| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1541/Э |
| Дугаар | 1593 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 1593
2020 09 03 2020/ШЦТ/1593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч С.Чимэдцэеэ,
Нарийн бичгийн дарга Н.Солонго,
Хохирогч Э.Мөнхбат,
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лид холбогдох эрүүгийн 2006 00000 2108 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь согтуурсан үедээ 2020 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр-2 хотхоны 102 дугаар байрны 56 тоот бүхий орон сууцанд иргэн Э.Мөнхбаттай маргалдаж, түүний хамар тус газар нь толгойгоороо мөргөж хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохиролыг эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2108 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Э.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2020 оны 07 дугаар сарын 16-ны орой Саруул тэнгэр хороололд найз Оогийгийн гэрт 0.5 литрийн архи уучихаад байж байхад Б.Лувсан нь ах Б.Лтой хамт гаднаас 0.75 литрийн Хараа архи авч ирээд бид 4 уусан. Маргаан болж Б.Л нь Оогий руу дайраад байхаар нь би Б.Лид хандаж архи ууж чадахгүй яах гээд байгаа юм бэ гэхэд намайг нааш ир юм хэлье гээд босгож үүд хэсэгт аваачиж байгаад эргэж хараад хамар руу нэг удаа мөргөчихөөд дүүтэйгээ хамт зугтаад яваад өгсөн. Миний хамарнаас цус гарсан. Толгойн дагз хэсгээрээ хана мөргөсөн. ГССҮТ дээр очиж үзүүлэхэд хамар хугарсан байна гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 9-13/,
Гэрч Б.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтад өгсөн:
... өглөө нь сэрэхэд Лувсан хажууд унтаж байсан. Тэгээд сэрээд явсан. Би олон хоног архи уусан. Лувсан, Л нарыг дуудаж архи уусаныг санахгүй байна. Харин Мөнхбатыг дуудаж архи ууж байснаа санаж байна. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Мөнхбат Лийг хамар луу мөргөөд мурийлгасан гэж хэлж байсан. Хамар нь далийсан байсан гэх мэдүүлэг /хх 20-21/,
Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний 32 дугаартай:
Э.Мөнхбатын хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 24/,
Хохирогч Э.Мөнхбатын “Миний бие Лид зодуулсан бөгөөд тэрээр надаас уучлалт гуйж эмчилгээний зардал 135.000 төгрөгийг өгсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх 61/,
Шүүгдэгч Б.Лийн “Б.Л би Э.Мөнхбатыг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан. Энэ үйлдэлдээ гэмшиж уучлалт гуйн сайн дураараа эвлэрсэн. Эмчилгээний зардал 135.000 төгрөгийг өгч гомдол саналгүй болгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 62/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 4-5/,
-Э.Мөнхбатын КТГ-ийн шинжилгээний дүгнэлт, чих, хамар, хоолойн эмнэлэгийн үзлэгийн дүгнэлт, гэрэл зураг төлбөр төлсөн баримт зэргийг хүлээж авсан тэмдэглэл /хх 48-54, 63/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Лийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 40/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Б.Лийн иргэн Э.Мөнхбатын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Э.Мөнхбатад хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу 135.000 төгрөгийг шүүгдэгч Б.Л төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг үндэслэж шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь хамарын хэлбэрийг засах мэс засалд орох шаардлагатай байгаа талаараа тайлбарласан. Шүүгдэгч Б.Л нь хохирогч Э.Мөнхбатын биед учирсан гэмтлийг арилгах эмчилгээний зардалыг төлөхөө илэрхийлж байх тул цаашид гарах зардалын талаарх нотлох баримтыг бүрдүүлэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Лоос хохирол нэхэмжлэх хохирогч Э.Мөнхбатын эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй юм.
Шүүгдэгч Б.Л нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бгийн Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Мөнхбат нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах зардалын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Лоос хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Лид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ