Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1764

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

   2020        10          08                                    2020/ШЦТ/1764

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Болор-Эрдэнэ

нарийн бичгийн дарга Н.Солонго,

хохирогч Л.Гантогоо, Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Д.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хн овогт Сын Зт холбогдох эрүүгийн 2006 03434 2354 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.З нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Гантогоотой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд халдаж, биед нь тархи доргилт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцралт, баруун бугалга, тохой, шуу, зүүн бугалга, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун хацар хоёр хөлний шагайнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 03434 2354 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч С.З нь хохирогч Л.Гантогоогийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Л.Гантогоогийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10 цаг 20 минутын үед манай нөхөр Батболд руу найз Балжинням утсаар залгаж “Гачуурт хүргээд өгөөч, хэдэн найзууд дуудаад байна” гэж гуйхаар нь нөхөр, бид хоёр Нарангийн гол гэх газраас очиж Балжиннямыг аваад Гачууртад очсон. ...Тэнд байсан хүүхнүүд нь намайг “наашаа суучих” гэсэн. Тэгээд хамт сууж байх үед З гэх хүүхэн намайг “хэдэн оных вэ” гэхээр нь “1982 оных” гэсэн чинь “өө, хөгшин юм байна, манай эгчтэй чацуу юм байна” гэхээр нь би юу ч хэлээгүй дуугүй байсан. ... З гэх эмэгтэй анхнаасаа надад дургүй байсан болохоор бөөнөөрөө би Сөсхөр, түүний эхнэр хоёрт хандаж “тавуулаа тусдаа явъя, энэ хүмүүс дургүй байна” гэж хэлсэн. Тэгээд бид 5 бөөнөөрөө Могойт гэх газар очсон. Тэгээд Балжинням Батболд, Сөсхөр нар гол руу явсан. Удалгүй З намайг өдөөд “ийм хөгшин авгай байж залуу нөхөртэй, чамайг яаж тоосон юм, ямарт нь ийм сайхан залуу олддог байна аа, ийм хөгшин авгайд” гэж хэлэхээр нь би юм хэлээгүй. Нөхөр Батболдыг голоос ирэхээр нь би “З гэх хүүхэн намайг доромжлоод байна” гэж хэлэхэд нөхөр өөдөөс “инээгээд ирсэн юм чинь, инээгээд буцъя, хоёулаа архи уусан юм чинь яаж явах юм” гэж хариулсан. Нөхөртэйгөө хамт байж байх үед З ирээд “ийм сайхан залууг жаргааж чадахгүй, арчаагүй гичий вэ” гэж хэлэхээр нь миний уур хүрч нөхөр Батболдыг машины түлхүүрээр чих рүү нь цохисон. Батболд дуугүй босоод явахад З миний үснээс баруун гараараа зулгааж, газарт дугтарч унагаагаад чирээд толгой, хэвлий, нуруу, хөл хэсэгт өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 05-09/,

 

Гэрч Н.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн:

... Би машин барина гээд архи уухгүй гэсэн. Гантогоог ууна гэж хэлсэн. Би усанд сэлж байгаад ирэхэд эхнэр Гантогоо уурлаад байсан. Би юу болоод байгааг нь ойлгоогүй. Гантогоог уурлаад байхаар нь би ханиа одоо боль гэж хэлээд хол явж байгаад ирсэн чинь ахиад уурлаад байсан чинь З гэх эмэгтэй чи ийм залууг хайрлаж чадахгүй байвал би аваад явлаа гэсэн чинь бөөн уур болсон. Тэгэхээр нь би цаашаа холдоод явсан. Явж байгаад буцаад ирэхэд З гэх эмэгтэй Гантогоог машины хажууд үсдээд унагаасан байж байсан. Би боль гээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9492 дугаартай:

“Л.Гантогоогийн биед тархины доргилт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцралт, баруун бугалга, тохой, шуу, зүүн бугалга, шуу, баруун гуя, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, баруун хацар хоёр хөлийн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 29-31/,

 

Шүүгдэгч С.Зийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Л.Гантогоо нөхөр Батболд дээрээ очоод өшиглөөд дээгүүр нь давж унасан. Цаашаагаа явж байхдаа өөрөө өнхөрч унаад хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Гантогоо согтуу машинаа барьж явна гээд машинаа асаасан. Тэгэхээр нь хамт явсан хүмүүс очоод “боль” гэхэд үгэнд нь орохгүй байсан. Тэгэхээр нь би очоод машинаас буулгах санаатай гараас нь татах гэж байгаад үснээс нь зулгааж машинаас татаж унагаасан. Шинжээчийн дүгнэлт дэх  Л.Гантогоогийн биед учирсан гэмтлийг би учруулсан нь үнэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 42/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч С.Зийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Зийн иргэн Л.Гантогоогийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч С.З нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Хохирогч Л.Гантогоо болон түүний өмгөөлөгч нар нь энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан байцаагчид хохирлын талаарх баримтуудыг гаргаж өгсөн боловч хэрэгт хавсаргаагүй байна. Иймээс хохирлын баримтыг олж, бүрдүүлж өгөх боломжтой хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нь тухайн хэрэгт Л.Гантогоог хохирогчоор тогтоож мэдүүлэг авахаас эхлэн оролцсон боловч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаараагүй байна. 

Хохирогч Л.Гантогоо нь эмчилгээний зардал нэхэмжлэх талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байх бөгөөд дээрх учир шалтгааны улмаас нотлох баримт хэрэгт авагдаагүй гэх тул түүний хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд хандан шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэхэд шүүгдэгч С.Зт эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж,  шүүгдэгч С.З нь зүй бус үйлдэл болох хохирогч Л.Гантогоог ялгаварласан байдал гаргаж гэр бүлийн харилцаанд хөндлөнгөөс оролцож, бусдыг доромжилсон байдлаар хандан таарамжгүй харилцаа үүсгэсэн нь зохисгүй үйлдэл болно.

 

Шүүгдэгч С.Зийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүний холбогдсон гэмт хэргийн талаарх дүгнэлт зэргийг харгалзан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг бага хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан шүүгдэгч С.Зт торгох ял оногдуулах талаарх эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаанд тохирох боломжгүй байх учир хүлээж авахаас татгалзав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Сын Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зийг гурван зуун хорин цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Зт оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож эдлүүлэхээр  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч С.З нь нотлох баримтаар бусдад төлөх  төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Гантогоо нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ