Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 183/2018/01825/и |
Дугаар | 001/ХТ2018/01825 |
Огноо | 2018-12-13 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/01825
Б.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00498 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1448 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: “Т ББСБ” ХХК-д холбогдох
Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай,
Сөрөг нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 25 840 936 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч А.Базар, Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Т ХХК-тай 2015-11- 05-ны өдөр "Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Тоёота ланд крузер прадо 150 дизель автомашиныг 104 сая төгрөгөөр худалдан авсан. Худалдах, худалдан авах хэлцэл нь төгрөгөөр хийгдсэн бөгөөд миний бие гэрээний дагуу урьдчилгаанд автомашины 40 хувь болох 41,6 сая төгрөгийг төлсөн. Автомашины үлдэгдэл төлбөр болох 62,4 сая төгрөгийг Т ББСБ ХХК-иас санал болгосны дагуу зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу санхүүжүүлэх зээлийн зориулалт нь автомашин худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 62,4 сая төгрөг болохыг гэрээний талууд аль аль нь мэдэж байсан. Т ББСБ ХХК-иас Т ХХК-руу 2015-11- 06-ны өдөр 62,4 сая төгрөгийг шилжүүлсэн. Зээлээр санхүүжүүлэх үндсэн гэрээ нь хуульд заасны дагуу төгрөгөөр хийгдэж урьдчилгаа төлбөрийг мөн төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийн үүрэг мөн төгрөгөөр төлөгдөхөөр хүлээгдэж байсан. Тухайн үед автомашин худалдан авч байсан иргэн миний хувьд гадаад валютын тэр дундаа америк долларын зээл авах хэрэгцээ байгаагүй. Автомашины үлдэгдэл 62,4 сая төгрөгийг зээлэх хэрэгцээ байсны дагуу Т ББСБ ХХК нь энэхүү үлдэгдэл 62,4 сая төгрөгийг зээлдэж Т ХХК-руу шилжүүлсэн. Гэтэл Т ББСБ ХХК төгрөгөөр санхүүжүүлсэн зээлийн эргэн төлөлтийг ам.доллароор төлөхийг санал болгож улмаар миний бие ам.доллараар зээлийг эргэн төлөх тухай стандарт зээлийн гэрээнд зөвшөөрч гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн хэлцэл болсон байна. Бодит байдал дээр надад анхнаасаа валютын хэрэгцээ байгаагүй, би өөртөө Т ББСБ ХХК-иас валют бодитоор зээлэн авч арилжаа хийгээгүй, миний дансанд валютын гүйлгээ хийгээгүй, Т ББСБ дээр арилжаа хийгдээгүй, тэр ч бүү хэл Т ББСБ-аас нэг ч ам.доллар, нэг ч центийн валютын эх үүсвэр гараагүй болно. Т ББСБ ХХК-иас Т ХХК-руу 62,4 сая төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт нь валютын эх үүсвэр гараагүй болохыг нотолдог. Автомашин худалдан авах үндсэн хэлцэл нь төгрөгөөр, хэлцлийн дагуу хийгдсэн урьдчилгаа төлбөр болон Т ББСБ ХХК-иас зээлсэн автомашины үлдэгдэл төлбөр нь мөн төгрөгөөр хийгдсээр байтал гэрээ байгуулагч талууд бодит байдлаас зөрүүтэйгээр ам.долларын зээлийн гэрээ байгуулснаар Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас миний бие ам.долларын үндсэн зээл, түүний хүүг төлж байгаа бөгөөд ингэснээр ам.долларын ханшийн өсөлтийн зөрүүг төлж, эсрэгээр “Т ББСБ” ХХК ханшийн өсөлтөөр хүүгийн бус ашиг олсон байна. Хууль бус хэлцлийн үр дагаварт миний бие ханш байнга өссөөр байсан ам.долларын үндсэн зээл, түүний хүүг 2016-09-с 10 сарын хугацаанд төлсөн бөгөөд нэхэмжлэл гаргасан 2017-11- 08-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 27 683.26 ам.доллар, хүү 3 321 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 81.04 ам.доллар нийт 31 085.3 ам.долларын зээлийг төлөхийн тулд арилжааны банкнаас нийт 76 190 070.3 төгрөгөөр ам.доллар худалдан авах шаардлага үүсч байна. Т ББСБ ХХК-иас 62,400,000 төгрөг зээлдүүлж нэг ч ам.долларын эх үүсвэр гаргаагүй байтал миний бие 10 сарын хугацаанд өндөр ханштайгаар 5 870.1 ам.долларын зээл, хүү төлчхөөд ахиад анх зээлсэн төгрөгөөс их хэмжээний зээл төлөхөөр байгаа нь шударга бус төдийгүй хууль зөрчсөн, бодит бус хэлцэл байгуулсны шууд үр дагавар юм. Т ББСБ ХХК-д гэрээ байгуулагдах үеийн ханш буюу 2015-11-06-ны өдрийн Монголбанкны ханш болох 1 ам.доллар=1993.15 гэсэн ханшаар зээлээ төлөх хүсэлтийг удаа дараа тавьсан боловч Т ББСБ ХХК нь энэ нөхцөлийг зөвшөөрөхгүй байна. Т ББСБ ХХК бидний бодит байдлыг зөрчин хийсэн ам.долларын зээлийн гэрээнээс бусад бүх төлбөр тооцооны харилцаа төгрөгөөр явагдсан. Иргэний хуулийн 56, 58 дугаар зүйлд зааснаар хууль зөрчсөн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Бодитойгоор зээлдэгчийн өмчлөлд төгрөг шилжүүлсэн нөхцөлийг зөрчиж тухайн зээлийн эргэн төлөлтийг валютаар тохиролцсон гэх үндэслэлээр Зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох үндэслэлтэй юм. Энэхүү зээлийн гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцвол гэрээ анхнаасаа хүчингүй болох буюу зээлдэгч зээлийн хүү төлөхгүй байх нөхцөл байдал үүснэ. Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний энэхүү ерөнхий зохицуулалтыг энгийнээр тайлбарлавал ам.доллар авсан бол тухайн ам.долларыг, төгрөгийн зээл авсан бол тухайн төгрөгийг буцаан төлөх үүрэг үүснэ гэж тайлбарлаж болно. Шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг эргүүлэн төлнө гэсэн нь ийм агуулгатай гэж үзэж байна. Иргэний хуулийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгө гэдэг нь бидний маргаж байгаа асуудлын хувьд төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө буюу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийг хэлж байна. Иргэний хуулийн 282.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2, 21.4 дэх хэсэгт зааснаар Т ББСБ ХХК руу надад ам.долларын зээл олгосон уу гэдэг асуулт үүсч, хэрэв ам.доллар олгоогүй бол яагаад ам.долларыг төлүүлэхээр нэхэмжилж байгаа вэ гэсэн асуудал гарч ирж байна. Энэ нь бодит байдалд төгрөг олгосон буюу зээлдэгчийн өмчлөлд төгрөг шилжүүлсэнтэй холбоотой үүсч байгаа зөрчилтэй нөхцөл юм. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн Банк бус санхүүгийн үйл ажиллагаа хэмээх 7.1-д Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно гээд 7.1.1 -д зээл гэсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн Зээлийн хүү хэмээх 24.1, 12.1, 12.1.1-д зааснаар Т ББСБ ХХК төгрөгөөр олгосон зээлээ валютаар эргэн төлүүлэхдээ хүүгийн орлогоос гадна валютын ханшийн үнийн өсөлтөөс давхар ашиг орлого олсон байна. Хэрэглэгч зээлдэгч нартаа олгосон төгрөгийн зээлийг ам.доллараар төлүүлснээс болж зээлдэгч нар нь зөвхөн зээл, хүүгийн төлбөрөөс гадна валютын ханшийн өсөлтийн дарамтад орж байна. Банк бус санхүүгийн байгууллага илүү нарийн хуулийн зохицуулалттай байдаг ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар үндэсний зөвхөн мөнгөн хөрөнгийг зээлдэг. Мөнгөн хөрөнгө дотроо үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг, бусад улсын мөнгөн тэмдэгт болох гадаад валют гэсэн ялгаатай хөрөнгөөс бүрддэг. Би үндэсний мөнгөн тэмдэгтийг зээлсэн. Зээлийн бүтээгдэхүүн анхнаасаа төгрөг өгчхөөд доллараар төлөхийг санал болгосон нь анхнаасаа алдаатай буруу гэж үзэж байна. Түүнийг нь хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан нь миний алдаа. Гэхдээ энэ хууль зөрчсөн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж болдог. Би мөнгийг эргэн төлөхдөө долларын энэ ханшаар нь тооцон төлнө гэж ойлголт авсан байсан учир ноцтой төөрөгдсөн гэж хоёрдахь үндэслэлээ гаргаж байгаа. Одоо Т ББСБ ХХК надад олгосон зээлийн үндсэн төлбөрийг болон хүү буюу гэрээний дагуу заасан ашгаа авсан байж хамгийн гол нь ханшийн өсөлтийг нэмж ашиг олоод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч талаас гаргасан хариу тайлбартаа: Талууд 2015-11- 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээгээр иргэн Б.Б нь Т ХХК-тай байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл төлбөр төлөх зориулалтаар Т ББСБ ХХК-иас 31 307.23 ам.долларыг сарын 0.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэх тухай гэрээ байгуулсан. Бид зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж тус төлбөрийг автомашин худалдагч Т ХХК-д шилжүүлсэн. Ингэхдээ төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зээлсэн 31 307.23 ам.долларыг тухайн өдрийн ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэсэн. Зээл олгох ажиллагаа нь зээлийн гэрээ байгуулагдсаны дараа талууд үүргээ биелүүлэхтэй холбогдсон харилцаа юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.3-т заасны дагуу бэлэн бусаар тохиролцсон бөгөөд Т ББСБ ХХК, зээлдэгч Б.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.3-т зааснаар зээл олгох хэлбэр нь автомашин борлуулагчийн харилцах дансанд зээлийн бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцохоор байна. Ийнхүү Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 31 307.23 долларыг төгрөгөөр илэрхийлж 62 400 000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон дансанд шилжүүлсэн. Иймд зээлдэгч тал нь үүргээ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн. Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт тусгайлсан зохицуулалтыг зааж өгчээ. Мөн гэрээ байгуулагдсанд тооцох болон зээл олгох ажиллагаа хоёрыг ялгаж ойлгох зүйтэй. Гэрээ байгуулагдсанд тооцохын тулд иргэний хуулийн 195, 196 дугаар зүйл заасан санал саналын хариу байх ёстой юм. Иргэний хуулийн 196.1-д Дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно гээд 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулагдсанд тооцохоор заажээ. Мөн хуулийн 451.2-т заасны дагуу талууд бичгээр гэрээ байгуулж гарын үсэг зурсан бөгөөд иргэний хуулийн 451.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. Талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний 2.3-т Зээл буцаан төлөх тухай зохицуулсан бөгөөд 2.3.2-т ...валютын зээлийг төгрөгөөр төлөх тохиолдол Хаан банкнаас тухай өдөр зарласан тухайн валютын бэлэн бусын зарах ханшаар тус тус тооцно гэж заасан байдаг. Иймд гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны ханшаар төлнө гэж ойлгосон гэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 58.2 дахь хэсэгт дотроо хоёр агуулгатай. Нэхэмжлэгч ноцтой төөрөгдөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нотлогдоно гэж үзэж байна. Энэ нь хариуцагч Т ББСБ ХХК-ийн байгуулсан зээлийн гэрээ нь ноцтой төөрөгдөхүйц хэмжээнд гэрээний нөхцөлүүд байгаагүй. Нэхэмжлэгчийн хэрэгцээ шаардлага нь автомашин борлуулдаг Т ХХК-иас автомашин худалдаж авсны үлдэгдэл төлбөрийг төлөх хэрэгцээтэй байсан. Энэ хэрэгцээний үндсэн дээрээс хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан. Тэгэхээр бид түүний Т ХХК-д төлөх автомашины үлдэгдэл төлбөрийг бол зээл хэлбэрээр олгоно гэж тохиролцоо хийсэн. Банк, банк бус санхүүгийн байгууллагуудын олгодог хамгийн бага хүүтэй төгрөгийн зээлийн хүү ам.долларын зээлийн хүү шиг бага байдаггүй. Банк санхүүгийн байгууллага мөнгө шилжүүлэх, зээлдэгч түүнийг нь төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн заалт нь зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Б нь “Т ББСБ” ХХК-тай 2015-11-06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Тоёота Ландкруйзер Прадо-150 маркийн 104 сая төгрөгийн үнэтэй JTEBH3FJ40K175287 арлын дугаартай, 60-90 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг сарын 0.8 хувийн, нэмэгдүүлсэн хүүг хүүгийн 20 хувиар тус тус тооцож 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Б.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, Тоёота Ландкруйзер Прадо-150 маркийн 60-90 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалуулсан болно. Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн төлбөр болох зээлийн үндсэн төлбөр 7 113,49 ам.доллар, зээлийн хүү 3 335,76 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 81,78 ам.доллар, нийт 10 531,03 ам.долларыг 2017-11- 10-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцож 25 840 936,10 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зээлийн тооцоололд нэхэмжлэгч маргадаггүй. Харин зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус учраас надад энэ зээлийг төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна гэж тайлбарладаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлээ дэмжиж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00498 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч “Т ББСБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Бгаас 25 840 936 төгрөгийг гаргуулж “Т ББСБ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469 950 төгрөг, “Т ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 154 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 287 154 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1448 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Т ББСБ” ХХК-иас 62,4 сая төгрөг зээлж авсан бөгөөд энэ нь хангалттай нотлогддог төдийгүй энэ талаар маргадаггүй. Б.Б болон “Т ББСБ” ХХК-ийн хооронд хийгдсэн зээл, төлбөр тооцооны бүх харилцаа төгрөгөөр хийгдсэн байдаг. Зээлийн гэрээний дагуу өмчлөлдөө бодитойгоор авсан төгрөгийг миний бие буцааж төлөх замаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх нь Иргэний хууль, бусад хууль тогтоомжид нийцнэ. Харин би бодитойгоор шилжүүлж аваагүй, зээлээгүй ам.долларыг төлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв ам.доллар төлөх байсан бол “Т ББСБ” ХХК надад ам.доллар шилжүүлэх байсан. Бидний хооронд үүссэн зээлтэй холбоотой санхүүгийн бүх харилцаа төгрөгөөр хийгдсэн нь тогтоогддог. Би зээл аваагүй бөгөөд автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор 62,4сая төгрөг зээлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч талууд зээлтэй холбоотой бүх төлбөр тооцоо төгрөгөөр хийгдсэн талаар маргадаггүй. “Т" ББСБ ХХК нь төгрөг зээлчхээд түүнийгээ аваагүй ам.доллараар төлүүлэх нөхцөл санал болгож түүнийг би зөвшөөрсөн нь хууль зөрчсөн хэлцэл байгуулагдахад хүргэсэн. Магадлалд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгчид тухайн үед ам.долларын хэрэгцээ шаардлага байгаагүй гэх нь үндэслэлтэй боловч гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд зээлийн мөнгөн хөрөнгийн төрлийг ам.доллараар тохиролцож, ам.доллараар буцаан төлөх үүрэг хүлээснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, зээлдүүлэгчийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээс ам.доллар биш төгрөг борлуулагчид шилжсэн байх боловч энэ нь зээлдэгчийн зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй” гэсэн байна. Шүүх зээлдэгчийн өмчлөлд буюу түүний хүсэлтээр автомашины үлдэгдэл төлбөр төгрөгөөр хийгдсэн, мөн зээлдүүлэгчийн мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээс ам.доллар биш төгрөг шилжсэн талаар зөв дүгнэлт хийсэн хэдий ч шийдвэрээ үндэслэлгүй гаргасан байна. Б.Б миний зүгээс 62,400,000 төгрөгийн зээл авснаа үгүйсгэдэггүй, төгрөгөө буцаан шаардах эрх хэвээр хадгалагдаж байгаа гэсэн байр суурьтай байдаг. Анх бодитойгоор зээлсэн буюу автомашины үлдэгдэл төлбөрийн зориулалтаар зээлсэн төгрөгөө ч буцаан төлөх хүсэлтэй байдаг. Гагцхүү огт зээлээгүй буюу миний өмчлөлд ирээгүй, мөн зээлдүүлэгчийн эх үүсвэрээс огт шилжээгүй ам.долларыг буцаан төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Иргэний хуулийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэсэн байна. Зээлийн гэрээний энэхүү ерөнхий зохицуулалтыг энгийнээр тайлбарлавал ам.доллар авсан бол тухайн ам.долларыг, төгрөгийн зээл авсан бол тухайн төгрөгийг буцаан төлөх үүрэг үүснэ гэж үзэж байна. Шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг эргүүлэн төлнө гэсэн нь ийм агуулгатай гэж үзэж байна. Иргэний хуулийн 451.1- д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1-д “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг түс тус хүлээнэ. Уг мөнгөн хөрөнгө гэдэг нь бидний маргаж байгаа асуудлын хувьд төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө буюу зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэг болох төгрөг юм. Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид зээлийн гэрээг зохицуулахдаа юу зээлсэн байна, түүнийгээ буцаан төлөх нь зээлийн гэрээний үндсэн шинж болохыг тодорхойлсон байна. Энэхүү иргэний маргааны хувьд төгрөг зээлдүүлсэн талаар талууд маргадаггүй тул зээлдээгүй ам.долларыг буцаан төлөх хуулийн үндэслэлгүй юм. Миний бие анх автомашин худалдан авахдаа автомашины үлдэгдэл төлбөр болох төгрөгийн санхүүжилтийг төгрөгөөр хүссэн, улмаар миний хүсэлтийн дагуу төгрөгийг “Т” ББСБ зээлдүүлж, зээлдүүлсэн төгрөгөө “Т моторс” ХХК руу шилжүүлсэн. Энэ нь санхүүгийн анхан шатны баримт болох дансны хуулгаар тодорхой харагддаг бөгөөд талууд энэ талаар маргадаггүй. Гэтэл “Т" ББСБ нь огт зээлээгүй ам.долларыг зээлсэн мэтээр гэрээ байгуулах санал гаргаж, миний бие үүнийг зөвшөөрч гарын үсэг зурснаар бодит байдал дээр зээлдүүлсэн төгрөгийг төлөх байсан атал огт аваагүй ам.долларыг зээлсэн мэт нөхцөл байдал үүссэн. Энэ нь “Т” ББСБ нь анхнаасаа төгрөгийн зээл олгочхоод буцааж төгрөгөөр төлүүлэх хуулийн үндэслэлтэй байтал ам.доллар зээлсэн мэтээр гэрээ байгуулах санал гаргаж, санхүүгийн буюу зээлийн бүтээгдэхүүнээ буруу гаргаж, хэрэглэгчид санал болгосноос үүдэлтэй зөрчил юм. Энэхүү буруу зээлийн бүтээгдэхүүн санал болгож гаргасан нь Иргэний хуулийн 281, 451-д заасан Зээлийн гэрээний үндсэн зохицуулалт, гэрээний үндсэн шинжийг зөрчсөн тул уг хэлцэл хууль зөрчсөн хэлцэлд тооцогдох үндэслэлтэй юм. “Т” ББСБ нь зээлдэгчдээ төгрөгийн зээл бодитойгоор олгосон атлаа огт зээлээгүй ам.долларыг зээлсэн мэтээр дүр эсгэж, хууль зөрсөн гэрээ байгуулах санал гаргах, ийм зээлийн бүтээгдэхүүн хэрэглэгчиддээ санал болгож байгаа нь зээлийн харилцаанд хүү, шимтгэлийн орлогоос гадна давхар валютын ханшийн өсөлтийн орлого олох зорилго бүхий бизнесийн ёс зүйгүй үйлдэл юм. Миний бие хэрэв ам.долларын зээл авах хэрэгцээ үүсч ам.долларын зээл авсан, улмаар зээлдүүлэгч өөрийн эх үүсвэрээс ам.доллар шилжүүлэн зээлсэн бол шүүхэд ямар нэгэн маргаан үүсгэхгүй байх байсан. Иймд шийдвэр болон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Б 2017-11-08-ны өдөр “Т ББСБ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2015-11-06-ны өдрийн 13/0559 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг шаардсан /хх 1-5/ байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад /хх 112/ зээлийн гэрээний 2.1.1-г хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх 56/ маргахдаа сөрөг нэхэмжлэл /хх 46/ гаргаж, “...2015-11-06-ны өдөр 13/0559 дугаартай гэрээ байгуулж Тоёота Ландкруизер Прадо-150 маркийн тээврийн хэрэгслийг сарын 0,8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцон 60 сарын хугацаатай зээлүүлсэн...барьцаанд уг автомашиныг барьцаалсан ...иймд үндсэн төлбөр 7,113.49 ам.доллар, хүү 3,335.76 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 81,78 ам.доллар нийт 10,531.03 ам.доллар ...” шаарджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Б.Б нь “Т ББСБ”-д ХХК-д холбогдуулан 2015-11-06-ны өдрийн 13/0559 дугаартай “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ “...зээлийг ам.доллараар аваагүй...гэрээнд гарын үсэг зурахдаа ноцтой төөрөгдсөн...” гэж тайлбарлажээ.
“Т ББСБ” ХХК нь 2015-11-06-ны өдрийн 13/0559 дугаар зээлийн гэрээгээр 31,307.23 ам.долларыг 60 сарын хугацаатай, сарын 0,8 хувийн хүүтэй Б.Бд зээлүүлэх үүрэг хүлээсэн байна.
Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Т ББСБ” ХХК нь 2015-11-06-ны өдрийн 13/0559 дугаар зээлийн гэрээгээр 31,307.23 ам.долларыг Б.Бд шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй тул зээлдүүлэгч зээлдэгчид ам.доллар шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцэхгүй юм.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ам.долларыг төгрөгөөр тооцон Т моторс ХХК-д шилжүүлсэн...” гэх боловч энэ нь зээлдэгчийн хүсэл зоригийн дагуу хийсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.
“Т ББСБ” ХХК 31,307.23 ам.долларыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд зээлийг Т моторс ХХК-д шилжүүлэх тохиролцоо байхгүй тул хариуцагч 2015-11-06-ны өдрийн 13/0559 дугаар зээлийн гэрээний зүйл болох 31,307.23 ам.долларыг Б.Бд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.
Хариуцагч гэрээний дагуу мөнгийг автомашин борлуулагчид шилжүүлснээр Б.Б автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан хэдий ч зээлийн гэрээний дагуу төлөх мөнгө нь автомашин худалдан авсан үнээс илүү болох нөхцөл үүссэн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.
“Т ББСБ” ХХК нь Б.Бд гэрээний зүйлийг ам.доллараар шилжүүлж өгөөгүй нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэл тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй.
Харин шүүх сөрөг нэхэмжлэлийг хангахдаа шүүхэд гаргасан хариуцагчийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй нь дутагдалтай болжээ.
Тухайлбал, хариуцагч “...2015-11-06-ны өдрийн 13/0559 тоот гэрээ байгуулж Тоёта Ландкруизер Прадо-150 маркийн тээврийн хэрэгслийг... зээлүүлсэн...” гэсэн ч нэхэмжлэгчээс 10,531.03 ам.доллар шаардсан үндэслэлийг зохигчоос тодруулаагүй шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч хэдэн төгрөг болон ам.долларыг ямар хугацаанд төлж байсан мэдээлэл хэрэгт байхгүй тул хяналтын шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/00498 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1448 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 757.105 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Б.УНДРАХ