Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 656

 

 

 

 

 

 

 

 

 

   2020          08         10                                   2020/ШЦТ/656

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагааныхан овогт Г.Э холбогдох эрүүгийн 2011000000468 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Хархорин худалдааны төвд лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90а-144 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Цагааныхан овогтой Г.Э

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны орцонд “такси үйлчилгээний төлбөр төлсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.Сарангоогийн үснээс татаж унагаан, чирч хүч хэрэглэн гарт нь байсан “Айфоне 8” маркийн гар утсыг  дээрэмдэн авсны улмаас 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

       - хохирогч Б.Сарангоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хойшоо зам гараад гэрлүүгээ алхсан. Гэрийнхээ үүдэнд очоод орцныхоо чипээр онгойлгохдоо хойшоо хартал нөгөө таксины жолооч миний хойно зогсож байсан. Тэгээд би хаалга гялс онгойлгоод шатаар дээшээ гүйсэн, тэгтэл хойноос үснээс хойшоо татаж унагаагаад миний цүнхийг ухаад эхэлсэн. Би царай зүс хувцсыг нь харахад анх суусан таксины жолооч мөн байсан. Тэр залуу миний баруун гарт миний гар утас байгааг хараад утас булаацалдаж эхэлсэн. Миний гар утсыг авах гээд доошоо 4-5 шат чирж буугаад миний гар утсыг гараас салгахдаа гар утасны гэрийг нь салгаж үлдээгээд гар утсыг минь аваад зугтаасан. Би хойноос нь “Алтай” центр хүртэл хөөгөөд алдчихсан. Намайг үсдэж унагаагаад чирсэн. Чирэхэд таазны баруун хэсгээр халцарсан, баруун хөлийн гуя хүндүүртэй байгаа. 2 өвдөг хөхөрсөн байна лээ...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17/,

  - гэрч З.Билэгжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... ”Сод” гэсэн нэртэй зочид буудал байх шиг байсан тэр буудалд 4 үүлээ ороод авсан архи, пиво зэргийг хувааж уугаад би нөгөө залуутай нь танилцаж байгаад хэсэг юм яриад сууж байсан чинь гэгээ орсон байсан. Сарангоо бид хоёр жаахан хүүхэдтэй учраас явахаар болж тус буудлаас гараад замын хажууд очиж такси барихаар гараа өргөөд зогсож байтал 93-03 УНБ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-20 загварын машин зогсоод такси авах уу гэж асуухаар нь тэгнээ гэж хэлээд би түрүүлээд найз Сарангоог тус машинд суулгачихаад зургийг нь дарж үлдэх санаатай утасныхаа камер руу ороод дарах гээд байж байтал нөгөө машин найз Сарангоог суулгангуутаа маш хурдан хөдлөөд алга болчихсон. Сарангоо нэг танихгүй дугаараас залгаад найз нь чамтай хамт байж байгаад сууж явсан таксины жолоочид гар утсаа дээрэмдүүлчихлээ, чи тэр машины дугаарыг санаж байна уу гэхээр нь би санаж байсан учраас 93-03 УНБ Приус-20 гэж хэлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

- гэрч С.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Буянт” СӨХ-д 15 жил ажиллаж байна. Манай хариуцсан байр болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 20 дугаар байр нь гадна талдаа 1 хяналтын камертай, дотор орцондоо 1 хяналтын камертай. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өглөөний 06 цаг 10 минутаас 07 цаг 00 цагийн хоорондох хяналтын камерыг дээрх байранд оршин суудаг гэх нэгэн эмэгтэй орж ирж шүүлгэж үзсэн. Тэр үед би хамт шүүж үзсэн. Тухайн байрны гадна талын хяналтын камерт 06 цаг 50 минутын орчим эрээн хувцастай эмэгтэй байрны орц руу гүйж орж, араас нь нэг саарал хувцастай эрэгтэй гүйж ороод хэсэг хугацааны дараа эрэгтэй нь гарч гүйж, эмэгтэй түүний хойноос гүйж байгаа бичлэг байсан. Тэр бичлэгийг хуулбарлаж өгөөд явуулсан. Дотор талд байрлах хяналтын камерт ямар нэгэн зүйл бичигдээгүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 23/,

- гэрч П.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Вокзал дээр ирээд вагон тосох санаатай сууж байсан чинь Вокзал талаасаа 20 орчим насны эрээн өнгийн цувтай эмэгтэй гарч ирэхээр нь тэр эмэгтэй унаа авах уу гэж асуутал миний машинд хүрч ирээд суусан. Хаашаа явах вэ гэсэн чинь Их дэлгүүр орно гэхээр нь дөнгөж хөдөлсөн чинь араас Приус-30 маркийн машинтай нэг залуу хажууд ирж зогсоод ахаа наад эмэгтэй чинь надтай хамт явж байгаа юм, буулгачих гэхээр нь нөгөө охиноос чи энэ залуутай хамт явж байгаа юм уу гэсэн чинь үгүй гэхээр нь нөгөө залууд чамтай хамт яваагүй, танихгүй гэж байна шүү дээ гэсэн чинь нөгөө охин та зүгээр яв гэсний дагуу хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

      - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5171 дугаартай “...Б.Сарангоогийн биед баруун ташаанд зулгаралт, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36х /,

 - Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Монгол Улсын Их сургуулийн 20 дугаар байрны гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9х/,

- эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай “...Айфоне 8 загварын улаан өнгийн, 359494089039657 имей кодтой гар утас Б.Сарангоод хүлээлгэн өгсөн тухай...” тэмдэглэл /хх-ийн 12х/,

       - “Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн ЧД1-20-307 дугаартай “...хуучин хэрэглэж байсан Айфоне 8 маркийн гар утас 825.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 31-32х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Эыг такси үйлчилгээнд явж байхдаа зорчигч, хохирогч Б.Сарангоог такси үйлчилгээний төлбөр төлсөнгүй гэх шалтгаанаар гарт нь байсан гар утсыг шунахай сэдэлтээр, хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдэн авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс: “...энэ үйлдэлд хүч хэрэглэсэн үйлдэл байхгүй, гар утсыг нь гарнаас нь булааж авсан...” гэх утга агуулгаар гэм буруутай үйлдэлдээ мэтгэлцэн маргаж   мэдүүлэг, өмгөөллийн үг хэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сарангоогийн өгсөн: “...Тэгээд би хаалга гялс онгойлгоод шатаар дээшээ гүйсэн, тэгтэл хойноос үснээс хойшоо татаж унагаагаад миний цүнхийг ухаад эхэлсэн. Би царай зүс хувцасыг нь харахад анх суусан таксины жолооч мөн байсан. Тэр залуу миний баруун гарт миний гар утас байгааг хараад утас булаацалдаж эхэлсэн. Миний гар утсыг авах гээд доошоо 4-5 шат чирж буугаад миний гар утсыг гараас салгахдаа гар утасны гэрийг нь салгаж үлдээгээд гар утсыг минь аваад зугтаасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5171 дугаартай хохирогч Б.Сарангоогийн биед учирсан гэмтлийг тогтоосон дүгнэлт, хяналтын камерын бичлэгт шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.Сарангоогийн араас гүйж яваа дүрс бичигдсэн зэрэг баримтуудаар Г.Эын бусдын эд хөрөнгийг авахаар хохирогчийн эсэргүүцлийг дархад чиглэгдсэн бие махбодийн хүчирхийлэл үйлдэн довтолгоон, идэвхтэй үйлдэл хийн хүч хэрэглэсэн гэмт үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул дээрхи шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн үйлдэлд мэтгэлцэн маргасан нь няцаагдаж байна гэж шүүх үзэв. 

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Сарангоод учирсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай баримтаар тогтоогдож байна. Иймд Г.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Цагааныхан овогтой Г.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Эт 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ