| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 182/2018/01851/и |
| Дугаар | 001/ХТ2018/01851 |
| Огноо | 2018-12-14 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2018/01851
Э.Чын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00750 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1495 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Э.Ч
Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох
Үндсэн нэхэмжлэл: Хөдөлмөрийн гэрээний үүрэгт 10 347 000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэл: Ээлжийн амралтын олговрын зөрүүнд 1 260 244 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэл болон тайлбартаа: Э.Ч нь Б ХХК-д 2016-03-04-ний өдрөөс эхлэн нөхөн төлбөрийн хэлтсийн захирлаар ажилласан. Ажиллах хугацаандаа нөхөн төлбөрийн албаны бүхий л үйл ажиллагаа болон даатгалын тохиолдол баталгаажуулах, шуурхай алба зэргийг удирдан зохион байгуулж ажиллаж, улмаар 2016 онд “Б” ХХК-ийн шилдэг хэлтсээр шалгарсан. Хөдөлмөрийн гэрээний хавсралтад ажилтны гаргасан төлөвлөгөө, дэвшүүлсэн үр дүн, хэрэгжилт, санхүүгийн үр дүнгээс шалтгаалж цэвэр ашгийн 1 хувиар тооцож урамшуулал олгоно гэж заасан. Б ХХК-ийн 2016 оны санхүүгийн тайлангаар 1 тэрбум гаран төгрөгийн ашигтай ажилласан тул 1 хувийн урамшуулал нь 10,340,000 төгрөг болно. Гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх боловч менежментийн багт 2016 оны урамшууллыг хуваарилсан гэдгийг 2017-10-19-ний өдөр мэдсэн. Ингэхдээ 2016 оных байтал хариуцагч засвар оруулж 2017 он гэж бичсэн. 274 тоот тушаалаар 100 сая төгрөгийг менежментийн багт хуваарилсан. Э.Ч захиралд олгох ёстой 1 хувийн урамшуулал 10 сая төгрөгийг нөхөн төлбөрийн хэлтсийн ажилтан н.Уртнасан, н.Бат-Эрдэнэ, н.Батболд, н.Батчимэг нарт хуваарилсан. Сахилгын шийтгэлийн ногдуулсан тухай 2016-07-29-ний өдрийн Б/179 тоот тушаалыг хариуцагч нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Ажиллаж байх хугацаанд дүгнээгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гэрчүүдээр дүгнүүлсэн нь үндэслэлгүй. Гэрч н.Уртнасан нь захирал ажлынхаа хувьд чадвартай, сайн байсан гэсэн. Бусадтай зодолдсон талаар гэрчүүд мэдээгүй. Хариуцагч ашигтай ажиллаагүй юм бол ашиггүй ажилласан гэх нотлох баримтыг хавтаст хэрэгт өгөөгүй. Ашигтай ажилласан гэх санхүүгийн тайлан эрх бүхий байгууллагаас ирсэн. Иймд хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 2016 оны санхүүгийн тайланд тодорхойлсон цэвэр ашгаас 1 хувиар тооцон, холбогдох зардлын хамт 10,347,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралт 2-ын 3 дахь заалтад үндэслэн ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ба төлөвлөгөө дэвшүүлсэн үр дүнг боловсруулж батлуулсан бизнес төлөвлөгөөний хэрэгжилт санхүүгийн үр дүн болон бусад холбогдох ажил бүрээр гүйцэтгэх захирал үнэлж, амжилттай үнэлгээ авсан тохиолдолд урамшууллыг санхүүгийн тайлант жилийн эцсийн цэвэр ашгаас 1 хувиар тооцож жилд нэг удаа олгохоор заасан. Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас халагдсан нь үндэслэлгүй бол тушаалыг авснаас хойш 1 сар, бусад нөхцөл байдалд өөрийн эрх нь зөрчигдсөнийг мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд нэхэмжлэл гаргадаг. 2016-12-31-ний өдрийн байдлаар компанийн санхүүгийн мэдээ гарсан ч үүнийг аудитаар баталгаажуулж, 2017 он гаргаж хэлэлцээд эцсийн дүн гардаг. 2017-03- 31-ний өдрийн дотор санхүүгийн тайлан дэлгэгдсэн нь тогтоогдсон тул үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцоход 2017-06-01-ний өдөр дуусгавар болсон. Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн албан бичгээр 2017-02-21-ний өдөр тайланг хүргүүлснийг дурдсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцоход ч дууссан. Хөдөлмөрийн гэрээний 10.1-д гэрээ дуусгавар болсноос хойш энэ гэрээний 12 болон 14 дүгээр зүйлд заасан эрх үүрэг хүчин төгөлдөр үйлчилж, бусад эрх үүрэг дуусгавар болно гэж заасан. Ажилтан амжилттай үнэлгээ авч байж урамшуулал олгох боловч нэхэмжлэгчийн ажлыг дүгнэсэн зүйл байхгүй. Э.Чт ажлын цагийг үр бүтээлгүй ашигласан, хоцорсонтой холбоотой сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн хуулийн асуудал хариуцаж ажиллаж байхдаа бусад хуулийн этгээдүүдэд зөвлөгөө өгч ажилласан нь тэрээр байгууллагын ажлыг хийхгүй байгаа нь тодорхой бөгөөд компанийн төлөө тууштай үнэнч шударгаар ажиллана гэх гэрээний заалт зөрчигдсөн. Түүний удирдлагад ажиллаж байсан нөхөн төлбөрийн ахлах мэргэжилтэн н.Зоригтбаатартай хувийн таарамжгүй байснаас түүнийг ажлаас нь халсан, ашиг сонирхлын зөрчил гаргасан. Гэрч н.Уртнасангийн хэлснээр бусад ажилтнуудтай хүндэтгэлгүй харьцдагийн улмаас ажилтнууд ажлаас гарсан. Компанийн захирал нэхэмжлэгчийн ажлыг дүгнээгүй шалтгаан нь нэхэмжлэгч өөрөө хийсэн ажлын тайланг гаргаагүй, хүлээлгэж өгөөгүй, бичгээр дүгнэх боломжгүй байсан. Мөн гэрч н.Долгорын мэдүүлгээр 2017 онд даатгалын газар шилдэг хэлтсээр шалгарсан боловч би урамшуулал аваагүй гэсэн. Шилдэг хэлтсээр шалгарсны шагнал нь 2сая төгрөг байсан ба энэ тухай гэрч н.Уртнасан бид тухайн мөнгийг хуваан авсан гэж мэдүүлдэг. 2017 оны 10 дугаар сард менежментийн багт урамшуулал олгох тушаал нь 2016 оны урамшуулал биш. 2017 оны эхний улиралд урамшуулал хувиарлах боломжгүй, учир нь 2016 онд ашигтай гарч байгаа нь 2015 оны ажлын үр дүн бөгөөд энэ нь даатгалын салбарын онцлог. Э.Ч нь өөрийн эрх зөрчигдсөн гэдгийг мэдэж байсан буюу хөөн хэлэлцэх хугацааг энэ үеэс эхэлж тоолно гэдгийг харуулсан баримт байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Э.Ч ажлаас гарахаасаа өмнө гүйцэтгэх захиралд ээлжийн амралтын мөнгийг урьдчилж авъя гэх хүсэлт гаргаж, урьдчилан мөнгө авсан. Ингээд Э.Ч нь тухайн ондоо гүйцэд ажиллалгүй тухайн оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас гарсан тул илүү ээлжийн амралтын мөнгө авсан. Ажил хүлээлцэх актад 1,7сая төгрөгийг буцааж өгнө гэж гарын үсэг зурсан. Энэ талаар компани нэхэмжлэл гаргасан боловч тухайн үед нэхэмжлэгч нь Гүйцэтгэх захиралтай холбогдож тус мөнгийг төлнө гэж гуйсан болохоор итгээд нэхэмжлэлийг буцаан авсан. Хэдий энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах үр дагаваргүй боловч ёс зүйн хувьд таарамжгүй хууран мэхлэлт учраас хэлснийхээ дагуу төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2017-11-28-ны өдрийн 03321 дугаартай нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00750 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасныг баримтлан Б ХХК-иас 10,347,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн Э.Чын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан Б ХХК-ийн, Э.Чаас 1 260 244 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.,59 дүгээр зүйлийн 59.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180 502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 796 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1495 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт 2016-12- 23-ны өдөр “Б” ХХК-ийн захиргаанаас тус компанийн нөхөн төлбөрийн хэлтсийн хамт олныг оны “Шилдэг хэлтэс”-ээр шалгаруулсан тухай “Өргөмжлөл”, 2016-12-15-ны өдрийн “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/083 тоот “Шинэ жилийн үйл ажиллагаа, шагналын төсөв, тоо батлах тухай” тушаал, хавсралтын хамт авагдсан ба энэ нь нөхөн төлбөрийн хэлтсийн ажилчдын ажлын үр дүнг үнэлж олгосон шагнал байх бөгөөд энэ талаар гэрч Д.Долгор, М.Уртнасан нар мэдүүлсэн байна” гэж үндэслэсэн нь мөн хэсгийн “Дээрхээс үзэхэд талуудын хооронд байгуулсан ХГ-16/033 тоот хөдөлмөрийн гэрээний 9.1, 9.2, 9.3-т заасны дагуу... Нөхөн төлбөрийн хэлтсийн ажилчдын ажлын үр дүнг дүгнэж шилдэг хэлтсээр шалгарсан үед тус хэлтсийн захирлын ажлыг дүгнэн хөдөлмөрийн гэрээний хавсралтад заасан урамшууллыг олгохоор ажилтан ажил олгогч нарын хооронд тохиролцсон талаарх баримт авагдаагүй байна.” гэж үндэслэсэнтэй зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, гэрээний 9.1, 9.2, 9.3-т заасан үр дүнг нэхэмжлэгч гаргаж чадаагүй гэдгийг нотолсон баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, энэ талаар шүүх үндэслэх хэсгийн 5 болон 7-д нэг бүрчлэн тодорхой заасан атлаа нөхөн төлбөрийн хэлтсийн ажилчдын ажлын үр дүнг дүгнэж шилдэг хэлтсээр шалгарсан үед тус хэлтсийн захирлын ажлыг дүгнэн хөдөлмөрийн гэрээний хавсралтад заасан урамшууллыг олгохоор ажилтан ажил олгогч нарын хооронд тохиролцсон талаарх баримт авагдаагүй гэж хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй шийдвэрийг гаргасан байна. Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ажлыг гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчийн удирдан зохион байгуулж байсан хэлтэс нь компани дотроо бусад менежментийн багийн гишүүдийн удирдаж байсан хэлтсээс илүү ажиллаж оны шилдгээр шалгарсан болохыг нотолсон баримт юм.Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс 3 сарын дотор холбогдох байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэснийг үндэслэж, нэхэмжлэгч нь 2017-05-15-нд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа 05-18-нд ажил олгогч байгууллагатай холбогдох тооцоог хийн тойрох хуудсыг үйлдсэнээс хойш 2016 оны байгууллагын тайлант жилийн цэвэр ашгаас 1 хувиар тооцон урамшуулал авах эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан ХГ-16/033 тоот хөдөлмөрийн гэрээний хавсралтанд заасан “санхүүгийн тайлант жилийн эцсийн цэвэр ашгаас 1 хувиар тооцож, жилд нэг удаа урамшуулал олгоно” гэсэн зохицуулалт нь ашиг хуваах буюу хамтран ажиллах гэрээний шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн эрх зүйгээс давсан буюу хувийн эрх зүйн харилцааны хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хийгдэж, талуудын тохиролцоонд тулгаруулан ашгийг хувиарлах нөхцөлөөр тайлбарлагдах юм . Энэ нь Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлүүдэд заасны дагуу эдийн засгийн ашигт ажиллагаа буюу тайлант үеийн цэвэр ашгийг хувиарлах нөхцөлтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдахгүй өргөн ойлголт юм. Мөн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсгийг үндэслэж тайлбарлахдаа адил төстэй харилцааг хооронд нь ялгалгүй хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь тус тус үйл явдал болон ИХШХШТХ-н 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Э.Ч, Б ХХК-д холбогдуулан 2017-12-05-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 10,347,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...2016 оны санхүүгийн тайлангаар компани нэг тэрбум гаран төгрөгийн ашигтай ажилласан тул хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу нэг хувийн урамшуулал авах ёстой...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган, урьдчилж авсан ээлжийн амралтын мөнгө 1,700,000 төгрөгийг гаргуулахыг шаардсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын гомдол гаргаагүй тул тус шүүхээс үндсэн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Э.Ч Б ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Нөхөн төлбөрийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан талаар зохигч маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж шүүх үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд “...ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг ажилтны гаргасан төлөвлөгөө, дэвшүүлсэн үр дүн, боловсруулж батлуулсан бизнес төлөвлөгөөний хэрэгжилт, санхүүгийн үр дүн болон бусад холбогдох ажил тус бүрээр гүйцэтгэх захирал үнэлэх бөгөөд амжилттай үнэлгээ авсан тохиолдолд урамшууллыг санхүүгийн тайлант жилийн эцсийн цэвэр ашгаас 1 хувиар тооцож, жилд нэг удаа олгоно...” гэж заасан бөгөөд Б ХХК 2016 оны тайлант үеийн цэвэр ашиг 1,034,819,388 төгрөг байсан нь нотлогджээ.
Хэрэгт, нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл, түүний үр дүнг үнэлсэн болон хөдөлмөрийн гэрээний хавсралтад заасан урамшууллыг олгохоор ажил олгогч шийдвэрлэсэн баримт байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 47 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
Урамшуулал нь цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд олгож буй мөнгөн болон биет бус хэлбэрийн олговор бөгөөд үүнийг ажилтан тодорхой нөхцөл болзлыг хангасан үед олгодог. Ажил олгогч нь урамшуулал олгох үндэслэл, журмыг тусгасан хэмжээг дангаар эсхүл хамтран тогтоох эрхтэй юм.
Нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ажилд орсон байна. Хэрэгт, тайланд хамрагдах хугацаанд бүрэн ажлаагүй тохиолдолд 2016 оны цэвэр ашгаас олгох урамшууллыг хэрхэн тооцох тухай баримт байхгүй буюу энэ тухай хөдөлмөрийн гэрээний талууд хамтдаа эсхүл ажил олгогч дангаараа гаргасан шийдвэр авагдаагүй тул уг хэмжээг шүүхээс тодорхойлох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 274 дугаар тушаалаар 2016 оны урамшуулал хуваарилсан нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн, Э.Ч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ажил олгогчоос шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж дүгнэв.
Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/00750 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1495 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 180.502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Б.УНДРАХ