| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1710/Э |
| Дугаар | 1776 |
| Огноо | 2020-10-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 1776
2020 10 09 2020/ШЦТ/1776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Уранцэцэг,
нарийн бичгийн дарга Н.Солонго,
өсвөр насны шүүгдэгч М.С, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ганжаргал, өмгөөлөгч А.Цэндзаяа,
өсвөр насны шүүгдэгч О.А, түүний хууль ёсны төлөөлөгч О.Анхбаяр,
өсвөр насны шүүгдэгч М.Ө, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Мөнбиш, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С, О.А, М.Ө нарт холбогдох эрүүгийн 2006 02776 2276 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч М.Ө, М.С, О.А нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр Харуул-Алтай хотхоны гадна С.Түшигбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар цохих, өшиглөх зэргээр зодож дагзанд цус хуралт, нуруу, баруун бугалга, гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч М.Ө, М.С, О.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 2006 02776 2276 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:
Хохирогч С.Түшигбаярын мөрдөн байцаалтад өгсөн:
“Найз охин Анужинг Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэр Харуул-Алтай хотхонд хүргэж өгсөн. Буцаад явах замдаа Анужингийн өмнө нь үерхэж байсан Ө болон хоёр найзтай нь тааралдсан. Ө надаас тамхи асуухаар нь би “байхгүй” гэж хэлтэл “чи хаанахынх юм, энэ хавиар битгий эргэлдээд бай” гэж хэлээд Өтай хамт явсан хоёр найзынх нь нэг миний хамар руу гараараа нэг удаа цохихоор нь би нүүрээ хамгаалаад доошоо тонгойход миний дээрээс толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэр үед би газар унасан. Би тухайн үед хэн нь миний биеийн аль хэсэгт цохиж байгааг хараагүй. Намайг газраас босоход тэр гурван залуу явсан байсан. Миний хажуугаар машин өнгөрөхөөр нь гараа өргөж зогсоогоод жолооч ахыг гуйж автобусны буудал хүргүүлсэн. Миний нуруу одоо тэр чигтээ өвдөж, хамар далийсан, толгойн энд тэндгүй хавдаж, хөл гар шалбарсан. А гэх залуу хамар руу эхэлж цохисон. Тэгээд намайг газарт унасан байх үед гурвуулаа нийлж толгой, нуруу, хөл, гар руу дэвсэж, өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 07-12/,
Насанд хүрээгүй гэрч П.Анужингийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Түшигбаяр намайг гэрт хүргэж өгөх гээд Харуул-Алтай хотхон руу хамт алхсан. Замдаа А, С нартай таарахад Түшигбаярт хандаж “та одоо яв, бид хоёр хүргээд өгнө” гэж хэлэхэд Түшигбаяр нь Атай маргалдаад улмаар Аын гэдэс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Түшигбаяр нь А, С хоёртой маргалдахаар нь би болиулсан. Тэр үед А надаас Ө гэх залуугийн дугаарыг авсан. Түшигбаяр намайг гэрт хүргэж өгөөд гэр лүүгээ явсан. Маргааш өдөр нь Түшигбаяртай утсаар яриад замдаа зодуулсан гэдгийг мэдсэн. Түшигбаяраас юу болсон талаар асуухад А хамар руу цохисон, газар унасан байх үед А, С, Ө нар дэвссэн гэж хэлсэн. А надад “би хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн 7231 дугаартай:
“С.Түшигбаярын биед дагзанд цус хуралт, нуруу, баруун бугалга, гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,
Өсвөр насны шүүгдэгч М.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн:
“Хохирогч Түшигбаяр нь тухайн өдөр Аыг өшиглөж, томроод байсан. Тэгэхэд А нь “намайг зүгээр байх үед Түшигбаяр өшиглөсөн” гэж хэлээд уурлаад Өыг дуудсан. Өыг гэрээсээ гарч ирэхэд болсон асуудлыг Өт хэлж, Харуул-Алтай хотхоны хойд талд хохирогч Түшигбаяртай Ө, А бид 3 уулзсан. Тэгэхэд Ө Түшигбаяртай 5 минут маргалдсан. Хохирогч Түшигбаяр Өыг түлхэж унагаахад Ө босож ирээд Түшигбаяр руу дайрсан. Тэр үед А Түшигбаяр луу дайрсан ба би хажуу талаас нь хохирогч Түшигбаярын бөгс хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Тэр үед хохирогч Түшигбаярыг Ө барьж авсан. Тэр үед А нь хохирогчийг түлхэж унагаагаад байсан. Гадаа харанхуй байсан бөгөөд би хүн хараад зогсож байсан ба машин ирэх үед А, Ө, бид нар зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Өсвөр насны шүүгдэгч О.Аын мөрдөн байцаалтад өгсөн:
“Өын гэр нь Харуул-Алтай хотхонд байдаг болохоор Ө удалгүй гарч ирээд Түшигбаяртай хоорондоо 5-6 минут маргалдаж байгаад Түшигбаяр нь Өыг түлхэж унагаахад Ө босож ирээд Түшигбаярын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр үед би очоод Түшигбаярын нүүр хэсэгт цохиод цааш нь түлхэж унагаад нуруу хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. С нь Түшигбаярыг 2-3 удаа өшиглөсөн.Тэр үед машины гэрэл тусаад бид нар зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Өсвөр насны шүүгдэгч М.Өын мөрдөн байцаалтад өгсөн:
“2020 оны 06 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө намайг гэртээ байх үед манай найз А миний утас руу залгаад “намайг нэг хүүхэд дээрэлхээд байна. Чи хүрээд ирээч” гэж хэлэхээр нь би “гэрээс гарч чадахгүй” гэж хэлэхэд дахин дахин залгаад дуудаад байхаар нь гэрээсээ гартал байрны гадаа А, С хоёр зогсож байсан. Би Ааас юу болсон талаар асуухад “намайг зодсон хүүхэд зүүн зүгт явсан, хойноос нь хамт очъё” гэж хэлсэн. Тэгээд А, С бид 3 тэр хүүхдийн явсан зүгт араас нь явж байх үед өөдөөс алхаад ирж байсан. Тэгээд бид нар хоорондоо муудалцсан ба хохирогчийг хоёр талаас нь зодсон. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор би хэн нь хэнийхээ биеийн аль хэсэгт цохиж байгааг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-50/,
- Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04/,
- М.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нас тоолсон тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Онгон сумын ерөнхий боловсролын сургуулийн 19 дугаар тодорхойлолт, оршин суух газрын тодорхойлолт /хх-ийн 53-67/,
- О.А төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, оршин суух газрын тодорхойлолт, Сүхбаатар аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-61-66/,
- М.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 70-73/,
- Хохирогч болон өсвөр насны шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 83-89/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, өсвөр насны шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Ө, О.А, М.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч М.Ө, О.А, М.С нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд өсвөр насны шүүгдэгч М.Ө, О.А, М.С нарын бүлэглэн иргэн С.Түшигбаярын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчид шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэж өсвөр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч М.Ө, О.А, М.С нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж хуульчилжээ.
Улсын яллагч нь “өсвөр насны шүүгдэгч М.Ө, М.С, О.А нарыг ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх ял оногдуулах” санал гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.
Хуулийн дээрх зохицуулалтаар 1 дүгээрт ялаас чөлөөлөх, 2 дугаарт тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн утгууд тус тус илэрхийлэгдэж байх бөгөөд аль нэгийг нь л хэрэглэхээр байна.
Албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах ялын зорилгыг хангахаар шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж хэрэглэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд хуульчилжээ.
Ялаас чөлөөлсөн бол тодорхой хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй бөгөөд улсын яллагчийн санал нь утга агуулгын хувьд зөрчилдөж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” харилцааг зохицуулахаар хуульчилсан байх бөгөөд 6.7 дугаар зүйл нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” харилцааг шууд утгаар зохицуулахаар хуульчлагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлээд, хөнгөрүүлсэн хорих ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэн энэ 3 зохицуулалтыг хамтад нь хэрэглэнэ гэх нь үндэслэлгүй юм.
Мөн өсвөр насны шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нөхцөлд шүүхээс тогтоосон хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой субъектийн хүсэлтээр тэдэнд даалгах хуулийн зохицуулалттай.
Улсын яллагчийн гаргасан ялаас чөлөөлөх гэсэн саналаас бусад саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Х овог Мийн Ө, Б овогт Орын А, Шд овогт Мын С нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч М.Ө, О.А, М.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Хэргийн учир өсвөр насны шүүгдэгч нар нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ө, О.А, М.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ