Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 03

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одбаатар би Д.Хишигбуянжаргалын нэхэмжлэлтэй, Алтанбулаг сумын газрын даамалд холбогдох Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум дахь газрын даамлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Давааням овогтой Хишигбуянжаргал нь Алтанбулаг сумын Суварга 2-р багийн Суваргын 17 -р гудамжны 13 тоотод 2012 оноос эхлэн оршин сууж байгаа билээ. Би 2012 онд иргэн Дамдинсүрэн овогтой Гантөгсөөс одоо оршин сууж байгаа хашааг худалдан авч одоог хүртэл амьдран сууж байна. Гэтэл 2018 оны 11-р сарын 14-ны өдөр Алтанбулаг сумын газрын даамал Н.Отгонцогт нь намайг дуудаж одоо миний амьдарч байгаа газрыг чөлөөлүүлэх мэдэгдэл өгсөн юм. Тус мэдэгдэлд заахдаа:

Д.Хишигбуянжаргал намайг тус сумын 1-р багийн иргэн Цидаасүмбэрэл овогтой Тунсагмаагийн эзэмшлийн 170100374 тоот нэгж талбарын дугаартай 00664163 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Суваргын 17-13 тоот хэсэгт байрлах гэр бүлийн хэрэгцээний 0,1518 га газрыг дур мэдэн ашиглаж иргэний газар эзэмших эрхэд саад учруулж байгаа тул зөвшөөрөлгүй ашиглаж байгаа газраа 2018 оны 11-р сарын 30-ны дотор цэвэрлэн чөлөөлж өгөхийг шаардаж байна гэж заасан байна. Би энэ мэдэгдлийг үндэслэлгүй мэдэгдэл, шударга эзэмшигч иргэн надад хохирол учруулж байгаа мэдэгдэл гэж үзэж байгаа тул Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад хандаж гомдол гаргасан юм. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга миний гомдлын хариу болгож 2018 оны 11-р сарын 20-ны өдөр 1/582 тоот албан бичиг ирүүлж шүүхийн байгууллагаар гомдлоо шийдвэрлүүлэх тухай зааж хариу өгсөн юм. Шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа учир нь бол :

Би энэ амьдарч байгаа хашааг байшингийн хамт иргэн Д.Гантөгс гэдэг хүнээс одоогоос 6 жилийн өмнө буюу 2012 онд худалдан аваад амьдран сууж байна. Би бусдын газрыг дур мэдэн ашиглаагүй, мэдэгдэлд дурдсан Ц.Тунсагмаа гэдэг хүний газар эзэмших эрхэд саад учруулаагүй юм. Би энэ хашааг иргэн Д.Гантөгсөөс худалдаж авсан, Д.Гантөгс болохоор иргэн Амараа гэдэг хүнээс худалдаж авсан, Амаараа болохоор иргэн Хандсүрэнгээс худалдаж авсан байдаг юм. Иргэн Хандсүрэн болохоор одоогоос 12 жилийн өмнө буюу 2006 оны үед Амраа гэдэг хүнд анх тус хашааг худалдаад Амараагаас Гантөгс худалдаж аваад Гантөгсөөс Д.Хишигбуянжаргал би худалдаж авсан билээ. Энэ их олон жилийн хугацаанд олон айл дамжин тус хашаа худалдагдаад байхад Ц.Тунсагмаа гэдэг хүн ямар нэгэн гомдол, маргаан гаргаж байгаагүй атлаа гэнэт одоо маргаан гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ бүхнийг сумын газрын даамал Н.Отонцогт нь сайн мэдэж байгаа мөртлөө бодит байдалд үнэн зөв дүгнэлт хийхгүйгээр газар чөлөөлүүлэх мэдэгдэл өгч байгаад гомдолтой байна. Би энэ хашааг Гантөгсөөс 6 жилийн өмнө худалдаж аваад 3 жилийн өмнө хашаандаа малын зүчээ барьсан юм. Энэ зүчээг барихад би хүч хөдөлмөрөө зарцуулж хөрөнгө мөнгө гаргаж барьсан билээ. Гэтэл одоо газар чөлөөлүүлэх мэдэгдэл өгч байгаа нь тус газрыг шударгаар эзэмшиж байгаа миний эрхийг зөрчиж хохирол учруулж байгаа хуульд нийцээгүй мэдэгдэл гэж үзэж байна. Иргэн миний энэ нэхэмжлэлийг хүлээн авч Сэлэнгэ газрын даамлын 2018 оны 11-р сарын 12-ны өдөр гаргасан газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Алтанбулаг сумын газрын даамал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Хишигбуянжаргалын нэхэмжлэлтэй надад холбогдуулан гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг миний бие хүлээн зөвшөөрч байна. Учир нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг миний бие зөрчиж Д.Хишигбуянжаргалд мэдэгдэл гаргасан болно. Д.Хишигбуянжаргалд мэдэгдэл гаргасан болно. Иймээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Тунсагмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч: Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Хишигбуянжаргалын шүүхэд гаргасан Алтанбулаг сумын газрын даамалд холбогдуулан Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум дахь газрын даамлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Алтанбулаг сумын газрын даамал Н.Отгонцогт бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дээрх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгосон талаар бичгээр илэрхийлж хариу тайлбар гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Хишигбуянжаргалын нэхэмжлэлтэй, Алтанбулаг сумын газрын даамалд холбогдох Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум дахь газрын даамлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн газар чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Алтанбулаг сумын газрын даамлаас 35.100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Хишигбуянжаргалд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ОДБААТАР