| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1595/Э |
| Дугаар | 1645 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 1645
2020 09 11 2020/ШЦТ/1645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Уранцэцэг,
нарийн бичгийн дарга Н.Солонго,
шүүгдэгч Л.С, М.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Ч нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02951 2221 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.С нь 2020 оны 06 сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “Итгэлт” худалдааны төвийн 2 дугаар давхраас иргэн Б.Оюунхүүгийн Самсунг Эс-20 маркийн гар утас, бэлнээр 100,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.538.700 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Ч нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Итгэлт” худалдааны төвийн 2 дугаар давхраас иргэн Б.Оюунхүүгийн алдагдсан Самсунг Эс-20 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “Айти сервис” засварын газраас ашиглах боломжтой болгож бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлэн завшиж нийт 2.429.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч М.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 2006 02951 2221 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч Б.Оюунхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Өөрийн авч явж байсан саарал торондоо үзтэл миний гар утас байхгүй байсан. Би эмийн санч эгчийн утсаар өөрийн 95151414 дугаар руу залгахад миний гар утас дуудаж байсан. Тэгээд би эмийн санчид “та дуудаж байгаарай” гэж хэлээд хажуу талын үсчинд орж үзтэл миний гар утас тэнд байхгүй байсан. Би тэнд байсан хүмүүсээс нэг бүрчлэн утасныхаа талаар асуусан. ...Би гар утсыг 2020 оны 05 дугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах “Сайн” электроникс худалдааны төвөөс лизингээр урьдчилгаа 410,000 төгрөг өгч нийтдээ 3,290,000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан. Одоо сард үндсэн төлөлтэйгөө 165,000 төгрөгийг төлдөг. Мөн тус утасны өнгөгүй гэрэлтдэг кейсыг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6.000 төгрөгөөр худалдан авсан. Утас, кейс хоёрын завсар 20.000 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг байсан. ...Би үсээ засуулж байсан нэг эмэгтэйг сэжиглэж байна. Учир нь тус эмэгтэй бэлэн мөнгөний машинаас мөнгө авна гээд гарахдаа бэлэн мөнгөний машинаас мөнгө аваагүй, гадагшаа гарч шууд Приус 41 маркийн автомашиныхаа арын хаалгыг онгойлгоод баруун халааснаасаа юм авч хийгээд буцаж орж ирсэн нь бичлэгт үлдсэн байсан. Мөн камерын бичлэгт үсчнээс гарахдаа надаас авсан хоёр каскны завсар юм хавчуулсан харагдсан. Буцаж орж ирж байгаа бичлэгийг харахад нөгөө 2 маскаа барьсаар орж ирсэн. Завсар нь байсан юм алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 08-13/,
Гэрч П.Батхишигийн мөрдөн байцаалтад өгсөн:
...Би Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айти сервис” компьютер засвар дээрээ 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байх үед 12 цагийн үед 18-21 насны 2 эрэгтэй орж ирээд “сайн байна уу, Хишигээ ах мөн үү” гэж асуухаар нь би “сайн, мөн байна” гэж хариулсан. Тэгсэн цагаан өнгийн корпустай Самсунг Эс -20 Плас маркийн камерын шил нь хагарсан гар утсыг гаргаж ирээд “манай дүү энэ гар утсыг барьсан юм, уг гар утасны аккаунтыг гаргах гэсэн юм” гэж хэлсэн. Би тэр үед хоёр залуугаас “наад гар утас чинь хулгайн зүйл биш биз дээ” гэж асуухад “үгүй, энэ хулгайн утас биш” гэж хэлсэн. Би гар утсыг нь авч үзээд “бэлэн болохоороо залгана” гэж хэлээд холбоо барих дугаарыг нь авч үлдсэн. Аккаунтыг нь гаргаад нөгөө хоёр залуутай холбогдож дуудахад удалгүй нөгөө хоёр залуу ирээд гар утсаа аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,
“Дамно” хөрөнгө үнэлгээний компанийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн БЗЗ-20-230 дугаартай:
Самсунг Эс-20 плас загварын гар утас 2.429.100 төгрөг, гадна өнгөгүй гэр 6.000 төгрөг, автобусны энгийн карт 3.600 төгрөгний үнэлгээтэй байна гэх үнэлгээний тайлан /хх-ийн 26-27/,
Шүүгдэгч Л.Сийн мөрдөн байцаалтад өгсөн:
...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Итгэлт худалдааны төв руу үсээ засуулахаар орсон юм. Нэг эмэгтэй нэг хэрэглээний маск зарж байхаар нь би 2 боодол маск авсан ба хүлээлгийн сандал дээр сууж байх үед нэг гар утас 10 минут орчим байгаад хүн авахгүй байсан. Үсээ угаалгаад мөнгөө өгөх гэж үзтэл машиндаа үлдээсэн байсан. Машин руугаа гарч мөнгөө авахдаа хүний хаясан гар утас байна гэж бодоод сандал байсан гар утсыг авч халаасандаа хийсэн. Мөнгөө аваад үсчин руу буцаж ороход гар утас алга болсон байна гэсэн яриа сонсогдсон. Би тэр үед гар утсыг гаргаж өгөхөөсөө санаа зовоод Төрийн банкны бэлэн мөнгөний машин дээр тавиад буцаж үсчин руу орж үсээ угаалгах гэж байх үед нөгөө эмэгтэй эмийн санд байхгүй байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэх болоогүй байна гэхээр нь би тэр орой Дархан аймаг руу явах ёстой байсан учир гар утасныхаа дугаарыг үлдээгээд явсан. Дархан аймагт аавыгаа асарч байх үед цагдаагаас залгахаар нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр очих боломжтой гэдгээ хэлээд тухайн өдрөө очиж мэдүүлэг өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/,
Шүүгдэгч М.Чий мөрдөн байцаалтад өгсөн:
...2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай ах Ариун-Эрдэнэ нь Чимгээ гэдэг хүнээс мөнгө төлөөгүй нэг гар утас авсан байсан. Тэр талаараа надад хэлсэн ба ах бид хоёр 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Налайх дүүргийн төв талбайд байрлах гар утас засварын газрын засварчинд 30.000 төгрөг өгөөд гар утасны кодыг гаргуулсан. Чимгээ эгчээс гар утасны код гаргуулсан мөнгийг авсан. Чимгээ эгч хадгалж байгаарай гэж хэлэхээр нь би хадгалж байгаад санаандгүй сим картаа хийж ашигласан гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05/,
- Л.С, М.Ч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59, 61/,
- оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 104, 105/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107-108/,
- хохирогч болон шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 103-131, 133/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний тайланг хэрэгт хувийн сонирхолгүй этгээд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.С, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Ч нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэх хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй зүйтэй байна.
Шүүгдэгч Л.С нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, шүүгдэгч М.Билгүүн нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
Шүүгдэгч Л.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх ял оногдуулах гэх саналыг гаргасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” хэмжээн хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.
Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байхад гэмт хэргийг шууд бус санаатайгаар үйлдсэн шүүгдэгчид нь биечлэн эдлэх ял оногдуулж, шууд санаатайгаар үйлдсэн нөгөө шүүгдэгчид нь ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлүүлэх тухай улсын яллагчийн дүгнэлт нь Үндсэн хуулийн дээрх зохицуулалтыг ноцтойгоор зөрчиж, Эрүүгийн хуулийн зорилгыг гажуудуулан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” харилцааг зохицуулсан шууд утгаараа ойлгогдож хэрэглэгдэх хуулийн зохицуулалт юм.
Иймд Прокурорын ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Л.Сийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн учир шалтгаан, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлагыг ялгамжтайгаар оногдуулах нь оновчтой болно.
Шүүгдэгч Л.Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч М.Чийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Хохирогч Б.Оюунхүүд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан байх ба шүүх хурлын товыг хохирогчид мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэж шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэдний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж бусдад төлөх төлбөргүй болсон зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан оролцогч нарын санал хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч М.Чд торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Л.Ст нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж хуульд заасан журмаар эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бн овогт Лн Сийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Бн овогт Мгийн Чийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сийг дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чд оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
Шүүгдэгч Л.Ст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Ч,
нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ст тус тус мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.С, М.Чингүүн нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ