Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 00067

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Орхироо гэдэг  газар оршин суух, 1958 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, Дүнгээ овогт Чойжоогийн Гадардоржийн хүсэлттэй /РД:ИВ58021218/

Звхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд ажилласан байдлаа тогтоолгох тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Гадардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Ч.Гадардорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1977 онд цэргийн албанд татагдаж яваад 1980 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Тэгээд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Төөнөт бригадад малчнаар ажилд ороод хонь маллаж байсан. Хоньчноор 02 жил орчим ажиллаад үхэр авч үхэрчнээр ажилласан. Сүлдээ адуу маллаж байсан. 1992 он хүртэл буюу их хувьчлал тарах хүртэл ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр байсан боловч манай нэгдэл 1996 онд шатахад миний хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох баримт бичиг шатаж устсан юм. Иймд миний Батнөхөрлөл нэгдэлд ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Дүнгээ овогт Чойжоогийн Гадардоржийг Завхан аймаг Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Төөнөт бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэж байсан нь Завхан аймгийн архивын тасгийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ¹ А/1427 дугаартай лавлагаагаар тогтоогдож байх ба уг лавлагаанд Ч.Гадардоржийн 1981 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал авч байсан цалинг тусгасан ба мөн хамт ажиллаж байсан С.Батцогт, Д.Нянтай, Б.Гансүх нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Хүсэлт гаргагч Ч.Гадардоржийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан Дүнгээ овогт Чойжоогийн Гадардоржийг Завхан аймаг Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Төөнөт бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ч.Гадардоржийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.