Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1622

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

     2020        09         07                                  2020/ШЦТ/1622

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч К.Чимгээ,   

нарийн бичгийн дарга Н.Солонго,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Мт холбогдох эрүүгийн 2006 00000 1404 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо 26 дугаар байрны подволд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Б.Азжаргалын баруун хацарыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/         

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 1404 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.М нь иргэн Б.Азжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Азжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 26 дугаар байрны подволд очиход М танихгүй эрэгтэй хүнтэй хоёулахнаа байсан ба М согтоод унасан. Би түүнийг жаахан унтуулж байгаад сэргээгээд аваад явъя гэж бодоод байтал танихгүй залуу нэг эрэгтэй найзыгаа дуудаж тэр хоёр нэг шил архи хувааж уусан. Тэгсэн гэрийн эзэн гэх залуу дуудаж авч ирсэн найзтайгаа муудалцаж, хоорондоо зодолдоод орилж чарласан. Чимээнээр нь М сэрэхээр нь нөхөр чинь надаас чамайг байнга асууж, олоод өг гээд байна, хоёулаа явъя, эсвэл чи гэртээ харь гэж хэлэхэд хая л даа андаа гэж хэлээд гэрийн эзэн залууг хайраа гэж дуудаад согтуу заваараад байхаар нь явъя гэж зандарч хэлсэн боловч намайг тоохгүй байсан. Гэтэл гэнэт миний баруун талын хацраас хазахаар нь яаж байгаа юм бэ гэж хэлээд цаашаа түлхсэн. Анх намайг тэнд очихоос гар, хүзүүнээс хазаад зүгээр байлгахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-16/,

 

Гэрч Ё.Дашбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“...авсан архиныхаа талд орсон байх үед М найзыгаа дуудсан. Үл таних эмэгтэй орж ирсэн ба Тайга нэртэй архийг ууж дуусгасан. Ундрахбаяр намайг хэл амаар доромжлоод байх шиг байхаар нь бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Нэг ухаан ороход цус арчиж байсан ба нөгөө гурав гэрт байхгүй, жижүүр эгч орж ирээд миний гарын цусыг арчиж өгөөд байж байх үед үл таних нөгөө эмэгтэй Азжаргалын баруун хацар нь зүсэгдсэн цус болсон орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,

 

Гэрч Б.Ундрахбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Дашбаяр над руу залгаад гялс хүрээд ирээч болохоо байлаа, хүүхний хацар зүсэгдсэн байна гэхээр нь би буцаад очиход хамт архи ууж байсан Азжаргал гэх эмэгтэйн баруун хацар зүсэгдсэн байдалтай байхаар нь би таксиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг руу авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/

 

Гэрч Ч.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн:

“...манай эхнэр миний хацрыг М хазсан гэж хэлэхээр нь би Моос асуухад тийм би хазсан гэж хэлсэн. Тухайн үед Мын ам цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6070 дугаартай:

Б.Азжаргалын биед баруун хацарт эдийн дутмагшил бүхий шарх гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

Шүүгдэгч Ц.Мын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би Азжаргалыг байгаа газраа дуудсан ба түүнээс хойш юу болсон, Азжаргал хэзээ ирсэн талаар мэдэхгүй байна. Нэг ухаан ороход Дашбаярын гэрт цагдаа ирсэн. Азжаргалын нөхөр болон манай нөхөр ирсэн байсан ба Азжаргалын хацар цус болсон цагдаатай юм яриад зогсож байсан. Би Азжаргалаас яагаад гэмтсэн талаар асуухад Дашбаяр гэх залуу чамайг тасарсан байх үед нэг найзыгаа дуудсан. Сүүлдээ нөгөө найзтайгаа маргалдаад шил хагалаад гараад явсан. Тэгэл чи босч ирээд миний хацрыг шилээр зүссэн гэж хэлсэн. Би ийм үйлдэл хийснээ санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-04, 05-06/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09/,

- Хохирлын талаарх баримт /хх-ийн 33/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ц.Мын иргэн Б.Азжаргалын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Азжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 140.976 төгрөгийн нотлох баримт гаргаж нэхэмжилсэнийг хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Ц.Мын хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногт дүйцүүлэн тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нийт 35 хоног цагдан хоригдсон байх бөгөөд торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг цагдан хоригдсон 1 хоногоор тооцож оногдуулсан ялаас хассан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг таван зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун хорин таван мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 35 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 525 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 525.000 төгрөгийг оногдуулсан ялаас хассугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Моос 140.976 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Азжаргал /ЖЯ91090646/-д олгосугай.

 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг шүүх хуралдааны танхимаас сулалсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ