Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2017/00054/И |
Дугаар | 154 |
Огноо | 2017-03-10 |
Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2017/00054/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: О.Баасандаваа
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул нар оролцов.
Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх тосгоны нэгдлийн төвийн 5-4 тоотод оршин суух, Хорчид овогт Очирбатын Баасандаваагийн нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Баасандаваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Н.Энхбаярын 2 дахь хүү болж төрсөн. 1997 онд аав маань нас бараад ээжийнхээ эгч болох Чинбатын Мөнхцэцэгийн асаргаанд байж, 2008 онд эгч Ч.Мөнхцэцэгийн гэр бүл Гомбодоржийн Очирбатынд үрчлэгдсэн болно. 2015 онд 10 дугаар ангиа төгссөн юм. Төрсний гэрчилгээ байгаа боловч өөр хүнтэй давхар бүртгэгдсэн нэг регистртэй, иргэний бүртгэлийн мэдээллийн санд төрөлт бүртгэлгүй, архивт төрсөн тухай нотлох баримт байхгүй, мөн төрсөн газрын эмнэлгийн төрөлтийн бүртгэлд мэдээлэл байхгүй байгаа тул төрсөн, он, сар, өдрийг тогтоож өгнө үү. Өөр нотлох баримт байхгүй. Уг хэрэгтэй холбоотой шинээр нотлох баримт гаргаж өгөхгүй, энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй.
Иймд миний төрсөн он сар өдрийг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 17 тал)
Нэхэмжлэгч О.Баасандаваа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Н.Энхбаярын 2 дахь хүү болж төрсөн юм. 1997 онд аав маань нас бараад ээжийнхээ эгч болох Чинбатын Мөнхцэцэгийн асаргаанд байж, 2008 онд эгч Ч.Мөнхцэцэгийн гэр бүл Гомбодоржийн Очирбатынд үрчлэгдсэн болно. 2015 онд 10 дугаар ангиа төгссөн юм. Төрсний гэрчилгээ байгаа боловч Даваадалай гэдэг хүнтэй регистрийн дугаар давхардсан. Тухайн хүн нь нас барсан учир иргэний бүртгэлийн мэдээллийн санд төрөлт бүртгэлгүй, архивт төрсөн тухай нотлох баримт байхгүй, мөн төрсөн газрын эмнэлгийн төрөлтийн бүртгэлд мэдээлэл байхгүй байна. Миний бие 12 дугаар ангийг төгсөөд дээд сургуульд явах гэсэн боловч иргэний үнэмлэх байхгүйн улмаас явж чадаагүй. Мөн Монгол улсын иргэний бүртгэлд байхгүйн улмаас цэрэгт явж чадаагүй. Улсын бүртгэлийн хэлтсээс лавлахад төрсний гэрчилгээний мэдээллээр архивын баримтаас шүүхэд өөр иргэний мэдээлэл гарч байгаа тул шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн юм.
Иймд О.Баасандаваа миний төрсөн он сар өдрийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Баасандаваа нь насаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Хорчид овогт Очирбатын Баасандаваа нь 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.№ 0134501 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт: Хорчид овогт Очирбатын Баасандаваа эрэгтэй, 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрснийг Хэнтий аймгийн Батноров суманд 1996 оны 5 дугаар сарын 20-нд бүртгэж гэрчилгээ олгов гэжээ... (хх-ийн 3 тал)
2. № 03 үрчлэлтийн гэрчилгээний хуулбарт:.. үрчлэн авсан эцэг Хорчид овогт Гомбодоржийн Очирбат, эх Тангуд овогт Чинбатын Мөнхцэцэг нарт Баасандавааг 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үрчилснийг бүртгэж гэрчилгээ олгов гэжээ... (хх-ийн 3 тал)
3. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтод...тухайн иргэний төрсний гэрчилгээний мэдээллээр....өөр иргэний мэдээлэл гарсан гэжээ...(хх-ийн 4 тал)
4. Хэнтий аймгийн Батноров сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтод:... Энхбаярын Баасандаваа нь 19 настай эрэгтэй, 1996 оны 4 дүгээр сарын 26-нд төрсөн...архивын бүртгэлд материал байхгүй гэжээ...(хх-ийн 6 тал)
5. Батноров сумын 2000 оны төрөлтийн бүртгэлд:..24 дүгээрт:...Доржийн Даваадалай гээд Баасандаваагийн регистрийг бичжээ... (хх-ийн 8 тал)
6. Иргэний үнэмлэхийн өргөдөл маягтад:.. СА-96042619 регистрийн дугаартай, Хорчид овогт Очирбатын Баасандаваа гээд... улсын бүртгэгч Д.Хонгорзул гээд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна. (хх-ийн 10 тал)
7. Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн ажлын албаны тодорхойлолт:...тус хотын харъяат СА-96042619 регистрийн дугаартай, Очирбатын Баасандаваа нь 2 дугаар хороо, хөдөө хэсэгт ам бүл-6, аав, ээж, ах, дүүгийн хамт оршин суудаг нь үнэн гэжээ... (хх-ийн 11х)
8. Гэрч Г.Очирбатын:...О.Баасандаваа нь манай эхнэрийн эгчийн хүүхэд байгаа юм. 1997 онд О.Баасандаваагийн аав нь өвчний улмаас нас барсан. Нас барахын өмнө хүүгээ надад захиж үлдээсэн юм. О.Баасандаваа нь 1996 онд төрсөн. 2000 онд Хэнтий аймгийн Батноров сумын Иргэний бүртгэлийн байцаагчаас төрсний гэрчилгээг нь авсан. Тэрээр 18 насанд хүрч цэргийн албанд явах үедээ регистрийн дугаар давхардсан болохыг мэдсэн.. гэсэн мэдүүлэг...(хх-ийн 21-22 тал)
9. Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно (хх-ийн 1-10 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Хорчид овогт Очирбатын Баасандавааг 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Баасандаваагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ