| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1654/Э |
| Дугаар | 1704 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 1704
2020 09 24 2020/ШЦТ/1704
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Ю.Э, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю.Эд холбогдох эрүүгийн 2006 02037 1985 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ю.Э нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг Эрдэнэ толгойн 02-18 тоотоос иргэн Г.Цолмонбаатараас “Жи-500 маркийн автомашиныг зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ю.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 02037 1985 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ю.Э нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Цолмонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 10 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Эрдэнэтолгойн 02-18 тоотод ажил дээрээ байх үед надтай хамт ажилладаг Буянбатын машиныг авахаар Донойцамба, Э нар ирсэн. Тэгээд ярилцаж байгаад Э нь “би цагдаагийн ахмад байгаа юм, би Замын-Үүдэд 2 том машин ажиллуулдаг тэндхийн дэлгүүрийн эмэгтэйгээс 12.000.000 төгрөгийн өрөндөө ЖИ-500 маркийн автомашин авах гэж байгаа сонирхох хүн байна уу” гэхээр нь би сонирхож Этэй ярилцаад 15.000.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд урьдчилгаа мөнгө гээд Буянбадрах 400.000 төгрөг, би ажил дээрээсээ 1.100.000 төгрөгийг бэлнээр Эд өгсөн. Үүнээс 2-3 хоногийн дараа Э Замын-Үүдээс над руу 99665494 гэсэн дугаараас яриад “ах нь том машиндаа дугуй авах гэсэн юм гэхээр нь 1.500.000 төгрөгийг түүний Хаан банкны 5006360777 дугаарын данс руу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээсээ шилжүүлсэн. Дараа нь дахиж яриад том машиндаа бензин хийнэ гээд 2.000.000 төгрөгийг авсан бөгөөд том машинаараа Замын-Үүдээс надад зарах гэж байгаа Жи-500 маркийн машинаа авч ирж байгаа гээд байсан тул би мөнгө шилжүүлсэн. Тэгээд ардаас нь залгаад яагаад машин байхгүй байгаа талаар асуухад “манай эхнэрийн ах цагдаагийн том хурандаа бий, миний машиныг юу гэж ийм хямдхан зардаг юм гээд товчоогоор орж ирж байхад нь замаас авчихлаа, мөнгийг чинь би буцааж өгнө” гэж хэлсэн. Үүнээс хойш янз бүрийн шалтаг хэлж байснаа сураггүй алга болсон. Надад 5.000.000 төгрөгийн хохирол учирсан. Би Э гэх хүний хэлж байгаа зүйлд шууд итгэж ямар нэг бичиг баримт, машин зэргийг шалгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
Гэрч Г.Буянбатын мөрдөн байцаалтад өгсөн:
2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Э Цолмонбаатарт “ЖИ-500 маркийн машин хүнээс өрөндөө авч байгаа юм, би өөрөө цагдаад ажилладаг, Замын-Үүдэд 2 том машин явуулдаг, та нар үзэх юм уу” гээд зураг харуулсан ба 00-26 ДГА улсын дугаартай, хар өнгийн ЖИ-500 маркийн машин харуулсан. Тэгээд үнэ 15,000,000 төгрөгөөр тохироод худалдаж авахаар болсон. Э “би 5 дахь өдөр машинаа авахаар явах гэж байна, та надад урьдчилгаа мөнгө өгөөч гэж хэлэхээр нь би бэлэн 400.000 төгрөг өгсөн. Дараа нь Цолмонбаатараас бэлэн 600.000 төгрөг авсан. Тэгээд 5 дахь өдөр над руу залгаад “би машинаа ачуулж байна, та зургийг нь харах уу” гэхээр нь би “яах юм бэ, өмнө нь зургийг нь харсан” гэж хэлээд өнгөрсөн. Замын-Үүдэд байхдаа удаа дараа шалтаг хэлж, мөнгө цувуулж авсаар байгаад 5.000.000 төгрөг авсан. Эгээс машины талаар асуухаар “тагнуулын нэг ах байгаа, замаас нь хураалгачихсан байна” гээд шалтаг хэлсээр өнөөдрийг хүрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 05-06/,
-шүүгдэгч Ю.Эгийн хохирол 5.000.000 төгрөгийг 2020 оны 03 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 08/,
-фейсбүүк мессенжерийн хуулбар /хх-ийн 09-13/,
Шүүгдэгч Ю.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2018 онд Цолмонбаатар, Буянбат хоёртой машин авах гэж яваад танилцсан. Тэрнээс хойш холбоотой байж байгаад би Замын-Үүдээс ЖИ-500 маркийн автомашин хүнээс авах байсан ба тэр тухайгаа Цолмонбаатарт дуулгахад “чи машинаа аваад ир, үнэ тохирох юм бол би машиныг чинь худалдаж авъя” гэхээр нь би Замын-Үүд рүү явсан. Би очоод нөгөө машинаа үзэж дугуй авсан. Тэр хугацаанд Цолмонбаатараас урьдчилгаа 2.500.000 төгрөгийг 2 удаа авсан. Авч ирж байсан машиныг минь замаас нь өөр хүн ирээд хүүхдийн машин булаалаа гээд маргаан болоод буцаагаад аваад явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ю.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцлоо.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ю.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.
Хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахдаа болон шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар асууж байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Шүүгдэгч Ю.Э нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчийн эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Ю.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ гэмт хэрэг төгс үйлдэгддэг.
Шүүгдэгч Ю.Э нь хуурч, бодит байдлыг нууж хохирогч Г.Цолмонбаатарын 5.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд шүүгдэгч Ю.Эг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь хохирогчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ю.Эгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ю.Эг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ю.Эд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаанд хүчинтэй үргэлжлэх байсан.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө шүүгдэгч Ю.Э нь өөр гэмт хэрэг үйлдсэн нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тус шүүхийн 2020/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдож байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн гэм буруутайд тооцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний үйлдэлд тохирсон зохистой байдлаар оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ю.Эгийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/301 дугаар шийтгэх тогтоолоор хэргийн учир цагдан хоригдсон 10 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож оногдуулсан ялаас хасаж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Юийн Эг хуурч, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эг гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/301 дугаартай шийтгэх тогтоолоор Ю.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хэсгийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эг дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/301 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эгийн цагдан хоригдсон 10 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 80 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан ялаас хасаж, эдлэх ялыг 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эд оногдуулсан 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хугацаа тогтоож эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ