Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/00484

 

2017 оны 02 сарын 09 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00484

Улаанбаатар хот

 

                                       

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

              Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн мандал сум, Хүнсний үйлдвэрийн байр, 1 тоот, “Өгөөмөр мандал” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

              Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 41-р байрны 153 тоот, “Жиашидэ” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 492 290 500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

              Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Эрдэнэтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам, хариуцагчийн өмгөөлөгч М.Амарбаяр, Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Эрдэнэтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өгөөмөр мандал” ХХК нь Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжинд 1400 мкв газартай байсан. 2008 оны 06 дугаар сарын 02-нд “Фү Жиан Лян Хө” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, тус газар дээр 2009 оны 04-р улиралд багтаан байр барьж ашиглалтанд оруулахаар гэрээ хийсэн. Гэтэл барилга маань тогтоосон хугацаандаа ашиглалтад ороогүй, ажил эхлээд 6 сар орчим болсноо гэнэт зогссон. “Фү Жиан Лян Хө” ХХК нь санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас нэмэлт гэрээ хийсэн. Уг гэрээ хийгдсэний дараа 09 дүгээр сараас нь барилгаа барьж эхэлсэн учраас санхүүгийн асуудлаа шийдсэн гэж бодсон. Гэтэл “Жиашидэ” гэдэг өөр компани уг барилгыг үргэлжлүүлэн барьж байсан. Ингээд 2 компаний удирдлагуудтай уулзахад “Жиашидэ” ХХК барилгыг барина, хамтран ажиллах гэрээ зөрчигдөхгүй гэсэн тул дахин гэрээ хийх шаардлагагүй болсон. Гэрээний дагуу 2011 оны 03 дугаар сарын 31-ний дотор барилга ашиглалтанд орох байтал дахин маргаан гарч хугацаа алдсан. Ингээд 2012 оны 12 дугаар сарын 07-нд ашиглалтанд орсон. Гэрээний хугацаа 2011 оны 03-р сарын 31-нээс 2012 оны 12-р сарын 07-ний өдөр хүртэл 112 хоног буюу гэрээний 4.1 дэх заалт зөрчигдсөн алданги төлүүлэх талаар аль аль талд нь мэдэгдэж байсан. Уг алдангийг тооцоход 587.614.357 төгрөг үүнээс 327.550.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. “Жиашидэ” ХХК нь 3 жилийн баталгаат хугацаанд гэмтэл, доголдол, засвар үйлчилгээг хариуцна гэсэн боловч ямар ч ажил хийгээгүй. Энэ хооронд манай компани 110 айлын байрыг улсын комисст хүлээлгэн өгсөн захиалагчийнхаа хувьд “Жиашидэ“ ХХК-ийн өмнөөс энэ ажлыг хийсэн. Баталгаат хугацаанд 20 айлын гал тогооны бохир, хэвтээ босоо шугамыг В1-9 давхар хүртэл солих, 18 айлын бохирын шугам, 26 айлын угаалгын машины цорго, 15 айлын алчуур хатаагч, хойд орцны бохирын шугаманд гаргалгаа, гаражийн бохирын эргэлтүүд, халуун, хүйтэн усны цорго, орцны гэрэлтүүлэг бүтэн шинэчилж, урд хойд талын орцонд хаалга, 2 орцны кордиорын эмульс замаск, харуул хамгаалалтгүй байснаас үүдээд нэг орцны цахилгааны утсыг хулгайд алдаж хариуцах эзэн байхгүй гэдэг үндэслэлээр 2-10 давхар хүртэлх цахилгааны утсыг шинээр авч тавьсан, урд хойд орцны домофон буюу үүдний кодыг суурьлуулж, 2 орцны хаалга болон гаражийн хаалгыг дахин шинээр хийлгүүлж, давхар болгон дээр цахилгааны утсан дээр хамгаалалт тавиулж, гэрэлтүүлэг, тоолуур тавиулж, лифтний тэжээлийн тоолуур, урд хойд орцны нийтийн эзэмшилийн гэрэлтүүлэгт тоолуур, 10 давхрын 2 айлд дээврээс ус гоожсон асуудал дээр дээврийн хар цаас тавьж янзалсан, узель, байрны халаалтын жийргүүдийг солиулж, мөн 2 орцны лифтийг зассан, 6 давхарт нэг айлд гал гарсны улмаас орцны кордиорт засвар хийсэн. Ер нь “Жиашидэ” ХХК-ийн 3 жилийн баталгаат хугацаанд хийх ёстой ажлыг хийж 49.620.500 төгрөг болсон. Энэхүү барилгат улсын бүртгэлийн гэрчилгээ гарахгүй байсан тул улсын бүртгэлийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Төрийн өмчит орон сууцны корпараци, Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын газар зэрэг газруудаар хөөцөлдсөн. Дээрхи гарсан зардлуудыг хариуцахын тулд хувь хүнээс болон банк бус санхүүгийн байгууллагаас 55.000.000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 30.000.000 төгрөгийг хувь хүнээс зээлсэн. “Жиашидэ” ХХК-ний хариуцах цахилгаан, дулааны төлбөрүүдийг төлсөн. Тухайн үед 2-3 хоногоор цахилгаан, ус тасалдаг байсан. Энэ асуудлыг өмгөөлөгч, 59 тоотын оршин суугч М.Амарбаяр мэдэж байгаа. Манай компани цахилгааны төлбөрт 21.500.000 төгрөг, усны төлбөрт 8.500.000 төгрөг, дулааны төлбөрт 16.500.000 төгрөгийг тус тус төлсөн. Энэ зардалд 110 айлын хэрэглээний зардал бол ороогүй, зөвхөн энэ айлуудын төлбөр төлснөөс хойшхи буюу нийтийн эзэмшлийн талбай, орцнуудын цахилгаан, дулаан усны төлбөр орсон болно. “Фү Жиан Лян Хө” ХХК, “Жиашидэ” ХХК манай компанийн хамтран ажиллах гэрээний дагуу гэрээний алдангид  327.550.000 төгрөг, барилгын баталгаат хугацаанд гүйцэтгэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан зөрчил гомдлыг арилгах зардал 49.620.500 төгрөг, цахилгааны төлбөрт 21.500.000, усны төлбөр 8.500.000 төгрөг, дулааны төлбөр 16.500.000 төгрөг, хогны төлбөр 1.320.000 төгрөг, зээлийн хүүнд 67.800.000 төгрөг нийт 492.290.500 төгрөгийг “Жиашидэ” ХХК-иас нэхэмжилж байна гэв. 

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өгөөмөр мандал” ХХК-ийн “Жиашидэ” ХХК-д холбогдуулан гаргасан 492.290.500 төгрөгийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр “Жиашидэ” ХХК-ийн хувьцааг С.Эрдэнэ худалдан авсан байдаг. Баянгол дүүргийн 18-р хороонд байрлалтай 110 айлын орон сууцнаас 6 орон сууцыг газраараа хөрөнгө оруулалт хийсэн “Өгөөмөр мандал” ХХК-д өгсөн. “Жиашидэ” ХХК нь 98 айлын сууцыг гэрээгээр өгсөн. 98 айл бол 2011 оны 11 дүгээр сараас эхлээд байрандаа орсон. 2012 оны 01 дүгээр сард орон сууцыг техникийн комисст өгөөд улсын комиссийн акт гарсны дараа хятад компанийн захиралууд нутаг руугаа буцсан байдаг. С.Эрдэнэ нь дээр дурьдсан 6 байр болон 20 айлын үлдэгдэл төлбөрийг авах талаар худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл газраараа хөрөнгө оруулсан “Өгөөмөр мандал” ХХК хамтран ажиллах гэрээнд заасны дагуу нийт байрны талбайн 10 хувьтай тэнцэх буюу 630 мк талбайдаа 6 байр, нэг давхрын үйлчилгээний том талбай авсан байдаг. “Жиашидэ” ХХК-ийн бусдад худалдаагүй үлдээгээд явсан нэр бүхий 6 ширхэг байрнаас 4 байрыг хуурамч бичиг баримт үйлдэж худалдсан байдаг учраас эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. “Өгөөмөр мандал” ХХК болон “Фү Жиан Лян Хө” ХХК-ний хооронд 2008 оны 6-р сарын 02-ны өдөр хамтран ажиллах, хөрөнгө  оруулалтын гэрээг үндэслэж алдангийн хэмжээг 550.000.000 төгрөгөөр тодорхойлсон байна. “Фү Жиан Лян Хө” ХХК нь “Жиашидэ” ХХК-д 2010 оны 08 дугаар сарын 06-нд дутуу гүйцэтгэлтэй барилгаа шилжүүлсэн байдаг. “Өгөөмөр мандал” ХХК болон “Фү Жиан Лян Хө” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг шилжүүлэн авсан гэдгээр буруутгаж алданги нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч нь барилгыг ашиглалтанд оруулах хугацаа, алданги тохирсон хувь болон нийт хэмжээ зэргийг хариуцагчаас өөр этгээдтэй байгуулсан. “Жиашидэ” ХХК нь “Өгөөмөр мандал” ХХК-ийн хооронд 75 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьж дуусган байнгын ашиглалтанд оруулах, хөрөнгө оруулалт хийх хамтран ажиллах гэрээний харилцаа үүсэж байгаа. Нэхэмжлэгч өөр этгээдтэй байгуулсан гэрээнийхээ заалтыг үндэслэж үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь Иргэний хуулийн заалтуудтай нийцэхгүй байна. “Өгөөмөр мандал” ХХК болон “Жиашидэ” ХХК-ийн хооронд алдангийн талаар бичгээр хийсэн гэрээ байхгүй. “Өгөөмөр мандал” ХХК болон “Фү Жиан Лян Хө” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн нэмэлт гэрээгээр талуудын хүлээсэн үүрэг нь “Жиашидэ” ХХК, “Өгөөмөр мандал” ХХК-иудын гэрээнд хамаарахгүй. Учир нь 2010 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэмэлт гэрээ байгуулагдсныг “Жиашидэ” ХХК мэдээгүй. “Фү Жиан Лян Хө” нь “Өгөөмөр мандал” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 04-нд байгуулагдсан нэмэлт гэрээ байгуулагдахаас өмнө барилгаа санхүүжүүлэх чадваргүй болоод “Жиашидэ” компанид хандсан байдаг. Энэ үндсэн дээр 75 хувийн гүйцэтгэлтэй барилгаа шилжүүлсэн. Ингээд 75 хувийн гүйцэтгэлтэй барилгын эрхийг 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр “Жиашидэ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлснээр талуудын хэрэгжүүлэх үүрэг бүрэн хэрэгжиж дууссан. “Фү Жиан Лян Хө” ХХК нь барилга угслартын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй бөгөөд зөвхөн гадаад дотоод худалдаа эрхлэх барилгын материалаар хангах эрхтэй компани байсан байна. “Жиашидэ” ХХК-ний маргаан бүхий барилгат “Жиашидэ” ХХК хөрөнгө оруулалт хийснийг “Өгөөмөр мандал” ХХК мэдээгүй байх боломжгүй. Өөрийн эзэмшил газар дээр баригдаж буй барилга дээр өөр этгээд ажиллагаа явуулж байхад түүнийг таслан зогсоох талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Иймээс “Жиашидэ” ХХК-ийг барилгын талбайд чөлөөтэй оруулж, барилга барих ажиллагааг нь удирдах хөрөнгө оруулалт хийх барилгын тодорхой хэсгийг өмчлөх хэсгээ баталгаажуулхад нь дэмжсэн бичгийг удаа дараа гарган өгч байсан. “Фү Жиан Лянь Хө” ХХК бол “Жиашидэ” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах хөрөнгө оруулах гэрээг үндсэндээ хүлээн зөвшөөрч байсан. Өгөөмөр мандал ХХК гэрээгээр хүлээсэн үүргийг “Жиашидэ” ХХК хариуцах үндэслэлтэй гэж үзвэл гэрээний хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Нэхэмжлэгч алдангид тооцсон 2, 8, 64, 100 тоотын орон сууцыг нэг км-ийг 1.250.00 төгрөгөөр тооцож авсан бол хэнтэй тохирсон, гэрээний алдангийг хэн тооцсон, тооцооны акт үйлдсэн, “Жиашидэ” ХХК-ийн өмчлөлийн 4 байрыг гэрээгээр авсан асуудал хэрэгт байхгүй. “Жиашидэ” ХХК-ийг барилгын гүйцэтгэгч гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. “Фү Жиан Лян  Хө” ХХК дуусаагүй барилгаа улсын бүртгэлд бүртгүүлээд 2010 оны 12 дугаар сарын 22-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан. Түүнийгээ “Жиашидэ” ХХК-д шилжүүлж өгсөн. Дуусаагүй барилгат хөрөнгө оруулалт хийж барилгыг барих үүргийнхээ дагуу “Жиашидэ” ХХК нь хөрөнгөө гаргаад 5 компанитай гэрээ байгуулан ажилласан. Ерөнхий гүйцэтгэгчээр “Аадмир” ХХК, бусад “Хандок” “Эрхи” “Телемакс” зэрэг 4 компани бол туслан гүйцэтгэгчээр ажилласан. Ийм учраас “Жиашидэ” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулах эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй, зөвхөн хөрөнгө оруулах, барилгын материал нийлүүлэх бусад барилга барих монголын тусгай зөвшөөрөлтэй компаниудтай гэрээ байгуулсан ажилласан. Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийг барилгын гүйцэтгэгч хэмээн үзэж барилгын доголдолтой холбоотой асуудлаар шаардлага гаргасан нь барилгын ажил гүйцэтгэхтэй холбогдсон ажиллагааг хориглосон болон барилгын ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах тухай холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Мөн 20 айлын бохирын босоо шугам, 18 айлын бохирын босоо хэвтээ шугам зассан гэх боловч 45 айлын бохирын босоо шугамд доголдол гарсан гэж бичсэн. Баримтаас үзэхэд тоон үзүүлэлтүүд нь хоорондоо таарахгүй, эдгээр айлуудаас доголдлын талаар гомдол гаргаж байгаагүй байна. Хэн хэзээ гомдол гаргасан, эрх бүхий байгууллага ямар дүгнэлт гаргасан талаар баримт байхгүй. 6-р давхрын 83 тоотод гар утас нь дэлбэрч гал гарсан нь энд хамаагүй. Нэхэмжлэлдээ 29.650.550 төгрөгний хохирол учирсан гэх боловч 48.460.000 төгрөгний зардлын хүснэгт хийсэн байна. Нэхэмжлэгч нь Баттулга гэдэг хүнтэй гэрээ хийсэн 11 удаагийн ажил хүлээлцэх актыг бүрдүүлж 26.545.000 төгрөгийн цалин олгож, 15.000.000 төгрөгийн материалын зардал гаргасан гэжээ. Үүнээс үзэхэд 41.400.000 төгрөгний зардал гарсан байна. Энэ нэхэмжлэлийн дүн 3 өөр байна. Оршин суугчдын оруулсан мөнгийг хасаад хэрэглээний зардалд 47.300.000 төгрөг гарсан гэж байгаа. 37-р байранд 2011 оны 11 дүгээр сарын 25-наас эхлээд 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 98 айл оршин суусан байсан.  Нэхэмжлэлд дурдсан цахилгаан, дулаан, ус хогны зардлыг хэрэглэгчид өөрөө төлдөг. Оршин суугчид хэрэглээний зардлаа А.Эрдэнэтөгсийн болон “Өгөөмөр мандал” ХХК-ийн Хаан банкны 2 дансанд 104.478.600 төгрөг шилжүүлсэн, энэ нь 2014 оны 08 дугаар сараас 2016 оны 1-р сар дуустал хугацааных юм. Баянгол дүүргийн 18-р хороо 4-р хорооллын 37-р байрны оршин суугчдын хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны төлбөрийг “Жиашидэ” ХХК хариуцах үндэслэлгүй. А.Эрдэнэтөгс нь нийт 93.000.000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллага, хувь хүмүүсээс зээл авсан зээлийн хүү төлсөн гэж нэхэмжлэлийн 4-р шаардлагыг тодорхойлсон байдаг. Оршин суугчдын өгсөн 104.478.000 төгрөгийг юунд зарцуулсан, энэ их зээл авч байсан асуудал гарна. Мөнгө зээлсэн гэх баримт нь хэрэгт авагдсан баримтуудтай илт зөрүүтэй, нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар нь бодит байдалд нийцэхгүй байна. Хувь хүнээс зээлсэн Дэлгэрмаатай байгуулсан гэрээ нь “Жиашидэ” ХХК-д хамааралгүй байна. ББСБ болон хувь хүнээс зээл авсан нь Иргэний хууль болон бусад хуульд нийцээгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

           

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч   “Өгөөмөр мандал” ХХК нь “Жиашидэ” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 492 290 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 336 195 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

“Өгөөмөр мандал” ХХК нь 2008 оны 6-р сарын 12-ны өдөр “Фу Жиан Лян Хө” ХХК-тай “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт оруулах тухай” гэрээ байгуулж, “Өгөөмөр мандал” ХХК нь Баянгол дүүргийн 1-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 9 тоот эзэмших эрхийн 054274 тоот гэрчилгээ бүхий 1406 м.кв талбайтай газраар, “Фу Жиан Лян Хө” ХХК нь энэ газарт 10 давхар үйлчилгээтэй орон сууцыг барих, хөрөнгө оруулалтаа 100 хувь гаргахаар /1-р хавтас 13-21/ тохирчээ.

 

Гэрээгээр “Фу Жиан Лян Хө” ХХК нь орон сууцыг 2009 оны 4-р улиралд ашиглалтад оруулах, газраар хөрөнгө оруулсан хэмжээгээр буюу борлогдох ашигтай талбайн 10 хувь буюу 630.183 м.кв талбайг шилжүүлэхээр тохирсон байна. Талууд  2010 оны 9-р сарын 4-ний өдөр “Нэмэлт гэрээ” хийж, барилгыг ашиглалтад оруулах хугацааг 2011 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, тогтоосон хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд Б тал буюу “Фу Жиан Лян Хө” ХХК нь 0.1 хувийн алданги төлөхөөр тохирсон /хх 246/ байна.

 

  Талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээний агуулга, зохигчийн тайлбараас үзвэл Иргэний хуулийн 476-р зүйлд заасан “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан, өөрөөр хэлбэл, “Өгөөмөр мандал” ХХК нь газраараа, “Фу Жиан Лян Хө” ХХК нь тухайн газар дээр барилга барих, ашгаа хуваахаар тохирсон байна.

 

“Фу Жиан Лян Хө” ХХК нь 2010 оны 8-р сарын 6-ны өдөр “Жиашидэ” ХХК-д “Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх” тухай 01/07 тоот гэрээ байгуулж, “Өгөөмөр мандал” ХХК-ний хөрөнгө оруулсан газар дээр баригдаж байгаа дутуу гүйцэтгэлтэй барилгыг хамтран ажиллах гэрээний үүргийн хамт борлуулалтын үнээр шилжүүлэхээр /хх 22-23/ тохирчээ.

 

Үүгээр, “Өгөөмөр мандал” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийг “Жиашидэ” ХХК-д шилжүүлсэн, “Жиашидэ” ХХК барилгыг хүлээн авч хөрөнгө оруулсан, улмаар 2012 оны 12-р сарын 7-ны өдөр “Барилга байшинг ашиглалтад оруулах” улсын комиссийн актаар ашиглалтад өгсөн /хх 24-29/ байна.

 

Өөрөөр хэлбэл, барилгын захиалагч нь “Өгөөмөр мандал” ХХК, “Жиашидэ” ХХК бөгөөд улсын комиссийн актад талууд гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн, “Жиашидэ” ХХК нь байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн, өмчлөх эрхийн талаар маргаагүй байна.

 

Тухайн орон сууцыг ашиглалтад оруулснаар “Жиашидэ” ХХК нь 98 айлын сууцыг “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих” гэрээний үндсэн дээр бусдын өмчлөлд шилжүүлжээ.

 

Харин талууд гэрээ байгуулахдаа барилга байшинг ашиглалтад оруулснаар ашиглалтын үйл ажиллагааг хэн эрхлэх талаар тохиролцоогүй боловч “Өгөөмөр мандал” ХХК энэ үйл ажиллагааг эрхлэн явуулсан, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээтэй холбоотой гарсан зардал, хугацаандаа ашиглалтад өгөөгүйн улмаас гэрээгээр тохирсон алданги зэргийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

 

Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх ба нэхэмжлэгч энэ хугацааг хэтрүүлээгүй байна.

 

“Жиашидэ” ХХК нь орон сууцыг 2011 оны 3-р сарын 31-ний дотор ашиглалтад оруулахаар тохирсон боловч энэ хугацааг хэтрүүлэн 2012 оны 12-р сарын 07-ны өдөр улсын комиссийн актаар байнгын ашиглалтад орсон байх тул энэ хүртэл хугацаагаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Гэрээний 4.2, нэмэлт гэрээний 2-р зүйлд зааснаар алданги төлөх үүрэгтэй.

 

Гэрээгээр “Жиашидэ” ХХК нь тухайн орон сууцны барилгын борлогдох талбайн 90 хувийг, “Өгөөмөр мандал” ХХК нь 10 хувийг өмчлөхөөр тохирсон бөгөөд алдангид нэхэмжилсэн 327 550 000 төгрөгийн 90 хувь буюу 294 795 000 төгрөгийг “Жиашидэ” ХХК хариуцах нь зүйтэй.

 

Түүнчлэн “Өгөөмөр мандал” ХХК нь орон сууцыг барих, ашиглалтын явцад төлөгдөөгүй байсан цахилгааны төлбөрт 21 500 000 төгрөг, усны төлбөрт 8 500 000 төгрөг, дулааны төлбөрт 16 000 000 төгрөг нийт 46 000 000 төгрөгийг эрх бүхий байгуулагат төлсөн нь баримтаар тогтоогдсон /хх 203-244/ байна. Үүний 90 хувь буюу 41 400 000 төгрөгийг хариуцагч “Жиашидэ” ХХК хариуцан арилгах үндэслэлтэй.

 

“Өгөөмөр мандал” ХХК нь орон сууцны барилгад үүссэн доголдлыг өөрийн зардлаар арилгаж 49 620 500 төгрөгийн зардал гарч хохирсон талаар маргажээ. 

 

Тухайн сууцны оршин суугчид халаалт, халуун, цэвэр, бохир ус, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын зардлыг эрх бүхий байгууллагат, харин дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг “Өгөөмөр мандал” ХХК-д төлдөг /3-р хавтас 3-124, 2-р хавтас 186-220/ байна.

 

“Өгөөмөр мандал” ХХК нь 2013 оны 10-р сарын 01-ний өдөр иргэн А.Баттулгатай 01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 37-р байрны сантехник, цахилгаан, засвар үйлчилгээ болон бусад засвар үйлчилгээний ажлуудыг 2013 оны 10-р сараас 2015 оны 10-р сарын хугацаанд гүйцэтгүүлэхээр тохирч, 2015 оны 11-р сарын 23-ны өдрийн 01 тоот, 2013 оны 1-р сарын 06-ны 02 тоот, 2014 оны 5-р сарын 25-ны 03 тоот, 2014 оны 10-р сарын 11-ний 04/01 тоот, 2014 оны 11-р сарын 10-ны 04 тоот, 2014 оны 12-р сарын 20-ны 05 тоот, 2014 оны 12-р сарын 24-ний 06 тоот, 2015 оны 2-р сарын 15-ны 07 тоот, 2015 оны 05-р сарын 14-ний 08 тоот, 2015 оны 05-р сарын 23-ны 09 тоот, 2015 оны 05-р сарын 23-ны 10 тоот, 2015 оны 8-р сарын 29-ний 11 тоот  “Ажил хүлээлцсэн акт”-уудыг  нотлох баримтаар /хх 140-202/ гаргажээ.

Эдгээр баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалбал ажил хүлээлцсэн актад гүйцэтгэсэн ажлыг ямар хугацаанд гүйцэтгэсэн нь тодорхойгүй, ажил гүйцэтгэсэн хугацаа, худалдан авалт хийсэн баримтын огноотой тохироогүй, зарим баримтууд засвартай, мөнгө хүлээн авсан гэх баримтууд нь санхүүгийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нөгөө талаас, эдгээр баримтуудад дурьдагдсан ажлыг гүйцэтгээгүй гэсэн оршин суугчдын тайлбар /2-р хавтас 223-230/, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь “Хайрхан капитал” ББСБ ХХК-иас 37-р байрны доголдлыг арилгах зорилгоор 3 удаа зээл авч байсан /2-р хавтас 50/ гэх боловч зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн, буцааж төлсөн зэрэг баримтаар нотлогдоогүй, иргэн  Д.Дэлгэрмаагаас энэ зориулалтаар 2014 оны 2-р сарын 1-ний өдөр 30 сая төгрөг зээлсэн, зээлийг буцаан төлсөн гэх боловч орон сууцны доголдлыг энэ мөнгөөр арилгасан /хх 61-62/ нь тогтоогдоогүй. Энэ үндэслэлээр  зэээлийн хүүд 67 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.                                                                                                                                                             

 1-р хавтаст хэргийн 249-250, 2-р хавтаст хэргийн 1-14 дэх талд авагдсан Стандартчилал, хэмжил зүйн газрын цахилгаан хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээнүүдтэй холбоотой зардал, Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хорооллын 37-р байрны 2, 8, 11, 41, 64 тоот сууцтай холбоотой шаардлага гаргаагүй, 3-р хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэгтэй холбоотой баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй, “Өгөөмөр мандал” ХХК-ний 2012-2015 оны санхүүгийн тайланд 37-р байрны засвар үйлчилгээтэй холбоотой зардал, өглөг, авлага тусгагдаагүй, 37-р байрны барилгын ажил гүйцэтгэхэд хэнээр гүйцэтгүүлсэн, ерөнхий болон туслан гүйцэтгэгчтэй холбоотой шаардлага, татгалзал гараагүй, шүүгчийн 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн 27347 тоот захирамжаар гэрчээр Энхбаяр, Мягмардаш, Цэцэгээ, Нямсүрэн нарыг оролцуулах хүсэлтийг хангасан боловч шүүхэд дуудан ирүүлэх, хаяг, овог нэр тодорхойгүйг дурьдах нь зүйтэй.   

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476-р зүйлийн 476.1, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Жиашидэ” ХХК-иас 336 195 000 /гурван зуун гучин зургаан сая нэг зуун ерэн таван мянга/ гаргуулж “Өгөөмөр мандал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 156 095 500 /нэг зуун тавин зургаан сая ерэн таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 777 353 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Жиашидэ” ХХК-иас 1 838 925 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Өгөөмөр мандал” ХХК-д олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Р.АЛТАНТУЯА