Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01880

 

Б Г.Е-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00558 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б Г.Е

         Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох    

         Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, Д.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэл болон тайлбартаа: Б Г.Е нь 2010-07-02-ны өдөр Э ХХК-д Материал техник хангамжийн баазын  даргаар ерөнхий захирлын Б/118 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байхад нь 2015 оны 05 дугаар сард үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулжээ. Түүнийг 2013, 2014 онуудад МТХБ-д хадгалагдаж байсан хайлшийн орцын нэмэгдэл болох фөрромарганец-75-ыг зохих зөвшөөрөлгүй 3 удаа 90 тонныг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д ашиг олох зорилгоор өгч үрэгдүүлсэн гэж яллагдагчаар татсан. Хэргийг 2015-07-04-ний өдөр Орхон аймгийн Прокурорын газрын Б/189 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Үүнээс  2 хоногийн дараа буюу 2015-07-06-ны өдрийн Б/750 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5, 131.1.3, дотоод журмын 8.2 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 10-н 2-г үндэслэн ажлаас нь халсан. Б Г.Е гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон. Иймд нэхэмжлэгчийг Э ХХК-ийн МТХБ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахыг шаардаж байна. Б Г.Е нь сард 2,2сая төгрөгийн, 2315 ам.долларын цалин авдаг.  34 сарын цалин хөлс 74,800,000 төгрөг болно. Ам.долларын 34 сарын цалин  78,710 ам.доллар болж байгаа. Иймд олговорыг төгрөгөөр болон ам.доллараартооцож гаргуулж өгнө үү гэжээ. 

         Хариуцагч  хариу тайлбартаа: ОХУ-ын иргэн Б.Г.Е нь Э ХХК-ийн Материал техник хангамжийн баазын даргаар ажиллаж байхдаа агуулахад бараа материал хүлээн авах, олгох, орлого, зарлагын баримт бичиг бүрдүүлэх журмыг зөрчсөний улмаас  онц их хэмжээний хохирол учирсэн.Энэ нь  тогтоогдсон тул  түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

        Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00558 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б Г.Е-г Э ХХК-ийн Материал техникийн хангамжийн баазын даргын ажилд эгүүлэн тогтоож,  олговорт 43,367,000 төгрөг, 60,520 ам.доллар  Э ХХК-с гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 24,833,000 төгрөг, 11,245 ам.долларын шаардлагы  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Э ХХК-с  1,104,051 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

        Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00558 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтанд “... 43.367.000 төгрөг” гэснийг “74.800.000 төгрөг” гэж, “60.520 ам.доллар” гэснийг “78.710 ам.доллар” гэж тус тус өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас “24.833.000 төгрөг, 11.245 ам.доллар” гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн 2 дахь заалтанд “улсын тэмдэгтийн хураамж 1.104.051 төгрөг” гэснийг “1.496.147” төгрөг гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

 

        Хариуцагч хяналтын гомдолдоо: Шүүх ИХШХШТХ-ийн 116.2, 116.3, 4.1, 40.1, 40.2-г зөрчиж нэхэмжлэгчийн гэм буруутай болохыг нотолсон баримтуудыг огт үнэлээгүй. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нотлогдоогүй, хэзээ, ямар зөрчил гаргасныг нотлоогүй, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогоогүй гэснийг зөвшөөрөхгүй байна.  Хэрэгт авагдсан  баримтуудаар зөрчил нотолж байгаа. Тухайлбал: “Э” ХХК-ийн Дотоодын аудитын хэлтсийн хяналт шалгалтаар Б Е.Г-ыг 2013-2014 онуудад 3 удаагийн үйлдлээр нийт 90 тонн буюу 444.7 сая төгрөгийн үнэ бүхий Ферромарганец-75 бодисыг  журам зөрчиж,  албан тушаалдаа хайнга хандаж, зөвшөөрөлгүйгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д олгосон.Үүний улмаас “Э” ХХК-д 444.7 сая төгрөгийн хохирол учирсан. ЭНэ тухай баримтыг шүүх огт үнэлээгүй. “Э” ХХК-ийн Дотоод аудитын хэлтсээс Ферромарганец-75 бодисын зарцуулалтын циклийг 2015 оны 01 дүгээр сард шалгасан шалгалтын тайлан /хх.115-117/, агуулахад бараа, материал хүлээн авах, олгох, орлого, зарлагын баримт бичгийг бүрдүүлэх тухай журам /хх.70-72/,зохигчийн хөдөлмөрийн гэрээ №57 /хх. 17-26/, ажлын байрны тодорхойлолт /хх.83-86/, Прокурорын 2015.07.04-ны өдрийн 5/189 /хх.29-30/, 2016.08.31-ны өдрийн 5/21, 2016.08.31-ны өдрийн 5/40А /хх.30-32/, 2017.07.05-ны өдрийн 5/135 /хх.34-334/, 2017.11.01 -ний өдрийн 1/77 тоот тогтоол /хх. 56-58/.  Прокурорын 2017 оны 1/77 тоот тогтоолд “...Б Е.Г-ын учруулсан нийт 90 тонн Ферромарганец-75 бодис буюу 444.7 сая төгрөгийн хохирлыг “Э” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас нэхэмжилж, харилцан суутган тооцоолол хийсний үр дүнд 7.5 тонн Ферромарганец-75 бодис буюу 37,059,149 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй байгаа..”-г дурдсан. Мөн прокурорын  2017 оны 5/135 дугаар тогтоолд  “...Дарханы төмөрлөгийн үйлдвэр  ХХК чанаргүй 29.38 тонн бараа нийлүүлж 22.2 тонн бараа буцаагдсан байх ба тухайн барааг “Э” ХХК-ийн Засвар механикийн Заводод хэрэглэсэн нь  агуулахад бараа, материал хүлээн авах, олгох, орлого, зарлагын баримт бичгийг бүрдүүлэх тухай журмыг зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэхээр байх тул иргэний  шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой..” талаар дурдсан. Шүүх  цалинг 2015 оны 5 дугаар сараас 2018-02- 09-ны өдөр хүртэл 34 сарын хугацаагаар тооцож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Үүнд:  Цагдаагийн газар, Прокурорын газар зэрэг хуулийн байгууллагууд 2015.04.09-ны өдрөөс эхлэн 2017.11.01-ний өдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд Б Е.Г-ын үйлдсэн ноцтой зөрчил, хэргийг хянан шалгаж тогтоол гаргаж байсны улмаас иргэний  шийдвэрлэх ажиллагаа 3 жил гаруй сунжирсанд хариуцагч буруугүй. Прокурорын Газрын 2017оны 5/135 дугаар тогтоолд “..ЭХ-н 1.9-н 1-т заасныг журамлан  23.5-н 1-р Б Г.Е., Д.Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг ЭХ-н 32.5-н1-ийн 1.2-р хэрэгсэхгүй..”  болгосон. Энэ нь нь нэхэмжлэгчийг гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй гэсэн үндэслэлээр анхны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хянан шийдвэрлэх ажиллагаа 2017.09.29-ний өдөр дуусгавар болж нэхэмжлэлийг буцаасан. Б Г.Е нь  2 дахь нэхэмжлэлийг 2017.09.29-с 2017.10.29-ны өдөр хүртэл нэг  сарын хугацаанд ИХ-н 76.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-г зөрчиж гарган, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүйг  шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь  ИХ-н 82.4-г зөрчсөн.  Шүүхэд хүргүүлсэн дотоод журмын 8.2-т “Хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцож ноцтой зөрчилд тооцохоор нэрлэж заасан сахилгын зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 буюу түүнээс дээш удаа/ гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-р гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.  Б Е.Г-ын гаргасан зөрчил, учруулсан хохирол нь дотоодын хяналт шалгалт, Орхон аймгийн Прокурорын Газрын 2015.07.04-ны өдрийн 5/189 дугаар тогтоолоор тогтоогдсон тул  Ерөнхий Захирлын 2015.07.06-ны өдрийн Б/750 тушаал үндэслэлтэй юм. ИХ-н 497.2-р хариуцагч гэм буруутай нь тогтоогдсон Б Г.Е.-д ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нөхөн төлөх хариуцлагаас бүрэн чөлөөлөх үндэслэл байгаа.Шүүх үүнийг  харгалзалгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-г буруу хэрэглэсэн. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      ОХУ-ын иргэн, Б Григорий Евгеньевич 2017-11-21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Э ХХК-ийн Материал техник хангамжийн баазын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулахыг шаардсан /хх 1-н 1, 122, 225/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ. /хх 1-н 53/

   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагчаас олговорт 43,367,000 төгрөг, 60,520 ам.доллар гаргуулахаар шийдвэрлэхдээ “...Б Г.Е нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нотлогдоогүйгээс гадна  ажилтан итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй тул ажил олгогчийн тушаал үндэслэлгүй байна...ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр тооцож гаргуулна...” гэсэн  агуулгатай дүгнэлт хийсэн байна. 

   Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, олговрын хэмжээг  74,800,000 төгрөг, 78,710 ам.доллар болгон, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээхдээ “...олговрыг цалингийн тодорхойлолтыг үндэслэн тооцно...” гэжээ.   

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Эрдэнэ үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал 2015-07-06-ны өдөр Б/750 дугаар тушаал гаргаж, “...нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн сахилгын зөрчлийг давтан гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан...” гэсэн үндэслэлээр Б Г.Е-г Материал техник хангамжийн баазын даргын ажлаас чөлөөлсөн /хх 1-н 9/ байна.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус заажээ.

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/750 дугаар тушаалд ажилтныг ноцтой зөрчил гаргасан эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж ажлаас халсан нь тодорхой бус байх тул ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй  гэж үзнэ.    

      Талуудын хооронд 2010-04-17-ны өдөр байгуулагдсан гэрээний 10.2-т “...хөдөлмөрийн болон компанийн дотоод журамд заасан үйлдвэрлэлийн сахилга бат, Монгол улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн бол ажил олгогч гэрээг цуцлах шийдвэрийг ажилтанд урьдчилан мэдэгдэлгүйгээр гаргана...” гэж заасан боловч ноцтойд тооцох зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй тул “ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан...” гэх үндэслэлгүй байна.   

       Ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон гэх боловч Э ХХК-ийн ямар нэг акт, дүгнэлт хэрэгт байхгүй байна. Орхон аймгийн прокурорын газрын прокурорын 2016 оны б/40а, 2017 оны  5/135, Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2017 оны 1/77 дугаар тогтоол ажил олгогчийн 2015 оны Б/750 дугаар тушаалаас хойш гарсан тул хариуцагчийн татгалзлыг нотлохгүй юм. 

      Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо хэрэгт байгаа баримтын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.    

      Харин давж заалдах шатны шүүх Э ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан тодорхойлолтыг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв. 

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2018/00558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 1.480.406 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Ц.АМАРСАЙХАН

        ШҮҮГЧ                                                          Б.УНДРАХ