Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 166

 

2017 оны 03 сарын 14 өдөр           Дугаар 156/ШШ2017/00166      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00083/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжингийн 24 527в тоотод оршин суух, Дархан овогт Пельчирийн Золзаяа /РД:СМ79030703/-гийн нэхэмжлэлтэй
    Хариуцагч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг Моддын 19 тоотод оршин суух, Урайнхад овогт Александрын Мөнх-Оргил /РД:СЗ85090614/-д холбогдох
        Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов. 
          Хариуцагч А.Мөнх-Оргилд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 93014649 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй байх ба нэхэмжлэгч П.Золзаяа нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч А.Мөнх-Оргилыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

      
ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч П.Золзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
          Миний бие 2008 онд А.Мөнх-Оргилтой танилцаж, хамтран амьдрахаар тохиролцсоноор үр хүүхэдтэй болж хүү Төгөлдөр 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Би тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж хүү маань миний асрамжинд өсч торнисон. 2010 оноос тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Төгөлдөрийн эцэг А.Мөнх-Оргил мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
    
    Хариуцагч А.Мөнх-Оргил нь шүүхэд гаргасан тайлбартаа: 
    П.Золзаяа бид хоёр нь 2009 оноос эхлэн танилцаж, ойр дотнын харилцаатай байсан нь үнэн болно. Тухайн үед миний бие П.Золзаяатай хамтран амьдрах саналыг удаа дараа тавьж байсан боловч ёс уламжлал, зан заншил, хувийн эрүүл мэндийн улмаас татгалзсан санал тавьж байсаар байгаад 2010 оны эхэн 2011 оны сүүлээс нэгэнт хамтран амьдрах боломжгүй болж хөндийрсөн. 2010 онд хүү Төгөлдөрийг төрөхөд би өөрийн нэр дээр шилжүүлж, өсгөх санал тавихад би эрүүл мэндийн байдлын улмаас дахин хүүхэдтэй болох боломжгүй тул өөрөө өсгөж хүмүүжүүлнэ гэсэн ээжийн саналаар болсон. Мөн 2011 оны орчим П.Золзаяа нь Цэнхэрмандал сумаас шилжиж өөр орон нутагт амьдрахаар явахад нь дээрх саналыг тавихад бас л татгалзсан. Аав болох чамаас хараат бусаар өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг байсан. Миний хувьд хүү Төгөлдөрийн төрсөн эцэг биш гэж ямар ч байдлаар татгалзаж байгаагүй байхад нэхэмжлэл гаргасан байна. Иймд А.Мөнх-Оргил миний бие нь хүү Төгөлдөрийг ээж П.Золзаяатайгаа хамтран амьдрах боломжгүй. Би өөрийн нэр дээр шилжүүлж, өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 14х/


    Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

          Нэхэмжлэгч П.Золзаяа нь хариуцагч А..Мөнх-Оргилд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
    
          Нэхэмжлэгч П.Золзаяа нь А. Мөнх-Оргилтой 2008 онд танилцаж, хамтын амьдралтай болж, тэдний дундаас 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүү З.Төгөлдөр төрсөн болох нь №0364750 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар /хх-ийн 1, 13х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 14х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна.

           Хариуцагч А. Мөнх-Оргилын хувьд хүү Төгөлдөрийг өөрийн хүү мөн гэдгийг шүүхэд өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрч байна. Гагцхүү тодорхой бэрхшээлт шалтгаануудын улмаас нэхэмжлэгчтэй ханилан сууж, хамт амьдраагүй талаар тайлбар өгсөн байна.

             Иймд нэхэмжлэгч П.Золзаяагийн хариуцагч А. Мөнх-Оргилтой эр эмийн харьцаатай байж, хамтран амьдарч байсан үедээ буюу 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрүүлсэн хүү З.Төгөлдөр /РД:СУ10241999/-ийн эцэг нь хариуцагч                    А. Мөнх-Оргил мөн байна гэж шүүх дүгнэлээ.

           Харин нэхэмжлэгчийн хүүгээ өөрийн асрамжинд авч, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд  зохигчдын үр хүүхэддээ үзүүлэх халамж, анхаарал, ахуйн нөхцөл байдлыг харгалзан хүү З. Төгөлдөрийг эх          П. Золзаяагийн асрамжинд үлдээж Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:         
          1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч Дархан овогт Пельчирийн Золзаяа /РД:СМ79030703/-гийн 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрүүлсэн хүү З.Төгөлдөрийн эцэг нь хариуцагч Урайнхад овогт Александрын Мөнх-Оргил /РД:СЗ85090614/ мөн болохыг тогтоосугай. 
          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү З.Төгөлдөр /РД:СУ10241999/-ийг эх П.Золзаяагийн асрамжинд үлдээсүгэй.
         3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1- дэх хэсгүүдэд зааснаар хүү З.Төгөлдөрийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч А.Мөнх-Оргилын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тоооцон гаргуулж, хүү З.Төгөлдөрийг тэжээн тэтгүүлсүгэй.
 
         4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч П. Золзаяад анхааруулсугай.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.Золзаяагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч А.Мөнх-Оргилоос нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Золзаяад олгосугай.

        6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

         7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР