| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00309/И |
| Дугаар | 00107 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 00107
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн ¹ 203 тоотод оршин суух, 1973 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, Тайж овогт Сэрээжавын Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй /РД:ЧО73051003/
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох
тус сургуулийн технологийн багшийн орон тоонд явагдсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сонгон шалгаруулалт, сахилгын шийтгэл ногдуулсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаал, мөн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/60 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9900000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн, хариуцагч П.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Чинсэтгэл гэдэг хүүхэд тухайн үед 12 дугаар ангид суралцаж байсан хүүхэд юм. Миний хичээл 12 дугаар ангийн хүүхдүүдэд 7 хоногт нэг удаа ордог хичээл юм. Гэтэл 12 дугаар ангийн хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэж байсан учир миний хичээлийн цагийг хими биологи сонгосон 4 хүүхдэд өгөх талаар сургуулийн захиргаанаас шийдвэрлэсэн. Чинсэтгэл гэдэг сурагч бүтэн улиралд миний хичээлд суугаагүй учир би түүнд дүнгээ гаргуулах шаардлага тавьж тэр сурагч бид хоёрын дунд үл ойлголцох байдал үүссэн. Тэгээд тэр хүүхдийн ар гэрээс сургуулийн захиргаанд гомдол ирсэн байсан. Боловсролын яамны сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/311 тоот тушаалын хавсралтыг сургуулийн захиргаа зөрчсөн. Чинсэтгэлийн ар гэрээс ирсэн гомдлыг тус сургуулийн ёс зүйн зөвлөл хэлэлцээд сануулах арга хэмжээ авсан. Үүний дараа захирал П.Сэлэнгэ 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авсан нь нэг сахилгын зөрчилд давхардуулан арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн. Тус сургуулийн ёс зүйн зөвлөл нь Сэлэнгэ аймгийн боловсролын газрын дэргэдэх ёс зүйн салбар зөвлөлд хүргүүлэх ёстой байтал захирал Сэлэнгэ надад арга хэмжээ авсан нь буруу юм. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар тушаалыг зөвшөөрөхгүй. Энэ нь Сэлэнгэ аймагт болсон багш нарын мэргэжлийн олимпиадад хангалтгүй оролцсон буюу 20-иос хойш байранд орсон гэж цалингийн хэмжээг нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Надтай хамт 2 багш арга хэмжээ авагдсан. Гэтэл хамт арга хэмжээ авахуулсан энэ хоёр багш одоо хүртэл ажлаа хийгээд явж байна. Иймд үүнийг ажлаас халагдах зөрчил гэж үзэхгүй байна. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дугаар тушаалыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь ажлын сул орон тоо гарсан үед сонгон шалгаруулалт явагдах ёстой. Гэтэл намайг 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдэлж байх үед 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр сургууль дээр дуудаж ирүүлээд надад сонгон шалгаруулалт зарлах болсон тушаалыг танилцуулж хүчээр гарын үсэг зуруулсан. Энэ нь намайг ажлаас чөлөөлөх талаар урьдаас бэлтгэж байсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг зөвшөөрөхгүй. Миний хувьд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж ээлжийн амралтаа авсан. Энэ тушаалаар миний ажилд орох өдрийг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэсэн байсан. Гэтэл ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны хооронд 03 хоног Сэлэнгэ аймагт сургалтанд хамрагдсан. Үүнийг биднийг ажилласнаар тооцож 03 хоногийн цалин хөлс олгосон. Ингэснээр амралтын хоног 3 хоногоор хойшилсон. Тэгээд би 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орох болсон нь хагас, бүтэн сайн өдөр таараад 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орох болсон. Гэтэл сонгон шалгаруулалтыг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр явуулаад миний оронд Ариунболор гэх багшийг ажилд авсан байсан. Би тухайн үед хотод ээжийн бие тааруу байсан мөн хөлөө халуун усанд түлээд эмнэлэгт үзүүлээд очиж чадаагүй. Тэгээд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус сургуулийн нээлтэд оролцчихоод захиралтай уулзах гэхэд үдээс хойш уулзъя гэчихээд үдээс хойш зугаалганд явсан байсан. Дахин очиход чөлөө аваад явсан байсан. Тэгээд уулзаж чадахгүй байсаар 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас халагдсан тушаалыг гардаж аваад шүүхэд хандах болсон. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал ажилтай, 1966 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн, 51 настай, эмэгтэй, Гавлиу хайрхан овогт Пүрэвийн Сэлэнгээс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сургууль бол онцлог байгууллага юм. Тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан нь чадварлаг байх ёстой. 2014-2015 оны хичээлийн жилд манайх зорилт дэвшүүлж ажилласан. Гэтэл С.Пүрэвсүрэн нь хангалтгүй ажилласан байдаг юм. Технологийн багш нь тухайн сургуулийнхаа оёх шидэх гэх мэт ажлыг хийж гүйцэтгэх талаар санал санаачилгатай ажиллах ёстой байдаг юм. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар би Пүрэвсүрэнд сануулах сахилгын арга хэмжээ авсан. Энэ нь Чинсэтгэл гэдэг хүүхдийн гаргасан гомдлыг сургуулийн ёс зүйн зөвлөл шалгасантай холбогдуулж авсан арга хэмжээ юм. С.Пүрэвсүрэн багш өөрөө тус сургуулийн ёс зүйн зөвлөлд байдаг мөртлөө ийм алдаа гаргасан байсан. Сургуулийн ёс зүйн зөвлөл нь хэлэлцээд сануулах арга хэмжээ авах нь зүйтэй талаар уламжилсан байдаг. Тэрнээс биш ёс зүйн зөвлөл сануулах арга хэмжээг бие дааж аваагүй байдаг. 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар тушаалаар олимпиадад хангалтгүй оролцсон гэж цалинг нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Энэ нь сургуулийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэсэн. Хамт арга хэмжээ авагдсан хоёр багш нь дахин зөрчил гаргаагүй учир одоог хүртэл ажлаа хийгээд явж байгаа. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дугаар тушаал нь Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэл болгосон. С.Пүрэвсүрэн нь ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийг зөрчсөн. Мөн сургуулийн дотоод журмын 7.5-д заасныг зөрчсөн учир сонгон шалгаруулалтанд хамруулах болсон юм. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/60 дугаар тушаал нь сургуулийн дотоод журмын 7.10.2.7-д заасныг зөрчсөн учир ажлаас чөлөөлсөн. Тухайн үед манай охин төрөөд би албан ёсны 3 хоногийн чөлөө аваад явсан байсан. Тэгээд уг тушаалыг 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж өгсөн. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох тус сургуулийн технологийн багшийн орон тоонд явагдсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сонгон шалгаруулалт, сахилгын шийтгэл ногдуулсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаал, мөн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/60 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцуулан, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9900000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургууль нь сахилгын шийтгэл ногдуулсан болон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал П.Сэлэнгэ нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.
Сэлэнгэ аймаг Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Чинсэтгэл болон түүний ар гэрээс технологийн багш С.Пүрэвсүрэнд холбогдуулан сургуулийн захиргаанд гаргасан гомдлыг тус сургуулийн ёс зүйн хороогоор хэлэлцээд хөдөлмөрийн сахилгын зөрчлийн сануулах арга хэмжээ авах саналыг үндэслэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар технологийн багш С.Пүрэвсүрэн нь суралцагчийн мэдлэг чадвар, сурлагын амжилтыг бодитой үнэлэх багшийн ёс зүйн хэмжээг алдагдуулсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтын дагуу сануулах арга хэмжээ авсан байна.
Мөн Сэлэнгэ аймаг Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дах заалт, сургуулийн багш, ажилчдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан сургуулийн дотоод журмын 10.1.16 дах заалтуудыг үндэслэн Мэргэжлийн хичээлийн олимпиадад хангалтгүй оролцон 24 дүгээр байр эзэлсэн технологийн багш С.Пүрэвсүрэнд нэг сар 20 хувиар үндсэн цалинг бууруулах арга хэмжээ авчээ.
Сэлэнгэ аймаг Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн багш ажилчдын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан тус сургуулийн үйл ажиллагаанд мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлд 10 дугаар зүйлийн 10.1.16. Е-д аймгийн мэргэжлийн хичээлийн олимпиадад 21-25 дугаар байрт орвол 20 хувиар бууруулах, 7 дугаар зүйлд ажлаас чөлөөлөх үндэслэлийг заасан ба 7.10.2.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар ажил таслах, Захирлын зөвлөлийн хурлаар оруулах тохиолдол нь 7.10.2.Г-д Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн багшийг /багшийн ёс зүйн зөвлөлд тухай бүрд нь хандаж зохих хариуцлагыг тооцох/ талаар, мөн технологийн багш С.Пүрэвсүрэн, Сэлэнгэ аймаг Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал П.Сэлэнгэ нарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд сахилгын ба эд хөрөнгийн хариуцлагын талаар, 7 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах, ажлаас чөлөөлөх нөхцлийг заасан байх ба 7.3.2.1-д ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан бол, 7.3.2.3-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлын цагаас хоцорсон, ажлын 2 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар тус тус заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан байна.
Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн нь тус сургуулийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дах хэсгийг зөрчсөн, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар тушаалыг надад гардуулж өгөөгүй би тушаалуудын хуулбарыг хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хамт 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардаж авсан гэж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа дурьдсан боловч 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд …….сургуулийн ёс зүйн хорооноос надад сахилгын зөрчлийн сануулах шийтгэл ногдуулах болсон тухай мэдэгдсэн бөгөөд би энэ тухай лавлаж тодруулаагүй орхисон ба ажлаас халагдахдаа надад сануулах арга хэмжээг захирлын тушаалаар авсан талаар мэдсэн, 2015 оны 05 дугаар сард цалингаа авахдаа нэг сарын цалинг 20 хувиар хассаныг мэдсэн…. гэжээ.
Мөн нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн нь сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлан зарыг цахим санд байрлуулах ёстой атал Сэлэнгэ аймаг Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дугаартай Багш С.Пүрэвсүрэнг сонгон шалгаруулалтанд оруулах тухай тушаал нь хууль зөрчсөн тул 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн технологийн багшийн орон тоонд явагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах шардлага гаргасан ба тус сургуулийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн багш ажилчдын хурлаар хэлэлцэн баталсан хөдөлмөрийн дотоод журмын 7.5-д хөдөлмөрийн гэрээг 2-оос дээш удаа хангалтгүй дүгнүүлсэн ба элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээ байраар 20-иос хойш байранд 2-оос дээш удаа орсон мэргэжлийн багшийг сонгон шалгаруултанд оруулахаар зааснаас үзэхэд заавал сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлана гэж үзэх боломжгүй байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ¹ Б/5 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дүгнэх ажлын хэсгийг томилсон ба С.Пүрэвсүрэн нь хөдөлмөрийн гэрээг 2 удаа хангалтгүй дүгнүүлсэн тул 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар С.Пүрэвсүрэнг сонгон шалгаруулалтанд оруулахаар болсон ба уг тушаалаа С.Пүрэвсүрэнд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр танилцуулсан талаар талууд маргах зүйлгүй бөгөөд нэхэмжлэгч нь уг тушаалыг хүчингүй болгуулахаар хуульд заасан хугацаанд нь холбогдох албан тушаалтанд гомдол гаргаагүй тул 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр явагдсан тус сургуулийн технологийн багшийн орон тоонд явагдсан сонгон шалгаруулалтыг хууль бус гэж дүгнэх боломжгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-д зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаал, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар тушаал, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг ажил олгогч заавал гадуулж өгөх үүрэггүй байх бөгөөд энэ тушаалуудын улмаас өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргаагүй, түүний хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй байх бөгөөд уг тушаалууд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан ба 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр түүний ээлжийн амралтын хугацаа дуусгавар болох байсан боловч Сэлэнгэ аймагт сургалтанд хамрагдсанаар 03 хоногоор хойшилж 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа эргэн орох байсан бөгөөд хавтаст хэргийн 141 дүгээр талд авагдсан ирцийн бүртгэлд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 8 цаг, 28-ны өдөр 8 цаг, 31-ний өдөр 8 цаг тасалсан гэж тэмдэглэгдсэн ба нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн нь энэ талаар тайлбартаа… хөлөө халуун усанд түлээд ажилдаа очиж чадаагүй.. гэсэн боловч энэ талаар байгууллагынхаа захиргаанд болон холбогдох албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэж эмнэлгийн амгадлагааг тухайн үед нь өгөөгүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ¹ Б/60 дугаартай тушаалаар тус сургуулийн технологийн багш С.Пүрэвсүрэнг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 хоног ажил тасласан гэж 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч С.Пүрэвсүрэнгийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох тус сургуулийн технологийн багшийн орон тоонд явагдсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сонгон шалгаруулалт, сахилгын шийтгэл ногдуулсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаал, мөн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/60 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцуулан, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9900000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох тус сургуулийн технологийн багшийн орон тоонд явагдсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сонгон шалгаруулалт, сахилгын шийтгэл ногдуулсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар тушаал, мөн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/60 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцуулан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9900000 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хүссэн С.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.