Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1672

 

 

 

 

 

 

 

 

    2020        09          17                                     2020/ШЦТ/1672

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.А, Т.А нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00379 1126 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.А, С.А нар бүлэглэн нь 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах “Барх” гэх газарт хүрэн баавгай буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл болох сарвуу, доньд, хошуу зэрэг эд эрхтнийг хадгалсан,

шүүгдэгч Т.А нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүрэн баавгай буюу ховор амьтны эд эрхтнийг Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Т.А С.А нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Барх гэх газарт хүрэн баавгай буюу ховор амьтныг зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл болох сарвуу, доньд, хошуу зэрэг эд эрхтнийг хадгалсан, 

шүүгдэгч Т.А ганцаараа нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүрэн баавгай буюу ховор амьтны эд эрхтнийг тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

...Хүрэн баавгай нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралт болох ховор амьтны жагсаалтад орсон Монгол орны тайгын бүсэд ховор тохиолдох хөхтөн амьтан юм. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад хүрэн баавгайн экологи эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль 7.500.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Тухайн үнэлгээг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг... гэх мэдүүлэг /1 хх-н 36-37/,  

 

Гэрч О.Гантөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн:

...11 цагийн орчим Агийн гар утас дугараад ярьж дуусаад А “бөөнөөрөө гараад ирье” гэж хэлэхээр нь бид гурав хамт гарсан ба цэргийн ногоон эрээн өнгийн үүргэвчтэй гарсан. Батхуяг байрнаас гартлаа тухайн үүргэвчийг үүрсэн ба байрнаас гараад би үүрээд 71-77 УНР улсын дугаартай Альфард маркийн автомашин дээр очсон. Уг автомашинд цүнхийг аваачиж өгсөн юм“ гэх мэдүүлэг /1 хх-н 44-45 /,

 

Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн:

“Шинжилгээнд ирүүлсэн сарвуу болон хоншоорын хэсэг нь хүрэн баавгайн хоёр бодгальд хамаарах 8 сарвуу, нэг бодгалийн хоншоор болохыг тодорхойлов. Хүрэн баавгайн хоёр эр бодгалийнх, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны Экологийн эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг. Шинжилгээнд ирүүлсэн сарвуу болон хоншоорын хэсгийн морфологи хэмжилтээс үзэхэд хоёул бие гүйцсэн баавгайнх болохыг тодорхойлов. Шинжилгээнд ирүүлсэн сарвуу болон хоншоороо амьтны эдийн эрхтнээс агнасан байдлыг тогтоох боломжгүй. Харин хоншоорын хэсэг сарвуунаас үзэхэд 2019-2020 оны өвөл агнасан байх боломжтой. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 01 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор амьтан бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухайн конвенцын хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-н 59/,

 

Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн:

“Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг эд эрхтэн нь хүрэн баавгайн хоёр бодгальд хамаарах хоёр доньд болохыг тодорхойлов. Хүрэн баавгайн хоёр эр бодгалийнх, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны Экологийн эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг. Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг доньд нь хоёул бие гүйцсэн хоёр баавгайнх болохыг тодорхойлов. Шинжилгээнд ирүүлсэн доньд буюу амьтны эд эрхтнээс агнасан байдлыг тогтоох боломжгүй. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалд зааснаар ховор амьтан бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн” гэх дүгнэлт /1 хх-н 61/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1400 дугаартай:

“Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн САЙГА-М3 загварын карабин буу байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн галт зэвсгийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь 2007 онд ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн САЙГА-М3 загварын карабин буу байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь эвдрэл гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь замаггүй тул буудлага үйлдэх боломжгүй. Галт зэвсгээр буудлага үйлдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-н 127-128/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-720/296 дугаартай:

“Нас гүйцсэн хээр зүстэй морь нэг толгойг 750.000 төгрөгөөр, нас гүйцсэн бор зүстэй морь нэг толгойг 750.000 төгрөгөөр тус тус үнэлэв” гэх хөрөнгө үнэлгээний тайлан /1 хх-н 137-140/,

 

-гэмт хэргийн талаар мэдээлэл хүлээн авсан тухай баримт /1хх-н 4-7/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 7-10/,

-эд зүйл буюу амьтны савар, соёотой хоншоор зэргийг түр хураан авсан гэрэл зураг /1 хх-н 11-15/, 

-эд зүйл буюу тунгалаг гялгар уутанд шар даавуу мэт зүйлд боож хийсэн эд зүйлд үзлэг хийсэн, түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 16-21/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 25-29/,

-САЙГА МЗ загварын 07033538 гэсэн бичиглэл бүхий 7.62 мм-н бууг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-н 69/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 171/,

-хохирол төлсөн баримт /2 хх-н 19,21/,

-хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгч нарын хүсэлт /2 хх-н 20, 22/,

 

Шүүгдэгч Т.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Атэй бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Барх гэх газарт хүрэн баавгай буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл болох сарвуу, доньд, соёотой хошуу зэрэг эд эрхтнийг хадгалсан. Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүрэн баавгай буюу ховор амьтны эд эрхтнийг Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн. Хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдэн экологи эдийн засагт хохирол учруулсан өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би сумын төвийг дайран өнгөрч байсан явуулын машинд тээвэрлэн авч ирсэн. Миний цүнхэнд баавгайн эд эрхтнийг байгаа талаар өөр хүмүүс мэдэхгүй... гэх мэдүүлэг /1 хх-н 112-113/,

 

Шүүгдэгч С.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Атэй бүлэглэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Барх гэх газарт хүрэн баавгай буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл болох сарвуу, доньд, соёотой хошуу зэрэг эд эрхтнийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /1 хх-н 07-10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

Шүүгдэгч С.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-н 76/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх-н 77/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /1 хх-н 78/, гэрлэлтийн бүртгэлийн тухай лавлагаа /1 хх-н 79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-н 91/, хувийн байдлын талаарх баримтууд /1 хх-н 143-147/,

шүүгдэгч Т.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-н 82/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх-н 83/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /1 хх-н 84/, гэрлэлтийн бүртгэлийн тухай лавлагаа /1 хх-н 85/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /1 хх-н 86/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /1 хх-н 87/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-н 90/, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /1 хх-н 14/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар асууж байцаалт авахдаа, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж  дүгнэсэн болно.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.А, С.А нарын бүлэглэн тархац нутагтаа тоо толгой нь цөөрч нөөц багасан устаж болзошгүй болсон ховор амьтан болох хүрэн баавгайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүний гаралтай түүхий эдийн зүйл болох сарвуу, доньд, хошуу зэрэг эд эрхтнийг хадгалсан,

шүүгдэгч С.А нь ховор амьтан болох хүрэн баавгайн сарвуу, доньд, хошуу зэрэг эд эрхтнийг тээвэрлэсэн үйлдэл нь байгаль орчин, амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэхээр хуульчилсан харилцаанд халдаж байгаа нийгэмд аюултай үйлдэл болно.

 

Монгол Улсын Улаан номд тусгагдсанаар хүрэн баавгай нь тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй байх учир ховор амьтаны ангилалд хамаардаг байна.

Ховор амьтныг зөвхөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр судлагдахууны зориулалтаар агнах, барихыг хуулиар зөвшөөрсөн байдаг.

 

Шүүгдэгч нар нь хүрэн баавгайг ховор амьтан мөн болох, түүнийг агнаж болохгүй, ховор амьтны эд, эрхтнийг хадгалах, тээвэрлэх нь хууль бус болохыг лавтай сайн мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор үгсэн тохиролцож, зорьж яваад алжээ.

 

Дээрх үйлдэл нь тэдний өөрсдийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдэж байсан ч хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй идэвхтэй үйлдэл юм.

 

Хэрэгт авагдсан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт шүүгдэгч нарын бүлэглэн ховор амьтан агнасан, түүний гаралтай эд эрхтнийг тээврэлсэн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлжээ.

Мөн амьтны экологи-эдийн засагт учирсан хохирол, шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээч нарын дүгнэлт, бусад шинжлэн судалсан мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Шүүгдэгч Т.А С.А нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын сүүлчээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Барх гэх газарт хүрэн баавгай буюу ховор амьтныг зөвшөөрөлгүйгээр агнасан, түүний гаралтай түүхий эдийн зүйл болох сарвуу, доньд, хошуу зэрэг эд эрхтнийг хадгалсан, 

шүүгдэгч Т.А нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүрэн баавгай буюу ховор амьтны эд эрхтнийг тээвэрлэсэн үйлдэл нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад хүрэн баавгайн нэг эр бодгалийн экологи-эдийн засгийн үнэлгээг 6.500.000 төгрөгөөр тогтоожээ.

 

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч нараас 1 эр хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ 6.500.000 төгрөгийг 2 дахин өсгөж 13.000.000 төгрөг, нийт 2 эр хүрэн баавгайд ногдох 26.000.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэлээ.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж хуульчилсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн байгаль орчны газрын 100200000906 дугаар дансанд шүүгдэгч С.А 1.000.000 /нэг сая/ төгрөг, шүүгдэгч Т.А 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг тус тус тушаажээ.

 

Шүүгдэгч нарын хохиролд төлсөн дээрх дүн бүхий мөнгийг Нийслэлийн байгаль орчны газрын Төрийн сан дахь 100200000906 дугаарын данснаас буцаан гаргуулж,

мөн шүүгдэгч нарын амьтанд учруулсан хохирлын үлдэгдэлийг шүүгдэгч С.Агээс 12.000.000 төгрөг, шүүгдэгч Т.Агаас 11.500.000 төгрөгөөр тус тус тооцон гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.А, Т.А нар болон тэдний өмгөөлөгч нар гэмт үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно. 

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирлоос төлж барагдуулсан байдал, үлдсэн хохирлыг тодорхой хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын хэргийн талаарх дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

     

Хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд 1 дүгээрт “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2 дугаарт “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, 3 дугаарт “галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг шүүгдэгч тус бүрд хэрэглэж, тэдэнд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суудаг газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

 

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах хугацааг оролцогч нарын саналыг харгалзан тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ морь унаж явсан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон, шүүгдэгч нар нь гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас түргэн зугтах зорилгоор нэг нэг морь унаж ашигласан байна.

Уг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морьдын зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллага үнэлж тогтоосон байх тул хөрөнгийн үнэлгээний дагуу шүүгдэгч тус бүрээс 1, 1 морины үнэ 750.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн баавгайн 8 ширхэг савар, 2 ширхэг доньд, 4 соёо бүхий хоншоор хэсгийн дээд, доод эрүүний яс зэрэг эд эрхтнийг хэрэглээний дагуу Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч С.Агийн өмчлөлийн Сайга-М3 маркийн ан агнуурын зориулалттай 1 ширхэг бууг устгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэхийг тус эд мөрийн баримтуудыг хадгалаж байгаа Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Сын Аг ховор амьтныг зөвшөөрөлгүйгээр агнасан, түүний гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Тийн Аг ховор амьтныг зөвшөөрөлгүйгээр агнасан, түүний гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Аг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Аг 3 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг шүүгдэгч тус бүрд хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зурав дугаар бүлэгт заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч нарт хяналт тавихыг Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар амьтанд учирсан хохиролд шүүгдэгч С.Агээс 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, шүүгдэгч Т.Агаас 11.500.000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж,

Нийслэлийн байгаль орчны газрын 100200000906 дугаар сангаас шүүгдэгч С.Агийн тушаасан 1.000.000 /нэг сая/ төгрөг, шүүгдэгч Т.Агийн тушаасан 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7-р зүйлд зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хохирол төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд төлж дууссан байхаар тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан унаж явсан морьдын үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.А, С.А нарт тэнцүү хуваан тус бүрээс 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн баавгайн 8 ширхэг савар, 2 ширхэг доньд, 4 соёо бүхий хоншоор хэсгийн дээд, доод эрүүний яс зэрэг эд эрхтнийг хэрэглээний дагуу Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд шилжүүлэхийг,  

шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Сайга-М3 маркийн ан агнуурын зориулалттай 1 ширхэг бууг устгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэхийг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ