Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 164

 

2017 оны 03 сарын 14 өдөр           Дугаар 156/ШШ2017/00164      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00101/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгонд оршин суух, иргэн Тайж нар овогт Чүлтэмжамцын Гантулга /РД:СЗ64041206/-ын нэхэмжлэлтэй
            “Баримт бичигт овог буруу бичигдснийг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
          
ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Ч.Гантулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
              Миний бие 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Өмнэдэлгэр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдлагууд манай аавын нэрийг Даш гэж андуурч бичсэнээс архиваас шүүлгэхэд баримт дээр Дашийн Гантулга гэсэн нэрээр гарч ирж байгаа тул өндөр насны тэтгэвэрт гарах болоход Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. Иймд миний 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Нийтийн ахуй үйлчилгээнд ажиллаж байсныг ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн миний овог Дашийн Гантулга биш Чүлтэмжамцын Гантулга болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

    Нэхэмжлэгч Ч.Гантулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний болон Хурхын сангийн аж ахуйн газрын даргын 1982 оноос 1993 он хүртэлх удирдлагын баримтууд дээр миний хойд аав Дашийн нэрээр овоглосон бичсэн байна. Иймд миний овгийг Дашийн Гантулга биш Чүлтэмжамцын Гантулга болохыг тогтоож өгнө үү. Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үсчин, захиалга хүлээн авагчаар, 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хурхийн сангийн аж ахуйд зочид буудлын эрхлэгч, ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. 
         
              Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Тайж нар овогт Чүлтэмжамцын Гантулга нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын болон Хурхын сангийн аж ахуйн даргын 1982 оноос 1993 он хүртэлх санхүүгийн болон удирдлагын баримтууд дээр овог буруу бичигдсэнийг тогтоолгохоор, түүнчлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үсчин, захиалга хүлээн авагчаар, 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хурхийн сангийн аж ахуйд зочид буудлын эрхлэгч, ногоочноор тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

              Шүүх нэхэмжлэгч Ч.Гантулгын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

              Нэхэмжлэгч Тайж нар овогт Чүлтэмжамцын Гантулга нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын болон Хурхын сангийн аж ахуйн даргын 1982 оноос 1993 он хүртэлх санхүүгийн болон удирдлагын баримтууд дээр овог буруу бичигдсэнийг тогтоолгохоор, түүнчлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үсчин, захиалга хүлээн авагчаар, 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хурхийн сангийн аж ахуйд зочид буудлын эрхлэгч, ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 16х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 9х/, Хэнтий аймгийн Хурхын Сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 175 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5-6х/, Хэнтий аймгийн Хурхын Сангийн аж ахуйн даргын 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Хурхын Сангийн аж ахуйн даргын 1987 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 134 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 8х/, Хэнтий аймгийн Хурхын Сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 88 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9х/, гэрч Р.Сувдаагийн мэдүүлэг /хх-ийн 19х/, гэрч Д.Ганцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 20х/, гэрч М.Алтантуяагийн мэдүүлэг /хх-ийн 21х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 
      
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын болон Хурхын сангийн аж ахуйн даргын 1982 оноос 1993 он хүртэлх санхүүгийн болон удирдлагын баримтууд дээр Дашийн Гантулга гэдэг нэрээр бичигдсэн хүн нь нэхэмжлэгч Тайж нар овогт Чүлтэмжамцын Гантулга /РД:СЗ64041206/ мөн болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж нар овогт Чүлтэмжамцын Гантулга /РД:СЗ64041206/-ыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээнд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үсчин, захиалга хүлээн авагчаар, 1986 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хурхийн сангийн аж ахуйд зочид буудлын эрхлэгч, ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ч.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

  4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР