| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/1010/Э |
| Дугаар | 1043 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 1043
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, иргэний хариуцагч Б.О, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, шүүгдэгч Ж.Ш, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овгийн Ж-ийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00374 0295 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овгийн Ж-ийн Ш, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “***** констракшн” ХХК-д барилгын мужаан ажилтай, ам бүл зургаа, эцэг, гурван дүүгийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Т-ийн гудамжны **** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харГзсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ж.Ш нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 50 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин 1,32% согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтлийн замд “***” маркийн **** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Н-ийг мөргөн амь насыг нь хохироосон, мөн дээрх зам тээврийн, осол хэргийг үйлдээд мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Г овгийн Ж-ийн Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэж заасныг зөрчин 1,32% согтолттой байх үедээ “*****” загварын ****УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтлийн замд мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч буюу хохирогч Г.Н-ийг мөргөж амь насыг нь хохироосон, мөн дээрх зам тээврийн, осол хэргийг үйлдээд мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэж заасныг үл биелүүлэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.Ш-ы шүүх хуралдаанд өгсөн: “...Жолоо бариад 3 жил болж байна. Тухайн компанид 20 гаруй хоног ажилласан. Осол гардаг өдөр миний амрах өдөр байсан боловч нөгөө ээлжийн жолооч ажилдаа яваагүй байсан тул би ажилтай холбоотойгоор нөгөө ээлжийн жолоочоос машинаа аваад явж байсан. Би өөрөө сайн дураараа ус хүргээгүй, манай захирал надад борлуулалтын утас үлдээсэн байсан. Намайг утас асаахад дуудлага ирээд, түүний дагуу би ус аваачиж өгсөн. Гэхдээ би энэ ус хүргэсэн үйлдлээ ажлаар эсвэл хувиар хүргэсэн гэдгээ ялгахгүй байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би наадмын бэлтгэлд гарсан байсан. Ээж манай эгчтэй хамт явж байгаад зам тээврийн осолд орсон. Оройн 22 цаг өнгөрч байхад хэргийн газарт ирэхэд бүх зүйл болоод өнгөрсөн байсан. Түүнээс хойш ажил явдал болж 8 дугаар сарын 24-нд хоног хурааж дууссан. Хоног хурааж дуустал хэрэг үйлдсэн хүмүүстэй уулзаад яах вэ гээд уулзаагүй байтал мөрдөгч дуудаж 2 удаа мэдүүлэг авсан юм. Хохирол төлбөртэй холбоотой баримтуудаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Шүүгдэгч эхлээд 900,000 төгрөг, дараа нь 800,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Шүүх хуралдаанаас өмнө мөн 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Цаашид хохирол төлбөр хэрхэн гаргуулах талаар шийдүүлэх хүсэлтэй байна. Оршуулгын бодит зардал 4,386,472 төгрөг болсон. НӨАТ-ын баримтгүй 7,407,000 төгрөгийн хувьд Бөмбөгөр худалдааны төвийн худалдагч, ном уншуулсан лам нар тамга тэмдэгтэй баримт өгдөггүй юм байна лээ. Сэтгэл санааны хохиролд 8,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Бид ах дүү зургуулаа тул эхийгээ алдаад сэтгэл санаа тайван бус байдалд байсан...” гэсэн мэдүүлэг;
3. Иргэний хариуцагч Б.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Хэргийн талаар анх сонсоод цочролд орсон. Савлагчтайгаа утсаар ярихад нөгөө ээлжийн борлуулагч ажилдаа гараагүй, Ш орой нь автомашиныг аваад Баянхошуунд ус түгээсэн байна гэж хэлсэн. Манайх захиалга их байдаг тул цаад тал нь Цамбагарав хүртэл явдаг байсан бөгөөд Баянхошуу руу хүргэлт хийдэггүй, захиалга авдаггүй юм. Би хөдөө явахаасаа өмнө “чи архи хэрэглэдэг үү” гэж асуухад Ш “огт хэрэглэдэггүй” гэж хэлж байсан. Нүдэнд дулаахан гайгүй залуу байхаар нь түүнд итгээд автомашинаа үлдээгээд явсан юм. Гэтэл намайг хөдөө явсан хойгуур энэ хэрэг гарсан. Хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарч, мөн төлбөрийн асуудал яригдаж байна. “Амралтын өдрөөр, түгээлт хийдэггүй газраар, компанийн автомашиныг согтуугаар жолоодож явсан байна хэн хохирлыг хариуцах вэ” гэхэд Ш “миний буруугаас болсон тул би бүгдийг нь өөрөө хариуцна” гэж хэлээд надад гарын үсгээ зураад бичиг хийж өгсөн. Компанийн автомашиныг би өөрөө янзалж байгаа...” гэсэн мэдүүлэг;
4. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 5-17 дугаар хуудас), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “**** ” маркийн маркийн ****УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Ж.Ш-ыг драйгер багаж ашиглан шалгахад 1,32% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 27-28 дугаар хуудас);
5. Гэрч Б.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 21 цаг 30 минутын үед би ээж Н-ий хамт гэрээсээ гарсан. Хөдөөгөөс эгч мах явуулсан байсныг тосож авахаар гэрийн хажуугийн “Тэс петролиум” шатахуун түгээх станцын хойд зам руу гарахдаа би ээжид хандан “та эндээ хүлээж бай, би зам гараад мах аваад ирье” гэж хэлээд усны тэргээ түрээд зам хөндлөн гарсан юм. Гэнэт их чимээ гарсан бөгөөд эргээд хартал зам дээр нэг хавтгай юм харагдсан. Тэр үед бүрэнхий болсон, мөн нэлээн хол байсан тул нэг хавтгай юм л харагдсан. Би “машинууд хоорондоо мөргөлдөөд буфер нь унасан юм болов уу” гэж л бодсон юм. Тэгээд замын цаашаа ээжийгээ хартал байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57 дугаар хуудас);
6. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Баянхошууны Хөтлийн “Тэс петролиум” шатахуун түгээх станц дээр ажиллаж байсан. Орой 21 цаг 50 минутын үед станцын байран дотроо сууж байтал гадаа зам дээр “пид” гэх чимээ гарсан. Юу болов гээд гараад хартал нэг залуу машин замаар доошоо уруудаад гүйж байсан. Манай түгээгч эгч М “наадхаа бариад аваарай” гээд орилсон. Би шууд тэр залуугийн араас нь хөөгөөд гүйж байтал тэр залуу зам дагаад замын хойд талын далан руу буухдаа өөрөө бүдрээд унасан. Тэгээд тэр залууг барьж аваад явж байтал “Тоёота Пруис-20” маркийн машинтай хүн ирж зогсоод “наадах чинь хүн мөргөчихсөн” гэж надад хэлсэн. Тухайн залууг дагуулаад ШТС дээр ирсэн чинь манай ШТС-ын харалдаа цагаан өнгийн микро автобус шиг автомашин хүн мөргөөд зогссон байсан. Мөргүүлсэн хүн нь машины хойно 1 дүгээр эгнээд хэвтэж байсан ба ухаангүй, толгой хэсгээс нь цус гарч байсан. Тэр залуу “би найз нартайгаа пиво уусан, харсангүй, гэнэт гараад ирсэн” гэж хэлж байсан ба нэлээн айж сандарсан байдалтай, амнаас нь архи үнэртэж байсан. Тэр залуу осол болсон газраас 200 метр орчим газарт зугтаасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59 дүгээр хуудас);
7. Гэрч Ч.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүнээс юм авах гээд замын хажууд зогсож байтал гэнэт “түс” хийх чимээ гарсан. Би эргээд хартал нэг хүн зам дээр хэвтэж байсан. Машин зогсоод жолооч нь бууж ирээд машинаасаа хувцсаа аваад гүйгээд явсан. Би тэр дор нь өөрийн утаснаас 103, 102-т дуудлага өгсөн. Намайг утсаар ярих хооронд ШТС-ын хүн тэр жолоочийг бариад ирсэн. Тэр машины жолооч машинаа асаах гэж оролдсон, машин нь асахгүй байсан. Нэг охин гарч ирээд “яана аа, ээж ээ” гэж орилж байсан, тэр охин замын эсрэг талаас гүйж гарч ирэх шиг болсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60-61 дүгээр хуудас);
8. Цогцост хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1438 дугаартай шинжээчийн: “...Талийгаачийн цогцост гавлын орой, суурь ясны хугарал. Тархины 2 тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Үнхэлцэг хальсны урагдал, зүрхний гадаргуугийн цус хуралт. Сээрний 3-р нугалам, баруун мөр, зүүн атгаал, баруун 2,3,4,5, зүүн 2,3,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал. Нуруу, эрүү, баруун мөр, шуу, сарвуу, ташаа, гуя, өвдөг, тавхай, зүүн бугуй, сарвуу, өлмийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл байна. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг харсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаачийн цогцост архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 75-79 дүгээр хуудас);
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3773 дугаартай шинжээчийн: “...шинжилгээнд ирүүлсэн “Ж.Ш VII/..00” гэж хаягласан цусанд 2,2 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,2 промилли нь согтолтын “дунд” зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 89-91 дүгээр хуудас);
10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3184 дугаартай: “...Хэргийн газраас хурааж авсан эд зүйлсээс ...43,3x15,7 см хэмжээтэй хар өнгийн хуванцар эд зүйл нь **** маркийн ****УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангитай тохирч байна. ...шил арчигчийн хаалт хуванцрын хагарсан хэсэг байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 112-114 дүгээр хуудас);
11. Мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаартай: “...Жолооч Ж.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. ‘Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7. ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ . согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.5. ‘Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна”. Явган зорчигч Г.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа (хх-ийн 125-126 дугаар хуудас);
12. Шүүгдэгч Ж.Ш-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 139 дүгээр хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 140 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 148 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ханГттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Г.Н-ий цогцост гавлын орой, суурь ясны хугарал. Тархины 2 тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Үнхэлцэг хальсны урагдал, зүрхний гадаргуугийн цус хуралт. Сээрний 3-р нугалам, баруун мөр, зүүн атгаал, баруун 2,3,4,5, зүүн 2,3,4,5,6,7,8,9-р хавирганы хугарал бүхий гэмтлүүд учирсан байх бөгөөд гавал тархи, цээжний хөндийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Ш-ы замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүний явган зорчигч мөргөсөн үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт, харин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрөө хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрт тус бүр тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ нэг хүний амь насыг хохироож үйлдсэн” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ж.Ш нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.Ш-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ нэг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд, “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн нийт 29 ширхэг баримтаас 10 ширхэг нь НӨАТ-ын бар кодтой (үнийн дүн 1,739,552 төгрөг), 19 ширхэг нь НӨАТ-ын бар кодгүй боловч санхүүгийн тэмдэг, дардас бүхий зарлагын (үнийн дүн 2,647,526 төгрөг) баримтууд байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүнг нийт 4,387,078 төгрөгөөр тооцон хангах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Ш-ы жолоодож явсан “*****” загварын ****УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “***” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй боловч хавтаст хэргийн 68-70 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (фидуци)-ээр **** регистрийн дугаартай иргэн Б-ын О-ын өмч болох нь тогтоогдов.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.
Иймд шүүгдэгч Ж.Ш-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 2,200,000 төгрөгийг хасаж тооцоод, иргэний хариуцагч Б.Ооос үлдэгдэл 2,187,526 (хоёр сая нэг зуун наян долоон мянга таван зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д олгохоор шийдвэрлэлээ.
Харин бусад баримтгүй нэхэмжилсэн үнийн дүнг тооцох боломжгүй гэж үзэн, сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцох хууль зүйн зохицуулалт байхгүйг тус бүр үндэслэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар хохирогчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ж.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэдгийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг 1 ширхэг CD хэрэгт хавсарган үлдээх, хэргийн хамт ирүүлсэн жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх, О-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид буцаан олгох саналыг гаргаж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн хүнд бага ял оногдуулж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Ж.Ш нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хэргийн газраас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Ял шийтгэл оногдуулахад дараах хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Үүнд гэмт хэрэг гарахад миний үйлчлэгчийн буруутай үйлдлээс гадна амь хохирогч гарцгүй газраар гарсан буруутай байгаа. Мөн миний үйлчлүүлэгч 2,200,000 төгрөгийг хохиролд төлсөн тул үлдсэн 2,187,070 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, уг хэрэг болгоомжгүйгээр үйлдэгддэг, амь хохирогч гарцгүй газраар гарсан, хохирлын 50 хувийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон энэ төрлийн гэмт хэргийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэгийг, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж 3 (гурав) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх… -ээр шийдвэрлэж болно:” гээд; 2.1 дэх заалтад “...торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг...” гэж зааснаар шүүгдэгч Ж.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг гурван жил есөн сараар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадГах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.
Иргэний хариуцагч Б.О нь шүүхийн шийдвэрээр төлбөр төлөхөөр байгаа боловч түүний өмчлөлийн “*****” загварын ****УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнэлүүлээгүй, мөн хуульд заасан журмын дагуу битүүмжлээгүй байх тул хэргийн хамт ирүүлсэн уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Г овгийн Ж-ийн Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ нэг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Шүүгдэгч Ж.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Ж.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 (гурав) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжээр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцон нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 (гурав) жил 9 (ес) сараар тогтоосугай.
4.Шүүгдэгч Ж.Ш-д оногдуулсан 3 (гурав) жил 9 (ес) сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Б.О-оос нийт 2,187,526 (хоёр сая нэг зуун наян долоон мянга таван зуун хорин зургаа) төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-д олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадГах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул Ж.Ш-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шүүгдэгч Ж.Ш-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний **** дугаартай А, B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч Б.О-д буцаан олгосугай.
10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Ш-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА