| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0029/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2020-10-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгч Р.М, Г.Д, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Х.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Жалайр овогт Р-н М Холох овогт Ганзоригийн Дамдиндорж, Гэгээнтэн овогт Түмбаатарын Батдорж нарт холбогдох 2016000400017 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Р.М, Г.Д, Т.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-наас 2020 оны 02 дугаар сарын 09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Дээд ихэр улаан” гэх нэртэй газраас хохирогч Ж.Н, Д.Онарын өмчлөлийн 6 тооны адууг бэлчээрээс хулгайлан авч 5.900.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би Г.Дтой утсаар яриад ийшээ явах гэж байна. Замаасаа ганц хоёр адуу тавичихъя. Мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн чинь за тэгье гээд гурвуулаа ярилцаад явсан. Шатахуун түгээх газарт очиж мотоцикл ачаад цаашаа яваад Дэлгэр сум орсон. Дэлгэр сумаасаа цаашаа явж байгаад би зам дээр үлдсэн. Энэ 2 адуу үзчихсэн байсан. Энэ 2 очиж адуугаа бариад ачиж аваад явсан. Би цаашаа явсан. Энэ 2 буцаад наашаа явсан гэв.
Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Т.Б бид хоёр Халиун сум явах гээд ярилцаад байж байсан чинь Р.М утсаар залгаад адуу ачилцаатах. Явъя гэж хэлсэн. Дуудахаар нь шатахуун түгээх газарт очсон чинь мотоцикл аччих. Урагшлаад ирье гэхэд нь хамт явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Гэмт хэрэгт орооцолдохгүй гэв.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Найз Г.Д намайг хөдөө яваад ирье гэж дуудсан. Би тэр үйлдлийг мэдээгүй байсан. Замдаа мэдсэн. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахиж хэзээ ч тийм зүйл хийхгүй гэв.
Хулгайн адуу ачсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-6-р хуудас/,
Мал, Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хх- ийн 10-12-р хуудас/, дансны хуулга /1-р хх-ийн 27-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичиг баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8-р хуудас/
Хохирогч Д.О-ынмөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 02-р сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэртээ хөзөр тоглоод сууж байхад гэрээс 2-З км зайд мотоциклын дуу гараад байхаар нь гэрээс гараад харахад гэрэлгүй мотоциклтой хоёр хүн адуу тугаад байхаар нь Занабазар бид хоёр Занабазарын мотоциклоор нөгөө гэрэлгүй мотоциклны чигт явсан чинь гэрэлээ асаагаад зугтаахаар нь араас нь хөөгөөд явж байсан чинь урд талд нөгөө 2 чинь мотоциклтойгоо онхолдсон. Ингээд нөгөө 2 хүнийг аваад гэртээ ирээд яагаад адуу хөөсөн талаар нь асуусан чинь манай адуунаас 6 адуу ачуулаад явуулсан гэсэн ...тэр өдрийн үүрээр 08-67 ӨВР улсын дугаартай цагаан өнгийн ачааны машинтай нэг залуу манай адуунуудыг ачсан байдалтай ирэхээр нь цагдаа дуудсан ...надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй, адуунуудаа бүгдийг нь олж авсан” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 16-17, 31-р хуудас/,
Хохирогч Ж.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Хэсгийн төлөөлөгч нөгөө ачааны цагаан машинаас О бид хоёрын 6 тооны адууг буулгаад хүлээлгэж өгсөн ...О бид хоёрын адуу 2017 оноос хойш цуг байгаа юм ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, адуунуудаа бүгдийг нь олж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Н.Зын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэр шөнө гадаа тод сартай байсан болохоор дурангаар харсан чинь 2 хүн адуу хөөгөөд явж байсан ...тэр хоёр хүн улаан өнгийн Мустанг-200 маркийн улсын дугааргүй мотоциклтой явж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23, 33-р хуудас/,
Гэрч Ц.Тын мөрдөн байцаалтад өгсөн “...*** ӨВР улсын дугаартай автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Худалдаж авсан хүн нь мөнгөө гүйцээж өгөөгүй 3.500.000 төгрөг дутуу болохоор нэрийг нь шилжүүлж өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-720/083 дугаартай үнэлгээний дүгнэлт /1-р хх- ийн 41-42-р хуудас/
Шүүгдэгч Р.М, Г.Д, Т.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Тын өмчлөлийн ***** ӨВР улсын дугаартай “Кia Rhino” маркийн цагаан өнгийн ачааны авто машиныг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ГАА: 1000404 дугаартай тайлан /хх-ийн 54-56-р хуудас/,
Улсын дугааргүй Мустанг-200 маркийн улаан өнгийн мотоциклийг үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ГАА: 1000405 дугаартай үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 52-53-р хуудас/,
Г.Дийн гэрчээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 24-25, 71-р хуудас/,
Т.Бийн гэрчээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/1-р хх-ийн 26-27, 88-90-р хуудас/,
Р.М-иин гэрчээр болон яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28-30, 81-р хуудас зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Шүүгдэгч Р.М, Т.Б, Г.Д нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-наас 2020 оны 02 дугаар сарын 09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Дээд ихэр улаан” гэх нэртэй газраас хохирогч Ж.Н, Д.О нарын өмчлөлийн 6 тооны адууг бэлчээрээс хулгайлан авч 5.900.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Ор, Ж.Н нарын мэдүүлэг, гэрч Н.З, Ц.Т, шүүгдэгч Р.М, Т.Б, Г.Д нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хулгайн адуу ачсан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мал эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, Ашид билгүүн ХХК-ны 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн ГАА: 1000405 дугаартай үнэлгээний дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-720/083 дугаартай үнэлгээний дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Р.М, Т.Б, Г.Д нар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Уг гэмт хэрэг нь бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар зүйлчлэгдэхээр байгаа боловч уг гэмт хэргийг шүүгдэгч нар нь 2020 оны 02 сарын 08-наас 02 сарын 09-нд шилжих шөнө үйлдсэн болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нэмэлт өөрчлөлт нь 2020 оны 01 сарын 16-ны өдөр батлагдаж мөн оны 02 сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны нэмэлт өөрчлөлт ороогүй Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.
Иймд прокуророос шүүгдэгч Р.М, Т.Б, Г.Д нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь хохирогч Ж.Н, Д.Онарын өмчлөлийн 6 тооны адууг бэлчээрээс хулгайлан авч 5.900.000 төгрөгний хохирол учруулсан хохирогч нар нь адуугаа буцаан авсан тул шүүгдэгч Р.М, Т.Б, Г.Д нар бусдад төлөх төлбөргүй болно.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Р.М, Т.Б, Г.Д нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.М, Т.Б, Г.Д нарт холбогдох хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.
Шүүгдэгч Р.М, Т.Б, Г.Д нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Т.Бид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Г.Д нь элэгний церрозтой, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай группд байдаг болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, эмчлүүлэгчийн карт дахь эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр зэргээр тогтоогдож байна.
Засгийн газрын 2015 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5.1 дэх хэсэгт “ 70 буюу түүнээс дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн гэж ойлгохоор зохицуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд...оногдуулахгүй” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.М, Т.Б, Г.Д нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзан үзэв.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 08-67 УВР улсын дугаартай Kia Rhino маркийн ачааны авто машин, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-200 маркийн улаан өнгийн мотоциклыг ашигласан болох нь тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Ц.Т нь тус хэрэгт хураагдсан *** УВР улсын дугаартай Kia Rhino маркийн ачааны авто машинаа буцаан авах хүсэлт гаргасан боловч шүүгдэгч Р.М нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан өөрөөр хэлбэл өөр автомашинаар сольж үнийн зөрүү 3.500.000 төгрөгийг өгөхөөр хоорондоо тохиролцсон байх тул уг гэмт хэргийг үйлдэхэд ашигласан **** УВР улсын дугаартай Kia Rhino маркийн ачааны авто машиныг шүүгдэгч Р.Мгийн өмчлөлд шилжсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-200 маркийн улаан өнгийн мотоцикль нь шүүгдэгч Г.Дийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий *** УВР улсын дугаартай Kia Rhino маркийн ачааны авто машин, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-200 маркийн улаан өнгийн мотоциклыг тус тус хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч Ц.Тын *** УВР улсын дугаартай Kia Rhino маркийн ачааны авто машинаа буцаан авах талаар гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Р-ийн М, Х овогт Г-ийн Д, Г овогт Т-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Т.Бид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсугай.
3. Шүүгдэгч Р.М, Т.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих, шүүгдэгч Г.Д нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулсугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5-д зааснаар хэрэгт хураан авсан 15.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий **** УВР улсын дугаартай Kia Rhino маркийн ачааны авто машин, 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-200 маркийн улаан өнгийн мотоциклыг тус тус хураан авч улсын орлого болгосугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан 02465096 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА 0986196 дугаартай авто тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 951742 дугаартай шүүгдэгч Р.Мгийн жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан нарын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Иргэний нэхэмжлэгч Ц.Тын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, авто машины үнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.М, Т.Б, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА