Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудалын 3 дугаар баг Хуст гэх газар оршин суух, 1955 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, малчин ажилтай, Боржигон овгийн Мөнхийн Отгон /РД:МЭ55112811,утас:85707176/-оос гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Баянжаргал, хүсэлт гаргагч М.Отгон нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч М.Отгон нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын Дүг гэх газар 1955 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Мөнхийн 4 дүгээр хүүхэд болон төрсөн.                   1973 онд цэргийн албанд татагдан 1976 онд халагдаад 1976 оны 11 сараас 1983 оныг дуустал Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд дан хонь малласан... Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1976 оны 04 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал Баян-Улаан бригад /хуучнаар Цацрал/ нэгдэлд ажиллаж байсан тул миний дээрх ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч М.Отгон нь 1976 оны 04 дүгээр сараас 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын Цацрал нэгдэлд хоньчиноор ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: Өвөрхангай аймгийн архивын тасгийн               2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 754 дугаартай лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар болон гэрчийн мэдүүлгүүд

Гэрч Д.Мэндээ шүүхэд өгсөн мэдүүлэг: Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1971 оноос Холбооны эрхлэгчээр ажиллаж байхад М.Отгон нь тус сумын Цацрал нэгдэлд малчин байсан. Мөнхөө гэж Отгоны аав нь мөн мал малладаг байсан 1983 оноос хойш хувьдаа малтай байж байгаад энэ Зүүнхараад ирсэн байх яг сар өдрийг нь санахгүй байна гэх мэдүүлэг

 

Гэрч Г.Ванчигмаа шүүхэд өгсөн мэдүүлэг: Мөнх овогтой Отгон нь 1976-1983 оныг дуустал Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Миний бие тэр үед сумын захиргаанд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар

Хүсэлт гаргагч М.Отгон нь 1976 оны 04 дүгээр сараас 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын Цацрал нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч М.Отгоны хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овгийн Мөнхийн Отгоныг 1976 оны                 04 дүгээр сараас 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын Цацрал нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч М.Отгон нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                     

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.АЛТАНЦЭЦЭГ