Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 797

 

   2020        10          05                                   2020/ШЦТ/797

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

  шүүгдэгч, хохирогч Х.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,

   шүүгдэгч, хохирогч Л.С /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Өөлд овгийн Х.Э , Боржигон овгийн Л.С  нарт холбогдох эрүүгийн 2011000000886 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Өөлд овгийн Х.Э , 2002 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн 12 дугаар ангид суралцдаг,  ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарийн хамт Сонгинохайрхан  дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 65 гудамж 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,

Боржигон овгийн Л.С , 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч жүжигчин мэргэжилтэй, “Морьтон” энтертайнмент студид жүжигчин, ам бүл 4, эхнэр, 6-8 насны 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол ҮЭ гудамж 8а байр 106 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Х.Э , Л.С  нь 2020 оны 8 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын өргөө” караокены гадна хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гомдол, саналгүй...” гэв.

Шүүгдэгч Л.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гомдол, саналгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Иргэн Х.Э аас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх 7/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-18/,

Хохирогч Х.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед найз Дашням, Гантулга хоёртой уулзаад Хаадын өргөө лоунжид суугаад цамхаг нэртэй 3 литрийн 2 том пиво уугаад юм яриад сууж байгаад 03:00 цагийн үед тэндээсээ гарсан. Найз Гантулгыг хайгаад олохгүй болохоор нь Дашням бид хоёр Хаадын өргөөний гадуур хайгаад явж байтал дотор сууж байх үед Гантулгатай юм яриад байсан охин гадаа явж байхаар нь тэр охиноос Гантулгыг асуутал мэдэхгүй гэж хэлээд явсан. Хаадын өргөөний гадаа байсан Гранд Марк-2 автомашины хажуугаас 6-7 залуучууд Дашням бид хоёрыг дуудаад нааш ир гэхээр нь бид хоёр яваад очтол саарал малгайтай цамцтай залуу Дашнямтай муудалцаад цохиод авсан. Тэгээд би хажууд нь зогсож байтал миний араас нэг хүн нүүр хэсэгт цохиод авахаар нь би тонгойтол хэдэн залуучууд бөөгнөрч ирээд миний нүүрэн тус газар, элэг бөөр орчим цохисон. Найз Дашням намайг салгаж аваад тэгээд бид хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 21-22/,

Хохирогч Л.С  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр найз Баттулгын төрсөн өдөр болоод Хаадын өргөө караокед шөнө 01 цагийн үед найз Алтансүх, Энхжин, Намуун нарын хамт ороод тухайн караокены зааланд сууж байгаад Баллентайс 1 ширхэг, Сэнгүр 2 ширхэг, ундаа ус авч сууж байгаад №5 өрөөний караоке сулрахаар нь бид нар орж суугаад нэг цаг гаруй дуулж байгаад 03:00 цагийн үед тухайн газраас гарсан. Гарсны дараа манай хоёр найз болох Алтансүх, Баттулга хоёр хоорондоо үл ойлголцоод маргаан хийсэн. Би зарим зүйлийг санахгүй байна. Дотор сууж байхад найз Намууныг өдөж хоргоогоод байгаа талаар яриад байсан. Нэг мэдсэн хоёр залуутай маргалдаад зодолдоод байсан. Тэгээд бид нарыг найз Алтансүх салгасан. Бид нар Алтансүхийн Тоёота Хариер маркийн хар өнгийн автомашинд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/,

           Гэрч Э.Төвшинтулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...гадаа зодоон болж байхаар нь харсан чинь жүжигчин Л.С  дээгүүрээ саарал малгайтай цамцтай, нөгөө найз нь цэцэгтэй бордуу өнгийн футболктой байсан. Тэр хоёр зааланд сууж байгаад гарсан 3 залуугийн 2 залуутай зодолдож байсан. Тэгээд бид нараас Батгэрэл, Энхбат хоёр очиж салгах үед зодуулсан гээд байгаа залуугийн хамраас нь цус гарчихсан байхаар нь би холдуулаад аваад явсан. Сумъяабазар гэх жүжигчинтэй цуг явж байсан бордуу өнгийн футболктой залуу Батгэрэл бид хоёрыг зодох гээд дайраад байхаар нь бид хоёр энэ газар ажилладаг та нар битгий зодоон хийгээд бай одоо явцгаа гэж хэлсэн. Сумъяабазар гэх жүжигчинтэй цуг явж байсан нүдний шилтэй, сорочкон цамцтай залуу болохоор зодооныг салгаад зохицуулаад яваад байсан. Тэгээд бид нар луу Сумъяабазар гэх жүжигчинтэй цуг явсан залуучууд дайраад байхаар нь найз Сумирийн машинд суугаад түрүүлээд хөдлөөд явж байх үед Сумъяабазар гэх жүжигчинтэй цуг явж байсан залуучуудад зодуулсан 2 залуу хашаа даваад явж байсан... Зодоон салгах гээд очих үед нэг залуу зодуулчихсан хамар орчмоос нь цус гараад тонгойгоод зогсож байхаар нь би салгаад аваад явсан. Хамраас нь цус гарч байсан залуугийн найзыг Л.С  нүүр хэсэгт цохихыг харсан. Өөр хэн цохисныг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх 29-30/,

           Гэрч Б.Алтансүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр найз Баттулгын төрсөн өдөр болоод Хаадын өргөө караокед шөнө 01 цагийн үед найз Сумъяабазар, Энхжин, Намуун нарын хамт  ороод тухайн караокены зааланд сууж байгаад Баллентайс 1 ширхэг, Сэнгүр 2 ширхэг, ундаа ус авч сууж байгаад №5 өрөөний караоке сулрахаар нь бид нар орж суугаад нэг цаг гаруй дуулж байгаад 03:00 цагийн үед тухайн газраас гарсан. Гарсны дараа Баттулга бид хоёр хоорондоо үл ойлголцоод маргаан хийсэн. Би зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн найз Сумъяабазар танихгүй 2 залуутай зодолдоод байсан. Баттулгыг би анзаарч хараагүй. Би Сумъяабазарыг салгаад машиндаа оруулсан... Сумъяабазар бол танихгүй хоёр залуутай зодолдохыг хараад би салгасан. Баттулгыг би хаана байсныг хараагүй. Мөн зөөгч нар салгаад байсан...” гэх мэдүүлэг /хх 32/,

           Гэрч Г.Баттулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр болоод Хаадын өргөө караокед шөнө 02:00 цагийн үед найз Сумъяабазар, Алтансүх, Энхжин, Намуун нар ирээд №5 өрөөнд ороод Баллентес 1 ширхэг ууж байгаад 03:00 цагийн үед тухайн газраасаа гарсан. Гарсны дараа найз Алтансүх бид хоёр хоорондоо үл ойлголцоод маргаан хийсэн. Нэг мэдсэн найз Сумъяабазар танихгүй 2 залуутай зодолдоод байсан. Алтансүх бид хоёр салгаж холдуулчхаад танихгүй 2 залуугийн нэгнийх нь бөгс хэсэгт өшиглөчихсөн. Тэгээд араас 2, 3 залуучууд гүйж ирээд салгах гэтэл Сумъяабазар тэр 2-3 залуу руу дайраад бид нар зөөгч байна гээд гэж хэлээд больсон...” /хх 33/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 9569 дугаартай дүгнэлтэд: “... Х.Э ын биед духны цох хэсэг, хамар, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт шарх, дух, зүүн хөмсөгний дотор үзүүрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 38-39/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 9703 дугаартай дүгнэлтэд: “...Л.С ын биед баруун дээд 1-р шүдний паалангийн эмтрэл, доод уруулд шарх, баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 46-47/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63, 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 64, 65/, шүүгдэгч Л.С т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 66-69/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 73/, ажлын газрын тодорхойлолт /хх 75/, шүүгдэгч Х.Э ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 88-91/ зэргийг шинжлэн судлалаа.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Х.Э , Л.С  нь 2020 оны 8 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаадын өргөө” караокены гадна хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн иргэн Х.Э аас Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх 7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-18/, хохирогч Х.Э ын  “...2020 оны 8 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед найз Дашням, Гантулга хоёртой уулзаад Хаадын өргөө лоунжид суугаад цамхаг нэртэй 3 литрийн 2 том пиво уугаад юм яриад сууж байгаад 03:00 цагийн үед тэндээсээ гарсан. Найз Гантулгыг хайгаад олохгүй болохоор нь Дашням бид хоёр Хаадын өргөөний гадуур хайгаад явж байтал дотор сууж байх үед Гантулгатай юм яриад байсан охин гадаа явж байхаар нь тэр охиноос Гантулгыг асуутал мэдэхгүй гэж хэлээд явсан. Хаадын өргөөний гадаа байсан Гранд Марк-2 автомашины хажуугаас 6-7 залуучууд Дашням бид хоёрыг дуудаад нааш ир гэхээр нь бид хоёр яваад очтол саарал малгайтай цамцтай залуу Дашнямтай муудалцаад цохиод авсан. Тэгээд би хажууд нь зогсож байтал миний араас нэг хүн нүүр хэсэгт цохиод авахаар нь би тонгойтол хэдэн залуучууд бөөгнөрч ирээд миний нүүрэн тус газар, элэг бөөр орчим цохисон. Найз Дашням намайг салгаж аваад тэгээд бид хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 21-22/, хохирогч Л.С ын “...2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр найз Баттулгын төрсөн өдөр болоод Хаадын өргөө караокед шөнө 01 цагийн үед найз Алтансүх, Энхжин, Намуун нарын хамт ороод тухайн караокены зааланд сууж байгаад Баллентайс 1 ширхэг, Сэнгүр 2 ширхэг, ундаа ус авч сууж байгаад №5 өрөөний караоке сулрахаар нь бид нар орж суугаад нэг цаг гаруй дуулж байгаад 03:00 цагийн үед тухайн газраас гарсан. Гарсны дараа манай хоёр найз болох Алтансүх, Баттулга хоёр хоорондоо үл ойлголцоод маргаан хийсэн. Би зарим зүйлийг санахгүй байна. Дотор сууж байхад найз Намууныг өдөж хоргоогоод байгаа талаар яриад байсан. Нэг мэдсэн хоёр залуутай маргалдаад зодолдоод байсан. Тэгээд бид нарыг найз Алтансүх салгасан. Бид нар Алтансүхийн Тоёота Хариер маркийн хар өнгийн автомашинд суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/, гэрч Э.Төвшинтулгын “...гадаа зодоон болж байхаар нь харсан чинь жүжигчин Л.С  дээгүүрээ саарал малгайтай цамцтай, нөгөө найз нь цэцэгтэй бордуу өнгийн Футболктой байсан. Тэр хоёр зааланд сууж байгаад гарсан 3 залуугийн 2 залуутай зодолдож байсан. Тэгээд бид нараас Батгэрэл, Энхбат хоёр очиж салгах үед зодуулсан гээд байгаа залуугийн хамраас нь цус гарчихсан байхаар нь би холдуулаад аваад явсан. Сумъяабазар гэх жүжигчинтэй цуг явж байсан бордуу өнгийн футболктой залуу Батгэрэл бид хоёрыг зодох гээд дайраад байхаар нь бид хоёр энэ газар ажилладаг та нар битгий зодоон хийгээд бай одоо явцгаа гэж хэлсэн. Сумъяабазар гэх жүжигчинтэй цуг явж байсан нүдний шилтэй, сорочкон цамцтай залуу болохоор зодооныг салгаад зохицуулаад яваад байсан. Тэгээд бид нар луу Сумъяабазар гэх жүжигчинтэй цуг явсан залуучууд дайраад байхаар нь найз Сумирийн машинд суугаад түрүүлээд хөдлөөд явж байх үед Сумъяабазар гэх жүжигчинтэй цуг явж байсан залуучуудад зодуулсан 2 залуу хашаа даваад явж байсан... Зодоон салгах гээд очих үед нэг залуу зодуулчихсан хамар орчмоос нь цус гараад тонгойгоод зогсож байхаар нь би салгаад аваад явсан. Хамраас нь цус гарч байсан залуугийн найзыг Л.С  нүүр хэсэгт цохихыг харсан. Өөр хэн цохисныг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх 29-30/, гэрч Б.Алтансүхийн “...2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр найз Баттулгын төрсөн өдөр болоод Хаадын өргөө караокед шөнө 01 цагийн үед найз Сумъяабазар, Энхжин, Намуун нарын хамт  ороод тухайн караокены зааланд сууж байгаад Баллентайс 1 ширхэг, Сэнгүр 2 ширхэг, ундаа ус авч сууж байгаад №5 өрөөний караоке сулрахаар нь бид нар орж суугаад нэг цаг гаруй дуулж байгаад 03:00 цагийн үед тухайн газраас гарсан. Гарсны дараа Баттулга бид хоёр хоорондоо үл ойлголцоод маргаан хийсэн. Би зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн найз Сумъяабазар танихгүй 2 залуутай зодолдоод байсан. Баттулгыг би анзаарч хараагүй. Би Сумъяабазарыг салгаад машиндаа оруулсан... Сумъяабазар бол танихгүй хоёр залуутай зодолдохыг хараад би салгасан. Баттулгыг би хаана байсныг хараагүй. Мөн зөөгч нар салгаад байсан...” гэх мэдүүлэг /хх 32/, гэрч Г.Баттулгын “...2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр болоод Хаадын өргөө караокед шөнө 02:00 цагийн үед найз Сумъяабазар, Алтансүх, Энхжин, Намуун нар ирээд №5 өрөөнд ороод Баллентейс 1 ширхэг ууж байгаад 03:00 цагийн үед тухайн газраасаа гарсан. Гарсны дараа найз Алтансүх бид хоёр хоорондоо үл ойлголцоод маргаан хийсэн. Нэг мэдсэн найз Сумъяабазар танихгүй 2 залуутай зодолдоод байсан. Алтансүх бид хоёр салгаж холдуулчхаад танихгүй 2 залуугийн нэгнийх нь бөгс хэсэгт өшиглөчихсөн. Тэгээд араас 2, 3 залуучууд гүйж ирээд салгах гэтэл Сумъяабазар тэр 2-3 залуу руу дайраад бид нар зөөгч байна гээд гэж хэлээд больсон...” /хх 33/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 9569 дугаар “... Х.Э ын биед духны цох хэсэг, хамар, зүүн нүдний доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамарт шарх, дух, зүүн хөмсөгний дотор үзүүрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 38-39/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 9703 дугаар “...Л.С ын биед баруун дээд 1-р шүдний паалангийн эмтрэл, доод уруулд шарх, баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 46-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Э , Л.С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч Х.Э , Л.С  нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох тус тус ял шийтгэв.

Шүүгдэгч Х.Э  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирогч нар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх  тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Х.Э , Л.С  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э , Л.С  нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Х.Э , Л.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овгийн Х.Э , Боржигон овгийн Л.С  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э , Л.С  нарт тус бүр 600 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э , Л.С  нар нь  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Х.Э , Л.С  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э , Л.С  нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН