Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/01879

 

Д.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

         2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01111 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1706 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Д.М

         Хариуцагч: Н.Бд холбогдох        

         Зээлийн гэрээний үүрэгт 34 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгч У.Т хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Н.Бд 2016-09-06-ны өдөр 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай 20 сая төгрөг зээлүүлж, гэрээг бичгээр байгуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч зээлээ төлөөгүй. Гэрээнд 0.5 хувийн алданги тооцохоор заасн байгаа. Иймд үндсэн зээл 20 сая төгрөг, хүү 3 сая төгрөг, алданги 100 хоног 11,500,000 төгрөг нийт 34,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлд бодит байдлаас илт зөрүүтэй, худал зүйлүүдийг бичсэн байна, нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01111 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 34,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1706 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01111 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн  4.1-д зааснаар шүүхийн эрхэм зорилго нь шударга ёсыг сахиулах юм. Гэтэл шүүх  Н.Бг Д.Маас 20 сая төгрөгийг бэлнээр авсан мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй. Хэдийгээр зээлийн гэрээний ард талд 20сая төгрөгийг бэлнээр хүлээн авав гэсэн бичиглэл байгаа ч мөнгийг дансаар шилжүүлэн авсан. Тиймээс  шүүх нь дансаар шилжүүлсэн 20 сая төгрөгийг дахин нэхэх эрхийг нэхэмжлэгчид үлдээж хариуцагчийг эрхийг зөрчлөө. ИХШХШТХ-ийн 62.1, 62.1,4-д заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага гэсэн хэсгийг тусад нь гаргахаар заасан. Мөн хуулийн 72.2-р хХариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч Д.М 2018-03 -28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон гаргаагүй байхад  шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй. ИХШХШТХ-ийн 6.1, 6.2, 67.1.1-н заалтыг шүүх хэрэгжүүлээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эдлэх эрх, хүлээх үүргийг бүрэн ойлгосон байх шаардлагатай. Мөн тухайн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан эсэх нь хууль зүйн хувьд чухал ач холбогдолтой. Гэтэл Н.Бд  эрх, хүлээх үүргийг танилцуулсан гэх баримт байх боловч хэзээ танилцуулсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл,ИХШХШТХ-ийн 67-д заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй. Шүүх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж таамаглаж шийдвэрлэх боломжгүй. Н.Б нь Д.Маас авсан зээлийг төлөх зорилгоор 2018 оны 01 дүгээр сард өөрийн эгч Н.Нямсүрэнгийн өмчлөлийн Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 50 мянгатын 15 байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлэн өгч зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл  шүүх их хэмжээний мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж хариуцагчийг хохироосон. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг  буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Д.М 2018-03-28-ны өдөр Н.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2016-09-06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг нийт 34,500,000 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 13/ байна.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Д.М шаардлагаа нотлон 2016-09-06-ны өдрийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүх зохигч нарын тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, Н.Бгаас 34,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ. 

        Зохигчийн тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх тохиолдолд шүүх талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийн талаар танилцуулахаас /хх 10/ гадна, тайлбарлан өгөх ажиллагааг бүрэн хийсэн байх нь чухал юм.

        Шүүгч, зохигч нарт шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг тайлбарлан өгөх ажиллагааг хийсэн гэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн гэх тайлбараа нотлох зорилгоор ямар нэг хүсэлт болон сөрөг нэхэмжлэл гаргах эсэхийг шүүх тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзлээ.      

         Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэх, хуулийг зөв тайлбарласан эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/01111 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1706 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 332.000 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.АМАРСАЙХАН

                              ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ