| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00121/И |
| Дугаар | 155 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 155
2017 оны 03 сарын 10 өдөр Дугаар 156/ШШ2017/00155 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00121/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт оршин суух, Боржигон овогт Цэндийн Хаянхярваа /РД:СЭ51050871/-гийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Хаянхярваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Хаянхярваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1972 оны 12 дугаар сараас 1998 он хүртэл Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхаан хотын үлгэр жишээ 8 жилийн сургуульд мужаан, цахилгаанчнаар тасралтгүй 26 жил ажилласан. Тухайн үед манай гэр гал түймэрт өртөж хөдөлмөрийн дэвтэр болон бусад бичиг баримтыг үрэгдүүлсэн. Тэр үед 3 дугаар сургууль /одоогоор Тэмүүжин цогцолбор сургууль/ нь санхүүгийн баримтуудаа төрийн архивт хүлээлгэн өгөөгүйгээс болж тэтгэвэрээ бүрэн тогтоолгож чадаагүй. Иймд 1972 оны 12 дугаар сараас 1998 он хүртэл 3 дугаар сургуульд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Ц.Хаянхярваа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний 1972 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1999 огы 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 10 жилийн одоогоор 3 дугаар дунд сургуульд мужаан, слесарь, жижүүр, цахилгаанчнаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Цэндийн Хаянхярваа нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 8 жилийн сургууль /хожим Хэрлэн сумын 10 жилийн 2 болон 3 дугаар дунд сургууль болсон/-д 1972 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мужаан, цахилгаанчин, слесарь, жижүүрээр тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Ц.Хаянхярваагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Цэндийн Хаянхярваа нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 8 жилийн сургууль /хожим Хэрлэн сумын 10 жилийн 2 болон 3 дугаар дунд сургууль болсон/-д 1972 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мужаан, цахилгаанчин, слесарь, жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 22х/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А-32 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9х/, нэхэмжлэгч Ц.Хаянхярваагийн 1983, 1982, 1981, 1980 онуудад шагнагдаж байсан баярын бичиг /хх-ийн 14-17х/, гэрч Ц.Нямшүхэрийн мэдүүлэг /хх-ийн 25х/, гэрч Т.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 26х/, гэрч Г.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-ийн 27х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц. Хянхярваа нь 1969 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1972 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгаас цэрэгт татагдан Барилгын цэргийн 111 дүгээр ангид цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2011 оны 12 лдугаар сарын 21-ний өдрийн 7321 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 4х/-гаар тогтоогдож байх ба энэ байдлыг шийдвэрт оруулж дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Цэндийн Хаянхярваа /РД:СЭ51050871/-г Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 8 жилийн сургууль /хожим Хэрлэн сумын 10 жилийн 2 болон 3 дугаар дунд сургууль болсон/-д 1972 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд мужаан, цахилгаанчин, слесарь, жижүүрээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Ц.Хаянхярваа нь 1969 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1972 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ц.Мижидсамдангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР