Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1767

 

 

 

 

 

 

 

 

   2020        10          08                                   2020/ШЦТ/1767 

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Ариунцэцэг,

нарийн бичгийн дарга Н.Солонго,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх, Б.Билгүүн,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А, Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1142 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Отгонбаярын өмсөж явсан саарал өнгийн пиджак, Самсунг жи-7 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэж дээрэмдэн авч, бусдад 717.600 төгрөгийн хохирогч учруулсан,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа бүлэглэн хохирогч Д.Отгонбаярын нүүр, бие хэсэгт нь цохиж улмаар хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд шүүгдэгч Б.А, Б.Б нар нь хохирогч Д.Отгонбаярын эд зүйлийг хүч хэрэглэж дээрэмдсэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө ганцаараа Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 57, 58 дугаар байрны дундуур явж байх үед үл таних 2 залуу намайг дуудаад “ахаа тамхи байна уу” гэж асуусан. Тухайн үед надад 3 ширхэг “Mild seven” нэртэй тамхи байсан юм. Тамхиа гаргаж ирээд ах нь нэгийг нь татъя, та 2 энэ 2 ширхгийг нь ав гэсэн чинь саравчтай малгай өмссөн залуу нь “наад өмссөн пиджакаа тайл” гэж хэлсэн. Би гайхаж харахад бүдүүн залуу нь шууд миний пиджакийг тайлаад авсан. Би “за за наад пиджакаа ав, дотор нь гар утас байгаа утсаа авчихъя” гэхэд хоёр залуу нийлээд миний хоёр талаас зодсон. Зодож байснаа саравчтай малгайтай залуу “гутлыг нь авъя” гээд хоёулаа нийлээд миний өмсөж явсан гутлаас татаад тайлах гэж оролдсон. Миний гутал хажуу талаараа цахилгаантай учир тайлагдаагүй. Би зодуулж байхдаа “102-оо 102-оо” гэж орилсон ба “авраач ээ” гэж зөндөө их орилсон. Тэр 2 зугтаагаад явахаар нь би араас нь хөөж гүйгээд сансрын колонкын автобусны буудал дээр ирж тэнд байсан хүнээр цагдаа дуудуулсан.

Цагдаа ирээд надаас юу болсон талаар асуугаад машиндаа суулгаад дээрэмдүүлсэн газрын орчмыг шалгахаар явсан. Явж байхдаа саравчтай малгайтай өндөр залуу байгаа гэж хэлээд явж байхад тэр залуу ганцаараа алхаад явж таараад цагдаа надаас энэ мөн үү гэж асуухаар нь мөн байна гэж зааж өгч бариулсан. Нөгөө бүдүүн нь байхгүй байсан. Тэр залуу миний саарал өнгөтэй пиджакийг өөрийнхөө куртикнийхээ дотуур өмссөн. Пиджакийн халаасанд Самсунг жи 7 загварын гар утас байсан. Тэр хоёрт зодуулаад бас эрүүл мэндээрээ хохирсон. Духан дундуураа өшиглүүлээд 2 хөмсөгний голд язарсан, мөн уруул язарсан, 2 гар, 2 хөл, нуруу шалбарсан, хөндүүртэй байна. Дээрэмдүүлсэн пиджакаа маргааш өдөр нь бүрэн бүтэн хүлээж авсан гэх мэдүүлэг / хх-ийн 04-08 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5175 дугаартай:

“Д.Отгонбаярын биед хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт / хх-ийн 14-15 /,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн БЗД2-20-651 дугаартай:

Саарал өнгийн Хюго босс брэндийн 2020 оны 01 сард Герман улсаас ирсэн  пиджак 537.600 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /хх-ийн 17-18/,

 

“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн БЗД2-20-564 дугаартай:

“Самсунг жи 7 загварын хэрэглэж байсан гар утас 180.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх тайлан /хх-ийн 21-22/ 

 

Шүүгдэгч Б.Б, Б.А нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг:

Б: “2020 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө А, Цогтбаатар, Хүчитбаатар нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо КФС хоолны газрын урд 58 дугаар байрны сааданд 0.75 литрийн Хараа архи, 2.5 литрийн Сэнгүр пивыг хувааж уусан. Тэгээд Цогтбаатар, Хүчитбаатар нар мөнгө олох гээд явсан. А, бид хоёр сааданд байж байх үед хажуугаар үл таних согтуу ах өнгөрөхөөр нь би тэр ахыг дуудаж тамхи асуухад тэр ах 3 ширхэг тамхи гаргаж өгсөн. Бид гурав сандал дээр тамхи татаад сууж байх үед тэр ах өөрөө пиджакаа тайлаад сандал дээр тавьсан. Тэр ахтай муудалцсан ч юунаас болсныг санахгүй байна. Би тэр ахыг түрүүлээд тамхи барьсан гараараа цохиход зөрүүлээд намайг нэг удаа цохисон. Тэр ах 102 гээд орилоод байсан. Тэр үед А тэр ахын цамцнаас татаж газар унагааж 2-3 удаа өшиглөсөн. Би Ат “явъя” гэж хэлээд аваад явсан. Хүчитбаатар, Цогтбаатар нарыг тэр газарт ирж магадгүй гэж бодоод буцаад очсон. Тэр газарт пиджак байхаар нь би авч өмсөөд зогсож байхад цагдаагийн машинтай нөгөө ах ирээд намайг авч явсан”

Б.А: “2020 оны 04 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө А, Цогтбаатар, Хүчитбаатар нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо КФС хоолны газрын урд 58 дугаар байрны сааданд 0.75 литрийн архи, 2.5 литрийн пивыг хувааж уусан. Б, бид хоёр сааданд байж байх үед хажуугаар үл таних согтуу ах өнгөрөхөөр дуудаж тамхи асуухад тэр ах 3 ширхэг тамхи гаргаж өгсөн. Бид гурав саадны сандал дээр тамхи татаад сууж байхад тэр ах өөрөө пиджакаа тайлаад сандал дээр тавьсан. Тэр ах их согтуу байсан. Эхэлж Б тэр ахтай муудалцсан. Б түрүүлээд тамхи барьсан гараараа тэр ахыг цохисон. Нөгөө ах эргүүлээд Бийг цохисон. Тэр үед Б хойшилсон чинь тэр ах “102” гэж орилоод байсан. Би тэр үед Бийг өмөөрөөд тэр ахын цамцнаас татаад газарт унагаагаад 2-3 удаа өшиглөхөд Б явъя гэж хэлээд бид хоёр явсан. Бид хоёр Сансарын колонкын замын хойд талд гүйж явахад Б юм хэлэлгүй буцаад явсан. Араас нь явж байгаад Цогтбаатартай таархад Бийг цагдаа аваад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-124/, 

 

Шүүгдэгч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн:

“Цогтбаатар, Хүчитбаатар хоёр пиво авч ирэхээр явсан. Б, бид хоёр хүлээгээд байж байх үед гудамжинд 25-30 насны эрэгтэй хүн алхаж байсан. Би тэр үл таних хүн дээр ганцаараа очоод ах аа, тамхи байна уу, байвал хамт татъя гээд Бий хамт сааданд сууж тамхи татсан. Тэр үед үл таних ах, Б хоёр хоорондоо маргалдсан. Б тэр ахыг гадуур хувцсаа тайл гээд байхаар  нь би Бийг боль гэхэд болихгүй байсан. Тухайн үед Б тамхи барьсан гараараа тэр ахын хацар хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед үл таних ах Бий хацар руу нэг удаа цохисон. Би тэр үед Бийг өмөөрөөд тэр ахын цамц болон гараас татаж унагаад нүүр болон цээжин хэсэг рүү нь өшиглөсөн. Тэр үед Б хажууд байсан ба Б нөгөө ахыг дахиад зодох гээд байхаар нь би аваад явсан. Тэр ахыг зодож байх үед 102 гээд орилоод байсан. Бид хоёр явсан ба зугтааж байх үед Б надад тэр ахын гаднах хувцсыг авсан гэж хэлж байсан. Гаднах хувцасны халаасанд юу байсан талаар мэдэхгүй. Б буцаад нөгөө газар руу гүйсэн. Тэгээд цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116/

 

Шүүгдэгч Б.Бий мөрдөн байцаалтад өгсөн:

“Би хохирогчийг пиджакаа тайл гэж хэлээгүй ба А бид хоёр пиджакийг тайлаагүй. Харин А, хохирогч 2 хоорондоо зодолдоод А хохирогчийг газарт унагаад өшиглөөд байхаар нь би “боль, хүн аллаа” гэж хэлээд салгасан. Тэр үед хохирогч пиджакаа тайлсан юм шиг байна. Би Аыг салгаад Сансарын колонк ороод Аыг үлдээгээд Цогтбаатар, Хүчитбаатар хоёрыг очсон байж магадгүй гэж бодоод нөгөө газар руу буцаж очиход пиджак нь байж байхаар нь авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/, оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, шүүгдэгч Б.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, оршин суух газрын лавлагаа /хх-ийн 37/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Хохирогч, гэрч болон шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно. 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А, Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч нар нь хохирогч Д.Отгонбаярын эд зүйлийг дээрэмдэхээр санаа зорилго нэгдсэн байх ба уг зорилгоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд бүлэглэн хүч хэрэглэж довтолсон үйлдлээр тухайн гэмт хэрэг бүрэн төгсөнө.

Хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх явцад шүүгдэгч нар нь бүлэглэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд хохирлын хэмжээ хамаардаггүй, гэмт этгээдийн хохирогчийн эд зүйлийг авах гэсэн довтолгоо эхэлж эд зүйлийг авснаар үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой. Шүүгдэгч нар дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн нь тэдний хохирогчийн бие махбодод халдсан, хохирогчийн эсэргүүцлийг няцаан унагах, цохих, өшиглөх зэргээр хохирогчийн амь, биед аюултай нөхцөл бий болгосноор илэрхийлэгдэж байна.

Мөн шүүгдэгч нар нь өөрсдийгөө хохирогчоос хүний хувьд олуулаа буюу давуу байдалтай байгаагаа түүнд харагдах байдлаараа шууд ойлгуулсан байна. Хохирогч нь хүний хувьд илүү байгаа болон шөнө болсон учир ойр орчимд тусламж хүсэх хүн байхгүй нөхцөл байдлыг ухамсарлажээ. Ийм учир хохирогч нь шүүгдэгч нарт тамхи өгөх зэргээр тал зассан, шүүгдэгч нар пиджакыг нь тайлах үйлдэл хийж байхад эсэргүүцэл үзүүлэлгүй авахыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч нар нь хохирогчоос тамхи авч татаж байхдаа хохирогчийн пиджакыг авахаар тайлахыг шаардаж улмаар эд зүйлийг авсан байх бөгөөд хохирогч пиджакны халаасанд байх гар утсыг авна гэхэд дургүйцсэн байдлаа илэрхийлж түүний үйлдлийг няцаах зорилгоор түрүүлж нүүрэнд нь цохиж байгаа нь дээрэмдэх гэмт хэргийн шууд санаа зорилго мөн болно.

 

Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар эд зүйлтэй болох санаа зорилготой байсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх талаар урьдаар тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж хэн хэнийхээ гэмт үйлдлийн санаа зорилгыг бүрэн ухамсарлаж уг үйлдэлд хамтран оролцсон байна.

 

Шүүгдэгч Б.Б, Б.А нар нь гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн бие махбодод хүч хэрэглэн халдаж, өөрсдийнх нь үйлдлийн улмаас гэмтэл учрах, учирч болохыг мэдсээр байж гэмт үйлдлийг зориуд үйлдэн санаатайгаар хамтран оролцсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчид учирсан гэмтэлтэй хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгож ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсэж үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ бүрэн хангаж байна.

 

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хохирогч, гэрч нар бодит байдлаар, нэмж хассан зүйлгүйгээр мэдүүлдэг ба өөрт ашигтай байдлыг үүсгэхийг эрмэлздэггүй. Харин гэмт этгээд нь гэмт хэргийн талаарх нөхцөл байдлыг өөрт ашигтай байдлаар бүрдүүлж эрүүгийн хариуцлага, ял шийтгэлээс мултарч өнгөрөх, хөнгөн ял шийтгэлээр шийтгүүлэхийг хүсэж байдаг учир мэдүүлэг нь тогтворгүй байдаг.

Иймд хохирогч, гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцох эрх зүйн нөхцөл үүсдэг.

 

Шүүгдэгч Б.А, Б.Б нар нь бүлэглэн хохирогч Д.Отгонбаярын эд зүйлийг авахаар хүч хэрэглэж довтолсон, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч нарын гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б.А, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Отгонбаяр нь дээрэмдүүлсэн пиджакаа буцааж авсан, гар утасны үнийг хөрөнгийн үнэлгээний тайланд тогтоосноор барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Б.А, Б.Б нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт зэргийг харгалзан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт торгох ял, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэгт тухайн зүйл, хэсэгт заасан доод хэмжээгээр хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт ялыг тогтоож, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүх хүлээж авах үндэслэл, боломжгүй гэж үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаар хуульчилжээ.

Шүүгдэгч Б.А, Б.Б тэдний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй, харин бүлэглэн хохирогчийг зодсон гэж гэм буруугийн талаар маргаж оролцсон нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

 

Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Бын Б, Б овогт Бийн А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

 бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун хорих таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Б.Б, Б.А нарыг тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 525 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нийт 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт ялыг 2 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.А нарын тус бүрд оногдуулсан 2 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нар нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.А нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БААСАНБАТ