зарын дагуу Ё.Баасансүрэнтэй утсаар яриад очиж үзэхэд хуучны 3 өрөө орон сууцыг дундуур нь 2 хуваагаад хоёр тийш хаалга гаргаад янзалсан, бүрэн засвар хийхээр хуучирч муудсан, стандарт өөрчилсөн байр байсан тул өөрийнхөө найзад үзүүлэхэд “бараг 10 гаруй сая төгрөгийн засварын зардал гарах байх” гэсэн. Байрыг үзээд, ээжтэй ярилцаад байр нь муудсан юм байна гээд орхисон байхад Ё.Баасансүрэн надруу утсаар ярьж, байраа авах уу, 25 000 000 төгрөг хүртэл буулгасан гэж хэлсэн бөгөөд байрны байдал муу байгааг хэлэхэд засварын зардлаа хасаад ав гэж хэлсэн. Ингээд хэд хэдэн удаа уулзаж, ярилцаж 18 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж хамтдаа нотариат дээр очсон.

Ё.Баасансүрэн хөрөнгө борлуулсны татвар бага төлөх юм байна гэж яриад гэрээг   10 000 000 төгрөгөөр хийсэн, бодит байдал дээр бид түүнд 18 000 000 төгрөг төлсөн.

Гэрээ хийж, мөнгөө Ё.Баасансүрэнд өгөөд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ээж Д.Эрдэнэчимэгийг орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр бүртгэлийн газарт хүсэлтээ өгсний маргааш уг байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хаалт тавьсан байна гэсэн. Ингээд л бидний хооронд асуудал үүссэн. Тэгээд Ё.Баасансүрэнтэй ярилцаад түүний дансанд мөнгөө хийсэн тул юуны өмнө байрны өмчлөгчөөр бүртгүүлэх бүртгэлийн ажил шийдэгдэх хүртэл хэсэгтээ мөнгийг захиран зарцуулахгүй байхаар ээж Д.Эрдэнэчимэг болон Ё.Баасансүрэн хоёр Худалдаа хөгжлийн банкинд хүсэлт бичгээр гарган өгсөн юм.

Гэтэл үнэн хэрэгтээ Ё.Баасансүрэнгийн өмнөх өмчлөгчтэй холбоотой асуудал байсан бөгөөд улсын бүртгэлийн газраас надад энэ талаар хэлээд дахин хүсэлтээ өгч болно гэсэн тул би дахин 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ бусад баримт бичиг, хүсэлтээ Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст өгөхөд Ё.Баасансүрэн урьдчилсан тэмдэглэл хийлгүүлсэн байна гээд ээжийг орон сууцны өмчлөгчөөр бүртгэж өгөөгүй. Мөн Ё.Баасансүрэнгийн дансанд бидний өгсөн орон сууцны үнэ гэсэн мөнгө байгаа. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хууль бус эзэмшлээс орон сууцны байр чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн Ё.Баасансүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ё.Баасансүрэн орон сууцных нь захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгааг мэдээгүй. Ё.Баасансүрэнг Ё.Тамир, Д.Эрдэнэчимэг нар загнаж, сүрдүүлж байсныг гэрчлэх Н.Наранбатын тодорхойлолтыг шүүхэд өгсөн, гэрчээр асуулгахыг шүүх зөвшөөрөөгүй нь буруу. Анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь эхэлж  Улсын  бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлэхээр урьдчилан тэмдэглэл хийлгэсэн, дахин бүртгүүлэх өргөдөл өгсөн болох нь нотлох баримтаас харагдахгүй байгаа тул энэ асуудлыг тодруулж, нотлох баримтыг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахаар захирамж гаргасан.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн захирамжид дурдсан нотлох баримт буюу хүсэлтийг Ё.Баасансүрэн эхэлж Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан нь нотлогдвол худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэл нь тодорхой болох байсан. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1120 тоот бичгээр лавлагаа өгөхдөө “өмчлөгч Ё.Баасансүрэн нь урьдчилсан тэмдэглэл хийлгэхээр хүсэлт гаргаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийгдсэн байна” гэжээ. Гэтэл шүүх захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан нотлох баримтандаа ач холбогдол өгч, түүнийг үнэлсэнгүй, нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан гэж дүгнэж, худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах үндэслэл нь хөрөнгө худалдах үнэ хөлсний асуудал дээр адил тэгш тохиролцоогүйтэй, мөн худалдан авагч талын тулгасан, шаардсан гэх мэт зохисгүй үйлдлүүдтэй холбоотой гэж үзэж байна. Мөн Ё.Баасансүрэн байраа одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхэд 38 498 600 төгрөгийн үнэтэй байгааг ч шүүх анхаарсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ё.Баасансүрэн нь хариуцагч Д.Эрдэнэчимэгт холбогдуулж, орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Ё.Баасансүрэн болон Д.Эрдэнэчимэг нарын хооронд 2016 оны 04 дүгээр сарын     18-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл нь Ё.Баасансүрэнгийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 10 дугаар байрны 36б тоот хаягт орших нэг өрөө, 21 м.кв талбай бүхий орон сууц, гэрээний үнэ 18 000 000 төгрөг, худалдан авагч тал болох Д.Эрдэнэчимэг нь орон сууцны үнэд 18 000 000 төгрөгийг худалдагч тал болох Ё.Баасансүрэнд шилжүүлэн өгсөн, Ё.Баасансүрэн нь орон сууцыг Д.Эрдэнэчимэгийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ё.Баасансүрэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэхдээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж, мөн хариуцагчийн хүү Ё.Тамирын дарамт, шахалт үзүүлснээс гэрээний үнийг багаар тодорхойлсон тул мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно гэж зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцжээ.

 

Анхан шатны шүүх уг зөрүүг арилгахаар шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахад нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээнээс татгалзсан тайлбараа дэмжсэн ба мөн хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэлээ дэмжээгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. 

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж буй талаараа нөгөө талдаа мэдэгдэх ёстой бөгөөд гэрээнээс татгалзаагүй тал нь хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг тогтооно.

 

Хуульд заасан журмын дагуу гэрээнээс татгалзсанаа нөгөө талдаа мэдэгдсэн талаарх баримтыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул анхан шатны шүүх гэрээнээс татгалзах журмыг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу гэрээнээс татгалзах эрх үүсээгүй болно.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 249 дүгээр зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний үүргээс татгалзах үндэслэл нь гэрээний нэг тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой үүсэх шаардах эрхэд хамаарч байх бөгөөд энэ үндэслэлийг зааж нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болох Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн лавлагаа /хх 25 дахь тал/-д маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлд 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тусгай тэмдэглэл /түдгэлзүүлэх/ хийгдсэн боловч үндэслэлийг заагаагүй, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний дөрийн 1205 тоот албан бичиг      /хх 102 дахь тал/-ээр ирүүлсэн лавлагаад орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлэх тухай Д.Эрдэнэчимэгийн хүсэлтийг бүртгэлийн байгуулага нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр татгалзахдаа “эрх түдгэлзүүлсэн төлөвтэй байна” гэж дурдаж, өмчлөгч Ё.Баасансүрэнгийн хүсэлтээр бүртгэлд урьдчилан тэмдэглэл хийсэн гэжээ.

 

Дээрх лавлагаануудад дурдсан үйл баримтаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлсэн гэдгийг нотлохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтууд хэрэгт ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргасан нь гэрээний нэг тал нөгөө талдаа гэрээнээс татгалзснаа мэдэгдсэн гэж үзэхгүй. Дээрх лавлагаануудыг шүүх шийдвэртээ дүгнээгүй ч шүүх хуралдаанаар хэлэлцсэн байх тул давж заалдах шатны шүүхээс уг баримтуудыг дүгнэх замаар алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Хэрэгт ач холбогдолгүй баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа, хариуцагч нь зээлийн гэрээний зүйлийн үнийг төлсөн талаар талууд маргаагүй байгаа нөхцөлд гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагч эзэмшиж байгаа нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул хариуцагчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэхгүй тул орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагчийн эзэмшилд байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн хүрээнд хянан шийдвэрлэх, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд гаргах зарчмыг хангажээ.

 

Гэрчээр Н.Наранбат, нотариатч н.Наранцэцэг нарыг асуулгаж, мэдүүлэг авахуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийг гэрээнд 10 000 000 төгрөг гэж тусгасан боловч бодитоор 18 000 000 төгрөгөөр тохирсон талаар талууд маргаагүй бөгөөд гэрч асуулгах тухай хүсэлтдээ нэхэмжлэгчээс гаргасан тайлбарт хямд үнээр гэрээ хийснийг гэрч нотлоно гэж заахдаа талуудын хооронд маргаангүй байгаа үнийн дүнгээс өөр дүн нэрлэн заагаагүй буюу гэрээний үнийн дүн хэд байсныг гэрчээр нотлуулах шаардлага байхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/06619 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.Баасансүрэнгээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА