Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 159/ШШ2019/0004

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж, Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Болормаа, мөн шүүхийн шүүгч Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

д олгосон орон сууц өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээг хүчингүй болгож, 0117455 тоот гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн ******* миний эзэмшлийн 1 өрөө орон сууц нь 2008 оны 05-р сараас 2016 оны 07-р сарын 25-ныг хүртэл 8 жил гаруй хугацаанд олон шатны шүүхээр хэлэлцэгдэж маргаантай байсан бөгөөд Хяналтын шатны шүүхээс дахин шийдвэрлэгдэхээр буцаагдаж ирсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 06 тоот магадлалаар аймгийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 60-р тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож байсан. 2011 оноос дахин иргэний хэргийн шүүхээр явж 2015 оны 12-р сард миний талд хувьчлах комиссын шийдвэрүүдийг үндэслэн 2016 оны 07-р сарын 25-ны өдрийн 80-р тогтоолоор орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон юм. 2016 оны 08-р сарын 19-нд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст татвар хураамжаа төлөөд материалаа бүрдүүлж өгөхөд одоо хүртэл бүртгэж өгөхгүй байна. Аймгийнхаа Засаг даргынхаа шийдвэрийг биелүүлдэггүй хэлтэс агентлагийн дарга нарыг гайхаж байна. Би аймгийн Засаг даргад 2 удаа өргөдөл гаргасан. Аймгийн засаг дарга миний өргөдлийг хуулийн хэлтэст шилжүүлсэн байсан. Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Чагнаадорж гэж хүнтэй уулзахад аймгийн Засаг дарга шийдвэрээ гаргасан байна. ҮХЭХБ-ийн хэлтэс нь босоо удирдлагатай учир шүүхэд ханд гэсэн хариуг 2018 оны 02 сард амаар өгсөн. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга ******* бүртгэгч ******* нар нь гуравдагч этгээдээр оролцож 000106450 тоот миний орон сууц өмчлөх ягаан гэрчилгээг хүчингүй болгож байсан төрийн өмч гэдгийг бүгд мэдэж байсан. Тэр үеийн шүүхийн шийдвэрүүд Улсын бүртгэлийн хэлтсийн архивт байсан материалыг алга болгосон байна. Миний бие нь нөхөр А.Пүрэвийг 2011 оноос хойш элэгний хорт хавдар оноштой Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн эмнэлэгт сахисаар 2017 оны 12-р сарын 31-нд нас барсан, 49 хоногийг нь өнгөрөөе гэж хүлээж байгаад одоо захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт ******* тайлбар бичиж худал ташаа өөрийн хийсэн үйлдлээ зөвтгөх гэж гэгчтэй хуйвалдан оролцсон байна. 2011 оны 11-р сарын 04-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 06-р магадлалаар хүчингүй болсон гэрчилгээг ашиглан д гэрчилгээ бичсэн, бүртгэсэн зэрэг нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байна. Улсын бүртгэл хийхэд өмчлөгч миний биеийг огт оролцуулаагүй. Иймд 2014 оны 11-р сарын 04-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн 06 тоот магадлалаар хүчингүй болсон гэрчилгээгээр Гүрдорж овогтой Туяад Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг 5-р хороолол 1Б байрны 47 тоот өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээ, Улсын бүртгэлийн Ү-*******-т бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож иргэн ******* миний орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гээс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 5 дугаар хороолол 1Б байр 47 тоот байрыг Аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 02 сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолоор иргэн Р.Энхтуяа, *******, , нарт хувьчилж, 1998 оны 04 сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003002552 дугаарт бүртгэгдсэнийг 2008 оны 11 сарын 04-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 295 дугаар магадлал, 2009 оны 02 сарын 16-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 30 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлсэнээр Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолоор уг орон сууцыг иргэн *******ад хувьчилсан байна.

Иймд иргэн ******* нь 2012 оны 02 сарын 06-ны өдөр манай байгууллагад мэдүүлэг гарган өмчлөх эрхээ баталгаажуулахаар хүсэлт гарган эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгүүлж баталгаажуулсан.

2014 оны 11 сарын 03-ны өдөр 52 дугаартай тойргийн нотариатч Ш.Алтанцэцэгийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ Гүрдоржийн Туяад шилжүүлэн бүртгүүлснээр иргэн ******* өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Иймд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.9.1-д заасны дагуу иргэн ******* өмчлөх эрхийг дахин улсын бүртгэлд бүртгэх боломжгүй.

Иргэн ******* нь Аймгийн засаг даргад хандан уг орон сууцыг дахин хувьчилж авахаар өргөдөл гаргасны дагуу ба уг орон сууцыг бүртгэлтэй эсэх талаар хариу өг гэсний дагуу 2017 оны 01 сарын 26-нд 02/159 тоот албан бичгээр манай байгууллага иргэн *******ад хариу өгсөн. Гэтэл Аймгийн Орон сууц хувьчлалын товчооноос дахин хувьчилж 0117455 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгож дахин баталгаажуулахаар *******ад хандсаныг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Бид хуульд заасан журмын дагуу ажлаа хийсэн, ******* нь 0117455 дугаар эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандахад бид бүртгээгүй. Иймд иргэн А.Нармандахын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2010 оны 6 сард ******* гуай анх надтай танилцаад Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг 5 дугаар хорооллын 1Б байрны 47 тоотын байраа барьцаалж зээл авах гэсэн юм, энэ байранд нь охин хүргэн нь амьдардаг, одоо Архангай аймаг явсан байгаа гэх зэргээр ярьж энэ байраа зээлийн барьцаанд тавьж надаас 5.000.000 /таван сая / төгрөгийг зээлж, байрныхаа ягаан гэрчилгээг зээлийн барьцаанд тавьсан. Гэтэл ******* гуай авсан зээлээ хугацаандаа төлөхгүй, надтай уулзахгүй, утсаа ч авахгүй алга болсон тул би барьцаанд авсан байрныхаа хаягаар очиход тэр байранд нь Дугар, Энхтуяа гэдэг хүмүүс амьдарч байсан бөгөөд энэ хүмүүс нь түүний охин, хүргэн биш, харин ч бүр энэ байрны өмчлөлийн асуудлаар түүнтэй шүүхээр маргалдаж байгаа, ******* гуай энэ бүгдийг надаас нууж, худлаа ярьж зээл авсан болохыг нь би мэдсэн. Ингээд ******* гуайг хайж олоод уулзахад шүүхийн асуудал дуусахаар зээлээ төлнө, хүлээж байгаач гээд гуйгаад байхаар нь би ч аргагүй байдалд орж, маргаан нь дуусахыг хүлээж байтал 2010 оны намар ******* гуай над руу ярьж, шүүх хурал болох гээд байна, байрны гэрчилгээ эх хувиараа хэрэг боллоо авчирч өгөөч, хуралд орчихоод буцаагаад өгье гэхээр нь би байрных нь ягаан гэрчилгээг шүүх дээр аваачиж өгөөд, шүүх хурал дуусахыг нь хүлээж, хурлын дараа барьцаалсан байрныхаа гэрчилгээг авах гэтэл ******* гуайн өмгөөлөгч ******* гэдэг хүн шүүх хураагаад авчихлаа, бүх зүйл дууссаны дараа буцаагаад шүүхээс аваад өгнө гэж хэлсэн. Би ч өмгөөлөгчийнх нь үгэнд нь итгээд, маргаан нь эцэслэн шийдвэрлэгдтэл хүлээхээс өөр аргагүй болсон. 2011 оны 8 дугаар сарын 7-нд ******* гуай над руу яриад шүүхийн асуудлаас болоод эгч нь их цаг хугацаа зарж байна, дахиад бага зэрэг мөнгө зээлээч гэхээр нь түүнд 200.000 /хоёр зуун мянган / төгрөгийн зээлийг бэлнээр өгсөн. 2011 оны 8 сарын 11-нд ******* гуай өмгөөлөгч *******ийн өрөөнд байна хүрээд ирээч гэхэд нь би очсон.Тэнд ******* гуай уйлчихсан, өмгөөлөгч ******* гуай надад чиний барьцаалсан байрны гэрчилгээг чинь наад Нармандах чинь надаас хулгайлж аваад Дарханбаатар гэдэг залууд зээлийн барьцаанд тавьж, 7.500.000 төгрөг зээлээд, мөнгөө төлөөгүй, Дарханбаатар нь өөрийг нь залилж мөнгө авсан гээд цагдаад гомдол гаргаж, одоо *******ад эрүүгийн хэрэг үүсгэх гээд байна би уулзаад ирлээ, Дарханбаатарын мөнгийг яаралтай төлөх хэрэгтэй байна, чи туслаач гэсэн. Тэгэхээр нь би та хоёр чинь байрны гэрчилгээг шүүх хураасан гэж надад хэлсэн, тэр чинь худлаа байсан юмуу гэхэд, тиймээ би *******аас өмгөөллийн хөлсөө автал өөртөө хадгалж байя гэж бодоод тэгж худлаа хэлсэн юм гэсэн. Тэгтэл ******* гуай Туяа чи л энэ байрыг худалдаж ав, би чамаас авсан өмнөх зээлээ ч төлж чадахгүй юм байна, одоо энэ Дарханбаатарын мөнгийг яаралтай төлөх хэрэгтэй байна, шүүх ямар шатандаа явж байгааг чи сайн мэдэж байгаа, тэртэй тэргүй өмчлөл нь миний нэр дээр л гарна, тиймээс энэ байрны нийт үнийг нь 20.000.000 / хорин сая/ төгрөгөөр тооцоод, өмнөх авсан зээлэн дээрээ нэмээд чи надад 7.500.000 төгрөгийг одоо өгчих одоо Дарханбааатарын өрийг өгч, эрүүгийн хэргээ хаалгамаар байна гэж надаас өмгөөлөгчтэйгээ нийлээд гуйсан. Би ч ******* гуайн аргагүй байдлыг ойлгож, өмнөх зээлдүүлсэн мөнгөн дээрээ нэмж 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг өгч түүний өрийг нь дараад, мөн ******* өмгөөлөгч *******ид түүний өмгөөллийн хөлсөнд нь 1.000.000 /нэг сая/ төгрөгийг өгч уг байрыг нь 20.000.000 / хорин сая/ төгрөгт тооцон худалдан авах, ******* гуай байрны өмчлөлийг надад шилжүүлэх үед үлдэгдэл мөнгөө авахаар харилцан тохирч, Дарханбаатарт 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг бэлнээр өгч, ******* холбогдсон эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Ийнхүү тохирсноос хойш ******* нь үлдэгдэл мөнгөнөөсөө авч байя гээд надаас 2011 оны 11-р сард 50.000 төгрөгийг ХААН банкныхаа 5675171880 дансаар авсан, мөн дараа нь хэд хэдэн удаа энэ дансаараа мөнгө авч байсан бөгөөд энэ авсан мөнгө нь нийтдээ 360.000 / гурван зуун жаран мянган төгрөг/ болсон. Мөн охин нь Дарханы Техникийн Их Сургууль төгсөх гээд компьютер хэрэгтэй байна гэхээр нь би 1.000.000 төгрөгийн үнэтэй компьютерээ үлдэгдэл мөнгөндөө тооцож *******ад өгсөн. Ингээд 2012 оны 3 дугаар сард ******* нь өөрийн нэр дээр өмчлөлөө Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн гээд надтай 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эрхийн Улсын бүртгэлийн Ү-2003015439 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол 1Б байрны 47 тоот байрны өмчлөлийг надад шилжүүлэх Худалдах, худалдан авах гэрээ хийж, би ч түүнд үлдэгдэл мөнгөө өгсөн. Гэтэл ******* гуай хүн амын орлогын албан татвар төлөх ямар ч мөнгө байхгүй гээд татвараа төлөхгүй байсан учир энэ гэрээг Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй байсан учир гэрээний үнийг нь багасгаж 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Худалдах, Худалдан авах гэрээ дахин хийж, энэ гэрээгээ Эрхийн Улсын бүртгэлд бүртгүүлж миний бие Эрхийн Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол 1Б байрны 47 тоот байрны хууль ёсны өмчлөгч нь болсон. Тиймээс ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Иргэн д олгосон орон сууц өмчлөх улсын бүртгэл, орон сууц өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож ******* миний орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг улсын бүртгэлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолоор иргэн *******ад Дархан-Уул аймаг Дархан сумын 10 дугаар баг 1Б байрны 47 тоот 18 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг хувьчилж, орон сууц өмчлөх эрхийн 114804 тоот гэрчилгээг олгосныг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015439 дугаарт бүртгэсэн байна. Орон сууц хувьчлах товчооны 60 дугаар тогтоолын талаар иргэн *******, Р.Энхтуяа нар нь маргаан үүсгэж Уг тогтоолын *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч болох Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо хүлээн зөвшөөрснийг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталжээ.

Ингэснээр Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний 60 дугаар тогтоолын *******ад холбогдох хэсэг хүчингүй болсон байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 540 дүгээр тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийн талаар шийдвэрлэж ******* эзэмшил мөн болохыг тогтоосон. Уг тогтоолыг үндэслэн дээрх маргаан бүхий орон сууцыг Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор дахин *******ад хувьчилж, орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээ олгожээ.

Гэхдээ нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 60 дугаар тогтоолоор орон сууц өмчлөх эрхийн 114804 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2003015439 дугаар бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг 5-р хорооллын 1Б байрны 47 тоот орон сууцыг өмчилж байхдаа 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Гүрдорж овогтой Туяатай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, өмчлөх эрхээ шилжүүлсэн нь 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана. гэсэн заалтад нийцсэн байна.

Иргэн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр улсын бүртгэлийн хэлтэст өмчлөх эрх шилжүүлэн авах мэдүүлэг гарган Ү-2003015439 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээ авч 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Дархан сумын 10-р баг 5-р хорооллын 1Б байрны 47 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон байна.

Хэдийгээр *******, нарын хооронд 2012 онд Худалдах, худалдан авах гэрээ хийгдэн, өмчлөх эрх д шилжсэний дараа Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2011 оны 60 дугаар тогтоолын *******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож дахин *******ад маргаан бүхий орон сууцыг өмчлүүлэх тухай Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоол гарч байгаа нь иргэн гийн Дархан сумын 10-р баг 5-р хорооллын 1Б байрны 47 тоот нэг өрөө орон сууц өмчлөх эрхийг хөндөх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймээс захиргааны байгууллага болох Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-т зааснаар ...мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, мөн зүйлийн 11.5.3-т энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэсэн заалтуудын дагуу Дархан-Уул аймгийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолоор дахин улсын бүртгэлийг ******* нэр дээр бүртгээгүй үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь иргэн г орон сууц худалдах, худалдан авах гэрээг дарамталж байж гарын үсэг зуруулсан, 60 дугаар тогтоолоор улсын бүртгэлийн гэрчилгээг аваагүй гэж тус тус тайлбарладаг боловч 1 дүгээр ХХ-ийн 244 хуудаст авагдсан ******* цагдаагийн газарт өгсөн тайлбар, 1 дүгээр ХХ-ийн 159, 212 хуудаст тус тус авагдсан Худалдах худалдан авах гэрээ, 1 дүгээр ХХ-ийн 213, 214 хуудаст авагдсан ******* бичсэн мөнгө хүлээн авсан зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус үгүйсгэгдэж байгаа бөгөөд үүнийг дарамталсан гэж дүгнэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч ******* нь дарамталсан талаарх гомдлоо зохих байгууллагад гаргаж байгаагүй тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарладаг боловч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар шүүгчийн захирамжаар иргэн ******* нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн байна.

Тус шүүгчийн захирамж нь хуулийн хүчин төгөлдөр байгаа тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Мөн Дархан сумын 10-р баг 5-р хорооллын 1Б байрны 47 тоот нэг өрөө орон сууцанд улсын бүртгэлийн хэд хэдэн дугаар давхардаж олгогдсон гэх байдлыг судлан үзэхэд: Анх Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Р.Энхтуяа, ******* нарт хувьчилж, 1998 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003002552 дугаарт бүртгэгдсэн байна. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан үүсч Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 295 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэснээр 2011 онд Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны 60 дугаар тогтоолоор *******ад хувьчлан улсын эрхийн бүртгэлийн Ү-2003015439 дугаарт бүртгэн баталгаажуулж түүнээс хойш зохих өөрчлөлт баяжилтыг хийж ирсэн байна.

Харин улсын эрхийн бүртгэлийн Ү-2003005437 дугаарт иргэн Баатар овогтой Баярмаагийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг Нарантолгойн 1-р гудамж 1-2а тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн болох нь 3 дугаар хавтаст хэргийн 26-31 дугаар хуудсуудад авагдсан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрх баримтуудаас үзэхэд Дархан сумын 10-р баг 5-р хорооллын 1Б байрны 47 тоот орон сууц нь улсын эрхийн бүртгэлд давхардсан бүртгэлийн зөрчилгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 106.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.9, Улсын бүртгэлийн Ерөнхий /2018 он/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан д олгосон орон сууц өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээг хүчингүй болгож, 0117455 тоот гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                            Ц.БАЙГАЛМАА

ШҮҮГЧИД:                                          Б.БОЛОРМАА

                                                                                                           Д.САРАНГЭРЭЛ