Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0360

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0360

              Улаанбаатар хот

“ГС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.А.Сарангэрэл

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Нэхэмжлэгч: “ГС” ХХК

    Хариуцагч: БОАЖС

    Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “ГС” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах”;

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0226 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.У

Хэргийн индекс: 128/2021/0553/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ГС” ХХК-аас БОАЖС ад  холбогдуулан “БОАЖС ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “ГС” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0226 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3 дахь хэсгийн 106.3.2, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГС” ХХК-аас БОАЖС ад  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, БОАЖС ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “ГС” ХХК-иас гаргасан газар ашиглах эрхийг сунгуулах өргөдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

  3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц-ээс давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0226 дүгээр шийдвэрийг 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч, танилцан хуульд заасан хугацаанд давж заалдах гомдлыг гаргаж байна.

3.1. Анхан шатны шүүх гэрчилгээг хүчингүй болгож хуульд гаргахаар зохицуулаагүй маргаан бүхий актыг нэгэнт дуусгавар болсон газар ашиглах эрхийн гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэжээ. Анхан шатны шүүх “ГС” ХХК нь архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахаар хандаж байсан нь газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж болох нөхцөлүүдийг заасан бөгөөд хуулийн 12 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууцны барилга барихыг хориглосон болно. Гэтэл анхан шатны шүүх "2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04-018 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авснаас үзвэл 2015 онд газар ашиглах эрхтэй болж, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 2019/36 дугаар Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах гэрээ байгуулснаас хойш тус газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани нь 2015 оноос газар ашиглах эрх авснаас хойш бүтэн 5 жилийн турш зөвхөн Газар ашиглах гэрээ, менежмент төлөвлөгөө дүгнэх хуудас, А даалгавар авснаас /баталсан эсэх нь тодорхойгүй/ өөр үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь тодорхой харагдах бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөгдөх дэглэмд нийцэхгүй гэдэг нь тодорхой харагддаг. Мөн газар ашиглах гурвалсан гэрээний 2.3-т төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр төлнө гэж заасан ба Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актын баримтаас хугацаандаа төлсөн биш нөхөж төлсөн буюу нэг жилд 16 сая 99 мянга 510 төгрөгийг төлөхөөр заасан байхад нэхэмжлэгч нь 2020 онд 76,680,137 төгрөгийг төлсөн байдаг. Гурван талт гэрээний дагуу “ГС” ХХК нь нийт 5 жилийн хугацаанд 80,497,550 төгрөгийг төлөх байтал төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй нь Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөх гэсэн нөхцөлийг хангахгүй юм.

Иймд БОАЖС  дээрх нөхцөл бүрдсэн тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах эрх хэмжээтэй юм.

3.2. "... нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 06/2020 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахаар хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд түүнийг нь хариуцагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлээгүй байхдаа ..." гэх тухайд:

“ГС” ХХК нь 2019, 2020 онуудад нэг ч удаа газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Харин газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсон байхад буюу 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр анх газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан байдаг. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй юм. Иймд Газрын тухай хуулийн 39.1.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар ашиглах эрх дуусгавар болохоор заасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг  хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Давж заалдах шатны шүүх  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3.1. Нэхэмжлэгч “ГС” ХХК нь БОАЖС ад холбогдуулан “БОАЖС ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “ГС” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах”-тухай нэхэмжлэл шаардлага гаргасан,  үндэслэлээ “...Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус акт,  ...цогцолбор барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар авсан тул газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхгүй” гэж тодорхойлсон.

3.2.  Анх “ГС” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар[1] Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Хүүшийн аманд 1.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 2015/611 дугаар гэрчилгээг[2] 5 жилийн хугацаатай олгосон байна.

3.3. Үүний дараа БОАЖС ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй,газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр хавсралтад заасан нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон, уг тушаалын хавсралтад нэхэмжлэгч “ГС” ХХК багтжээ.

 3.4. Уг тушаалын үндэслэлд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр[3] ирүүлсэн санал,  Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11и-з/5988 дугаар албан бичгээр[4] ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

 3.5. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь газар ашиглах шийдвэр гарснаас хойш 3 жилийн дараа Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “гурвалсан гэрээ байгуулах” тухай хүсэлт[5] гаргаж, үүний дагуу 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2015/177 дугаартай газар ашиглах тухай гэрээ[6]-г 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болгохоор байгуулсан байна.

3.6. Анхан шатны шүүх “...Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас аялал жуулчлалын цогцолбор барих зориулалтаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ГБМЗХ2020/04-018 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авснаас үзвэл 2015 онд газар газар ашиглах эрхтэй болж, 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 2019/36 дугаар Богдхан уулын дархан цаазат газарт газар ашиглах гэрээ байгуулснаас хойш тус газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэж,  нэхэмжлэгч “ГС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

3.7. Учир нь нэхэмжлэгчээс “...газар дээр аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөн Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон ГБМЗХ2020/04-018 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар[7] авсан байгаа нь зориулалтын дагуу тухайн газраас 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр маргаж байгаа нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах болохоос илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарахгүй.

3.8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх шинжийг тодорхойлсон бөгөөд баталсан байгууллага тодорхойгүй, эрх хэмжээгүй этгээд гаргасан, гүйцэтгэх этгээд нь тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэсэнтэй адилтгах хэмжээний буюу илэрхий алдаатай, мөн бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлийг үүсгэсэн тохиолдолд “эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж ойлгоно.

3.9. Энэ тохиолдолд хариуцагчийг илт хууль бус тушаал гаргасан болон нэхэмжлэгчийн “эрхэд халдах үндэслэл байгаагүй” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

3.10. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар цогцолбор барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй  ашигласан гэх үндэслэлд хамаарахгүй тул газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна.

3.11. Энэ нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн нарын  2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №2020/153 дугаартай “Газар ашиглах гэрээ, менежмент төлөвлөгөө дүгнэх хуудас”[8]-т гэрээний үүргийн биелэлт хэсэгт “төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эхлээгүй”, “...газар ашиглаагүй тул байгаль орчны менежмент төлөвлөгөө дүгнэх боломжгүй” гэсэн дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй болох нь тогтоогдож байна.

4. Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй:”, 35.1.5-т “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” , Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж тус тус заасан.

4.1. Нэхэмжлэгч компаниас газрыг ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1870 дугаартай албан бичгээр хүргүүлсэн гэх боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/584 дүгээр албан бичгийн дагуу[9] тус яамнаас  “ГС” ХХК-аас ирүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 04/2021 дугаартай албан бичгээр[10] гаргасан хүсэлтийг ирүүлснээс үзэхэд нэхэмжлэгч нь газар ашиглах гэрээний хугацаа дууссанаас даруй 9 сарын дараа хүсэлт гаргасан болох нь нотлогдож байна.

4.2. Харин “ГС” ХХК-ийн газар ашиглах 2019/177 дугаар гэрээний газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын төлбөрийн хуулга зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй байсан боловч уг үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус акт гэж тогтоох боломжгүй.

5. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул захиргааны маргаантай хэргийг шийдвэрлэхдээ Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”  34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГС” ХХК-аас БОАЖС ад холбогдуулан гаргасан “БОАЖС ын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “ГС” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал

[6]  1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал

[7][7] 1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 178 дахь тал

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 189 дэх тал