Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/06472 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Санчирт холбогдох,

 

28 512 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Д.Санчир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов

 

Нэхэмжлэгч Капитал банкны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Санчир нь Капитал банкны Ерөнхий зохицуулалтын газарт Аюулгүй байдлын мэргэжилтнээр ажиллаж байсан ба ажил олгогч болон ажилтан нар нь харилцан тохиролцож 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр "Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт 31 тоот гэрээ"-г байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу банк ажилтанд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 75 дугаар байрны 1 дүгээр орцны 119 тоотод байрлах 45 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахад зориулж 81 000 000 төгрөгийн зээл олгох бөгөөд үүний 20 250 000 төгрөгийг нь урьдчилгаа төлбөр болгон төлөх, ингэснээр ажилтан нь тус банкинд 10 жилийн хугацаатай тогтвор суурьшилтай ажиллах болзолтой гэрээ байгуулсан юм. 

Мөн Д.Санчиртай 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 008 дугаар нэмэлт өөрчлөлтийг оруулж дээрх нөхцөл, болзлыг талууд дахин баталгаажуулсан юм. Банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Гэвч Д.Санчир  нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж ажлаас халсан юм.

Ийнхүү Д.Санчир нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул түүнээс урьдчилгаа төлбөр 20 250 000 төгрөг, хүүгийн төлбөрт 8 262 000 төгрөг, нийт 28 512 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Санчир шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Капитал банкинд 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд эрх зүй, аюулгүй байдлын мэргэжилтнээр ажилласан.

Ажиллах хугацаандаа өөрийн ажил үүргүүдийг удирдлагаас өгсөн даалгаврын дагуу гүйцэтгэж ирсэн.

 Миний бие 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр "Катеринг деливери" ХХК-тай Орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 75 дугаар байрны 119 тоот хаягт байрлах, 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авсан.

Ингэхдээ Капитал банк, "Катеринг деливери" ХХК болон Д.Санчир миний бие гурван тал оролцсон 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 76 тоот "Орон сууцны санхүүжилтийн гэрээ" байгуулан, худалдан авсан орон сууцны үнийг төлөхөөр тохиролцсон.

Дээр дурдсан хоёр гэрээний үндсэн дээр миний бие 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Капитал банктай зээлийн гэрээ байгуулан, орон сууцны зээлийн зориулалтаар 58 500 000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр "Катеринг деливери" ХХК-ийн Капитал банкин дахь 2000004292 тоот дансанд худалдан авсан байрны үнэ болох 58 500 000 төгрөгийг шилжүүлсэн.

Миний зүгээс 45 м.кв талбай бүхий байрыг 1 м.кв нь 1 300 000 төгрөгөөр буюу нийтдээ 58 500 000 төгрөгөөр худалдан авсан тул банкнаас 81 000 000 төгрөгийн зээл авсан байх боломжгүй юм. Капитал банктай байгуулсан зээлийн гэрээний дүн ч мөн адил 58 500 000 төгрөг бөгөөд миний бие энэхүү дүнгээс зээл, зээлийн хүү төлж байгаа.

Капитал банкнаас шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлд ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээний талаар дурдсан ба энэхүү гэрээний тухайд Капитал банкны зүгээс банкны санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна, иймд чамд олгосон орон сууцны зээлийг Засгийн газраас Монголын ипотекийн корпорациар дамжуулан хэрэгжүүлж буй жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл рүү хөрвүүлэн, худалдаж, банкнаас гаргасан эх үүсвэрээ олж авах шаардлагатай боллоо гэсэн. Үүний дагуу миний бие ажиллаж буй байгууллагаа бодож, 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 31 тоот ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс биш өөрийн хүсэл зоригоо илэрхийлж энэхүү хэлцлийг хийгээгүй.

Нөгөө талаар 31 тоот гэрээ байгуулагдах үед миний бие "Хөдөлмөрийн гэрээнд ийм нөхцөл тусгаж болохгүй, байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ хийхийг хориглодог.  Дүр үзүүлсэн хэлцэл гээд ойлгочих, банк зөвхөн чамд өгсөн зээлийн мөнгөө л улсаас олж авах гэж ингэж байна гэсэн тайлбар өгсөн тул гарын үсэг зурсан.

Зөвхөн дүр үзүүлсэн төдий гэрээ л байна гэж итгүүлж гарын үсэг зуруулсан хэлцлийг одоо хүчин төгөлдөр гэж тооцон мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Санчирт холбогдох 28 512 000 төгрөг гаргуулах тухай Капитал банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Орон сууц захиалан бариулах болон Орон сууцны санхүүжилтийн гэрээнүүдэд зөвхөн Д.Санчирын буцаан төлөх нөхцөлтэй зээлийн үнийн дүн (58,500,000 төгрөг)-г заасан бөгөөд үлдэх хэсэг буюу 20 250 000 төгрөгийг банкны зүгээс ажилтандаа урамшуулал болгож төлсөн. Ингэхдээ "Д.Санчирын банкинд ажилласан хугацаанаас хамаарч банк 20 250 000 төгрөгийн төлбөрөөс тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлнэ" гэж 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан "Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай" 008 дугаар гэрээ, мөн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан "Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт 31 дүгээр гэрээ"-гээр тус тус тохиролцсон. Эдгээр гэрээнүүдийн агуулгаас дүгнэхэд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 208 дугаар зүйлийн 208.7 дахь хэсэгт тус тус заасан болзол тавьж хийсэн хэлцэл байх бөгөөд талуудын байгуулсан 31 дүгээр гэрээний 2.6-д заасан "ажилтан тогтвортой ажиллах хугацаагаа дуусахаас өмнө захиргааны санаачилгаар ...хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажилтны өмнөөс банкны төлсөн төлбөрийг сарын 1,7 хувийн хүүгийн хамт банкинд буцаан төлж барагдуулна" гэж заасан ба Д.Санчир нь ажлаас чөлөөлөгдсөнөөр дээрх буцаан шаардах болзол үүссэн юм. Түүнчлэн талууд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон асуудлаар маргаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байх үед 008 дугаар болон 31 дүгээр гэрээнүүд тус тус байгуулагдсан байх тул уг гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Д.Санчирт холбогдуулан гэрээ цуцалснаас учирсан хохиролд 28 512 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батхүү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасны дагуу шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг гаргасан байхад шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2016/26244 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.

Түүнчлэн хариуцагч Д.Санчир  нь “Катеринг деливери” ХХК-тай 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ” /гэрээний зүйл нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 75 дугаар байрны 119 тоот орон сууц, гэрээний үнэ 58 500 000 төгрөг/, хариуцагч Д.Санчир, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК болон “Катеринг деливери” ХХК-ийн хооронд мөн өдөр байгуулагдсан “Орон сууцны санхүүжилтын гэрээ” /гэрээний зүйл, үнэ өмнөх гэрээтэй адил/, хариуцагч Д.Санчир, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн хооронд мөн өдөр байгуулагдсан “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ” /гэрээний дүн 58 500 000 төгрөг/-ний үүрэг хүчин төгөлдөр гэж дүгнэжээ.

Гэтэл 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Д.Санчир болон Капитал банкны хооронд Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт 31 тоот гэрээ /гэрээний үнэ 81 000 000 төгрөг/ байгуулагдсан. Эдгээр гэрээний зүйл болох орон сууц нь нэг бөгөөд гэрээний үнийн дүн зөрүүтэй тохиолдолд аль нэг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүй байна.

Түүнчлэн мемориалын баримтад дурдсан үнэд хариуцагчийн өмнөөс орон сууцны урьдчилгаанд төлсөн гэх 20 250 000 төгрөг багтсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг өөр баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл, хэргийн бодит нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/06472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААДОРЖ

 

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА