Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 757

 

 

 

 

 

 

 

2020        08        19                                      2020/ШЦТ/757

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа, П.Ундрах-Эрдэнэ,

Хохирогч Ж.Бямбажаргал, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 2009005920700 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ... ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн ,/  РД: / ... овогт Ц.Б, нь:

-2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоотод оршин суух иргэн Ж.Б-ын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан хүч хэрэглэж гэрээс нь өргөж гаргасан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоотод оршин суух иргэн Ж.Б-ын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Ж.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 10 дугаар байрны 1 дүгээр орцны 27 тоотод 2014 оны 02 дугаар сараас хойш амьдарч байна. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны оройн 21 цагийн орчимд өөрийн гэртээ ороход гэрэл унтарсан байсан. Гэрлээ асаагаад гэртээ ороод байж байтал 20 минутын дараа дахин гэрэл унтарсан. Тог тасарсан байх гэж бодоод цахилгаанаа шалгах гээд орц руу гарахад доор шатан дээрээс 5, 6 залуу гүйж гарч ирээд хаалга угз татаж, хүч хэрэглэн миний амьдардаг байранд орж ирсэн. Тэгээд гэрт орж ирсэн 5 залуугийн 1 нь Ц.Б, гэх залуу байсан. Тэдний нэг нь бичлэг хийж, үлдсэн хэд нь гэрт байсан эд хогшлыг онгойлгоод бичлэг хийгээд намайг пизда наахуу гөлгөөр дуудаж нийлж доромжилж ална гэж дарамталсан. Тэгээд намайг өргөж гаргаад миний гутал, куртик хоёрыг шидчихээд гэрийн цоожны голыг солиод дээд талд нь байсан электрон цоожийг эвдсэн.

...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 10 цагийн орчимд гэрээсээ гарч найзындаа байж байгаад тухайн өдрийн 22 цагийн орчимд гэртээ ирэхэд мөн гэрийн цоожны голыг сольсон байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа нарын хамт хаалгыг нээж дотор нь ороход Ц.Б, гэх залуу нэг согтуу залуутай 1 шил архи тавьчихсан гэрт уугаад сууж байсан. Намайг ирэхэд Ц.Б, нь манай гэрт өөрийн тавилга эд хогшлыг оруулж тавьсан байдалтай байсан. ...Энэ өдрөөс хойш Ц.Б, манай байранд амьдарч байгаа гэжээ. / хх 09-11 /

 

Яллагдагч Ц.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би шүүхийн шийдвэрийг бариад Ж.Бямбажаргалын амьдарч байгаа гэх Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 10/1 дүгээр байрны 27 тоотод очин Ж.Бямбажаргалд өөрийн итгэмжлэл, 2 удаагийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэргийг танилцуулаад Ж.Бямбажаргалыг гарахыг шаардсан. ...Ж.Бямбажаргалтай түүний гэрт уулзаад Ж.Бямбажаргалыг гаргаад би өөрөө гарсан бөгөөд намайг маргааш өглөө нь очиход Ж.Бямбажаргал хаалганыхаа голыг солиод байр руу нэвтэрсэн байсан гэжээ. / хх  192-193 /

 

Хохирогч Ж.Бямбажаргал нь .... тоотод ам бүл дөрвүүл оршин суудаг болохыг тодорхойлсон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 тоот тодорхойлолт / хх 42 /

 

Шүүгдэгч Ц.Б,ийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 192-193 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Баянмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 онд манай дарга Канад улс руу нутаг буцахад нь Ж.Бямбажаргал аман хэлэлцээр хийж байрыг нь худалдаж авахаар тохиролцсон. Үлдэгдэл 140.000.000 төгрөгөө өгөөгүй учир 2019 онд манай Канад дарга над руу холбогдож, байраа буцааж авмаар байна гэсэн. Түүний хүсэлтээр надад олгосон итгэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2 шатны шүүхийн шийдвэр гарч уг байрнаас Ж.Бямбажаргалыг гаргахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан тул намайг байраа чөлөөлж аваад, байрандаа орж амьдар гэж над руу байнга бичдэг.

Намайг хүч хэрэглэсэн гэж буруутгаж байна. Надад хүч хэрэглэсэн зүйл байхгүй, хэл амаар доромжлоогүй, биед нь халдаагүй. Хохирогч нь намайг хүмүүс авч очсон мэт ярьж байна. Байрны жинхэнэ өмчлөгч Канад дарга маань надад итгэмжлэл өгсөн. Уг байранд амьдрах, эзэмших, захиран зарцуулах бүх эрхийг надад олгосон. Би түүний зөвшөөрсний дагуу уг байранд амьдарч байгаа. Зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Би хүч хэрэглээгүй. Хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв. 

 

Хохирогч Ж.Бямбажаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр манай гэр бүлийнхэн гадагшаа Тайланд улс руу амрахаар яваад би ганцаараа байсан. Би оройны 20 цаг 40 минутын үед гэртээ орж ирсэн. Тэгэхэд гэрийн гэрэл унтраалттай байсан. Гайхаад тог  тасарсан юм болов уу гэтэл автомат буулгасан байсан. Автоматаа дээшлүүлээд гэртээ ороод зурагтаа үзэж байтал 10 минутын дараа дахиад тог тасарсан. Гайхаад автоматаа харах гээд хаалгаар шагайсан чинь Баянмөнх нь 5-6 бүдүүн, маск зүүсэн залуучуудтай орж ирсэн. Баянмөнх хаалганы цоожны гол сольдог 2 хүн дуудаж ирээд цоожны гол солиод намайг зайл гээд хөөж гаргасан. Тэгээд би цагдаад өргөдлөө өгсөн. 2014 оноос хойш би энэ байранд амьдарч байна. Би цагдаагаас хаалганы цоожны голоо солиод байрандаа орох уу гэхэд ор гэсэн. 02 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед ирсэн чинь хаалганы электрон цоожийг эвдлээд дотор нь хүн орсон байсан. Маргааш нь би цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхөд Ц.Б, байранд орсон байсан. Тэрнээс хойш би гэртээ орж чадаагүй, одоог хүртэл түрээсийн байранд амьдарч байна. Миний болон хүүхдүүдийн хувцас гээд бүх эд хогшил маань байранд байгаа. Дээд шүүхэд гомдол гаргасан. Эцсийн шийдвэр гартал байрандаа буцаж орох хүсэлтэй байна. Баянмөнхийг байрнаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Б, нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 10/1 дүгээр байрны 27 тоотод оршин суух иргэн Ж.Бямбажаргалын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, цоожны голыг сольж, түүнийг байрнаас гаргасан, 2020 оны 02 дугаар сарын 01-ний орой  дахин Ж.Бямбажаргалын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, түүнийг байрнаас хөөн гаргаж, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Баянмөнх нь 5-6 бүдүүн, маск зүүсэн залуучуудтай орж ирээд хаалганы цоожны гол сольдог 2 хүн дуудаж ирээд цоожны гол солиод намайг зайл гээд хөөж гаргасан. 02 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед гэртээ ирсэн чинь хаалганы электрон цоожийг эвдлээд дотор нь хүн орсон байсан. Маргааш нь би цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхөд  Ц.Б, байранд орсон байсан. Тэрнээс хойш би гэртээ орж чадаагүй, одоог хүртэл түрээсийн байранд амьдарч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж.Бямбажаргалын мэдүүлэг / хх 09-11, 90-94, 112-114, 147-154 /, ... Ж.Бямбажаргал нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 10/1 дүгээр байрны 27 тоотод ам бүл 4, оршин суудаг болохыг тодорхойлсон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 тоот тодорхойлолт / хх 42  /  зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б,ийг хүч хэрэглэж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б,ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан  7.000 / долоон мянга / нэгж буюу 7.000.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б, нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдав.

Хохирогч Ж.Бямбажаргалын амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 10/1 дүгээр байрны 27 тоот орон сууцнаас шүүгдэгч Ц.Б,ийг албадан гаргуулахаар хохирогч Ж.Бямбажаргал хүсэлт гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б, нь гэм буруугүй гэж байгааг дараах үндэслэлүүдээр няцааж байна. Үүнд:

1. Хохирогч Ж.Бямбажаргал нь Канад улсын иргэн Фан Иен Юн Чи-тэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 10/1 дүгээр байрны 27 тоот орон сууцыг 220.000.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, 80.000.000 төгрөгийг өгч, уг байранд 2014 оны 01 сараас оршин сууж байсан болох нь иргэний шүүхийн шийдвэрүүд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, Засаг даргын тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна.

2. Дээрх байрны мөнгийг хохирогч Ж.Бямбажаргал бүрэн төлөөгүйгээс Канад улсын иргэн өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүрээнд шүүгдэгч Ц.Б,өд итгэмжлэл олгосны дагуу 2 шатны шүүхийн шийдвэр гарч, уг орон сууцыг Ж.Бямбажаргалын эзэмшлээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Хяналтын шатны шүүхийн шийдвэр гараагүй, өөрөөр хэлбэл энэ маргаан эцэслэн шийдэрлэгдээгүй байна.

3. Мөн шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа уг орон сууцнаас Ж.Бямбажаргалыг гаргах асуудлыг шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуульд заасны дагуу Шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх үүрэгтэй.

4. Канад улсын иргэний итгэмжлэл нь түүний зөрчигдсөн эрхийг Монгол улсын хуулийн дагуу гүйцэтгүүлэх эрхийг Ц.Б,өд олгосон баримт болохоос биш хууль, шүүхээс гадуур ажиллах эрхийг Ц.Б,өд олгосон баримт биш юм.

5. Шүүгдэгч Ц.Б, нь хүч хэрэглээгүй гэж мэдүүлж байгаа боловч тухайн оршин суугчийн зөвшөөрөлгүй орон сууцны хаалганы цоожны голыг сольж, оршин суугчийг хүчээр гаргаж, өөрөө орж амьдарч байгаа үйлдлүүд нь хүч хэрэглэсэн үйлдэлд хамаарах ба тухайн орон сууцыг эзэмшигч этгээд орон байрны халдашгүй эрхийг эдэлнэ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-ийг хүч хэрэглэж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  Ц.Б-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7.000 / долоон мянга / нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Б-д оногдуулсан 7.000.000 төгрөгийн торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б, нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.2-д зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 10/1 дүгээр байрны 27 тоот орон сууцнаас албадан гаргахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ