Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 295

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06784 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах, худалдах, худалдан авах гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 9 794 787 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг, ашиглалтын зардал, НӨАТ-ын төлбөрт нийт 8 325 899 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 321 дүгээр тогтоолоор Төрийн албан хаагчдын 4000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хорооны нутаг дэвсгэр болох Шар хаданд улсын бүртгэлийн ХХХХХХХ регистрийн дугаартай “ХХХХ” ХХК-ийн 2010-2011 онуудад барьж байсан орон сууцны ХХХХХ хотхоны ХХХ байранд одоо сууж байгаа сууцаа сонгож тус компанитай Орон сууц захиалан бариулах тухай 1/47 тоот гэрээг 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан.

Дээрх гэрээ болон 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус компанийн Орон сууцны санхүүжилтийн корпорацитай байгуулсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г тус тус үндэслэн 2011 онд Орон сууцны санхүүжилтийн корпорац, гүйцэтгэгч “ХХХХ” ХХК, зээлдэгчийн хооронд Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээг, Орон сууцны санхүүжилтийн корпораци, зээлдэгчийн хооронд Орон сууцны зээлийн гэрээг байгуулсан.

Орон сууцны санхүүжилтийн корпораци нь 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны үнийн үлдэгдэл 90 хувь болох 32 500 000 төгрөгийг гүйцэтгэгч “ХХХХ” ХХК-ийн дансанд бүрэн шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, захиалагч би “ХХХХ” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан байгуулах гэрээний 2.1-д заасны дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Тэр өдрөөс эхлэн би тус корпорацитай байгуулсан уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж cap тутам зээл төлөх графикт заасан хэмжээгээр зээлээ өнөөдрийг хүртэл тогтоосон хугацаанд нь төлж байгаа болно.

Иймд орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө эзэмших гэрчилгээ гаргуулах, 2012 оны 2 сараас 2014 оны 2 сар хүртэл хугацааны орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хүү               5 396 787 төгрөг, 26 сарын хүүгийн алданги 2 698 000 төгрөг, “ХХХХ” ХХК-ийн дарамталж авсан 1 700 000 төгрөг, нийт 9 794 787 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, нутаг дэвсгэрт захиалан бариулсан ХХХХХ хотхоны ХХХ байрны ХХХХХ тоотод оршин суугч ХХХХ нь ашиглалтын зардал 898 889 төгрөг, ашиглалтын зардлын алданги 649 725 төгрөг, гэрээний төлбөрийн үлдэгдэл 3 405 00 төгрөг, нийт 4 953 614 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах материалыг бүртгэлийн газарт өгөх боломжгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч 2011 онд орон сууцны үнийн 10 хувийг төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Энэ мөнгийг төлсөн мэтээр баримтыг үйлдсэн байгаа юм. Гэрээний 1 дүгээр заалтын дагуу орон сууцны гэрчилгээ гаргуулах эрх нь хаалттай байна гэж үзэж байна. Хариуцагч талын буруутай байдлаас болоод байр ашиглалтад ороогүй зүйл байхгүй. Байрны гэрчилгээ гаргуулж өгнө гэж хуураад 1 700 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. “ХХХХ” ХХК-ийн 2 616 000 төгрөгийн хуурамч баримт бүрдүүлж байранд орсон байгаа учраас 2014 онд төлсөн                  1 700 000 төгрөгийг суутгаж авсан. Гэтэл 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээнд 2011 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн мөнгийг төлсөн гэж бичих боломж байх уу, 2010 онд гэрээ байгуулахад ирээдүйд төлөх ёстой төлбөрийг төлсөн гэж бичих ямар ч боломж байхгүй. Урьдчилгаа 2 390 000 төгрөг, 226 000 төгрөгийг төлөөгүй, бид баримтыг эх хувиар нь хэрэгт өгсөн. Үүнийг үгүйсгэсэн баримт өнөөдөр хэрэгт байхгүй. ХХХ-т захирлын өөрийнх нь тайлбарлаж хэлж байгаагаар бол бэлэн мөнгөний орлогын баримтыг үнэхээр бэлэн мөнгөө тушаасан тохиолдолд ХХХ-т гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй дардас дарагддаг гэж тайлбарлаж байгаа. 1 000 000 төгрөг,         44 000 төгрөгийн баримтыг хүлээн зөвшөөрч байна, энэ талаар маргаангүй. Үүн дээр ХХХ-т захирлын гарын үсэг, дардас дарагдсан байгаа юм. 2 390 000 төгрөг, 226 000 төгрөгийн баримт дээр бол ХХХ-т захирлын регистрийн дугаар бүхий өөрийнх нь дардас дарагдаагүй байгаа юм. ХХХХ нь өөрөө төлөөгүй болно гэж бичсэн байгаа. Нэхэмжлэгч 2 616 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа учраас улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах эрх байхгүй гэж үзэж байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт зааснаар захиалагч мөнгөө бүрэн төлөх ёстой бөгөөд үүнтэй холбоотой бичиг баримтыг саадгүй гаргаж өгнө гэж заасан. Нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байна. Нэхэмжлэгчид хүү шаардах эрх байхгүй нь тодорхойгүй байна. Манайх хүү төлөхгүй гэж байгаа үндэслэл нь орон сууцны барилгыг ашиглалтад оруулах зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээн дээр зээлдүүлэгчийн эрх, үүрэг дээр орон сууц санхүүжилтийн корпорацийн эрх, үүргийг заасан байгаа. Ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд зээлдэгчийн нэрийн өмнөөс барилгын компани зээлийн үүргийг шаардах эрхтэй. Ийм учраас зээлийн хүү шаардах эрх ХХХХд байхгүй. Хэрвээ гэрээний заалт зөрчигдсөн гэж үзэж байгаа бол гурвалсан гэрээний дагуу орон сууц санхүүжилтийн корпорацийн шаардах эрх байна. Тэгэхээр нэхэмжлэгч үндсэн зээлээ төлнө, хүүг компани төлнө. Компани төлөөгүй гэж үзэж байгаа бол орон сууц санхүүжилтийн корпораци хүү, алдангийг нэхнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”ний 2.1.2-т заасан 2 390 000  төгрөгийг төлөөгүй, уг төлбөрийг төлөөгүй болох нь компанид үлдсэн 2011 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтад ХХХХ-ийн өөрийн гараар бичсэн “Энэхүү баримтын 2 390 000 төгрөгийг төлөөгүй баримт урьчилсан бичсэн болно” гэсэн баримтаар нотлогдоно. Алданги нь 1 195 000 төгрөг юм. ХХХХ нь 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байраа хүлээн авч байрандаа орсон бөгөөд ашиглалтын зардлаа төлөхгүй явсаар 2014 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр манай компанид өөрийн гараар бичиж өгсөн хүсэлтэдээ байрны ашиглалтын зардлын үндсэн мөнгө болох 2 598 889 төгрөгийг алданги тооцохгүй төлөхийг хүссэн бөгөөд үүнээс 1 700 000 төгрөгийг төлж үлдэх 898 889 төгрөгийг төлөөгүй. Мөн гэрээний 2.5 д заасан НӨАТ-ын 3 616 000 төгрөгийг төлөөгүй. ХХХХ орон сууцны урьдчилгаанд 2011 оны 10 дагуу сарын 25-ны өдөр 226 000 төгрөг төлсөн гэх хуурамч баримтыг “ХХХХ” ХХК-ийн касснаас гаргуулж авчээ. ХХХХ энэхүү бэлэн мөнгөний орлогын баримт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрч өөрийн гараар тайлбар бичиж өгсөн байх тул түүнээс 226 000 төгрөгийг нэмж нийт 8 130 889 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Би “ХХХХ” ХХК-д байрны урьдчилгаагаа бүрэн төлсөн бөгөөд төлбөрийн ямар ч үлдэгдэл байхгүй. Зээлийн гэрээний дагуу байрны үлдэгдэл болох 32 500 000 төгрөгийг Орон сууцны санхүүжилтийн корпорациас “ХХХХ” ХХК-д төлсөн байгаа. 2011 оны 06 дүгээр сарын 14-ний өдрийн 2856 дугаартай Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээг байгуулахад “ХХХХ” ХХК-ийн ХХХ-т өөрөө оролцсон бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. 2856 тоот гурвалсан гэрээ болон Орон сууцны санхүүжилтийн корпорациас 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/637 тоот “ХХХХ” ХХК -д хүргүүлсэн албан шаардлагадаа байрны үнэд НӨАТ-ийн татвар багтсан тухай тодорхой заасан байгаа учраас ХХХХ нь НӨАТ хариуцахгүй. НӨАТ-ын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар “ХХХХ” ХХК өөрөө НӨАТ төлөгч бөгөөд хуулийн өмнө тус компани үүргээ биелүүлэх нь тодорхой.

Ашиглалтын зардал гэж ямар мөнгийг яриад байгааг ойлгохгүй, мөн төлөхгүйн зэрэгцээ биднийг болохоор хохироож ямар ч хариуцлага хүлээдэггүй нь шударга бус юм. ХХХ-т нь 2012 оны 01 дүгээр сараас 2015 оны 05 cap хүртэл 2 598 000 төгрөг төлсөн гэжээ. Гэтэл 2014 оны 04 сараас хойш өнөөдрийг хүртэл цахилгаан дулааныхаа  мөнгө зэргийг өнөөдрийг хүртэл би өөрөө төлж байгаа учраас төлөх үндэслэлгүй тул “ХХХХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Орон сууцны санхүүжилтын корпораци” ХХК нь Төрийн албан хаагчдын 4000 орон сууц төслийг хэрэгжүүлсэн бөгөөд тус компани нь 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр татан буугдаж, татан буугдах ажиллагааг 2015 оны 12 сард бүрэн дууссан. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь “Орон сууцны санхүүжилтын корпораци” ХХК-ийн үйл ажиллагааг өөр чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХХХХХХХ байрны ХХХ тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч ХХХХ-ийн нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч ХХХХ ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 9,794,787 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг баримтлан ХХХХгаас 8 130 889 төгрөг гаргуулах тухай “ХХХХ” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 171 654 төгрөг, хариуцагчаас төлсөн 162 637 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

...“ХХХХ" ХХК нь ХХХХгаас орон сууцны урьдчилгаа төлбөр 2 390 000 төгрөг, мөн 226 000 төгрөг, үүний алданги 1 000 000 төгрөг, байрны ашиглалтын зардал 898 889 төгрөг, НӨАТ 3 616 000 төгрөг, нийт 8 130 889 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

ХХХХ "ХХХХ" ХХК-д орон сууцны урьдчилгаанд 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2 390 000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр 226 000 төгрөг төлсөн гэх хуурамч баримтыг тус компанийн касснаас авсныг бид шүүхэд нотлох баримтаар өгсөн. ХХХХ энэхүү нийт 2 616 000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын 2 баримт хүчин төгөлдөр бус болохыг зөвшөөрч өөрийн гараар тайлбар бичиж өгсөн байхад шүүх шинжээч томилж хуурамч баримтыг магадлалгүй, баримтыг зохих ёсоор үнэлэлгүй, нэг талыг барьж шийдвэр гарган манай компанийг хохироосон болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Би анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Орон сууцны барилгыг ашиглалтад оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээ”-ний 2.2-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийн 26 сарын хүү болох 5 396 787 төгрөгийг "ХХХХ" ХХК-иас төлүүлэхийг хүссэн боловч шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгуулах, худалдах, худалдан авах гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 9 794 787 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг, ашиглалтын зардал, НӨАТ-ын төлбөрт нийт 8 130 899 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

ХХХХ болон “ХХХХ” ХХК-ийн хооронд 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” /1 дэх хавтас, хх 3-6 дахь тал/ байгуулагдаж, гүйцэтгэгч “ХХХХ” ХХК нь ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХХХХХ байрны ХХ тоот 45.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж захиалагч ХХХХ-ийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч ХХХХ нь гэрээнд заасан хуваарийн дагуу нийт 36 160 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг шүүх зөв тодорхойлж тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв байна.

Хариуцагч нь гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Гэрээ дүгнэсэн протокол” нэртэй баримт /2 дах хавтас, 66 дахь тал/ үйлдэж шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг бүрэн төлсөн, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний төлбөрт 2 616 000 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ. Орон сууцны корпораци компанитай байгуулсан гэрээний дагуу төлөгдсөн 32 500 000 төгрөг, захиалагч ХХХХгаас урьдчилгаанд төлсөн 1 000 000 төгрөгийн талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий 2 616 000 төгрөгийг төлсөн гэх баримтаа талуудын хооронд байгуулагдсан гэрээ, Төрийн банкны архивт хадгалагдаж буй, тус банкны хуулбар үнэн гэсэн дардастай, “ХХХХ” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн  “Бэлэн мөнгөний орлогын баримт”, уг баримтад 2 390 000 төгрөгийг төлсөн тухай тэмдэглэл, мөн компанийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын 000002 тоот баримт”, уг баримтад 226 000 төгрөг төлсөн гэх тэмдэглэлээр /1 дэх хавтас 141 дүгээр хуудас/, нотлогдоно гэж тайлбарласан бол хариуцагч нь уг баримтуудын өөрт үлдсэн эх баримт болох 2011 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт”-д ХХХХ “Энэхүү баримтын 2 390 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй баримт урьдчилан бичсэн болно” гэж тэмдэглэж гарын үсэг зурсан, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт”-д “хүчин төгөлдөр бус баримт болно” гэж тэмдэглэж гарын үсэг зурсан байдлуудаар тогтоогдоно / 2 дахь хавтас 58, 59 дэх тал, эх хувиар нь гаргаж өгсөн баримтууд/ гэж маргасан.

Дээрх 2 баримтад мөнгө тушаагч талд зурсан гарын үсгийг нэхэмжлэгч ХХХХ нь хүлээн зөвшөөрөх боловч дээр дурдсан агуулга бүхий тэмдэглэл үйлдсний ард мөн өнгийн балаар зурсан гарын үсгийг өөрийнх нь биш гэж тайлбарлах боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Иймд Орон сууцны корпораци компанид зээл авах зорилгоор бүрдүүлж өгсөн, ХХХХ-ийн нэрлэн зааж буй бэлэн мөнгөний орлогын баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. Харин ХХХХгаас тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурж, гэрээний нөгөө талдаа үлдээсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж дүгнэхээр байхад анхан шатны шүүх нотлох үүргийг буруу хуваарилж, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, гэрээний үндсэн төлбөртэй холбоотой сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн ХХХХ нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 616 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул түүнээс уг төлбөрийг гаргуулж хариуцагч “ХХХХ” ХХК-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.

Гэрээний үндсэн төлбөрийг гаргуулан шийдвэрлэж буй тул хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй болно. Шүүх нэхэмжлэлийн агуулгыг зөв тодорхойлж хариуцагч байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч ХХХХ нь орон сууцыг эзэмшилдээ 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, уг орон сууцандаа мөн өдрөөс хойш оршин сууж, үр шимийг хүртэж байгаа тул хариуцагчийг орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөх үүргээ 2014 оны 2 дугаар сарын хүртэл биелүүлээгүйтэй холбоотой зээлийн хүүг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иймд зээлийн хүү, алдангийн хамт хохиролд тооцож гаргуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. Шүүх холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй алдаа гаргасныг зөвтгөх боломжтой.

Шүүх байрны ашиглалтын зардалд ХХХХгаас 1 700 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлсөн нь өөрийнх нь гараар бичиж өгсөн баримтаар тогтоогдсон үндэслэлээр 1 700 000 төгрөгийг үндэслэлгүй төлснөөс буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч ХХХХ-ийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Түүнчлэн ашиглалтын зардал 2 598 889 төгрөг байсныг 1 700 000 төгрөгийг ХХХХ төлснийг хасч 898 889 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлээ нотлоогүй гэсэн дүгнэлт хуульд нийцсэн, энэ талаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй.

Нэмэгдсэн өртөгийн албан татвар нь талуудын хоорондох маргааны зүйл болохгүй тул 3 616 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагч компанийн нэрийг буруу бичсэнийг улсын бүртгэлийн гэрчилгээнд /1 дэх хавтас, 132 дахь тал/ бичсэн байдлаар зөвтгөж, гуравдагч этгээдэд гомдол гаргах эрхийг орхигдуулсныг залруулах замаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/06784 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтад “нэхэмжлэлээс” гэсний урьд “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж нэмж, “ХХХХ” ХХК гэснийг “ХХХХ” ХХК гэж өөрчилж,

2 дах заалтын “ХХХХгаас 8 130 889 төгрөг гаргуулах тухай “ХХХХ” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “ХХХХгаас 2 616 000 төгрөг гаргуулж “ХХХХ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 5 514 889 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

3 дах заалтад “олгосугай” гэснийг “олгож, ХХХХгаас улсын тэмдэгтийн хураамжид 56 806 төгрөг гаргуулж “ХХХХ” ХХК-д олгосугай” гэж өөрчилж,

4 дэх заалтад “зохигч” гэсний ард “гуравдагч этгээд” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ХХХХд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 299 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА