| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2016/00357/И |
| Дугаар | 00003 |
| Огноо | 2016-12-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 00003
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Баянгол сумын 2 дугаар баг, Баян 3 дугаар хэсгийн № 10-03 тоотод оршин суух Боржигон овогт Гөлгөөгийн Одонмандалд /РД:МБ59051507, Утас:99224133/ холбогдох 190.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ......Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн 3 дугаар хэсгийн 10-03 тоот хаягт оршин суугч Боржигон овогтой Гөлгөөгийн Одонмандал нь 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн газарт төмс, хүнсний ногоо тариалах зорилгоор 300.000 төгрөг, 70.000 төгрөгийн төмсний үрийг 2012 оны 12 дугаар сарын 01-ний дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 170.000 төгрөг, хүү алданги 20.400 төгрөг нийт 190.400 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.
Хариуцагч Г.Одонмандал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:..... Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газраас миний нэр дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Энэ нэхэмжлэлд дурьдсан 190.400 төгрөгийг төлөхөд иргэн миний зүгээс татгалзах зүйлгүй. Уг мөнгийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 190.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Одонмандал нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 190.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Одонмандал нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН