Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 1623

 

 

 

 

 

 

 

 

    2020        09          07                                   2020/ШЦТ/1623

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Тулга,   

Нарийн бичгийн дарга Н.Солонго,

Шүүгдэгч О.Э-О, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-От холбогдох эрүүгийн 1906 03224 1629 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э-О нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархираа” нэртэй амралтын газарт хамт хоносон О.Нарантуяагийн I phone-8 plus маркын rap утсыг “тус амралтын газарт ирүүлэхээр дуудсан хүндээ ирэх замыг нь зааж өгнө” хэмээн худал хэлж, утасны дэлгэцийн түгжээг нь заалгуулан авч яван залилсаны улмаас О.Нарантуяад 2.300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч О.Э-О нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сансарын Банана бааранд 30 орчим насны өөрийгөө Очироо гэсэн залуутай танилцсан. Шөнийн 5 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байх Хархираа гэх амралтанд очсон. Өглөө 9 цаг өнгөрөөгөөд явах гэж байхад Очироо машинаа дуудна гээд миний утсаар 99016067 дугаар руу залгаж ярьсан. Удалгүй надаас миний хар өнгөтэй lphone-8 plus маркын rap утсыг аваад манай найз одоо ирж байгаа байх олохгүй байж магадгүй би утсаар чинь ярьж байгаад аваад ирье гэж хэлээд миний гар утасны кодыг надаас асуугаад аваад явсан. Тэгээд би 10 минутын дараа Очироогийн араас гараад төв зам хүртэл яваад байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

Гэрч Д.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн:

... Очироо 2 хүүхэнтэй танилцаад бид нэг ширээнд суусан. Энэ утсаа алдсан гээд байгаа Нараа гээд хүүхэн удалгүй ирсэн. 04:00 цаг болох гэж байхад баарнаасаа гараад Очироо тэд нарыг хамт амралтанд явъя гээд байсан. Би өглөө ажилтай байсан тул явахгүй гээд салцгаасан. Тэгээд маргааш өглөө Очироо тэр Нараа гэж хүүхний утсаар 10:00 цагийн үед надтай ярьсан. Өчигдөр яасан гэхээр нь би дүүг нь гэрт нь хүргэж өгөөд харьсан гэсэн чинь миний утас цэнэггүй болсон. Нараатай хамт нөгөө амралтын газар хоносон. Хамт байна за тэгэж байгаад ярья гээд утсаа салгасан. Түүнээс хойш дахиж холбогдоогүй гэх мэдүүлэг/хх-н 29-30/,

 

“Тод үнэлгээ” ХХКомпанийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №0/215  дугаартай:

Ай фонь 8 плас загварын гар утас /256 мб багтаамжтай/ 2.300.000 төгрөгийн үнэ ханштай байгааг тодорхойлов гэх үнэлгээний тайлан /хх 33/

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 15/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 23-27/

 

Шүүгдэгч О.Э-Оын мөрдөн байцаалтад өгсөн:

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 05 дугаар сард байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна найз Энхбаттай таараад бааранд архи уусан. Тэгэж байгаад бааранд 2 хүүхэнтэй танилцсан. Тэр баарнаас үүрийн 4 цагийн үед гараад Энхбат нэг хүүхнийг нь гэрт нь хүргэж өгнө гээд явсан. Би ганцаараа Гачуурт руу явж байсан чинь араас нөгөө эмэгтэй нь залгаад хүрч ирээд намайг аваад явчих гэсэн. Тэгэхээр нь би очиж аваад тэр эмэгтэйтээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртад байдаг амралтын газарт очоод хэсэг унтаж байгаад босоод нөгөө эмэгтэйгийн гар утсаар нь хүнтэй яриад өгье гэж хэлээд авч гараад тэр чигтээ хот руу явсан. Хотод ирээд Монтел дээр танихгүй хүнд 200.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөрөө ууж идээд дуусгасан гэх мэдүүлэг /хх-н 62-63/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс О.Э-Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 64/, ялын тооцоо бодсон ... О.Э-О нь 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлснээс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 5 сар 4 хоногийн хорих ялыг эдлэж, 1 жил 6 сар 26 хоногийн ялын үлдэгдэлтэй гэх лавлагаа /хх-ийн 77/, зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцлоо. Нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу авсан, хөрөнгийн үнэлгээний тайланг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч О.Э-О нь хохирогчийг хуурч, төөрөгдүүлж эд хөрөнгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжинд хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч О.Э-О нь хохирогчийг хуурч, төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч О.Э-Оыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Э-Оын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан, хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохиролыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Э-О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолоор “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байх тул түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Э-Оын уг гэмт хэргийн учир 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Оын Э-Оыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-Оыг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-От Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 26 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-От оногдуулсан 3 жил, 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-Оын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-Ооос 2.300.000 төгрөг гаргуулж хохирогч О.Нарантуяа /СЖ88100806/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ