Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2018/0030/З |
Дугаар | 159/ШШ2019/0001 |
Огноо | 2019-01-14 |
Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 159/ШШ2019/0001
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одбаатар би нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 44 дугаартай хурлын тогтоолыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 р багийн иргэн В.Ганболд миний бие нь 2001 оны 10-р сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 158 дугаартай захирамжаар тус сумын төвд буюу халаалтын төвийн хойно төв замын зүүн хэсэгт автомашины гражийн зориулалтаар 1000 мкв газрыг 15 жилийн хугацаатай ашиглахаар болсон юм. Гэтэл одоогийн Алтанбулаг сумын Засаг дарга ******* 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний ашиглаж буй газарт давхцуулан эзэмшүүлэхээр 4 шийдвэр гарсныг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан ба 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамж гарч эвлэрлийн гэрээ байгуулсан.
Тус эвлэрлийн гэрээнд ******* нь...Миний бие Ганболдын 1000 мкв гражийн газрыг хууль, дүрмийн дагуу ашиглах явцад саад учруулахгүй, тус тусын өмчийг ашиглах болно... гэж дурдсан. Энэ нь шүүгчийн захирамжид тусгагдсан байгаа. Гэтэл ******* нь эвлэрлийн гэрээгээ үл биелүүлж миний ашиглаж буй газар болон гражийг оруулан блокон хашаа барьсан ба миний газар ашиглах эрхийг ноцтойгоор зөрчин шүүхийн шийдвэрийг үл биелүүлж намайг хохироосон. Энэ асуудлаар 2015 онд Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрийг гүйцэтгэх хуудас бичүүлсэн ба 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусч 1000 мкв газрыг надад хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамж нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр биелэгдсэн. Миний дээрхи маргаан бүхий газрыг ашиглах хугацааг дуусахаар нь сунгах болон мөн 2002 оны шинэ хуулиар эзэмшүүлэхээр солих тухай хүсэлтийг тухайн үеийн Засаг дарга ******* болон газрын даамал Отгонцогт нарт гаргасан. Гэтэл ямар нэгэн хариу өгөөгүй учраас би газар ашиглах хугацааг сунгагдсан гэж ойлгосон. Мөн миний бие нь газар эзэмшүүлэх гэрчилгээг авахын тулд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандсан ба Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 44 дугаартай хурлын тогтоолын 1 дэх хэсэгт..тус сумын 1-р багийн Булгийн гудамж Халаалтын төвийн хойно байрлах 0,1 газрыг эзэмшүүлэхээр мөн биелүүлж ажиллахыг даалгасан. Миний бие нь сумын Засаг дарга ******* газар эзэмшүүлэх тухай хүсэлтээ гаргахад 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 401 дугаартай албан тоотоор...газар олгохыг хүссэн хүсэлтээ газар зохион байгуулагчид хандан шийдвэрлүүлнэ үү... гэсэн ба үүний дагуу баримтуудаа бүрдүүлэн сумын газрын албанд өгөхөд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн газрын даамал Н.Отгонцогтын мэдэгдлээр...тус газар нь 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 72 дугаартай захирамжаар ******* олгогдсон гэрчилгээтэй давхцаж байгаа учраас хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл надад газар эзэмшүүлэх эрх бүхий албан тушаалтан сумын Засаг дарга *******ы нэр дээр байгаа гэрчилгээтэй давхцсан байна гэжээ. Миний бие нь дээрх газрыг 2001 оны 10-р сарын 26-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 158 дугаартай захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байхад мөн эзэмших хугацаа дуусаагүй байхад одоогийн Засаг дарга ******* 2007 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмшүүлж байгаа нь хэрвээ давхцсан бол газрын алба өөрсдөө хууль зөрчиж давхцсан асуудлыг гаргасан байна. Тухайн үед энэ асуудлаар миний бие нь Захиргааны хэргийн шүүхэд хандахад цаашдаа ямар нэгэн маргаан гаргахгүй гэж үзээд эвлэрсэн. Гэтэл сумын газрын алба нь би өмнө нь хүний газар давхцуулж авсан мэтээр, одоо давхцуулж авах гэж байгаа мэтээр дурьдсан нь хэт их сумын Засаг дарга *******ы нөлөөнд автаж ажпаа хийж 2001 оноос хойш тус газар дээр граж барьж ашиглаж байгаа миний эрхийг ноцтой зөрчиж намайг хохироож байгаа юм.
Хэрвээ давхцсан газар юм бол яагаад Алтанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дахин эзэмшүүлэхээр тогтоол гарсан юм бэ? энэ тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоогийн Засаг дарга ******* нь дээрхи хурлын тогтоолыг үл тоож миний хүсэлтийг авахгүй байгаа нь өөрийнх нь хууль бусаар эзэмшсэн газартай нь холбоотой учраас төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчиж, ашиг сонирхлын зөрчил гаргаж иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна. Энэ талаар гомдлоо Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2018.09.11 өдөр гаргасан ба гомдлыг газрын алба руу шилжүүлсэн гээд албан ёсны хариуг өгөөгүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 44 дугаартай хурлын тогтоолыг биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч В.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч В.Ганболд миний бие тус шүүхэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан Сэлэнэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх хурлын тогтоолын агуулгыг зөрүүтэй ойлгож гаргасан байх тул нэхэмжлэлээ татан авах хүсэлт гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Ганболд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж зааснаар нэхэмжлэгч В.Ганболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн ******* нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан иргэн ******* нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 44 дугаартай хурлын тогтоолыг биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОДБААТАР