Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0358

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   “ИГЦ”ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү

           Илтгэгч: Т.Энхмаа         

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Д

Нэхэмжлэгч: “ИГЦ”ХХК

  Хариуцагч: СБДТХТУБ нар

Нэхэмжлэлийн шаардлага: “СБДТХТУБ нарын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 250022710 дугаар актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ш

Хэргийн индекс: 128/2021/0413/З.

 

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ИГЦ”ХХК-иас СБДТХТУБ нарт холбогдуулан “СБДТХТУБ нарын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 250022710 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

     2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 74 дүгээр зүйлийн 74.3, /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ИГЦ”ХХК-ийн СБДТХ-ийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 250022710 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

  3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Д давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 128/ШШ2022/0153 дугаар бүхий шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай.

3.1. Гомдлын үндэслэл: Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага агуулгын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнээгүй, хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй шийдвэр болсон байна.

Нэхэмжлэгч “ИХГ” ХХК нь СБДТХ-ийн улсын байцаагч М.Б, Р.Б нарын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 250022710 дугаар бүхий актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг түгээмэл тархацтай ашигт малтмалын МY-016775 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу 1.800.000.000 төгрөгөөр худалдсан орлогоос албан татвар ногдуулан суутгаж улсын төсөвт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж татварын байцаагч хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй хэмээсэн.

 3.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 "суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг; Мөн хуулийн 17.2.7-д эрх борлуулсны орлогод 30 хувиар" татвар ногдуулан уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т заасны дагуу 4.1.6-т заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ" гэж хуульчилсан байна.

3.3. Маргаан бүхий харилцаанд хамаарах суутгагч нь: Эрх борлуулж орлого олж буй татвар төлөгчид болох О.Сарантуяа, Солонгос улсын иргэн Chae kyoo choon нарт суутган авагч этгээд болох “Анд бюлдинг” ХХК орлого олгохдоо суутган авч төсөвт шилжүүлэх үүрэгтэй болно. Тохиолдлоос үзвэл “ИХГ” ХХК нь бодитоор орлого олсон үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд тус компанийн өмнөх хувьцаа эзэмшигчид болох О.Сарантуяа Солонгос улсын иргэн Chae kyoo choon нараас хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хөрөнгө борлуулсны орлого болох хувьцаа, үнэт цаас борлуулж олсон орлогоосоо албан татвар төлөх үүрэгтэй байсан.

3.4. СБДТХ-ийн улсын байцаагч М.Б, Р.Б нарын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 250022710 дугаар бүхий акт нь илт хууль бус захиргааны акт болох талаар:

СБДТХ-ийн улсын байцаагч М.Б, Р.Б нарын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 250022710 дугаар бүхий актаар орлого олоогүй, хуулийн хүрээнд суутгагч биш аж ахуй нэгжид торгууль тогтоосон үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-т иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэлгүй акт байхад анхан шатны шүүхээс үндэслэлтэй хэмээн шийдвэрлэж буй нь алдаатай байна.

3.5. 250022710 дугаар бүхий актыг татварын байцаагч нар тогтоохдоо нэхэмжлэгч “ИХГ” ХХК-д Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйл болон 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг гүйцэтгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №01 ярилцлагын тэмдэглэл, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ярилцлагын тэмдэглэл, татварын улсын байцаагчийн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл зэргээс илэрхий байна.

3.6. Уг зөрчлийг татварын байцаагч хянан шалгаж акт үйлдэх бүрэн эрхгүй талаар:

“ИГЦ”ХХК-ийн зөрчлийг үйлдсэн хариуцлагаасаа 2015 оны 08 сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх боломжтой.

3.7. “ИГЦ”ХХК нь 2013 онд гаргасан аж ахуй нэгжийн орлогын албан татварын зөрчлөө 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлангаа гаргаж тайлагнасан тул уг зөрчлийг үйлдсэнийхээ төлөө нэг удаа хариуцлагаас чөлөөлөгдөх хуулиар олгогдсон нэг удаагийн боломжийг эдлэх хууль зүйн бүрэн боломжтой болсон байна.

3.8. Татварын байцаагч нар 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр уг зөрчлийг шалган акт гаргасан бөгөөд тус актаар торгууль болон алданги, тооцож, татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан үйлдэл нь 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37.6-т заасан эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болно. Тухайн тохиолдолд Улсын Их Хурлаас тухайлан хууль баталж хуулийн этгээдийг нэг удаа зөрчил үйлдсэний хариуцлагаас чөлөөлөх хуулийн боломж олгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэлгүй шийдвэр тул илт хууль бус захиргааны акт болно. 17 Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлд тусгагдсан зарчмуудыг баримтлах үүрэгтэй.

3.9. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэсэн байх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх” /Захиргаанаас хууль ёсны зорилгын үүднээс иргэний эрхэд шаардлагатайгаас илүү хэмжээгээр халдахыг хориглодог, Аливаа шийдвэр нь тухайн шийдвэрлэж буй асуудалд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг илэрхийлсэн, бодит нөхцөл байдлаас урган гарсан байх, иргэний эрхэд шаардлагатайгаас илүү хэмжээгээр халдахыг хориглодог "proportionality" зарчим/ зэргийг зөрчиж гаргасан акт байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 128/ШШ2022/0153 дугаар бүхий шийдвэрээр “ИГЦ”ХХК-иас СБДТХ-ийн улсын байцаагч М.Б, Р.Б нарын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 250022710 дугаар бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

         4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгч “ИГЦ”ХХК-иас “СБДТХТУБ нарт холбогдуулан татварын улсын байцаагчийн  “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2016 оны 05 дугаар сарын 31-ний  өдрийн  250022710 дугаар  актыг  хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч нараас эс зөвшөөрч маргажээ. 

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл СБДТХ-ийн татварын улсын байцаагч нараас  “ИГЦ”ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 заалтыг үндэслэн 577,361,891.9 төгрөгийн нөхөн татвар, 173,208,567.7 төгрөгийн торгууль, 282,214,375.2 төгрөгийн алданги, нийт 1,032,784,834.8 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 2016 оны 05 дугаар сарын 31-ний  өдрийн  250022710 дугаар  акт үйлдсэн  байна.

4. Дээрхи төлбөрөөс талууд Түгээмэл тархацтай ашиг малтмал олборлож борлуулсны орлогод ашигт малтмалын нөөц ашигласны  төлбөр ногдуулж төлөөгүй зөрчилд  37,361,891.86 төгрөгийн нөхөн татвар, 11,208,567.56  төгрөгийн торгууль, 12,214,375.10 төгрөгийн алданги , нийт 60,784,834.80 төгрөгийн төлбөр ногдуулсанд маргаагүй байна.

5. Харин “ИГЦ”ХХК-ийн хувьцааг шилжүүлэх замаар  түгээмэл тархацтай ашигт малтмалын MY-016775 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг  1,800,000,000.0 төгрөгөөр худалдсаны орлогоос албан татвар ногдуулан суутгах үүргээ биелүүлээгүйд  хариуцлага тооцсоныг эс зөвшөөрч маргаж байна.

6. Хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэн Т.Б “ИГЦ”ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн Chae Kyoo Choo, “ИГЦ”ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Т.С  нарын хооронд харилцан тохиролцож байгуулагдсан 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах” гэрээнүүд, мөн этгээдүүдийн хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-үүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл зэрэг баримтуудаас үзвэл “ИГЦ”ХХК-ийн хувьцааг нийт 1,800,000,000.0 төгрөгөөр  Т.С, БНСУ-ын иргэн Chae Kyoo Choon нараас  Т.Б худалдаж авч, улмаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Сайр нэртэй газарт орших 101,81 гектар талбай бүхий уурхайн талбайд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын MY-016775 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн эзэмшигч болж  компанийн эрх түүнд шилжсэн байна.

7. Энэ тохиолдолд “ИГЦ”ХХК-ийн  хувьцааг шилжүүлэх замаар   тусгай зөвшөөрлийг 1,800,000,000.0 төгрөгөөр худалдаж  авахдаа эрх  борлуулсны орлогоос  албан татвар ногдуулан суутган авч улсын төсөвт шилжүүлэх үүрэгтэй. 

8. Тодруулбал Татварын Ерөнхий  хуулийн /2008/ оны 4 дүгээр зүйлийн 4.1.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д тус тус заасан зохицуулалтаар татвар суутгагч “ИГЦ”ХХК нь эрх борлуулсны орлогод 30 хувиар албан татвар ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор улсын төсөвт шилжүүлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд энэ үүргээ  биелүүлээгүй байна.

9. Энэхүү үүргээ биелүүлээгүй зөрчилд эрх шилжүүлэн авсан хуулийн этгээдэд татварын улсын байцаагч нараас хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.    

10. Харин дээрх зөрчилтэй холбогдуулан ногдуулсан шийтгэлийн хувьд татварын байцаагч нараас хууль хэрэглээний алдаа гаргасан байхад шүүх  “...алданги тогтоохдоо зөрчил үйлдэгдэх үед үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д заасны дагуу ногдуулсныг буруутгах үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэжээ. 

11.Учир нь татварын байцаагч нар алданги тооцохдоо Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна.” гэснийг үндэслэсэн байна.

12.Энэ зүйлийг  Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж  2015 оны 12 дугаар сарын 4-ний хуулиар өөрчлөн найруулсан байх бөгөөд  тус хуулийн этгээдийн  эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх зарчмыг зөрчсөн байна.

13. Иймд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж , алдангийг хэмжээг 20 хувиар тооцоход 108 000 000,0  /нэг зуун найман сая/  төгрөг  болж байх тул энэ хэмжээгээр татварын байцаагчийн актын алданги тооцсон болон  нийт төлүүлэх  төлбөрийн хэсэгт “282,214,375,10 төгрөгийн алданги, нийт  1,032,784, 834,52 төгрөгийн “гэснийг“ 120,214,375.10 төгрөгийн алданги, нийт 870,784,834,52 төгрөгийн төлбөрийг” гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. /нийт алдангийн хэмжээг тооцвол 12,214,375.10 төгрөг+108,000,000.0=120,214,375.10 төгрөгийн алданги болно/

14. Маргаан бүхий актаар тогтоогдсон зөрчил нь тус компанийн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу хүргүүлсэн тайлангаар чөлөөлөгдсөн татварт хамааралгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон,  /нууцын баримттай/ уг хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр ил болгож тайлагнаагүйн дээр хуульд заасан нөхцөлийг хангаагүй, чөлөөлөгдөх үндэслэлгүй болох талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ ...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд тайлангаа гаргаж тайлагнасан тул уг зөрчлийг үйлдсэнийхээ төлөө нэг удаа хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй  байна.  

       15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  зөвхөн дээрх эрх шилжүүлсний орлогод албан татвар суутгасан талаар  давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдлын  хүрээнд  давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэсэн болно.

        16. Дээрх тогтоогдсон байдалд тулгуурлан Татварын ерөнхий хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт зохих  өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03  дугаар  сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0153 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг  “Татварын ерөнхий хуулийн /2008 оны/  4 дүгээр зүйлийн 4.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1 /2015 оны 12 дугаар сарын 4-ний өөрчлөлт/, Аж  ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.6, 8 дугаар зүйлийн 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ИГЦ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, СБДТХТУБ нарт холбогдуулан татварын улсын байцаагчийн  “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай “2016 оны 05 дугаар сарын 31-ний  өдрийн  250022710 дугаар  актаар ногдуулсан төлбөрийг багасгаж, “282,214,375,10 төгрөгийн алданги, нийт  1,032,784,834,52 төгрөгийн“ гэснийг “120,214,375.10 төгрөгийн алданги, нийт 870,784,834,52 төгрөгийн төлбөрийг“ гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА