| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1693/Э |
| Дугаар | 1766 |
| Огноо | 2020-10-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 1766
2020 10 08 2020/ШЦТ/1766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Ганзориг,
нарийн бичгийн дарга Н.Солонго,
шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аын Нд холбогдох эрүүгийн 2006 00000 2375 дүгээр хэргийг 2020 оны 09 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Н нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 27-686 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Төмөрчөдөртэй “гадуур хоносон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, цээж хэсэгт өшиглөж унагаан эрүүл мэнд нь зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, баруун бугуйд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2375 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Хохирогч Б.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтад өгсөн:
”2006 онд А.Нтэй танилцаад үерхэж байгаад 2009 оноос хамт амьдарсан. Манай найз дуудсан учир Тэрэлж яваад тэндээ хоёр хоносон. 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн орчим аавын гэрт ороод сууж байх үед манай нөхөр Н орж ирээд “намайг ална” гэж хэлээд шууд миний нүүр хэсэгт гараа атгаж байгаад маш олон удаа цохиж, элэгдэж унагаад зүүн хавирга хэсэгт өшиглөсөн. Миний зүүн талын нүд хөхөрч, хамар хэсэг хавдаж, шингэн зүйл гарч байсан. Хавирга хэсэгт хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн №10070 дугаартай:
“Б.Төмөрчөдөрийн биед зүүн зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, баруун бугуй цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/,
-зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/,
-хохирлын талаарх баримтууд /хх-ийн 23/,
Шүүгдэгч А.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Би эхнэр 2 хүүхдийн хамт хадам аав Борын хашаанд амьдардаг. Манай эхнэр 2020 оны 08 дугаар сарын 26-ны өглөө ажилдаа яваад 08 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчимд гэртээ ирсэн. Би энэ хооронд эхнэрийн утас руу удаа дараа залгасан боловч миний утсыг салгасан ба хадам ээж эхнэрийн утас руу залгахад “одоо харилаа” гэж хэлээд 3 хоног гэртээ ирээгүй. Тэгээд 08 дугаар сарын 29-ний орой манай том хүү Анхсаруул “ээж ирээд өвөөгийнх рүү орсон” гэхээр нь би хадам аавын гэрт ороод эхнэр Төмөрчөдөрт “3 хоног хаагуур яваад ирэв, арай их доромжилж байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгтэл өөдөөс хашхираад “би явдаг хүнтэйгээ яваад ирлээ” гэж хэлэхээр нь би уурлаж, эхнэр бид хоёр хэрэлдсэн. Гэтэл “гэрээс гараад явлаа” гэхээр нь би ор руу түлхэж суулгахад босож ирээд миний зүүн талын хөмсөг орчимд гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Намайг пийшин налаад зогсож байх үед миний гуя орчимд өшиглөхөөр нь “давраад байгаарай” гээд бөөрний орчимд нь нэг удаа өшиглөсөн” /хх-ийн 44-46/,
Хавтаст хэргээс шүүгдэгч А.Нгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь гэр бүлийн харилцаатай хүнд хамаарахаар хуульчлагджээ.
Иймд хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарах хууль зүйн үндэслэлтэй байх учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй учир зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай саналыг хүлээж авах үндэслэлгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтай байхаар хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхойлжээ.
Шүүгдэгч А.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн баримт, томографын зураг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч А.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Төмөрчөдөрийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Төмөрчөдөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 141.500 төгрөгийн нотлох баримт гаргаж нэхэмжилсэн ба түүнд шүүх хурлын тов мэдэгдэхэд “ар гэрийн асуудлаас болж шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч А.Нг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч А.Нд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Төмөрчөдөрийн зүй бус үйлдэл болох гэр бүлийн гишүүддээ мэдэгдэлгүйгээр, ярилцаж ойлголцолгүйгээр, гэр бүлээсээ тусдаа хэдэн өдөр, хоногоор явсан. Энэ шалтгаанаа тохиромжгүй байдлаар тайлбарлаж маргаан болгож байгаа үйлдэл зэрэг нь шууд нөлөөлжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аын Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ